Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд салбар бүрийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдаас санал авч, үндэсний стратегид тусгаж байгаа билээ. Өнөөдөр /2025.01.30/ Шинжлэх ухааны академитай хамтран эрдэм шинжилгээний байгууллагын судлаачдын санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Эрдэмтэн, судлаачид эхний ээлжид хиймэл оюуныг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, салбарын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах саналаа илэрхийлэв. Мөн хиймэл оюуныг хөгжүүлэхэд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах юм. Тиймээс дээрх асуудлын шийдлийг үндэсний стратегид тусгахыг хүслээ. Учир нь тус салбарт хувийн хэвшлийг оруулж байж, систем цаашаа хөгжих нөхцөл бүрдэнэ гэдгийг онцолсон. Түүнчлэн ядаж ДНБ-ийнхээ 0.5-1 хувийг дээрх салбарт зарцуулж, тогтвортой хөрөнгө оруулалт хийж, дэмжих хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг чухалчлав.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хамгийн их өгөгдөл цугларсан салбар нь эрүүл мэнд. Хиймэл оюуныг хөгжүүлэх суурь нь өгөгдөл юм. Дата хаана бэлэн байна тэр салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Тиймээс энэхүү бүрдсэн датаг ашиглахад хууль эрх зүйн орчны зохицуулалт чухал аж. Гэвч аливаа өгөгдлийг ашиглахад зөвшөөрлийн асуудал өнөөдрийг хүртэл гарсаар байгаа нь хиймэл оюуны хөгжилд тушаа болж байгааг эрдэмтэн, судлаачид хэллээ. Мөн нөөцөө доторхойлох, өгөгдлийн нэгдсэн стандарттай болох, чанар үнэлгээ зэрэг асуудлууд ч хөвөрнө.
Үүний дараа хүний нөөцийг бүрдүүлэх асуудал гарч ирнэ. Засгийн газрын тогтоолоор 2024 онд ШУАИС байгуулагдсан. Дэвшилтэт технологийн чиглэлийн бакалаврын 10, магистрын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Ахисан түвшинд боловсон хүчнээ бэлдэж байж, хиймэл оюуныг нэвтрүүлэх тухай яригдана. Тиймээс төрөөс их дээд сургуулиудын хөтөлбөрийг тогтвортой дэмжиж, төслийг санхүүжүүлэх бодлого хэрэгтэй байгаа аж.
Түүнчлэн хамгийн ихээр маргаан дагуулдаг асуудал нь оюуны өмч. Оюуны өмчийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Энэ тал дээр ихэд маргаан үүсдэг учраас хиймэл оюуны үндэсний стратегид тусгах саналыг ч хэллээ.
Манай улсад дээрх чиглэлийн төслүүдэд 10 сая төгрөгийн санхүүжилт хийгддэг байна. Гэтэл өнөөдөр 1GPU 25-30 мянган ам.доллараар үнэлэгдэж байхад 10 сая төгрөгийн санхүүжилт хангалтгүй юм. Бусад улс орнууд ч энэ салбарыг хөгжүүлэхэд тэрбум тэрбум ам.доллараар хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.