Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын шуудангийн анхны марк үйлчилгээнд гарсан 100 жилийн ой тохиож байна

Д.Сүхбаатар 1921 онд ЗХУ-д айлчилж ирсний дараа Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир, сургагч Ц.Бурдовский нарт шуудангийн марк гэдэг нь өнгөцхөн бодоход нэг л жижигхэн эрээн цаасны зүйл юм шиг санагдавч чухамдаа тийм биш, харин шуудан бичгийн маань үнэт мөнгө зоос нь болсон үнэ цэнэтэй, нарийн нандин учиртай, хүнд мэдээгүй зүйлийг нь биеэр дүрсэлж ойлгуулдаг, их өргөн хүрээтэй төлбөрийн мэдээллийг агуулсан зүйл юм гэж тайлбарлаж байжээ.

Ардын Засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл М.Бат-Очир Иркутск хотын телеграфийн сургуульд сурч байхдаа ч шуудангийн маркийг харж байжээ. М.Бат-Очир монголын шуудангийн марк гаргах ажлыг санаачлан, маркийн зураг төслийг боловсруулан харьяалах Гадаад явдлын яамаар дамжуулан, Ардын засгийн газраар хянуулан батлуулахаар оруулжээ. Олноо өргөгдсөн 13 буюу 1923 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлэн шийтгэх түшмэл М.Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидлын төлбөр төлөгдсөнийг илтгэхэд хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ.

Зураг- 1. Анхны шуудангийн марк олны ярьдагаар ОЧИРТОЙ марк

Энэхүү тогтоосон ёсоор “Очир” буюу  Монголоор Мөнхбат” гэсэн утга санааг идэрхийлэх, зөрүүлсэн Элдэв-Очирын дүрс бүхий 1, 2, 5, 10, 20, 50 цент, 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 өнгө ялгасан нэгэн багц маркийг хэвлүүлж гаргасан тухай Цахилгаан шуудангийн ерөнхий хороо, Гадаад Явдлын яамнаас 1924 оны YIII сарын 2-ны өдөр Засгийн газарт өргөсөн 42/565 тоот албан бичгээр  Ардын засгийн газар хүргүүлжээ. Уг маркийг Ардын засгийн газар хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны өдрийн 656 бичгээр мэдэгдэж явуулснаар БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах бичиг захидал бичигт наагдан, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад түгэн тархсан байна.

Монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул Америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Манай улсын шуудангийн анхны маркийн тухай билгүүн номч Бямбын Ринчен 1958 онд “Монголчуудын шуудан, шуудангийн тэмдгийн учир” өгүүлэлдээ тун тодорхой тайлбарлан бичсэн байдгийг сийрүүлбэл:

“…1924 онд ардын засгийн газраас олон улсын одоогийн жишээгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир тийнхүү Шанхайд захижээ. Тэр цагт бас Европын хэл бичиг сайн мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэсэн үгийг оросоос монгол болгож чадаагүй, /почит марка/ монгол үсгээр ойртуулсхийн бичээд, монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн байдаг.

1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэдэг солбицсон очиртой зураг зурсан нь, Очир гэж нэгэд “бат” гэсэн санаа тул Бат Очир /тэмдэг наасан захиа алдагдалгүй хүрэх “бат” гэсэн санаа/ бол Энэтхэгээс гаралтай үг бөгөөд уг очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны бэлгэ тэмдэг нь байжээ.

Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ёс буй тул ардын Засгийн анхны холбоочны тийнхүү шуудангийн тэмдгийг Монголчуудын олон зуун жил мэддэг, хэрэглэдэг “Очир” гэдэг тэмдгийг хэрэглэсэн нь Монгол үндэсний хэлбэртэй, интернационалын утгатай тэмдэг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тусгай тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ.

Оруулга-1:
Хэдийгээр тухайн үед Ардын түр Засаг тогтсон ч Богд Жавзандамба хутагт хэмжээт эрхт хаан хэвээр байсан тул улсын нэрийг албан ёсоор хараахан тогтоож амжаагүй байв. Маркийн төсөл батлагдсанаас хойш даруй нэг жилийн дараа хуралдсан шинэ Монгол улсын анхдугаар их хурлаас тус улсын албан ёсны нэрийг “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас Монголын шуудангийн анхны марк нь улсын нэргүй хэвлэгдсэн бололтой.

Зураг- 2. Ардын засгийн газаас Гадаад явдлын яаманд 1924 оны 7дугаар сарын 8-ны

 өдрийн 656 тоот бичгийн хуулбар

Дугаар 655

АЗГ-т гадаад явдлын яамнаа хуудас дагалдуулан их учир:

Эдүгээ харьяат яамнаас хүргэж ирсэн 565 дугаар хуудас бичиг ба дагуулан байцаан толилуулахаар ирсэн маркийг манай ардын Засгийн газар хүлээн авч үзэв. Үүн дор уг маркийг худалдаалах эрхээр гүйцэтгүүлэх тулд уг маркийг хүргүүлж өгнө. Ардын Засгийн  гадаад явдлын яамнаа явуулаад хүргүүлэн шийтгэсүгэй. Үүний тул илгээв.

Арван дөрөв дүгээр он долоон сарын шинийн 8

Дугаар 656

Харин тэр үед монгол улсыг гадуурхах бодлогыг хүчтэй явуулж байсан, Хятадын гоминданы засгийн газар монголын шуудангийн маркийг үл зөвшөөрөн, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад илгээсэн захидал боодлын маркийн дээр өөрийнхөө улсын шуудангийн марк нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ.

Ийм учраас нэг хэсэг зуур хятадад явуулах захидалд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг нааж, хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлж байжээ.

Анхны маркийн дараа зураач марзан Б.Шаравын эх зургаар улсын тэмдэгт 9 төрлийн нэг цуврал маркийг улсын банкны хэрэгцээнд гаргасныг шуудангийн хэрэгцээнд шилжүүлж, 1925 оны 2 дугаар сараас гүйлгээнд гаргажээ.

Оруулга-2:

БНМАУ-ын ТХЯ-наас анх 1958 онд марк сонирхогчдын дунд зарласан уралдаанд Худалдааны техникумын багш Хайдавын Гунаажав I байр эзэлж 400 төгрөгөөр, МУИС-ийн П курсын оюутан  Чулуунгомбо, 1 дүгээр дунд сургуулийн IX ангийн сурагч Дүгэрсүрэнгийн Ариунболд нар II байр эзэлж 300 төгрөгөөр, 22 дугаар сургуулийн Ү1 ангийн сурагч Эрэнцэнсономын Гомбо, Төв аймгийн Батсүмбэр сумын тракторчин Билгүүнгэрэлийн Идэр-Амгалан нар III байр эзлэн 200 төгрөгөөр тус тус шагнагджээ.

1957онд марк сонирхогчдийн нийгэмлэг ТХЯ ны дэргэд байгуулагджээ.

Алтан, мөнгөн ялтас дээр болон торгон дээр марк үйлдвэрлэхийг өндөр технологийн марк гэх ба 1982 онд байгаль орчныг хамгаалах сэдвээр анх алтан ялтас дээр хэвлэж  өндөр технологийн маркийг хэрэглээнд гаргасан билээ.

Зураг- 3. 1982 оноос эхэлж гаргасан алтан ялтастай марк сэдвийн дугаар:

Монгол эх орныхоо бүтээн байгуулалт, ололт амжилт, нийгмийн өөрчлөн байгуулалт, улс ардын аж ахуйн болон шинжлэх ухаан техникийн хөгжил дэвшил, байгаль, ан амьтны хүрээлэн хийгээд монголын ард түмний аж амьдрал, соёл урлаг, зан заншил зэрэг өргөн хүрээний сэдвээр маркийг хэвлүүлж хэрэглэж байгаа билээ. 2024 оны 6 сарын 6 ны байдлаар энэ зуун жилийн дотор Монгол улс шуудангийн 1149 сэдвийн хүрээнд 4390 нэрийн марк гүйлгээнд гаргаад байна.

