Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Агаарын сонин 90 нас хүрч байна

20-р зууны гайхамшигт нээлтүүдийн нэг бол мэдээллийг нүдэнд харагдахгүй орон зайгаар, сэтгэл хүрэх газар хүргэдэг технологийг ЗХУ их эрдэмтэн А.С. Поповын  нээсэн радио гэдэг гайхамшиг юм.  

А.С.Попов 1882 онд Санкт- Петербургийн их сургуулиа төгсөөд усан цэргийн минийн болон цахилгааны мэргэжлийн дарга нарын сургуульд багшилжээ. Энэ сургуулийн физикийн лаборатори цахилгааны багаж хэрэгслээр нэлээд хангагдсан нь түүний багшилахаас гадна эрдэм шинжилгээний туршилтууд хийх боломж олгосон байдаг.

А.С.Попов 1895 онд Петерград хотод болсон Оросын физик, химийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд “цахилгаан соронзон долгион агаарт тархах тухай  “ илтгэл тавихдаа өөрийн зохиосон “Аянга тэмдэглэгч” хэмээх цахилгаан соронзон энергийг агаараас хүлээн авагчаа тэнд танилцуулжээ. Илтгэлийнхээ дүгнэлтэнд …Миний зохиосон энэхүү төхөөрөмжийг цаашид нарийсган сайжруулж, нэвтрүүлэх хэрэгсэл хийвээс цахилгаан соронзон долгионыг агаарт тархдаг чанарыг ашиглан хол газар утас шугамгүйгээр холбоо барьж чадах юм…  гэжээ.

Радионд – мэдээлэл тархах орчин хязгааргүй, түүнд уул, ус юу ч саад болдоггүйгээрээ бахдалтай би ийм л мэргэжил эзэмшсэн хүн,  тэгээд ч Монгол Улсынхаа харилцаа холбоог санаснаараа хөгжүүлэхэд нам, засаг хамт олныхоо хүчээр тухайн үеийн нээлт бүрийг улс орондоо хэрэгжүүлж байлаа. Д. Готов

Ардын хувьсгалаас өмнө манайд нэг радио станц Амгалангийн энгэрт ажиллаж байлаа тэр нь БНХАУ ын Бээжин хоттой радио телеграфийг дамжуулах зориулалттай Манжууд ашиглаж байсан.  Манайхан “3 ӨНДӨР” гэдэг  Да хүрээ захын ард байгаа 2 өндөр антенн одоо байгаа. Үүнийг 1920 онд генерал Сю Шү Жан тусгаар тогтносон Монгол Улсыг түрэмгийлэн эзлээд БНДИУ-ын генерал У СЯН ДЯН хэмээгч радио телеграфийн холбоог ашиглахаар 1920 онд энэхүү 95 метрийн өндөр антены цамхагийг станцтай нь Англи Улсаас авч далайн тээврээр Хятад улсад авчирч усан боомтоосоо галт тэргээр Монгол Улсын хилд дөхүүлж тэмээн тэргээр зөөн Их хүрээнд ачиж антенны хэсэг тус бүрийг шургаар залгасан гэдэг. 1920 оны сүүлчээс ашиглаж Бээжин хот дахь Тэнгэрийн сүмийн ойролцоох станцтай харилцаж эхэлсэн түүхийн баримтууд байна. (У гэдэг Хятадаар үгүй, Сян –утас, дян – цахилгаан мэдээ гэдэг нь wireless telegraphy радио телеграф утга нэг юм ) Эдүгээ 104 жил зогсож буй антений зургийг өмнөх үеийн зурагтай харуулав.

Зураг-2 Дээрх антены матчийн өнөөгийн зураг

Нам төрөөс радиог нийтэд мэдээлэл хүргэхэд хамгийн бага хөрөнгө зарах хаана ч болов мэдээ дамжуулах бололцоотой гэж үзэж санхүү, ажиллах хүчний хувьд хэцүү байлаа ч радиог нэвтрүүлэхийн чухлыг ойлгосон байлаа.

Ардын засгийн эхний жилүүдэд  “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх арга технологи хэрэгтэй байлаа.

1927 онд хуралдсан МАХН-ын 6- р хурлын илтгэлд “Агаарын сонсох мэдээ хэрэглэх явдлын тухай хэргийг бодолхийлэн оролдвоос зохино” хэмээн зааж байлаа.  Уг хурлын тогтоолд радиогийн техникийн баазыг бий болгох эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилгоор “Бас хүү агаарын сонсох мэдээг орлого зарлагыг харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино “ гэдэг радиог бий болгох тухай Төрийн анхны шийдвэр байлаа.

Нутаг дэвсгэр арвин, хот суурьшил багатай, малчид тариаланчид талын нэг, уул уулын энгэрт нэг нэгээрээ суурьшилтай нөхцөлд нийт иргэдэд мэдээллийг  радио долгионоор хүргэх нь холбоожуулалт, ашиглалтын хувьд эдийн засгийн хувьд маш ач холбогдолтойг дүгнэн хэлэцээд 1927-28 онд ЗХУ ын элчин сайдад радио нэвтрүүлэхэд техникийн болон хүний нөөцийг бэлтгэхэд туслах хүсэлтүүд тавьж байсныг  хүлээн авч туслахаар болсон тул МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад“ радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг  монголын  төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ.

1930 онд ЗХУ-ын  эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцөлийг судлаад “Монгол Улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ.

1931.2.18 ны ЗХУ-ын Цахилгаан шуудангийн яамны сайд Антипов, ЗХУ-ын элчин сайд Николай Кириллович Смирновоос Монголын цахилгаан мэдээний ерөнхий сургагч Гельбатт-д ирүүлсэн цахилгаан мэдээнд “Агаарын сонсох мэдээ”-г байгуулах төлөвлөгөөг ирүүлэх тухай цахилгаан мэдээ ирүүлж байсан нь бидэнд туслах сэтгэлийн илэрхийлэл байлаа.

Засгийн газрын 1931 оны 3 сарын 13-ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэх “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.

1931 оны зун  радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ.

“МОНГОЛ РАДИО” хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дажжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ.

Агаарын мэдээний зөвлөлд НХТ –ны сурган боловсруулах хэлтэс, “Үнэн” сонины газар, Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг боловсруулах яам зэрэг газруудаас 9 хүний бүрэлдхүүнтэй байжээ.

Их хүрээнд 1860 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор суурьших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ”  гэдэг орос ажилчдийн клуб байжээ.

“Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 сарын 1 ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын өсгөгч,  чанга яригчийг төв талбайд, цэнгэлдэхэд байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ.

Зураг-3 Одоогийн Ленин клубын 1930 аад оны байдал

1931 оны 6 сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ.

Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа: Нийслэлд радио анх эхэлж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргэе” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг.

 “Монгол радио” хоршооны 1931 оны 7 сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор

  1. Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж  үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар
  2. Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг
  3. Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ.

1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ.

Зураг-5 “Ардын үндэсний эрх” сонины 1935 оны 7 сарын 16 ны дугаарт наадмын комиссын тухай өгүүлэгт  … Ялангуяа радиогоор нэвтрүүлэх зүйл дээр радиог бэлхнээ байлгахыг комисын гишүүн Цогт-Oчирт бөхийн ам авах, морины цол дуудахад онцгой анхааруулжээ…

1931 оны намраас “Монгол радио” хоршоо өөрийн радио зангилаатай болж айл өрхүүдэд радио цэгийг ажиллуулж эхэлжээ.

1933.2.3 ны Засгийн газрын 5 р хурлаар радионы ажлыг сайжруулах зорилгоор:

–Радиогийн барилга байгууламжийг барих ажлыг цахилгаан шуудан бичгийн хороо-  хариуцуулаад Монгол – Радио хоршоог татан буулгаж түүний хөрөнгө мөнгийг Цахилгаан Шуудан Бичгийн Хороонд шилжүүлжээ.

– ЗХУ –аас ирүүлэхээр бэлэн байгаа тоног төхөөрөмжүүдийг Улаан Үдээс УБ-т авто машинаар татан авах

БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах зорилгоор 1933 оны 2 сарын 9 нд БНМАУ- ЗСБНХУ-ын хооронд гэрээг Улаанбаатар хотод хийжээ.

ЗХУ ын талаас 1-15 киловаттын радио нэвтрүүлэх болон хүлээн авах станцууд 1000 радио цэг ажлуулж чадах радио зангилааг УБ –д суурилуулах 150- 500 ватт чадал бүхий жижиг радио станцыг аймгуудын төв болон томоохон суурин газруудад суурилуулах Мэргэжлийн боловсон хүчнүүдийг дагалдуулан сургах үүрэг хүлээж БНМАУ-ын талаас Радио станцуудыг суурилуулах байр тоног төхөөрөмжүүдийг хадгалах агуулах болон мэргэжилтнүүдийн орон сууцуудыг бэлтгэх Радио станцуудад хэрэглэгдэх багана мод болон барилгын материалуудыг шаардагдах газруудад нь хүргэх зардлыг гаргах энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ.

БНМАУ-д радио нэвтрүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас БНМАУ-ын худалдаа,  aж үйлдвэрийн  яамны харьяа Шуудан бичиг цахилгаан мэдээний  ерөнхий хороог БНМАУ-ын худалдаа, үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны харьяа , харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ.

Аймгуудад баригдах радио станцын байшингууд хугацаандаа баригдсан тул Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын 1934 оны 8 сарын 14 ний 82 дугаар тушаалаар тус байшингуудыг ЗХУ-ын талаас хүлээн авах комиссын бүрэлдхүүнийг  томилжээ. Комиссын даргаар Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга н. Цэндсүрэнг, гишүүдэд Гельватт, Түдэвдорж, аймгуудын аймгийн яам, дотоодыг хамгаалах хэлтэс, холбооны ерөнхий хорооны бүрэлдхүүнтэй комисс байгуулж, хүлээн авах ажлыг 8 сарын 20 –оос 9 сарын 15 ны дотор багтаахаар тушаалд дурдсан байна.

1934 оны 9 сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлгийг нээх Улаанбаатар хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас элчин сайдын төлөөлөгчид оролцжээ.

Зураг-6 Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны

яамны сайд Рэнцэнгийн Мэнд (1932-19370)

 “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар цацагджээ.

Зураг-7 Радиогийн уран сайхны анхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаа

13 аймгийн төвүүдэд иргэдийн цуглаан зохион байгуулж нээлтийн үйл ажиллагааг радиогоор сонсгожээ.

Энэ төлөвлөгдсөн ажлын хүрээнд УБ хотын төв станц 15кВт болон 1кВт ын нэвтрүүлэгчүүд, Дорнод, Хэнтий, Дорногвь, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Тамсагбулаг 150 Вт радио телефоны болон телеграфын станцууд, Ховд, Увс, Завхан аймгуудад 500 Вт-ын телеграфын станцуудыг ашиглалтанд хүлээн авчээ.

Ж.Батаа радиогийн давуу талыг өөрөө сэтгэл татагдаж байсан тухайгаа РАДИО шүлэг хүртэл бичиж ажил мэргэжилдээ татагдан ажиллаж байсан боловч ХЭЛМЭГДЛИЙН хар шуурга өртсөн байдаг.

Зураг-8   Анхны радионы уран сайхны нэвтрүүлэгч Ж. Батаагийн гадаад паспортын хуулбар

1935 оны нэгдүгээр сараас эхлэн радиод анхны эмэгтэй нэвтрүүлэгч Лувсангийн Рагчаа ажиллаж олон түмнийг соён гэгээрүүлэх үйлст эмэгтэйчүүд оролцож эхэлжээ. 

Радио нэг эрхлэгчтэй, хоёр нэвтрүүлэгчийн орон тоотой ажиллаж байлаа.

Монголын радио түүхэн хөгжлийнхөө явцад урлаг уран бүтээлийн шинэ шинэ хэлбэрийн ажлыг цаг ямагт эхлүүлж байсны анхдагч нь 1934 оны 12 дугаар сард зохион байгуулсан “Радио үдэшлэг” бөгөөд түүнд  манай нэрт зохиолч С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Д.Цэвэгмид, П.Хорлоо, Т.Нацагдорж, Л.Цэнд-Очир нар уригдан оролцсон байна. 

1935 оны тавдугаар сарын 15-нд тусгай программаар ерөнхий эрдмийн хичээл заах “Нүд далдын сургууль” хэмээх анхны Радио сургууль нээсэн нь орчин цагийн “Зайн сургалт”-ын эхлэл ингэж тавигдсан ч гэж үзэх талтай Г.Ш.  

1934 онд баригдсан байшинд шуудан, цахилгаан мэдээний салбаруудыг 1 давхарт 2 давхарт нь цахилгаан мэдээг нэвтрүүлэх болон хүлээн авах радио товчоо, өргөн нэвтрүүлэг бэлтгэх микрофон бүхий студи, нийслэл хотод радио нэвтрүүлэг хийх 200 ваттын  чадал бүхий радио зангилааг шинээр суурилуулжээ. Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ.

Зураг-9   Радио нэвтрүүлэгчид радио студи дээрээ нэвтрүүлэг хийж байгаа нь

1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байлаа.

Энэ үед Иркутск хотын дорнод сибирийн холбооны газрын дэргэдэх радио техникийн сургалтанд хамрагдаж радио техникчээр бэлтгэгдсэн Г, Чоймбол, Г, Дамдинсүрэн, Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Ренцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, нарын 12 хүн төгсөж ирж үр бүтээлтэй ажиллсан байдаг.

Үйлдвэр комбинатын ойролцоо байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаар хангах зорилгоор радио төв станцад зориулан барьсан өндөр хүчдэлийн шугамыг комбинатын мэдэлд шилжүүлэн шинээр байгуулагдсан цахилгаан гэрлийн хороонд радио станцыг цахилгаан гэрлээр тасралтгүй хангаж байхаар үүрэг өгч байжээ.

Айл өрхүүдэд тавих радио чанга яригчийг ЗХУ аас захиалан авах тоог нэмэгдүүлэх, шинэ төрлийн радио хүлээн авагчийг судлан захиалах ажлыг сайн хийж байсны дүнд 1940 онд радио цэгийн тоо 4500 д хүрчээ.

1934 онд радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд өгснөөс Зөвлөлтийн мэргэжилтнүүд монгол ажилчдыг дагалдуулан үйлчилгээ засварын ажилд сургахдаа онолын хичээлийг суурь болгон зааж сэтгэлээсээ туслаж байсан Игнатов, Ходов, Троченский, Федотов нарын олон мэргэжилтнүүдийг дурьдаж болох билээ.

1938 оны наймдугаар сараас эхлэн радио нэвтрүүлгийг “Радио сонин” хэмээн нэрлэж, түүний эрхлэгчийн үүргийг МАХН-ын Төв Хорооны ухуулан боловсруулах хэлтсийн ажилтан гүйцэтгэх болж,радиогийн өглөөний нэвтрүүлгийг хоёр цагаар нэмэгдүүлж, 7.00-11.00 цаг хүртэл явуулахаар шийдвэрлэж байжээ. 

