Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

2022.10.15

Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Төрд мэргэшсэн, чадавхтай боловсон хүчин ажиллуулах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр улам бүр боловсронгуй болж байна.

Энэ удаагийн шалгалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн шалгалт бөгөөд 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.

Шалгалтын зохион байгуулалтад Төрийн албаны зөвлөлөөс гадна цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн систем, серверийн хэвийн найдвартай ажиллагааг Үндэсний дата төв хариуцан ажиллаж байна.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас баталсан цахим хөгжлийг дэмжсэн багц хуулийн хүрээнд болон Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан “бичгээр” гэсэн нэр томьёоны агуулгад цаасан, эсхүл цахим хэлбэрийн аль алиныг нь хамааруулж ойлгохоор заасан. Гэвч бусад салбарын хуулиудад заасны дагуу “бичгээр” гэснийг хэрэгжүүлэхдээ зөвхөн цаасан хэлбэрт байгаа бичгийг тооцож, ойлгож, хэвшиж ирсэн нь мэдээлэл солилцоо, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд хүндрэл үүсгэж, Монгол Улсын цахим шилжилтийг удаашруулах нөхцөл байдалд хүргэхээр байгааг салбарын сайд онцлов. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 430 гаруй хуулийг судалжээ. Эдгээр хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байгаа бөгөөд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байна. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байгаа аж. Иймд хуулиудад заасан “бичгээр” гэснийг “цаасан, эсхүл цахим хэлбэрээр” гэж өөрчилж, хууль хоорондын нийцлийг хангах, ойлголтын зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага үүссэн байна. Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийт 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны санхүүгийн нэгдсэн тайлангаас үзвэл бичиг хэргийн зардалд 25.3 тэрбум төгрөг, шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 20.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн нэг албан бичгийг шуудангаар илгээж, тухайн байгууллага нь хүлээн авахад дунджаар 1-7 өдрийг зарцуулдаг байна. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаас хойш бүртгэлийн байгууллагаас 354.739 тоон гарын үсгийг олгосон ч хэрэглээ хангалтгүй хэвээр байгаа юм. Хуулийн төслүүд батлагдсанаар иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ, мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх боломжийг нэмэгдүүлж, мэдээлэл дамжуулах, солилцоход цаг хугацаа хэмнэж, зардлыг бууруулах, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн цахим баримт бичгийн хэрэглээг дэмжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хэмжээнд үнэлж, эрх зүйн хүчин чадал бий болно гэдгийг төслийн танилцуулгад дурджээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Засаг дарга Б.Цэрэннадмид “Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяныг санаачлан, зохион байгуулж буй ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, гишүүн байгууллагуудад талархаж буйгаа илэрхийлээд, аймгийн цахим шилжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Засаг дарга Б.Цэрэнннадмид: Архангай аймаг цахим засаглалыг бэхжүүлэх ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний хэлтсийг байгуулж, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн лавлагааны цэг, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын лавлагаа, аймгийн Монгол шуудангийн салбар зэрэг 4 байршилд “Хурдан” цэгийг байгуулж, иргэдэд үйлчилгээг үзүүлж байна. И-Монгол системд аймгийн 38068 иргэн бүртгэлтэй ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 638061 хүсэлт ирүүлсэн нь улсын дундажтай харьцуулахад 14 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Аймгийн цахим шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар тэрээр дэд бүтэц, технологийн хүртээмжгүй байдал, цахим технологийн хэрэглээ хязгаарлагдмал, иргэд, төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар сул, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологи нэвтрүүлэх, нутагшуулахад зардал өндөр, санхүүжилт дутмаг, төрийн байгууллагуудын техник, технологийн шинэчлэл удаан зэрэг хэдэн хэдэн шалтгааныг дурдсан юм. Уулзалтын үеэр Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах зорилгоор Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамиртай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахимд хэвшье”  цахим хөгжлийн өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж бүсчилсэн хөгжлийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээг танилцуулж байна.  Энэхүү өдөрлөгийн хүрээнд аймаг, орон нутаг дахь  цахим  шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэхэд уг өдөрлөгийн ач холбогдол оршиж байна. Дорнод аймгийн хувьд 13 сум шилэн кабельд холбогдсон ба энэ онд “Нэгдсэн хяналтын сервер”-ийн төвийг байгуулж, Чойбалсан хотын 220 байршилд нэмэлтээр нийт 900 камер суурилуулахаар төлөвлөөд байна. Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 25 байгууллагын 73 үйлчилгээ холбогдсон. Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн хүрээнд  өнгөрсөн хугацаанд говь, хангай, баруун бүсийн аймгуудад тус арга хэмжээг зохион байгуулсан бол цаашид хойд болон төвийн бүсэд үргэлжилнэ.