Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо
ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо 2021.08.10 Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр (2021.08.10) боллоо. Танхим болон цахим хэлбэрээр болсон тус хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, агентлагууд зэрэг төрийн байгууллагын төлөөллөөс гадна Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэдээлэл холбооны операторуудын ассоциац, Программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Америкийн худалдааны танхим, Нотариатын танхим, Хуульчдын холбоо, МҮХАҮТанхим зэрэг байгууллагын төлөөлөл, “МУК компьютерс” ХХК, “Бат солюшинс партнерс” тэргүүтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, олон нийтийн төлөөлөл зэрэг 186 хүн оролцов. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал нээж үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал: Төр нь иргэн бүрдээ очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө хамтдаа хичээнгүйлэн зүтгэнэ Төслүүдийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсний дараа 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын дарга 54 дугаар захирамжаараа хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсныг дурдав. Ажлын хэсгийг Н.Учрал гишүүн ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байгаа юм. Тэрбээр “Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар санал бодлоо солилцох, хуулийн төслийг илүү сайжруулах, орхигдсон асуудал байвал нэмж тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэв. Улсын Их Хурал 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Үндсэн хууль, Хувь хүний нууцын тухай хууль болон холбогдох бусад хуулиар хувь хүний нууцыг хамгаалах, зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглосон нийтлэг зохицуулалт бий ч техник, технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийг олон сувгаар хүлээн авч, дамжуулах болсонтой холбогдуулан хувь хүний нэр төр, хувийн нууцад илтэд хууль бусаар халдах явдал цөөнгүй гарах болсныг Н.Учрал гишүүн онцоллоо. Хүний хувийн нууцад зөвхөн захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл, хуулиар тогтоосон бусад нууцыг хамааруулахаар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тодорхойлсон нь бэрхшээл болж байгаа тул өнгөрсөн хугацаанд гарч ирсэн зөрчил, дутагдлыг арилгах, асуудлыг шийдвэрлэхээр хуулийг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа гэв. Хүн бүрийн мэдээлэл бүрэн хамгаалагдах, зөрчигдсөн бол хүлээх хариуцлага нь тодорхой байх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж ажиллаж байгаагаа хэллээ. Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал сонирхсон хэн бүхэнд нээлттэй ил тод байхаар заасан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирснийг тэрбээр тэмдэглэж хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлаас хууль батлан гаргах нь чухал хэдий ч түүнийг хэлбэрэлтгүй, нэг мөр хэрэгжүүлэх нь хамгаас чухал юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуулиа мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хуулийн талаарх ойлголт, хандлага иргэдийн дунд унадаг, алдагддаг нь маргаангүй зүйл юм. Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг баталснаар төрийн байгууллагын нийтэд нээлттэй байх хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцдог, мэдээллийн баазыг төрийн байгууллагууд шуурхай солилцдог, түүнчлэн төсөл хөтөлбөрийг үр ашгтай хэрэгжүүлдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох учиртай” гэлээ. Монгол Улсын төрийн байгууллагууд цахим харилцаанд шилжих ажиллагааг дөрвөн үе шатад хуваан авч үзэж болох талаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд дурдсан байдаг аж. Тодруулбал, “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн систем, мэдээллийн санг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдийн өргөдөл гомдлыг цахим хэлбэрээр авч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг цахим технологи ашиглан иргэдэд хүргэх, гамшгийн аюулыг урьдчилан мэдээлэх, шилэн данс, нэмэгдсэн өртгийн албан татварын систем хөгжүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс үзэхэд төрийн байгууллагууд хоорондын цахим мэдээлэл солилцох дэд бүтэц боломжийн хэмжээнд хүрсэн байх бөгөөд харин мэдээллийг цахим хуудсандаа хариуцлагатай оруулах, лавлагаа мэдээллээр хангах, мэдээллийг үнэн зөв шуурхай оруулах, цахимаар өгсөн мэдээллийг бусад байгууллага албан тушаалтан цаасан баримтын адил хүлээн зөвшөөрдөг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэдгийг тэрбээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн тэрбээр мэдээллийн технологийн эрин зуунд цахим хөгжлөөр тэргүүлэгч улс орнуудын үлгэрлэл, туулсан замналыг бид дагаж алхахдаа алдсан алдааг нь тойрч, зөв шийдлийг нь товчилж, гагцхүү Монголын нийгэм, зан заншил, хувь хүний сэтгэлгээний онцлог, нийгмийн бодит эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд тулгуурласан бодит шийдэл, бодит дэд бүтэц, өөрсдийн гэсэн цахим хөгжлийн эко-системийг бий болгох шаардлагатай гэв. Энэ бол дан ганц төрийн үүрэг биш. Төр, хувийн хэвшил, иргэд олон нийтийн гурван талт түншлэлийн үндсэн дээр бид энэхүү өөрчлөлт, шинэчлэлтийг хийх болно хэмээлээ. Энэ цаг үед мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл солилцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлээгүйгээр урагшлах боломжгүй гээд “Дараагийн 100 жилд Монгол Улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг солонгоруулах чухал хүчин зүйлийг хамтдаа бий болгож, цаашлаад төрийн албаны хүнд суртал, чирэгдэлийг багасгаж, монгол хүн төрийн албаа царай алддаг биш, төр нь өөрөө иргэн бүрд очиж үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө Та бүгд маань гар бие оролцон, хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. Ийнхүү хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж танилцууллаа. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, улс төрийн нам нь нийтийн мэдээлэл хариуцагч байхаар төсөлд тусгасан байна. Тодруулбал, зөвхөн төр мэдээлэл хариуцагч биш гэдгийг онцолж байв. Жишээлбэл, хүний хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрлөөр хадгалж, ашиглаж боломжтой. Төрийн болон бусад байгууллага цахим орчинд мэдээлэл солилцох, хадгалах, ашиглах, дамжуулах харилцааг зохицуулахаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилахаар төсөлд тусгасан гэдгийг тэрбээр онцолж, тус бүрд нь тайлбарлав. Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзэх бол танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж төсөлд тодорхойлжээ. Харин хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзэх юм байна. Хувь иргэн мэдээллийнхээ эзэн байх бөгөөд