1939 оноос холбооны техникумын суралцах хугацааг гурван жил болгож радио техникийн ангийг нээж үндэсний мэргэжилтнүүдээр хангах, радионы техникийн баазыг бий болгосноороо ард түмний соёлжилт, тэдэнд төр засгийн бодлого шийдвэрийг хүргэхэд бодит дэм болжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд Монгол улс татагдан оролцсоноор “МХЗЭ-ийн Төв Хорооны суртлын хэлтэс”, “Уран сайхны хэрэг эрхлэх газрын утга зохиолын хэлтэс”, “Радио хорооны уран сайхны нэвтрүүлгийн редакц” хамтран радио программыг цэрэг татлагад зориулан явуулж байжээ. 1944 оны хоёрдугаар сард МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор “Радио хорооны зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, “Радио хороо”-ны даргаар Намын Төв Хорооны лекторын товчооны дарга Ч.Лодойдамбыг томилсон нь анхны дарга хэмээн түүхэнд бичигджээ.

Радио хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд МХЗЭ-ийн Төв Хорооны Дамдин, хотын намын хорооны нарийн бичгийн дарга Содномбалжир, Үнэн сонины эрхлэгч Дамдинсүрэн, Уран сайхны хүрээлэнгийн дарга Болд, Радио хорооны орлогч дарга Дуламдорж, Засгийн газрын ажилтан Дэндэв, Харилцан нэвтрэлцэх холбооны орлогч дарга Лувсанцэнд нарыг оруулан баталжээ.

Зөвлөлтийн ард түмэнд улс орноо дайснаас хамгаалахад манай улсын халуун тусламжинд ард олонд мэдэгдэн таниулах ажилд Харилцаа холбооны үйлчилгээг эрчимтэй зохион байгуулах зорилгоор 1944 оны 5 сарын 8 нд Засгийн газрын харьяа Харилцан нэвтрэлцэх  холбооны ерөнхий газрыг БНМАУ ын Холбооны яам болгон зохион байгуулжээ.

1942 оноос шинээр зохион байгуулагдсан Сүхбаатар, Баянхонгор Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай  аймгуудад радио телефон, радио зангилаануудыг байгуулах ажлуудыг гүйцэтгэж чаджээ.

1940 өөд оны эхээр ажиллаж байсан инженер Вяткин Хуучин кино хальс ашиглан дуу хөгжим бичдэг гар ажиллагаатай дуу бичлэгийн төхөөрөмж санаачилсан нь радиогоор нэвтрүүлэх мэдээллийг урьдчилан бэлтгэх, нэг бичсэн зүйлээ дахин ашиглах боломжийг олгосноороо радио студийн ажлыг маш хөнгөвчилжээ.

Үүнээс өмнө радиогоор нэвтрүүлэх мэдээг унших хүн яг хуваарьт цагт студи дээр биеэр ирж мэдээгээ уншдаг, нэвтрүүлэгийг өглөө, орой хаахдаа төрийн дуулалыг жүжигчид өглөө оройд студи дээр ирж дуулдаг байсныг больж урьдчилан бичдэг болжээ.

1945 оны 5 сарын 7 нд радионы баярын хурлыг Ленин клубт зохион байгуулж нам төрийн удирдагч нар оролцож Улсын радио хорооны дарга Ч. Лодойдамба  нээж үг хэлж, Холбооны яамны сайд Д. Дэндэв Радио холбооны хөгжилийн түүхэн замналын талаар илтгэл тавьж амжилттай ажилласан хүмүүсд шагнал гардуулжээ.

1946 оноос Л.Мөрдоржийн хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлэснээс 78 жил болж байгаа юм.

1946 оны 3 сарын 25 нд хуралдсан НТХ-ны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнд Холбооны яамнаас оруулсан радио нэвтрүүлэх станцаас 600 км дотор зайнд байгаа хүмүүс нэвтрүүлэг сонсох чадвар бүхий хүлээн авагчийг нийлүүлэх,  шинээр гарч буй хүлээн авагчийг судлаж нийлүүлэх төлөвлөгөөг баталжээ.

Радио хороог бие даасан байгууллага болгож, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх “Улсын радио нэвтрүүлгийн ба радиожуулгын хороо”-г байгуулж тус хороо нь улс төрийн нэвтрүүлгийн хоёр үндсэн хэлтэстэй, 12 хөгжимчин бүхий үндэсний хөгжмийн хэсэгтэйгээр зохион байгуулагджээ.

1947-онд Америкийн Атлантик хотод, 1948 онд Мексикийн Мехикод болсон өндөр үелзлэлийн радио нэвтрүүлгийн олон улсын бага хуралд монголын төлөөлөгчид оролцсон нь гадаад томилгооны анхных нь байлаа.

Зураг-10 Холбооны яамны сайд З. Аюурзана(1945-1953), Холбооны яамны ерөнхий механик Лувсанцэнд, Холбооны яамны зөвлөх  Гельват нар Атланта хотод

БНМАУ-ыг цаашдаа нэгдсэн төлөвлөгөөтөй хөгжүүлэх бодлогын баримтыг 1947 онд хуралдсан МАХН ын 11-р их хурлаар хэлэлцээд Улс ардын аж ахуйг 1948 – 1952 онд хөгжүүлэх анх дугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан чухал алхам болжээ.

Анхдугаар таван жилийн төлөвлөгөөнд томоохон газруудад 13 радио зангилаа байгуулах, 280 суманд Эх орон хүлээн авагчийг тавихаар төлөвлөжээ.

1947 онд ЗХУ-аас Днепр гэдэг соронзон бичлэгийн магнитофон авчирч радио студид суурилуулснаар дараа өдрүүдийн мэдээг урьдчилан бэлтгэх боломж гарснаар радио нэвтрүүлэгийн цагийг өдөрт 7 цаг болгожээ.

Зураг-11 Днепр магнитофон

1950 онд Ховд,  Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Чойбалсан Өмнөгөвь аймгийн 100 суманд Эх орон 47 хүлээн авагчаар хангажээ.

Зураг-12   Родина -47 радио хүлээн авагч

Эх орон 47 хүлээн авагч  нь 1947 оноос  Воронежийн заводад хийгдсэн. Хуурай батерейтэй, лампан дээр зохиогдсон.  Эх орон 47 нь өмнөх загвараасаа КВ долгион 25-70 м болж өргөшсөн, антенны хэсэгт шуугианы намсгагч тавидсан, ашиглахад тохиромжтой хэвтээ хуваарьтай болсноос гадна гадаад үзэмж сайжиран гарчээ.   

1951 оноос 75 сумыг, 1952 онд үлдсэн сумуудыг хүлээн авагчтай болгожээ. Ийнхүү улсын бүх сумыг хүлээн авагтай болгож төрөөс улсын хэмжээнд зарлах, мэдээлэх үйлчилгээг эхний ээлжинд сумуудын хэмжээнд хүргэх боломжийг бүрдүүлжээ.

Цаашид мэдээллийг иргэдэд, алслагдсан хөдөө малчдад хүргэх чухал зорилтыг дэвшүүлж УБ хотын тойрон 60 км дотор нутаглан буй айлуудад детекторын хүлээн авагчийг хийж өгч байсан байна. Анхдугаар таван жилийн эцэст бүх сумдуудыг радиожуулж, радио зангилааны хүчин чадал 40 %, радио цэгийн тоо 28% өссөн байна.

1954 оноос Радиогийн нэвтрүүлэгчдэд анх удаа 1,2,3 гэсэн мэргэжлийн зэргийн ангилал тогтоож тэдний мэрэгжлийн чадал чансааг харгалзан цалинжуулдаг байсан нь радио нэвтрүүлэгт чанарын ахиц гарчээ.

Тээвэр Холбооны яамнаас дээрх ажлыг хэрэгжүүлэхээр холбооны техникумын төгсөгчдөөс аймгуудын холбоонд радиожуулалтын техникчээр Чулуунбатыг томилж, радионы тохиргоо, ашиглалтын гарын авлага хэвлүүлэн тарааж, 1954 оноос багуудад “Эх орон 52” радио хүлээн авагч тараагдсан байна. Орон даяар тараагдсан тул энэ хүү хүлээн авагч хүмүүсд их танил болжээ.

Зураг-13   “Эх орон – 52” радио хүлээн авагч нь 1952 онд  Челябинский радио заводод хийгдсэн. Хуруун лампан дээр зохиогдсон. Өндөр мэдрэх чадамжтайгаараа онцлог. Цахилгаан хэрэглээ маш бага, Дууны чадал ихтэй зохиогджээ.          

Ийнхүү хөдөө орон нутагт радиожуулалтыг өргөнөөр хийснээр малчидын мэдээлэл авах, соёлжилтын томоохон дэмжлэг болсонд их сэтгэл хангалуун байж баярласан сэтгэгдэлээ илэрхийлсээр байсны ганцхан жишээ дурьдахад Завхан аймгийн малчин “Сумын төвөөс алс нутагладаг малчид зөвхөн сумын төв орж радио сонсож ойр зууурын мэдээ мэдэж, дуу хуур сонсож байснаа больж багийн радиогоор гадаад дотоодын байдал, нам төрийн шийдвэрүүдийг сонсдог”  болсондоо баярлаж байгаагаа бичсэн байна.

Улсын радио хорооны орлогч дарга Ч. Лодойдамбын санаачилгаар 1954 оны өвөл анхны радио сурвалжлагыг Төв аймгийн Авдарбаян сумын малчин Лувсан, Баянцагаан сумын малчин Балдан нарын хотноос сурважлагаа хийж, нэвтрүүлэгийн найруулагыг Ч. Лодойдамба  гуай зохиомжилж, радио инженер Ц. Мятав, радио техникч Д. Пүрэв нар оролцжээ.

Тэр нэвтрүүлгийг малчид талархан сайшааж орон нутгийн ахуй амьдралыг сурвалжлахаар хүсэлтүүдийг олноор ирүүлж байжээ.

Түүнээс хойш тариан талбай, саалийн ферм, үйлдвэрийн цэхээс олон сурвалжлагыг хийхэд тухайн үед МАГ-2 магнитофон, Л-3 цахилгааны мотор гээд сурвалжилга хийхэд ихээхэн хэмжээний ачааг ЛАЗ-51 машинаар авч явдаг байжээ.

