Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр (2024.11.19) Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллалаа. Энэ үеэр тэрбээр иргэдийн санал гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэх боломжийн талаар хөндлөө.
Ц.Баатархүү сайд “ Иргэд 11-11 төвөөс гадна яам, нийслэл рүү хандаж, санал гомдлоо илэрхийлдэг биш нэг газарт хандсан бол тэрхүү гомдлыг шийдвэрлэх цахим шийдлийн талаар өнөөдөр санал солилцлоо.
Бид иргэдийн хэлсэн гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг эргэн мэдэгдэх холбоог сайжруулах тал дээр Засгийн газар болон 11-11 төвтэй хамтран ажиллаж байна. Төрийн үйлчилгээ цахимжсан хэдий ч төрд байгаа мэдээллийг дараагийн төрийн байгууллага, иргэнээс нэхдэг байдал хэвээр байна. Иймд бид 11 дүгээр сарын 22 өдөр төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системийн ард ажилладаг мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, иргэн ямар нэгэн лавлагаа авахад гар утас руу нь “Төрийн байгууллагаас таны тухай мэдээлэл лавлагааг авах гэж байна. Та зөвшөөрөх үү” гэсэн мэдэгдэл ирнэ. Иргэн зөвшөөрвөл төрд буй мэдээллийг авч, тухайн иргэнийг заавал биеэр ирүүлдэг байдлыг халах юм” хэмээн онцоллоо.
Тус төвд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тодруулбал, иргэдийн санал гомдол авч буй системээ хөгжүүлж, нэгдсэн нэг стандартад оруулах, тайлан боловсруулалтад анхаарч, тухайн асуудлыг хариуцсан дарга нарын цахим шуудан, утасны дугаарт автоматаар холбох, хувийн хэвшлийн хөгжүүлсэн хиймэл оюунд суурьтай технологиудыг ашиглах тухай хөндлөө.
Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгарав “Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлт, өргөдлийн тайлан мэдээллийг боловсруулахад асуудал бий. Үүнд шинэ технологийг нэвтрүүлчихээд алхам тутамд хөгжүүлэлт хийдэггүйгээс болоод ашиглаж чаддаггүй. Тиймээс хамтран ажилласан систем хөгжүүлэгч компаниудаа шахаад ажиллаж байна” гэж ярив.
ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Бат-Өлзий “Дэлхийн банктай хамтран 2025 оноос “Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд 11-11 төв дээр ирсэн мэдээллийг хиймэл оюунд суурилсан технологиор шийдэж, дүн шинжилгээ хийж, тухайн гомдол яагаад үүсэв, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хянах самбар дээр харуулах, хариуцсан дарга нартай шууд холбохоор ажиллаж байна. Ийм нөхцөл бүрдчихвэл Ерөнхий сайд өглөө бүр боловсруулж, эрэмбэлсэн тухайн мэдээллийг харж, сайд нартаа үүрэг чиглэл өгөх нөхцөл бүрдэх боломжтой” хэмээн онцоллоо.
Харин “И-Монгол академи”-ийн захирал Б.Мягмарнаран “Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагатай холбоо гомдол их ирж байна. Эмчид үзүүлдэг цагийг цахимаар өгөхгүй байна гэх гомдолууд олширлоо. Гэтэл бодит байдал дээр эмнэлгүүд өөрсдөө ачааллаа дийлэхээ болиод ирэхээрээ цахимаар цаг өгөхөө больчихдог. Үүнийг иргэд ойлгохгүй И-Монгол ажиллахгүй байна гэдэг” хэмээн ярив.
11-11 төвд ирсэн мэдээллийг боловсруулж, зөвхөн тоо хараад шийдэл гаргах хэцүү. Цаад учир шалтгааныг нь зөв тодорхойлоход технологийн шийдэл ашиглах юм. Эхний ээлжинд өргөдөл, санал, гомдол, хүсэлтээ ялгаж, холбогдох албан тушаалтанд хурдан хугацаанд хүргэхийг зорьж буй. Энэ мэт тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярьж, үр дүн гаргахад анхаарч ажиллаж байна.
Тус төв нь 10 операторын орон тоотой ч найман хүн ажилладаг. Төрийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн санал, гомдол, хүсэлт, өргөдлийг 11-11 утас, цахим шуудан, киоск, дуут шуудан, фэйсбүүк, аппликейшн, вэб хуудсаар авахаас гадна иргэд биечлэн ирж өгдөг. 21 хоногийн статистикаас харахад нийт 8042 иргэн хандсанаас 7500 нь утсаар, үлдсэн нь бусад сувгаар санал, гомдлоо өгчээ. Цаашид иргэдээс ирсэн дээрх мэдээллийг боловсруулж, түргэн шуурхай шийдвэрлэхэд түлхэц болох алхамуудыг дэвшилтэд технологид суурилан хийхээр зорьж байна.