Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн төрийн захиргааны нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллаж буй ЦХХХЯ-ны нийт 18 албан хаагч өнөөдөр /2023.04.07/ тангарагаа өргөлөө.
Ёслолын ажиллагааг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар:
Төрийн жинхэнэ албан хаагч болж нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж байгаа албан хаагчдадаа баяр хүргэе. Төрийн албыг түүчээлэн улс эх орныхоо ирээдүйг гэрэл гэгээтэй авч явах хүндтэй үүрэг хүлээсэн залуус та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт хүлээсэн үүргээ хэлбэрлэлтгүй биелүүлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан хичээн зүтгэж, шинэ хандлага, шинэ зарчим, шинэ цаг үе, эерэг өөрчлөлтийг төрийн албанд авч ирнэ гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын эрх зүйн баталгааг хангах, мэргэшсэн цомхон, оновчтой төрийн алба, тогтолцоог бий болгох, үйл ажиллагааны үр дүн, оновчлолыг сайжруулах ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна.
Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын хүний нөөцийн газрыг шинээр байгуулсан. Засгийн газрын хүний нөөцийн нэгдмэл тогтолцоо бүрдсэнээр боловсон хүчний бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны уялдаа холбоо, хариуцлагын тогтолцоог сайжруулах чиглэлд дорвитой үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны оролцоотойгоор Засгийн газрын хүний нөөцийн цахим системийн хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
Мэргэшсэн, ёс зүйтэй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гагцхүү хуульд захирагдан, иргэддээ хоёргүй сэтгэлээр үйлчлэн, бусдыг манлайлан ажиллахыг хүсэн ерөөж, нийт албан хаагчдад ажлын амжилт хүслээ.