Зураг-13 Студийн дамартай, нэг замын магнитофон “МАГ-2”  дууг мэргэжлийн түвшинд  бичих зориулалттай.   Техникийн үзүүлэлт:  – Туузны урсах хурд 45,6 см/сек

– Хэрэглэх чадал 200 Вт

– Дууны хүрээ 70-6000б Гц

1954 онд Монголын радиогийн дуу хөгжмийн “Алтан сан” хөмрөг үндэслэгджээ. Ахмад ажилтнуудын дуртгалд “Радиогийн дуу хөгжмийн фонд”-ыг радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн ерөнхий редактор хөгжмийн нэрт зохиолч С.Гончигсумлаа эмхлэн цэгцэлж төрөлжүүлэн байгуулжээ.

Ахмадын хүүрнэл …

1934 онд онд шинээр радио станц байгуулж байхад агаар цэвэр, сонсогч цөөтэй байжээ. 1950 иад он гараад дэлхий даяар их хүчний, олон тооны радио станцууд байгуулагдснаас болоод радио долгион өөр хоорондоо нөлөөлж тухайн орны хувьд хэрэгцээгүй долгионууд агаар мандалыг бохирдуулж байлаа. Энэ үед бага чадлын станцууд гадныхны хүчинд дарагдаж өмнө нь радио сонсож байсан газарч сонсохоо больж байлаа. Цацагдаж байгаа радио долгионы хүч сул байгааг дээр дооргүй бүгд мэддэг, хүмүүсээс ирэх гомдлын тоо өссөөр байлаа….

1956 оны 10 р сард МАХН-ын төв хорооны улс төрийн товчоо орон нутгийн радионы хэрэглээ, шуудангийн үйлчилгээнд гарч буй дутагдлыг хэлэлцээд хөдөө сумдад тараасан 250 Эх орон хүлээн авагчын 13 % нь ажиллахгүй, Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөгөвь, Архангай аймгуудын радио зангилааны чадал гарвал зохих чадлаасаа ихээхэн бага, Хэнтий, Төв, Ховд аймгуудын радио техникчдийн чадвар муу, Ховд аймгийн радио техникчдийн 50% нь солигдсон байгаа зэрэг дутагдлуудыг заагаад Холбооны яамны сайд Дамдинжавт хэд хэдэн үүрэг өгсний дагуу 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг боловсруулах үүнд:

  • Төв радио нэвтрүүлэгийг орон даяар дамжуулах их хүчний радио станцийг УБ д байгуулах
  • Аймгийн төвүүдийн радио зангилааны хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • Зурагт радиог нэвтрүүлэхийг Тээвэр холбооны яаманд даалгажээ. 

1958 оны долоодугаар сарын нэгнээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 212 дугаар тогтоолоор “Радио хорооны хөгжмийн оркестрийг симфони оркестр” болгон өргөтгөв. Энэхүү симфони найрал хөгжим хожмоо “Улсын филармонид шилжиж Улсын симфони найрал хөгжим”-ийг бүрэлдүүлсэн юм.

1959 оны наймдугаар сарын 09-ний өдөр Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж зарласан соёлын довтолгооны зорилтыг биелүүлэхэд чиглүүлж “Соёлч” хэмээх анхны радио сонин бий болов. Тэр үед Ч.Лодойдамбын “Алтайд” роман, “Хугараагүй ноён нуруу” зэрэг зохиолыг жүжиглэн тоглох аргаар нэвтрүүлэн уран зохиолын нэвтрүүлгийн нэг төрөл болох радио зохиомж үүсжээ.

Ахмадын хүүрнэл …

Их хүчний радио нэвтрүүлэх станцыг хаана барих вэ …

1957 оны зун радио станцыг байгуулах урьдчилсан судалгаа хийхээр зөвлөлтийн холбооны зургийн институтээс мэргэжитнүүдийн ахлах А.А. Сычев, С.С. Кузнецов, Краснощеков, Борис нар иржээ.

Нэвтрүүлэх станцыг байгуулах газрыг сонгохдоо: хотоос зайдуу, уул хад халхлаад байхааргүй, антенна байгуулах талбай томтой, цэвэр ус элбэгтэй, цахилгаан хангамжийн шугамтай, хүрэх зам харгуйд бартаа багатай, суурьшмал хашаа байшингаас хол зэрэг шаардлагуудыг хангасан газар сонгох байлаа.

Бид УБ хотын болон хот хавийн 50:1, 1000:1 масштабтай зураг олж аваад хотын төвөөс 50-60 км зайтай дээрх шаардлагуудыг хангасан газар хайж Наран (одоо хүлээн авах станц байгаа), Хужир булан, Хонхор нуурын арын дэнж, Налайхын зүүн тал руу зэрэг газрууд дээр судалгаа хэмжилтүүдийг хийсний дараа  Хонхор нуурын арын дэнжийг ер нь боломжийн гэж зөвлөлдөөд нуур горхитой, бидэнд хэрэгтэй 1500x 1500 метрийн талбайтай сайхан газар геодизич Краснощековын сүүлийн хэмжилтүүдийг хүлээх зуураа “геодизич гэдэг чинь газрын гадаргуу судлаач юм байна” хэмээн инээлдэж байлаа. Краснощеков невелер (тэгшлүүр), теодолит (өнцөг хэмжигч) –оор олон удаа дурандсны дараа “Хорошо” хэмээн эрхий хуруугаа харуулснаар бид газраа сонгож билээ

Улс ардын аж ахуйг хөгжүүлэх 3 р таван жилийн төлөвлөгөөгөөр 1958 оноос Монгол, Зөвлөлтийн барилгачид, холбооны инженер техникчид мөр зэрэгцэн ажилласны ачаар УБ их хүчний радио станцыг 1960 оны 4 сарын 21 нд нээн ажиллуулж Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар В. И. Лениний нэрэмжит болгосныг уншиж танилцуулжээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг өөрчлөн   БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Мэдээлэл, радиогийн улсын хороо”болгож зохион байгуулжээ.

ЗХУ-ын техник, санхүү, мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хэрэгжсэн энэхүү төслийн хүрээнд олон тооны антены байгууламжууд, урт долгионы 150 кВт, гол нэвтрүүлэх станц, 50, 25, 5 кВт нэвтрүүлэх станцууд ашиглалтанд оруулснаар орон нутагт радио нэвтрүүлгийн сонсгол эрс сайжирсны дээр энэ төслийн хүрээнд “Наран дахь хүлээн авах төв”-ийг өргөтгөн сайжруулжээ. Эдгээр өндөр мэдрэмжтэй хүлээн авах станцууд тавигдснаар телефон, телеграфын мэдээг найдвар нэмэгдсэн байна.

Хонхорын радио станц, Наран дахь хүлээн авах станцуудыг шинээр байгуулснаар радио студийн техникийг шинэчлэх шаардлага гарсан тул 1934 онд баригдсан холбооны нэгдсэн байшинг шинэчлэх талаар 1959 оны 7 сард БНМАУ-ЗСБНХУ –уудын Засгийн газрууд хоорондын гэрээг үзэглэжээ.

Холбооны шинэ байшинг 1960 оны 12 сард хүлээн авахад радио цэгийг нэмэгдүүлэх хүчин чадал бүхий 5 зангилаанууд, мэдээ бэлтгэлийн соронзон бичлэгийн олон тооны соронзон бичлэгийн суурин магнитофонууд программ зохицуулан удирдах төхөөрөмж бүхий шинэ студи ашиглалтанд оруулжээ.

Ахмадын хүүрнэл …

Хонхорын нэвтрүүлэх станцад нийтдээ 23, Наран дахь хүлээн авах станцад 16 антенн барьсан юм. Антенн 20 -62 метрийн өндөртэй 4 багана зарим нь бүүр 6-8 баганын хооронд өлгөгдсөн юм. Энэ баганын моднуудыг манай холбоочид Богд ууланд өвөл хийгээд хайнагын шараар булхай чаргаар татаж авчирч билээ. Моднуудаа холтослох, цавчиж тэгшлэх, нар бороо, шавьжнаас хамгаалах тос шингээсны дүнд өдий 60-70 жил болж байгаа л даа. 60-70 м баганын модыг босгоход бидний “цодгор хүү” хэмээн нэрлэсэн гар лебёка-нууд их хэрэг болж манайхан ч түүнийг хэрэглэх дуртай. Өндөр баганыг босгоход олон хэсгээс жигд татаж бослоно. Үүийг “цодгор хүү”- гийн тусламжтай хийнэ. Мэдээж 100 метрээс өндөр антеннуудыг модоор хийж гараар босгохгүй л дээ. Хонхорын 257 м, Баян-өлгийн 350 м, телевизийн 180 м антеннуудыг цамхагуудыг барилгын тийм өндөр кран байхгүй болохоор 10-аад метр өндөр мөлхөгч кран ашигладаг юм билээ.

Хонхорын 257 м цамхагыг босгохоор Зөвлөлтөөс 14 антеннын мэргэжилтэн ирж, үйлдвэрт хийгдсэн гурвалжин хэлбэртэй 8 метрийн 30 гаруй төмөр хийцийг залгаж цамхаг босгох байлаа. Анхны 8 метрийн суурийг зөв байрлуулах нь маш чухал гэж зөвлөж суурь бетонын найрлага тулах цэгүүдийн төвшинг гаргах нь маш нарийн хэмжилт, хяналтанд хийгдсэнсэн. Ийнхүү анхны 8 метрийн хийцийг босгосны дараа хүмүүс ч иржцээж Угсаралтын ажил саадгүй яваг, хүмүүс аваар осолгүй сайхан бүтэг гэсэн антеннчидын өвөрмөц заншлаар барилгын инженер Кузнецов, антеннийн техникч Чоймбол нар “шампанск” дарсыг суурь луу шидэж антеннаа мялааж байлаа

3 жилийн энэ хугацаанд радио нэвтрүүлэгийн хувьд бүрэн шинэчлэгдсэн жилүүд өнгөрч 1960 оны эцэс гэхэд радио зангилааны тоо 31 , радио цэгийн тоо 43 , радио цэгийн тоо 8.6 дахин өссөн түүхэн хугацаа байлаа.

