Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ

2022.01.13

Манай улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч анхдагч гишүүн орны нэг бөгөөд тус байгууллага нь БНХАУ-ын Үндэсний сансрын агентлаг болон Цаг уурын агентлагтай хамтран гишүүн орнуудад цаг агаарын нөхцөл байдал, газар тариалан, бэлчээрийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын цаг уурын хиймэл дагуул (FY2)-аас мэдээ хүлээн авах газрын станцыг буцалтгүй тусламжийн шугамаар байгуулахаар баталсан.

Энэхүү ажлын хүрээнд орчин үеийн зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн судалгааны арга зүйг судлах, хэрэглээнд нэвтрүүлэх, ОУ-ын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх, дэлхийн хөгжлийн түвшинд нийцэх чадамж бүхий МУИС-ийн “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори” байгуулагдсан.

Тус лаборатори болон БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ болж, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.

FY-2 хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан цаг тутмын бодит мэдээг хүлээн авч боловсруулан, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн судалгаа, хэрэглээний өргөн хүрээнд ашиглахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, сургалт, судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцад ашиглах, хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэж байна.

Бусад мэдээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хэлэлцлээ

Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чадамжийн бүтцийн хүрээний төслийг хувийн хэвшлийн болон мэргэжлийн сургалтын байгууллагуудад танилцуулах, санал солилцох хэлэлцүүлгийг /2023.05.09/ зохион байгууллаа. Digital literacy framework буюу бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийн бүтцийн хүрээ, үзэл баримтлал, загварыг тодорхойлох, иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн хамт олноор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд төслийг ЦХХХЯ-ны веб сайтанд байршуулаад байна. Төсөлтэй энэ холбоосоор танилцах: https://mddc.gov.mn/…/%d1%85%d1%83%d1%83%d0%bb%d1%8c…/ Хэлэлцүүлэгт UNESCO, НҮБХХ, Дэлхийн банк, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Голомт банк, бусад хувийн хэвшлийн нийт 30 орчим төлөөлөл оролцож, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн Өгөгдөл боловсруулалт, цахим судалгааны хөгжүүлэлтийн секторын эрхлэгч Б.Буяндэлгэр, “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга В.Лут-Очир нар төслийг танилцуулав.

“Дэлхийн сансрын 7 хоног – 2023” арга хэмжээ үргэлжилж байна

Тус арга хэмжээ 10.10-ны өдрийг дуустал өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд 7 хоногийн турш “Зайсан хилл”цогцолборт үргэлжилж байна. “ World Space Week нь дэлхийн 100 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулагддаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм. Тус арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Үндэсний хиймэл дагуулын ач холбогдол”-ын тухай олон нийтэд танилцууллаа. Харилцаа холбоо, интернэтийн хүртээмж, судалгаа шинжилгээ, онцгой байдал, хүүхэд хамгаалал, байгаль орчны шинжилгээ зэрэгт үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй бөгөөд тусгаар тогтносон улсын томоохон баталгаа болох үзүүлэлт юм.

