“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдрийн /2023.09.13/ танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширчин нээж, Өвөрхангай аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээг танилцууллаа.
Үүний дараагаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан бол ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Мөн ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр сургалтыг зохион байгуулж, 100 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа.
Дээрх сургалтад оролцсон төрийн албан хаагчид энэ үеэр цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудаар холбогдох албаныханаас тодорхой хариултыг авсан юм.
Өвөрхангай аймаг нь 118 мянган хүн амтай, 19 сум, 112 багтай. Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөр улсдаа тэргүүлэх аймгуудын нэг бөгөөд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Засаглал” бодлогын хүрээнд цахим шилжилт, цахим технологи нэвтрүүлж буй төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор иргэдэд хүргэж байна.
Аймгийн хэмжээнд нийт 79897 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор тооцсоноос одоогоор 34014 буюу 53.1 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна.
Мөн аймгийн бүх сумд, нутаг дэвсгэрийн 85 хувь нь өндөр хурдны 3G, 4G сүлжээнд холбогджээ.
Тус аймгийн хэмжээнд гурав байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд энэ сард дахин нэг цэгийг нээхээр төлөвлөсөн байна.