Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

2022.03.01

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдав.

Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 Мвт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Ч.Ундрам, Л.Энх-Амгалан, Н.Учрал нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сард цахим шилжилтийг эрчимжүүлэх Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг дөрвөн багц хуулийг баталсан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц ямар байгаа, ухаалаг засаглалыг бэхжүүлэх арга хэмжээний хэрэгжилт орон нутагт ямар түвшинд байгаа, мэдээллийн технологийн салбарыг дэмжсэнээр эдийн засагт ямар ахиц гарсан, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа талаар гишүүд асууж тодруулсан юм.

Засгийн газрын тогтоолоор “E-Mongolia академи” улсын төсөвт үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан. Тус академи нь төрийн байгууллагын мэдээллийн системийг хөгжүүлэх, төрийн тодорхой салбар үйл ажиллагаанд цахим шилжилтийг хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт хийх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд орон нутагт төрийн үйлчилгээг цахимжуулах, хүний нөөцийн чадавхыг сайжруулах ажлууд хийгдэж байгаа. Одоогийн байдлаар www.e-mongolia.mn системд 562 төрийн үйлчилгээг нэгтгэж оруулсан. Өнгөрсөн жил гаруй хугацаанд 70 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Энэ онд 1200 төрийн үйлчилгээг оруулахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар 15 мянган орчим төрийн үйлчилгээ байна. Нэг талаар энэ тоон үзүүлэлт сайн боловч нөгөө талаар төрийн бүтэц хэт данхайсан байгааг харуулж байна. Тиймээс төрийн үйлчилгээний бүтцийг загварчилж, бүх салбарт инновацыг дэмжих санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх шаардлага бий болсныг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан хэллээ.

Xилийн боомтуудыг болон алслагдсан сум, багт шилэн кабельд холбох, Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан Үндэсний төв, Нийтийн төвүүдийг байгуулахдаа программын аюулгүй байдал, хамгаалалтын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сануулав.

Алслагдсан сумдын тухайд энэ онд 5 сумыг шилэн кабельд холбох ажлыг хийнэ. Ингэснээр манай улсын 330 сум бүгд шилэн кабельд холбогдоно. Цаашид сансрын холбоог ашиглаж, хүн амыг өндөр хурдны интернетийн сүлжээнд холбох ажлыг судалж эхэлжээ. Харин Тагнуулын ерөнхий газраас цахим шилжилтийн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам, аргачлал, стандарт, төлөвлөгөөг боловсруулж, холбогдох судалгаа, тооцооллын хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлжээ.

Засгийн газраас үндэсний инновац, технологийн тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэхэд анхаарах, хүний нөөцийг бодлогоор дэмжиж бэлтгэх тал дээр анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, Ч.Ундрам нар хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан инновац, цахим бодлогын зорилтуудын хэрэгжилтийн байдалд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлээд үр дүнг бодитоор хэмжих, дүн шинжилгээ хийх шаардлагатайг санууллаа.

Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа. Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

“Ханбогд – Бүтээн байгуулалт, ажлын байр” форум болж байна

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд Ханбогд сумыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө батлагдсан. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор “ХАНБОГД – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, АЖЛЫН БАЙР” форумыг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын түвшинд зохион байгуулж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар форумд оролцож Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот хөдөөгийн сэргэлт” зорилтын хүрээнд ЦХХХЯ хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр хийж байгаа гол ажлуудаа танилцууллаа. Үүнд: 5G нэвтрүүлж эхэлнэ Аймаг, сумаасаа төрийн 800 орчим үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “ХУРДАН” цэгээс авах боломжийг бүрдүүлнэ. Төрөөс өгч байгаа бүх зөвшөөрлийг цахимаар олгох E business системийг нэвтрүүлнэ Хүнд сурталгүй, авлигалгүй нийгмийг бүтээх цахим шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ Иргэд төрийн цахимжих боломжтой бүх үйлчилгээг цаг алдалгүй, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэхэд манай яам гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэсэн юм. Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, агентлагууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, тус суманд уул уурхайн бус эдийн засгийг хөгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, хүндрэлүүдийн талаар ярилцахаас гадна “ХАНБОГД 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй холбогдон бий болох эдийн засгийн боломжуудын талаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд танилцуулга хийж нээлттэй санал солилцож байна.

Ц.Баатархүү: Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно

Азийн Шинжлэх ухааны паркуудын холбооны 27-р их хурал /ASPA -2024/ Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Уулзалтад 11 орны 200 гаруй шинжлэх ухааны болон мэдээллийн технологийн паркийн удирдлагууд цугларч илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус олон улсын хурлыг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар инновац, түүний дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч, нийтийн мэдээллийн дэд бүтцийг ирэх 4 жилийн хугацаанд хүн бүрд, сурагч бүхэнд хүртээмжтэй байх томоохон зорилт тавьж ажиллаж байна. Төр хувийн хэвшлийн хамтын  ажиллагааг төрийн бодлогоор дэмжин салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг улс орныхоо эдийн засгийн нэг тулгуур багана болгох чиглэлд анхаарч ажиллана. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг мэдээлэл технологийн үндэсний паркад тулгуурлан байгуулж, виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон хөнгөлөлт эдүүлнэ. Виртуал бүсэд бүс нутгийн төдийгүй дэлхийн мэдээллийн технологийн компаниудыг үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар зорин ажиллана, Монгол Улс  Азийг тивийг холбосон шинжлэх ухаан, технологийн паркуудын гүүр болно” гэдгийг онцлов. “Шинжлэх ухаан, технологийн паркуудын бүс нутгийн хөгжилд хүлээх үүрэг, үзүүлэх нөлөө” сэдэв дор зохион байгуулагдаж буй тус хуралд шинжлэх ухааны паркууд хоорондоо хэрхэн хамтарч ажиллах, санхүүжилтийг олон нийт болон төрийн зүгээс хэрхэн шийдэх, түүнийгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах, гарааны компаниудыг яаж дэмжих талаар туршлага солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын саналууд зэргийг ярилцах үр дүнтэй уулзалт болно гэсэн хүлээлттэй байгаа юм.