Сансрын орон зай дахь Монголын амбиц

Иргэн та техник технологгүйгээр өөрийн ирээдүйг төсөөлж байна уу. Гар утасгүй, интернэтгүй, телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэггүй орчинд амьдарна гээд боддоо. Хүн төрөлхтөн техник, технологийн хөгжилгүйгээр цааш алхах боломжгүй эрин үе нэгэнт иржээ. Гэтэл манай улс дээрх үйлчилгээнүүдийг иргэддээ хүргэхийн тулд гадаадаас түрээсэлдэг. Мөн алслагдсан бүсэд амьдарч буй иргэд технологийн хөгжлийг мэдэрч, хэрэглэж чадахгүй байгаа нь бодит үнэн. Шилэн кабелиар Монгол орны өнцөг булан бүрт буй малчдыг интернэтэд холбох дэд бүтцийг бий болгоход бэрхшээл их. Үүнийг шийдэх дөт зам нь “Үндэсний хиймэл дагуул” юм. Улс орон бүр өөрийн хиймэл дагуултай болох зорилт дэвшүүлэн, 2023 онд нийт 42 улс сансрын төсвөө өсгөжээ. Хэдхэн жилийн дотор өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн улсын тоо 91-д хүрэв. ШУА-ийн ООГХ-ийн Сансар судлалын төвийн дарга, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа “Хиймэл дагуул, сансар судлал бол зөвхөн ганц орны асуудал биш. Сансрын орон зайг хамтарч ашиглах хэрэгцээ бий. Тиймдээ ч сансар судлалын салбарт бүх орнууд хамтарч ажиллаж байна. 1990-ээд оны шилжилтийн үед манай улс сансар манатай байсан бол 2000 оноос энэ асуудал аяндаа сөхөгдөж, 2012-2013 оноос “Үндэсний хиймэл дагуул”-тай болох тухай яригдсан. Мөн 2017 онд “Мазаалай” нам орбитын судалгааны хиймэл дагуулыг Японы эрдэмтэдтэй хамтран хөөргөлөө. Одоо “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөөргөхөөр ажиллаж байна. Түүнчлэн хүнээ дахин сансарт нисгэх асуудал ч хөндөгдөнө. Энэ талаар ОХУ-тай байгуулсан санамж бичиг ч бий” хэмээн онцоллоо. 1957 онд анхны хиймэл дагуулыг задгай сансарт хөөргөснөөс хойш 67 жилийн хугацаанд монголчууд хиймэл дагуулын үйлчилгээг түрээсээр авч ирсэн. Жилдээ 6.9 сая ам.долларыг тус үйлчилгээнд зарцуулдаг. Үүнийг 15 жилээр үржүүлбэл 144 сая ам.доллартой тэнцэнэ. Тэгэхээр монголчууд гаднын хиймэл дагуулыг түрээсэлж, түрээсэнд их зардлыг төлж буй асуудлыг нэг мөсөн шийдэх гарц бий. “Исатком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Дөлгөөнтэнгис “Гаднаас түрээсэлж буй зурвасын хэмжээндээ 3.5-4 сая ам.долларыг жилийн хугацаанд түрээсэнд зарцуулж байна. Янз бүрийн бэрхшээлүүд гардаг. Жишээлбэл, тухайн хиймэл дагуулын насжилт, хугацаа дуусаж, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болно. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор үнэ нэмэх тохиолдлууд ч гарч байна. Энэ бүх асуудал үндэсний хиймэл дагуул хөөрсгөснөөр шийдвэрлэгдэнэ гэж харж байна” хэмээн ярилаа. Үндэсний хиймэл дагуултай болох тухай асуудал өнөөдөр гэнэт яригдаж байгаа юм биш. 2012-2013 оноос эхлэлтэй. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас өгсөн 74°Е градуст геостационар тойрог замын байрлал, 113.6°Е градусын хиймэл дагуулын байрлалд 800МГц зурвас бий. Үүнээс суурин үйлчилгээ болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг аль алийг нь хэрэглэгчдэд хүргэхэд 113.6°Е байрлал тохирно гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.  Мөн өөрийн хүссэн байрлалд хиймэл дагуул нисгэхийг хүсвэл өөр улсуудтай тохиролцох, ярилцах асуудал сөхөгдөнө. Энэ бүхэн сансрын задгай орон зайг ашиглах, үр шимийг нь хүртэх тухай ойлголт юм. Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн В.