ЦХХХ-ны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсалотой уулзлаа.

Энэ хүрээнд мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг ахиулах, улмаар Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах саналыг тавилаа.

Эстони Улсын Эдийн засаг, харилцаа холбооны сайд Тийт Рийсало манай улсын цахим шилжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад анхаарна гэдгээ илэрхийллээ.