IV, V 5 жилийн хугацаанд орон нутгийг радиожуулах ажлыг улам гүнзгийрүүлж хөдөө аж ахуйн үндсэн нэгж болох бригад , фермүүдийг холбоожуулах зорилгоор РС-25, РСО-30, Гроза зэрэг станцуудыг суурилуулж байсны зэрэгцээ эдгээр нэгжүүдийг телефонжуулах ажлыг эхлүүлсэн он жилүүд байлаа.

Баян-Өлгийн радио нэвтрүүлэх станц, хүлээн авах станцыг 1965 оны 8 сарын 20 нд ашиглалтанд орүүлж, төвийн радио нэвтрүүлэгийг хүлээн авч баруун хэсгийг радио нэвтрүүлгээр хангах мөн Казакийн ард түмэнд зориулсан нэвтрүүлэг хийх зорилгоор радио студи суурилуулж өгчээ.

Зураг-14 1961-1965 онуудад олон мянган хагас дамжуулагч дээр зохиогдсон Эх орон -60,  ВЭФ-202  радио хүлээн авагчуудыг хөдөөний хөдөдлмөрчдөд худалдаж тэдгээр нь бага оворын батерей хэрэглэдэг тул хэрэглэгчийн хүсэлтэд нийцэж байжээ.

Зураг-14  ТУ-100 радио дамжуулагч өсгөгч

Цахилгаан станц бүхий сумдын төвүүдэд “ТУ-100 радио дамжуулах өсгөгч “ суурилуулж өгсөнөөр радионы сонсголыг сайжирсан боловч сумдын цахилгаан станц өглөө оройдоо ажилладаг болохоор төвийн нэвтрүүлэгийг бүрэн сонсож чадахгүй тухай хүмүүсийн захидал олноор ирүүлж байжээ.

Дэлхийн олон орны сонсогчдод зориулан Монгол орныг  сурталчлах  гадаад хэлний нэвтрүүлгийн редакци Монголын Радиод 1964 онд  байгуулагдсан юм. 1964 оны  9-р  сарын 1-нээс монгол,хятад,орос, англи, франц, казах хэлний нэвтрүүлгүүд ээлж дараалан  нээгдсэн түүхтэй.

Цаг хугацааны явцад хамгийн олон сонсогчтой монгол, орос, англи, хятад хэлний  нэвтрүүлгүүдийг бэхжүүлж,  японы сонсогчдын хүсэлтээр 1989 оны  1-р сараас  Япон хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн юм.

1974 онд БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын холбооны салбарыг хөгжүүлж радио телевизийн нэгдсэн сүлжээ байгуулахад зориулж ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн бэлгийн объект байгуулж өгөхөөр хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулжээ.

1978 оны есдүгээр сард Улаанбаатар хотын радио өргөн нэвтрүүлгийн станцын өргөтгөл мөн онд Говь-Алтай аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудад дахь радио өргөн нэвтрүүлгийн станцыг тус тус ашиглалтанд оруулжээ.

1979 онд Монголын радиогийн дэргэд хүүхдийн сайн дурын “Улаан бүч” чуулга, залуучуудын “Инээмсэглэл” чуулга тус тус байгуулагдаж, 1981 онд Радиогийн хүүхдийн “Улаан бүч” чуулга, Монголын пионерийн байгууллагын 60 жилийн ой угтаж зарласан “Мөнгөн хонх” уралдаанд тэргүүн байр эзлэсэн түүхтэй.Радиогийн залуучуудын “Инээмсэглэл” чуулга ДЗО-ны ХII их наадамд оролцжээ.

1978-1981 он. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Улаанбаатар-Алтай-Баян-Өлгийн чиглэлд болон Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэлд радио релейний шугам тавьснаар радио нэвтрүүлгийн сонсгол сайжирч уг шугамын дагуух нутагт телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хүрээ өргөжив.

1980-1981 он. Монгол радиогийн хамт олон ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан “Ардын хувьсгалын намтар” радио тууж, “Монголын сайхан орон”, “Монголын ард түмэн” зэрэг нэг цагаас доошгүй хэмжээтэй, тус бүр 8-60 удаагийн томоохон цуврал нэвтрүүлгийг бүтээжээ.

1986 онд. Өвөрхангай, Ховд-Дорнод аймагт МОНЦАМЭ, радио, телевизийн аймаг дундын сурвалжлах хэсэг байгуулагдан ажиллаж, Өвөрхангайд сэтгүүлч С.Бараанасан, теле оператор Д.Нямсүрэн, Ховдод сэтгүүлч Х.Силам, теле оператор М.Биндэръяа, Дорнодод сэтгүүлч Д.Түвдлувсан, теле оператор Ч.Баяраа нар томилогджээ.

Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо МҮОНР-гийн I програм өдөр бүр 17 цаг, II програм 16 цаг, III програм буюу  Р-3 радиогийн 16 цагийн, нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. “Монголын дуу хоолой” радио станц  монгол, англи, орос, хятад, япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас 1 цагийн тусгай нэвтрүүлгийг хилийн чанад дахь сонсогчдод зориулан бэлтгэж эфирт гаргаж байна. 

Мэдээлэл эмхэтгэсэн: Харилцаа холбооны түүхийн музейн эрхлэгч Г. Шаравдэмбэрэл

Бусад мэдээ

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