Батбаяр “10 гаруй жилийн хугацаанд үндэсний хиймэл дагуултай болох чиглэлээр манайд 5-6 улс санал тавьсан. Энэхүү саналын хүрээнд нийт 10 орчим компанитай хэлэлцэж, хүсэлтийг нь хянаж үзээд сонголт хийсэн. Улмаар 2019 онд Франц Улстай хиймэл дагуулын чиглэлд хамтран ажиллахаар болж, техникийн нөхцөл тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. Мөн Францын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр санамж бичиг байгуулсан. Францын Засгийн газар санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх тухай саналаа Монгол Улсын Сангийн яаманд өгсөн. Үндэсний хиймэл дагуултай болох асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Тус төслийг анхнаас нь нууцын зэрэглэлтэйгээр оруулж ирсэн. Тиймээс олон нийтэд дэлгэрэнгүй ерөнхий мэдээлэл өгөөгүй” гэж онцоллоо. Өмнө нь сансар судлалыг хөгжүүлэхээр ОХУ-ын “Роскосмос”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Мөн БНХАУ-тай сансрын техник технологи нэвтрүүлэх, зохион байгуулах, зайнаас тандан судлах, газрын станц байгуулах, Монголд иж бүрэн лаборатори байгуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг асуудлаар дөрвөн талт гэрээ хийсэн. Үүнийг сансрын техник технологи бүтээх, мэдээлэл боловсруулах эхлэлийн цэг гэж харж, “Үндэсний хиймэл дагуул” хөөргөхөд анхаарал хандуулж байгаа юм.ЗХ-ны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир “Сансрын орон зайд байгалийн асар их нөөц бий. 2023 онд Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн сансрын форум”-д сансрын нөөцийг тогтвортой ашиглах, хөгжүүлэх, ил тод байх асуудлыг хөндсөн. Монгол Улсад харилцаа холбооны сүлжээг өргөн уудам, хүн ам таран суурьшсан, алслагдсан орон нутагт ашиглаж ирсэн. Гэвч харилцаа холбооны үүрэн сүлжээний хүртээмжийг цаашид нэмэгдүүлэх шаардлага бий. Монгол Улсын хувьд сансрын орон зайг үр дүнтэй ашиглах түүхэн үе ирээд байна” гэж ярилаа. Үндэсний хиймэл дагуулгүйгээс болоод бусад улсаас түрээсийн үйлчилгээ авч, ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдал үүрч, хүссэн үйлчилгээгээ авах боломж хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч бүсийн зургийг авч, судалгаа хийх боломж үгүй гэсэн үг. Мөн тухайн байгууллагын санал болгосон үнээр үйлчилгээ авахад хүрдэг юм. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр эрдэмтэн судлаачид болон төрийн байгууллагууд ажиллаж байна. МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар “Зайнаас тандан судлахын тулд гаднаас үйлчилгээ авч ирсэн. Хүссэн зургаа авахад хүндрэлтэй. Дэлхийн аль ч цэгийн зургийг хүссэнээрээ авах боломж Үндэсний хиймэл дагуултай болж байж бүрдэнэ. Дотоодод “Мазаалай”, “Тэмүүлэл” гээд кубсат төслийг хэрэгжүүлээд, туршлага хуримтлуулчихлаа. Мөн бага оврын зайнаас тандан судалгааг хийж, туршиж байна. Харин цаашид Харилцаа холбооны хиймэл дагуул нисгэх хэрэгцээ шаардлага үүссэн” гэдгийг онцоллоо. Монгол Улсын хэрэглээг түрээсээр цаашид шийдвэрлэнэ гэвэл манай руу чиглэсэн хиймэл дагуулын цацраг хязгаарлагдмал. Тиймээс Үндэсний хиймэл дагуултай болчихвол өргөн хүрээнд хэрэглээг нэвтрүүлэх боломж бий. ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Содномрагчаа “Онцгой байдлын байгууллага бол радио холбоо, үүрэн холбоо, интернэт сүлжээ, Starlink, Iriduim зэрэг хэрэгслүүдийг ашиглаж байна. Эдгээр нь өөр өөр байгууллагын үйлчилгээ, зарим нь олон улсын байгууллагын үйлчилгээнүүд юм. Үндэсний хиймэл дагуултай болсноор энэ олон үйлчилгээг нэгтгээд, дотооддоо хөрөнгө оруулах боломжтой” гэв. Сансрын технологи, үндэсний аюулгүй байдал, бие даасан мэдээлэл холбооны дэд бүтэц, сансрын холбооны технологийн чиг хандлага, Монгол Улс харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах шаардлагын талаар “Үндэсний хиймэл дагуул ба түүний хэрэглээ” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЦХИХХЯ, ШУА, ХХЗХ, ҮАБЗ, ОБЕГ, МУИС болон ШУТИС-ийн профессор, салбарын судлаач, эрдэмтэд өргөнөөр оролцов. Улмаар зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад нь хүргүүллээ.