Галын дуудлага, гэмт хэрэг зөрчил, түргэн тусламж шаардлагатай үед бид 101, 102, 103, 105 зэрэг тусгай дугаарт холбогддог. Эдгээр дугаарт хандахад дуудлага алдах, түргэн тусламж хугацаа алдаж ирэх зэрэг асуудал бидний өдөр тутмын амьдралд тулгардаг.
Тэгвэл энэ бүх асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай дугааруудыг 112 дугаарт нэгтгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэн та яаралтай тусламж 103, гэмт хэрэг зөрчлийн 102, аврах ангийн 105 руу залгах шаардлагагүй, зөвхөн 112 дугаарт залгаж, асуудлаа шийдвэрлүүлэх технологийн боломж бүрдлээ. Цаашид бусад байгууллагуудтай хамтран ажиллаж яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэгтгэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлнэ.
Түүнчлэн “Мобиком”-ын сүлжээгүй газар бусад операторуудын сүлжээг ашиглан яаралтай тусламж авна. Тодруулбал, аль нэг үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй үед ч яаралтай тусламжийн утас руу залгах боломжийг бүрдүүлж байна. Үүрэн холбооны оператор компаниуд ч үүнийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Нөгөө талдаа яаралтай тусламжийн дуудлага мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэж дуусах хүртэлх нэгдсэн цогц үйл ажиллагаа шаардлагатай байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх үйл ажиллагаанууд өөр, өөр систем дээр бүртгэгдэн, шийдвэрлэгдэж дата мэдээлэл салангид байдалтай явж иржээ.
Иймд, дата мэдээллийг нэгтгэж түргэн тусламж, эргүүлийн цагдаа, гал түймэр унтраах багийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах, үйл ажилллагаанд нь хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн салангид байгаа системүүдийг нэгтгэж, нэгдсэн нэг систем нэвтрүүлснээр цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламж, мэдээ мэдээллийг шуурхай, цаг алдалгүй дамжуулах, техникийн нөхцөлийг бүрдүүлж, хугацаа алдах эрсдэлийг арилгах юм.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу манай улс тусгай дугааруудыг ийнхүү нэгтгэж байна. 112 дугаарыг Европын холбооны гишүүн улс орнууд болон Азийн орнууд нийтлэг ашигладаг. Иймд нэгдсэн тусгай дугаарт шилжсэнээр гадаадын жуулчид цаг алдалгүй тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байна.