Манай улс шуудангийн маркаа ОХУ, БНУАУ улсуудад хэвлүүлдэг байсан ба сүүлийн жилүүдэд Франц улсад хэвлүүлж байна. Марк хэвлүүлэх үйдвэрээс гадна маркийн эх зохиогч  нь маш жижиг орон зайд маш чухал зүйлийг гоё уранаар гаргах нарийн чухал ажил тул манай улсын шилдэг зураачид уран бүтээлээ шингээж байснаас дурьдвал марзан хэмээх Б. Шарав, ардын зураач Д.Амгалан, О.Цэвэгжав, Ү.Ядамсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Раднаабазар гм авьяаслаг уран бүтээлчидийг дурьдаж болно. Нэгэн зууны урт хугацааны 1100 гаруй сэдвийн марканд хэвлэгдээгүй марк, хэлмэгдсэн марк гээд марк болгон өөрийн түүх өөрийн түүхэн он цагуудыг өгүүлж байдаг манай улсын нэгэн чухал нэрийн хуудас билээ.

 Зураг- 4. Дэлхийн хамгийн том марк Энхтайваны мандал маркний зураг А4

Манай улсын шуудангийн үйлчилгээнд 1921 оноос өмнө ашиглагдаж байсан маркнууд

1860 оноос Монголд гадаадын цахилгаан мэдээ, шуудан бичгийн салбар ажиллах болсноос хойш гадагш явах бичиг захилалд Орос, Хятад маркийг хэрэглэж ирсэн байна. 

Зураг- 5. Манай улсын шуудангийн үйлчилгээний төлбөрт ашиглагдаж байсан Хятад болон Орос улсын шуудангийн маркнууд захианд наагдсан байдлаар

1921 оны сүүлчээр манай улс захидал харилцаандаа гадаадын марк хэрэглэх нь бусад орны хөрөнгийг нэмэгдүүлж манай улсад үйлчилгээнийхээ зардлыг ч дарж чадхааргүй байгаа тул гадаадын марк хэрэглэхээ больж төлбөрийг бэлэнээр авч төлбөр төлсөн гэсэн тамга дардаг болжээ.

Оросоор ОПЛАЧЕНО гэдэг ТӨЛӨГДСӨН гэсэн үг бөгөөд төлбөрт авсан мөнгөний тоогоо тавиад төлөгдсөн гэдэг тамгаа дардаг байжээ.

Зураг- 6. ОПЛАЧЕНО төлбөр төлөгдсөн гэдэг тамга

Шуудангийн марк анх ашиглагдаж эхэлсэн Дэлхийн түүхээс товчхон…

Дэлхийн шуудангийн үйлчилгээ олон зууны түүхтэй ч дөнгөж 1840 оны 5 сарын 6 нд маркийн эцэг хэмээгдэх Ройланд  Хилл- ийн зургаар Англи улсад анхны шуудангийн марк хэрэглэгдсэн хамгийн анхны марк байжээ. Энэ марк “хар пенни” гэгдэх ба ганцхан хар будаг хэрэглэгдсэн ба нэг пенни үнэтэй байжээ.

Зураг- 7. Дэлхийн анхны шуудангийн марк Английн хар пенни

Шуудангийн марктай болсон эхний улсуудаас …

 Англи улсад анхны марк хэрэглэгдсний дараа бусад улсууд бас өөрсдийн шуудангийн марктай болсон байна.

        Түүвэрлэсэн:  Харилцаа холбооны түүхийн музейн эрхлэгч Г. Шаравдэмбэрэл

Бусад мэдээ

Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд   Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Монгол цахиурын хөндийг бүтээх шинэ үеийн залуусын давлагааг эхлүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам манлайлан ажиллана 2022.09.12 ЗГХЭГ-ын

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