АЛСЫН ХАРАА
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжил, дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлнэ.
ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тэргүүлэх чиглэл нь:
1. Холбоо, мэдээллийн технологи, сансар, өргөн нэвтрүүлэг, шуудан, радио давтамж, бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
2. Эдийн засаг, нийгмийн харилцааны өсөн нэмэгдэж байгаа мэдээлэл, үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг хангахуйц харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангах;
3. Кибер орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах;
4. Технологи, инновацид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлига, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах, иргэн төвтэй төрийн удирдлагын дэвшилтэт тогтолцоог бүрдүүлэх;
5. Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх;
6. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, программ хангамж, тоон контент, электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах замаар дижитал эдийн засгийг хөгжүүлэх;
7. Харилцаа холбоо, мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах;
8. Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвор суурьшилтай ажиллуулахыг дэмжих, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн мэдээлэл авах хүртээмжийг нэмэгдүүлэх.
ЧИГ ҮҮРЭГ
Монгол Улсын цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, сансрын технологи, өргөн нэвтрүүлгийн талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлого, стратегийн төлөвлөлтийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилгыг баталлаа.
01. ДИЖИТАЛ ДЭД БҮТЭЦ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангахуйц суурь дэд бүтцийн бэлэн байдлыг хангана.
02. ЦАХИМ ЗАСАГЛАЛ
Нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологи, инновацыг нэвтрүүлж, бүтээмж, өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүнд сурталгүй, ил тод цахим засаглалыг бүрдүүлнэ.
03. МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог бүрдүүлэн, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн, төр, хувийн хэвшил, иргэний мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангана.
04. ТООН БИЧИГ ҮСГИЙН ЧАДАВХ
Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг арилгаснаар Цахим үндэстэн болно.
05. ИННОВАЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ
Мэдээллийн технологи, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, блокчэйнд суурилсан платформууд, программ хангамж, үндэсний тоон контентыг хөгжүүлж, газрын ховор элементэд түшиглэн электроникийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортод гарган эдийн засгийн шинэ секторыг хөгжүүлнэ.
06. ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР
Нийгэм, эдийн засгийн салбарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, өрсөлдөх чадвар, бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлнэ.