Технологийн эрин үед богино бичлэгийн сошиал платформ залуусын дунд хүчээ авч байна. Зөвхөн текст сошиалд оруулдаг байсан үе ард хоцорч, зураг, бичлэг, дуу оруулахаас гадна, тухайн платформоор хоорондоо харилцаа үүсгэх нөхцөл бүрджээ. Энэхүү харилцааны хэрэгслүүдийн орон зайг эзэлж буй платформын нэг бол ТикТок юм.
2016 оноос хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлхий даяар 1.1 тэрбум хэрэглэгчтэй болж, тус платформыг дэлхийн 150 гаруй улсад ашиглаж, 75 хэл дээр цацагдаж байна. 325 сая хэрэглэгч уг платформыг өдөр тутамдаа идэвхтэй хэрэглэж, богино хэмжээний сонирхолтой бичлэг, “challenge” бичлэг, бүтээлч бичлэгээр хүүхэд залуусын дунд хамгийн их хандалт авдаг аж.
Аливаа мэдээллийг 30 секундээс 1 минутад багтаан өгдөг нь бусад платформоос ялгарах гол онцлог юм. Мөн аялах сонирхолтой, өдөр тутмын амьдралаа шинэчлэх дуртай, өхөөрдөм зүйлс үзэх дуртай хүмүүс ихээр сонирхдог байна. Ялангуяа, хүүхэд, өсвөр насныхан ТикТокийг ихээр хэрэглэдэг учраас хүүхдийг болзошгүй цахим аюулаас хамгаалах асуудал ч хөндөгдөнө. Тиймээс хувийн аккаунтдаа сэтгэгдлийг хянах тохируулга хийхээс гадна хэнээс ямар мессеж хүлээн авах, шууд чат үүсгэдэг процессыг зогсоох, оруулсан бичлэгийг хуулбарлах боломжгүй болгох эсвэл татаж авах боломжгүйгээр нийтлэх зэрэг тохиргоонуудыг хэрэглэж боломжтой болжээ.
Тодруулбал, сошиал платформ эрчимтэй хөгжихийн хэрээр цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор ёс зүйтэй хэрэглээ, контент хэрхэн бүтээх, өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг мэдээллийг багтаасан сургалтыг ТикТокийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг зохион байгуулахад Цахим хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам дэмжлэг үзүүлж, бусад яам, харьяа байгууллагын төлөөлөгчид оролцов.