Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

2022.12.30

Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.

“Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ?

Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.  

Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм.

Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ?

2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн.

Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ?

Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ?

Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ.

Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн.

Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ?

Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн.

Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Бусад мэдээ

ЦАХИМ ХӨГЖИЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ “ПИПЛ ИН НИЙД” ОУТББ, “ФАРО ФАУНДЭЙШН” ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Санамж бичигт ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, “Пипл Ин Нийд” ОУТББ-ын суурин төлөөлөгч Б.Мөнгөнхишиг, “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Цахим Үндэстэн” баримтлах чиглэл, “Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2022-2026” зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, чиглэлийн дагуу бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. “Пипл Ин Нийд” ОУ-ын төрийн бус байгууллага нь Монгол Улсаас гадна дэлхийн 24 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хүмүүнлэгийн болон хөгжлийн туслалцаа үзүүлэх, хүний эрх ба ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах, нийгэм, боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр ажилладаг бол “Фаро Фаундэйшн” ТББ нь Монгол Улс дахь цахим сүлжээ болон тоон бичиг үсгийн зөв хэрэглээг хүртээмжтэйгээр хүргэхэд чиглэсэн цахим орчин дахь аюулгүй байдал, хүүхэд хамгааллын хөтөлбөр, цахим сүлжээний зохистой хэрэглээ, цахим гэмт хэргийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэн ажилладаг байгууллага юм.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ 2021.12.09 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.09/ нэгдсэн хуралдаанаар Цахим засаглалын суурь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ. Тодруулбал, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тус, тус эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг баримтлан УИХ-ын гишүүнийг хуралдааны ирцэд бүртгэх, санал хураалт явуулахад биометрик мэдээллийг ашиглах, түүнчлэн хүний хувийн мэдээллийг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, ялын бодлогыг ялгамжтай оногдуулах зорилгоор хувь хүний нууцыг задруулсан, харилцаа холбоо, цахим сүлжээг ашигласан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулдаг байх саналыг тус тус боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Дараа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороод 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Инновац, цахим бодлогын болон Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эцэст нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Н.Учрал, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зохицуулалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу хуулийн этгээд дотоод үйл ажиллагаандаа нийтийн түлхүүрийн дэд бүтэц ашиглах зохицуулалтыг хуулийн төслийн 5 дугаар зүйлд шилжүүлэх санал гаргасныг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн нэр Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг нийцүүлэх, хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн хэмээн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороодын хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хамтарсан байнгын хороонд шилжүүллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд БНХАУ-ын Шанхай хотноо болох “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох айчлалын хүрээнд “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов. Улмаар хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж, эрчимжүүлэхийн тулд 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа. “Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой. “Huawei”  компани нь 170 гаруй улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.