Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Зах зээлийн шилжилтийн үеийн сайд Бямбажавын Баатар

2021.06.03

Арга эвийг нь зөв олсон цагт хамт олныг төлөвшүүлэх тийм ч хэцүү биш. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад Холбооны сайдаар ажиллаж байсан Бямбажавын Баатарын тухай нийтэлж байна. Б.Баатар нь Завхан аймгийн Цэцэн –Уул суманд төржээ. Тэрбээр сумын бага сургууль, Улиастай хотын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1969 онд цахилгаан холбооны инженерийн мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөж ирээд 1960-1979 онд Завхан аймагт холбооны газрын ерөнхий инженер, даргын ажлыг хийж байгаад Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэртэй хамт баригдаж ашиглалтанд орсон Холбооны шинэ цогцолборын даргаар томилогдон ажиллаж байгаад 1982-1984 онд Улаанбаатар хотын Телефон радио ашиглалтын хорооны даргаар ажиллажээ. Эрдэнэт хотын Холбооны газарт ажиллаж байх хугацаандаа чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлж, улсын хэмжээний холбооны байгууллагуудын үзүүлэх сургууль зохион байгуулж байв. ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг 1986 онд дүүргэсэн ба мөн оноос Улаанбаатар хотын Найрамдал дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч даргын албыг хашиж байгаад 1989 оны 2 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар Холбооны сайдаар томилогджээ. Түүнийг сайдаар томилогдож байх үед БНМАУ-д социалист байгуулалтын үйл ажиллагаа нийт социалист нийгмийн нэгэн адилаар зогсонги байдалд орж, ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын уур амьсгал Монголын нийгэмд хүчтэй нөлөөлж байсан мөч байв. Шилжилтийн хүнд бэрх үед Засгийн газрын дэргэдэх Холбооны Ерөнхий газрын дарга, Зам, тээвэр, холбооны тэргүүн дэд сайдаар 1994 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж, харилцаа холбооны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилж, салбарын бодлого боловсруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг зааглаж, “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулж, холбооны үйлчилгээг чөлөөт үнийн тогтолцоонд оруулснаар санхүүгийн хувьд бүрэн биеэ даасан салбар болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн Монгол Улсад гарсан нийгэм, эдийн засгийн энэ шинэчлэлт нь гадаад орнуудаас Монголд хөрөнгө оруулах үүд хаалгыг нээж харилцаа холбооны салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжихэд ихээхэн түлхэц болжээ. Энэ тухай Б.Баатар сайд бичихдээ “Техникийн шинэчлэл хийхгүйгээр холбоог цаашид хөгжүүлэх ямар ч боломжгүй гэдэг нь нэгэнт харагдаж байсан юм” гэж тэмдэглэжээ. Холбооны яамнаас 1980-аад оны сүүлээр холбооны техник, технологийг шинэчлэн сайжруулах шаардлагатайг анхаарч, Улаан- Үд, Иркутск, Хөх хотын холбооны газруудтай холбоо тогтоон, хамтран ажиллах эхлэлийг тавьж, харилцан туршлага солилцож, семинар зохион байгуулж байсан нь тухайн үедээ шинэлэг зүйл болсон байна. Б.Баатар сайдын шууд оролцоотойгоор 1991 онд “Азиасат-1” хиймэл дагуулыг ашиглаж Улаанбаатар хотод сансрын телевизийн нэвтрүүлэх станц, 305 сум суурин газарт хүлээн авах станцыг байнгын ашиглалтад оруулж, Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийг хөдөөгийн ард түмэнд хүргэх олон жилийн мөрөөдлийг богинохон хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Мөн аналоги системийн тоног төхөөрөмжийг тоон технологид шилжүүлэх техникийн шинэчлэл хийж, 1990 онд Английн пүүстэй хамтран сансрын холбооны газрын станцыг суурилуулан 4-10 сувгаар дэлхийн 100 шахам улс оронтой харилцах боломжийг бүрдүүлсэн байна. Франц улсын буцалтгүй тусламжаар 27 мянган дугаарын багтаамжтай электрон станц, Япон улсын буцалтгүй тусламжаар “Интелсат” станцыг ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар “Монгол Улсын цахилгаан холбооны сүлжээг 2010 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г Английн Бритиш Телекомын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор монголын инженер, техникчид боловсруулжээ. Уг төлөвлөгөөний дагуу Монгол Улсын харилцаа холбооны салбарын техник төхөөрөмж, кабель шугамын хувьд бүрэн шинэчлэх, тоон технологид шилжих техникийн суурийг тавих, орчин цагийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, англи хэлний мэдлэгтэй боловсон хүчнийг бий болгох асуудлуудыг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудыг хэрэгжүүлэхэд ижил зорилго, ижил хүслээр жигүүрлэсэн хамт олны хүч байсан бөгөөд “Холбоогүй холбоо” хэмээн шүүмжлэгдэж байсан холбоог “ Холбоочингүй холбоо” болтол нь хөгжүүлж чадсан байна. Б.