Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологиудыг Монгол Улсад нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Түүнчлэн төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж буй дуулгалаа.
Иймд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам манлайлж, “Монголын Үндэсний Өгөгдлийн Засаглал”-ын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж буй талархал илэрхийлж, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр өдрийн семинарын үр дүнд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцлов.