Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд Европын улсуудаас туршлага судална
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од энэ сарын 3-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните болон Европын Комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Мэдээллийн тасралтгүй урсгал, өгөгдлийн асар том давлагааг гэтлэх гол суурь нь хүчин чадал сайтай дата төв юм. Тэр дундаа ногоон хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс эрчим хүчний үр ашигтай, нөөцийн хэмнэлттэй “Грийн дата” төвтэй болох эрмэлзлэл бий. Энэ чиглэлээр улс орнуудын туршлагаас хуваалцах, ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг Европын Холбооны орнуудын зах зээлд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, мэдээллийн технологийн аутсорсинг хийх боломжийг эрэлхийлж байна. Үүний зэрэгцээ, манай улс үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудлаар Францын “Талес Алена Спейс” компанитай хамтарч, зээлийн хэлэлцээрийг УИХ-ын Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ-аас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэнэ” гэж дурдлаа. Мөн ирэх жилээс цахим хөгжлийг дэмжих багц хуулиудыг шинэчлэн боловсруулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд төрд буй боловсруулсан мэдээллийг хувийн хэвшилд хэрхэн ашиглуулах, өгөгдөл, мэдээллийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах талаар Европын Холбооны улсуудын бодлого, зохицуулалттай холбоотой сайн туршлагыг судалж, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв. Европын Комиссын Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрх Дорнодыг хариуцсан Олон улсын түншлэлийн газрын захирал Петерис Устубс “Европын холбооноос хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Team Europe” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд дижитал эдийн засгийн чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд техникийн туслалцаа, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд бодлогын дэмжлэг, бодит шийдлийн дэмжлэгийг үзүүлдэг. Мөн Кибер аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлдэг. Үүний зэрэгцээ, Төв Азид дунд орбитын хиймэл дагуулын хамтын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл Төв Азиас эхлээд Монголд хэрэгжих боломжтой. Харин Франц Улстай хамтран Үндэсний хиймэл дагуул хөөргөх танай төсөлтэй хэрхэн уялдуулах эсэхийг судалж, нэгдсэн шийдэлд хүрч болно. Старлинкээс ялгаатай нь интернет холболтын станц нь үүрэн холбооны байгууллагуудаар дамжин иргэдэд хүрэх юм. Энэ нь мэдээллийн урсгалыг дотооддоо хянаж, илүү найдвартай байдлыг бий болгож чадна” хэмээн онцоллоо.