Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад мэдээ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ 2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна 2022.02.18 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов. Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнээс төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагын албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, өөрчлөлт хийх болсон тухай танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2023.05.16/ Монгол Улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамдын 3000 орчим албан хаагчдад төслийг танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцлоо.

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд 2021.09.03 Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө “цахимжсаар” байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. “Humans of UB” энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна. #1 Э.Буянжаргал – “Код бичих охидын хөтөлбөр”-ийн төгсөгч Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа “Код бичих охидын хөтөлбөр“-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, “pin pon” тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог. #2 Э.Мөнх-Эрдэнэ – Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer) Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо “Creative Market” сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) “Graphicriver” сайтын “Slide” ангиллын “Best Seller” хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна.  Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх “Template100” баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс “Гэрээсээ гэрэлт” сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа.  #3 Б.Төгөлдөр – MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан Анх интернэтээр академик сургалтууд олж аваад “нүд нээгдэх” шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О’Брайен гээд зохиолчийн “You Can Have an Amazing Memory” гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр “хайр” байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа “Quantum Mongolia“, “Гэж юу вэ?” подкаст болон “Бүдэг цэнхэр цэг” хуудсыг санал болгоё.  Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай.  #4 С.Эрдэнэцэцэг – Цахим үйлчилгээний хэрэглэгч Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа “e-mongolia”-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас “фэйсдэнээ”. Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм. #5 Э.Цэрэндорж – Олон улсын “Nike” компаний шинжээч (Inventory Operations Analyst) Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед “Nike” компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын