Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

“Технологиос өөрчлөлт рүү: Засгийн газруудад хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй” сэдэвт “Глобал Дижитал R&DB Хаб” семинар 2024.09.26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна

Арга хэмжээний хүрээнд БНСУ-ын ITTP болон ITPP-ийн төгсөгчид, МХХТ-ийн мэргэжилтнүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, салбарын мэргэжилтнүүд харилцаа холбоогоо бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготой бөгөөд шинэ үеийн техник технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухааны хөгжил дэвшил, хэрэглээ болон Засгийн газруудад хиймэл оюун ухаан, цахим шилжилтийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх юм. ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий тус арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим хөгжлийг эрчимжүүлэх, шаардлагатай хот суурин газрын дэд бүтцийг бий болгох, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хүртээмжтэй нийгмийг цогцлоох хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг онцлон, шийдвэр гаргах үйл явц дахь ил тод байдлыг сайжруулж, хүн бүр дуу хоолойгоо хүргэдэг хүртээмжтэй нийгмийг бий болгоход яамны зүгээс дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд

Цахим засаглалын багц хуулиуд ба тэдгээрийн онцлох зохицуулалтууд 2022.05.04 Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулиуд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаач нартай хамтран дээр дурдсан 4 хуульд батлуулахаар заасан журмуудын боловсруулалт дээр хамтран ажиллаж, Засгийн газраар батлуулах журмын төслүүдийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхэд бэлэн болоод байна. Хуулиудын онцлох зохицуулалтыг товч дурдвал, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Тус хуулиар байгууллагын нууц гэх нэрийн дор иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд өгдөггүй байсан мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл, барилга байгууламжийн улсын комиссын дүгнэлт, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төрийн байгууллагын ажлын байрны сул орон тооны мэдээлэл зэрэг 5 төрлийн 68 мэдээллийг нээлттэй болголоо. Түүнчлэн тус хуулиар цахим баримт бичгийг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байхаар тогтоож, нотлох баримтын хэмжээнд үнэлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж, мэдээлэл хариуцагч болох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд нь хувь хүний мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн, юунд ашиглах гэж байгаа зорилгыг мэдээллийн эзэнд мэдэгдэж, зөвшөөрөл авна. Түүнчлэн мэдээллийн эзэн болон хүний хувийн мэдээллийг хариуцаж, хамгаалж байгаа этгээд хоорондын харилцааг зохицуулж, мэдээллийн эзний эрхийг баталгаажуулан Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг тогтоож, мэдээлэл хариуцагчийн хүлээх үүргийг тодруулж өгсөн. Мөн хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор ашиглах, улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, хэрэг маргааныг хянан, шийдвэрлэх, УИХ-ын гишүүд цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад тохиолдолд хориглоно. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэгт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглоно. Хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахтай холбоотой аливаа гомдол байвал Хүний эрхийн Үндэсний Комисс, эсхүл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол гаргах боломжтой байна. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА Цахим гарын үсгийн тухай хуулийн зорилго нь цахим орчинд хүн, хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэх, түүнд тавигдах эрх зүйн болон техникийн шаардлага, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино. Тус хуулиар: Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээг үнэ төлбөргүй 5 жилийн хугацаатай Улсын бүртгэлийн байгууллагаас олгох ба тус байгууллагын нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх салбар, нэгж дээр биечлэн очиж авах боломжтой. Харин гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан тоон гарын үсгийн гэрчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Тоон гарын үсгийн гэрчилгээг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух хугацаандаа авч ашиглах боломжтой. Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлсэнээр цахим орчинд өөрийгөө таньж, баталгаажуулах, гэрээ хэлцэлийг цахим хэлбэрээр байгуулах, “e-Mongolia” системд нэвтэрч, төрийн 650 гаруй үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ Энэхүү хууль нь кибер аюулгүй байдлыг хангахтай холбоотой төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх харилцаанд үйлчилнэ. Тус хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд нийцсэн Кибер аюулгүй байдлын зөвлөл ажиллах бөгөөд тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, дэд даргаар нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга нар ажиллана. Мөн төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын кибер аюулгүй байдлыг үндэсний төв, харин иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлыг нийтийн төв тус тус хангаж ажиллана. Харин зэвсэгт хүчний кибер командлал тайван цагт батлан хамгаалах салбарын хэмжээнд кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хуульд тусгажээ.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Боловсролын дата төвийг өргөтгөх шаардлагатай”

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (UNICEF, ITU)-ын “GiGa” санаачилгын хүрээнд “Боловсролын салбарын цахим хуваагдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2024.08.23) зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт цахим хөгжил, инновац, мэдээлэл технологи, боловсролын чиглэлийн төр, хувийн хэвшил, олон улсын улсын байгууллагын төлөөллүүд оролцож, “НҮБ-ын хүүхдийн сангаас сургуулийн интернэт холболттой холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, сургуулийн интернэтийн ач холбогдол”, “Сургуулийн интернэт холболтын өнөөгийн нөхцөл байдал ба бэрхшээл”, “Сургуулийн интернэт холболтын дэд бүтцийг өргөжүүлэх боломжууд” зэрэг сэдвээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Улсын хэмжээнд нийслэлийн 167, аймгийн төвийн 137, сум, багийн 398 сургуулийн 863 хичээлийн байр интернэтэд холбогдсон байгаа нь нийт төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77.5 хувь юм. Иймд мэдээлэл, харилцаа холбооны суурь дэд бүтцийг бүрэн шийдвэрлэх, хичээлийн болон дотуур байр бүрийг нэгдсэн сүлжээнд холбох, дотоод сүлжээний орчныг бүрдүүлэхэд талуудын хамтын оролцоо чухал ач холбогдолтой юм. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү оролцож, “Харилцаа холбооны сүлжээ боловсролын салбарт” сэдвээр илтгэл танилцуулан, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцов.