Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эсрэг үүссэн эрсдэлт нөхцөл байдлуудаас сургамж авч, цаашид энэ байдал давтагдахгүй, даамжрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хамтран ажиллаж байна.
Технологи хүүхдэд ээлтэй байх ёстой. Энэ ч үүднээс өнгөрөгч долоо хоногт хүүхэд хамгааллын чиглэлд “Ekids” шийдлийг бүтээж, эцэг эхчүүдэд үр хүүхдээ хянах, хөдөлгөөн, байршлыг нь тодорхойлох, яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, мэдээлэл солилцох, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл түгээх боломж бүрдүүлэхийг “И-Монгол” академид үүрэг болгосон.
Мөн үүрэн холбооны оператор компаниуд буюу Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компаниудад хандаж “E-Mongolia” болон “Ekids”-д нэвтрэхэд дата огт шаардахгүйгээр бүх хэрэглэгч ашиглах боломж олгохыг уриалсан билээ.
Энэ санаачилгууд биеллээ олж хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл өнөөдрөөс ашиглалтад орж байна. E-Mongolia-д Ekids цэс нэмэгдэж байна. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын “Ekids” шийдэл төдийгүй 1.6 сая хэрэглэгчтэй төрийн мэдээлэл солилцооны E-Mongolia апп-г дата шаардахгүй, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг үүрэн холбооны оператор компаниуд хамтран олгож байна.
Энэ хүрээнд Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд болон миний бие нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалах төрийн үйлчилгээг сайжруулах, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор хамтарч ажиллахаар тохиролцлоо.
Урьд нь “E-Mongolia” платформоор зөвхөн насанд хүрэгчид үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо “Ekids” шийдлийн хүрээнд 0-16 насны хүүхэд нэвтрэх боломжтой боллоо. Тус платформын нэвтрэх нүүрэнд “Хүүхдээр нэвтрэх” цонх нэмэгдсэн. Тэрхүү цонхоор дамжин хүүхэд регистрийн дугаараа оруулахад гарч ирэх QR кодыг эцэг эхийнх нь аль нэг нь өөрийн бүртгэлээр E-Mongolia-д нэвтрэн уншуулах юм.
Ингэснээр хүүхдүүд сургуульдаа ирсэн, гэртээ харьсан үедээ ээж аавдаа мэдэгдэл явуулах боломжтой төдийгүй өөрийн байгаа газрынхаа 3 үгт хаягийг илгээх боломжтой болж байна.
Мөн цахим орчны хүүхэд хамгаалал, яаралтай тусламж авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг заавар зөвлөгөө байршсан Ekids цэсийг нэмэлтээр хөгжүүлсэн. Хэрэв гэнэтийн болзошгүй аюул учрахад яаралтай тусламжийн 102, 103, 108 утаснуудад шууд дуудлага хийх, эцэг эхдээ мэдэгдэл илгээх боломж бүрдлээ.
Ekids цэсээр дамжуулан хүүхэд гадуурхалт, цахим дарамт зэрэг гэмт үйлдлүүдийн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх боломжтой юм.