Баатар гуай өөрийн дурдатгалдаа: “Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц нь дардан байсангүй, картын бараанд орсон үе байлаа. Алкателийн Е-10 станцыг зай тэжээл, кабель шугамын хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулж, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын Интелсатын газрын станц, NEAX-61 улс, хот хоорондын автомат телефон станцыг барьж байгуулсан нь тоон технологийн цаашдын баттай суурь болж өгсөн” хэмээсэн байна. Монгол Улсын шуудан холбооны хөгжлийн оргил үе нь 1989-1990 он байлаа. Энэ үед нийслэл аймгийн хооронд ажлын өдөр бүр, аймгийн төвөөс сумдад 7 хоногт 2-5 удаа, сумаас бригад, тасгийн төвд 2 удаа шуудан тогтмол солилцож, жилдээ 9894,6 мянган ширхэг гарах захидал, 322,8 мянган ширхэг боодол, 87,6 мянган илгээлт, 134811,9 мянган ширхэг сонин, хэвлэл ялган боловсруулж, 23016,6 мянган төгрөгийн орлого оруулж байжээ. Шуудангийн 432 салбар, шуудангийн захидал цуглуулах 873 хайрцаг ажиллаж, шуудан холбооны нэг салбар байгууллага 4850 хүнд үйлчлэн, 1000 хүн ам тутамд жилдээ 4721,8 ширхэг захидал бичиг, 41,8 ширхэг илгээлт, 69580 ширхэг хэвлэл оногдож байжээ. Б.Баатар нь 1997 оноос Монгол шуудан ТӨХК-ийн дэд, тэргүүн дэд захирлаар, 2002 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороонд Эрх зүй, мэдээлэл захиргааны албаны даргаар ажиллаж шинэ байгуулагдсан байгууллагын дүрэм, журмыг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэрбээр ХХЗХ- ны хуралдааны нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан юм. Б.Баатарын харилцаа холбооны салбарт оруулсан хувь нэмрийг төрөөс өндрөөр үнэлэн Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болон “Монгол Улсын Гавъяат холбоочин” цолоор тус, тус шагнасан билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” 2011 он “Туулсан замаа эргэн дурсахуй”1996 он Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна. Энэ нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байгаа юм. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байна. Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж 120 хуульд дараах төрлийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгалаа. • “Бичгээр” гэсэн хэлбэрүүдийг “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр” гэж сонголттой болгов. • Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх зарчмыг тодорхой хуулиудад тусгав. • Мэдээллийн сангуудын харилцан холболт, интеграцийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, мэдээллийн зөрүүг арилгана. • Зөвшөөрлийн тухай хуулийг практикт цахим хэлбэрээр хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхээр тусгалаа. • Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч, цахим эх хувийг хуульчиллаа. • Бичмэл гарын үсгээр баталгаажуулахаар заасан харилцаанд, гэрээ зэрэгт цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицууллаа. Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2023.06.21/ зохион байгуулсан Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг 30 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо.

Монгол – Турк хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр /2024.09.12/ хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү БНТУ нь Монгол Улсын боловсон хүчнийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дурдаад цаашид дараах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүнд: Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш ноён Ц.Баатархүүд нэр хүндтэй албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Турк улсын тээвэр, дэд бүтцийн сайдын илгээсэн захидлыг түүнд уламжлав. Тэрбээр Турк улс нь иргэдийн дижитал ур чадварыг сайжруулах, кибер аюулгүй байдал болон өгөгдлийн шинжилгээний чиглэлд боловсон хүчин бэлдэхэд хамтран ажиллах боломжтой гэдгийг дуулгаж, цаашид хиймэл дагуул, сансар судлалын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Ц.Баатархүү сайд Турк улсыг Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансар судлалын салбарт хүч түрэн орж ирж буйд баяр хүргэж, Монгол Улс нь нам орбитын хиймэл дагуулын sandbox буюу туршилтын чөлөөт бүсийг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж буй гэдгийг онцлов. Түүнчлэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO –г ирэх жилээс олон улсын түвшинд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул Туркийн мэдээллийн технологийн компаниуд оролцохыг урилаа.

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно. Дээрх ажлын хүрээнд Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот хөдөөгийн тоон хуваагдал буурна.