Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

6G-ээр секундэд 20 гаруй кино татна

Эрдэмтэд “Утасгүй мэдээлэл дамжуулах хурдны шинэ дээд амжилтыг секундэд 938 гигабайт” хэмээн тогтоолоо. Энэхүү хурд нь 30 гигабайт багтаамжтай 4К киног ердөө 0.26 секундэд татаж авах боломжтой. 150 ГГц хүртэлх радио давтамжийг ашиглах боломжийг олгодог радио болон оптик технологийг хослуулснаар ирээдүйд 7-24 ГГц, 90-300 ГГц гэх мэт өндөр давтамжийн зурвасуудыг ашиглан илүү хурдан 6G сүлжээг үүсгэнэ. Радио дохио үүсгэхийн тулд гэрлийг ашигладаг миллиметр долгионы фотониктэй өндөр хурдны электрон төхөөрөмжийг нэгтгэнэ. Ингэснээр эрдэмтэд өмнөх утасгүй системээс тав дахин их зурвасыг бий болгох юм. Энэхүү технологи нь сүлжээний түгжрэлийг бууруулснаар шоу тоглолт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд утасгүй холболтыг дээд хурдаар ашиглана. Дээрх технологийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд ойрын таван жилийн дотор уг технологийг арилжааны төхөөрөмжид нэгтгэхийг зорьж байна. Мөн арилжааны зориулалттай загвар бүтээхээр төлөвлөжээ. Эх сурвалж: Technology innovation

“Олон улсын цахим худалдааны шийдэл” уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, банкнуудын төлөөлөлтэй хамтран бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхэд тулгарч байгаа асуудлыг шийдэх зорилгоор “Олон улсын цахим худалдааны шийдэл” сэдэвт хамтарсан уулзалт өнөөдөр /2023.09.14/ зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон албаны бусад төлөөлөл оролцож, бизнес эрхлэгчдэд цахим худалдаа буюу e-commerce ялангуяа гадаадад борлуулалт хийж төлбөр тооцоо хүлээн авахад тулгарч байгаа хүндрэл, шийдвэл зохих асуудлын талаар талуудын байр суурийг хэлэлцэж, харилцан санал солилцов. Монгол банкнаас хийсэн судалгаагаар “VISA” Олон улсын картын байгууллагын сүлжээгээр манай улсын нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд Олон улсын төлбөр, тооцоо хүлээн авдаг ч энэ үйлчилгээг авахад өөрийн цахим хуудастай байх, урьдчилж барьцаа төлбөр байршуулах гэх зэрэг технологийн болоод санхүүгийн өндөр шалгууртай байгаа нь зарим талаар иргэдэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байдаг. Тиймээс Монголбанкны зүгээс Paypal, Stripe, Amazon pay, Skrill, 2checkout зэрэг байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах албан хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Гэвч эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, судалгаа хийхэд манай улсын цахим худалдааны зах зээлийн эргэлт бага, хэн ямар бараа, бүтээгдэхүүн борлуулах, ямар хэмжээний орлого олох талаар тодорхой мэдээлэл байхгүй, энэ төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхэд дэд бүтцийн зардал өндөр зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байгааг тайлбарлаж байлаа. Банкнуудын тухайд иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаадаас бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлбөрийг төлөх, төлбөр хүлээн авах олон суваг бүхий дэд бүтцийг бий болгож, өнөөдрийн байдлаар Олон улсын цахим худалдааны төлбөрийн гарах урсгал ямар нэгэн саадгүйгээр дамжиж байна. Харин бизнес эрхлэгчдийн хүрээнд гадаадад бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ зарж, борлуулсан орлогоо хүлээн авах суваг хараахан сайн хөгжөөгүй байгаагын улмаас төлбөр тооцоогоо түргэн шуурхай, зардал багатай хүлээн авах боломж харьцангуй хязгаарлагдмал байна. Тиймээс банкнууд өөрийн банкны цахим худалдааны төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой програм хангамжийн шийдэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ давуу тал, онцлогийн талаар мэдээлэл хүргэж, энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад ямар боломж байгаа талаар товч танилцууллаа. Уулзалтад оролцогч бусад байгууллагуудын төлөөлөл ч мөн адил гадаадад борлуулалт хийж, төлбөр тооцоо хүлээн авахад өөрсдийн ашигладаг суваг, туршлагаасаа хуваалцсаны дээр тодорхой шийдлүүдийг ч санал болгов. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэд, бизнес эрхлэгчдийн санал, хүсэлтийг нэгтэн тодорхой шийдлийг ЦХХХЯ, Монголбанкаар дамжуулан Монгол Улсын Засгийн газарт болон бусад шийдвэр гаргагч нарт уламжлахаар тогтлоо.

Сэлэнгэ аймагт процессын инженерчлэл хийх ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 64 тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тэдгээрийн харьяа нэгжүүд, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын хэмжээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр (2023.06.19) Сэлэнгэ аймагт ажиллаж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд процессын дахин инженерчлэл хийх талаар танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт ажлын хэсгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, ЦХХХ-ны дэд сайд, ажлын хэсгийн гишүүн Ж.Эрхэмбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батсайхан, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур төв” УТҮГ-ын захирал Б.Дөлгөөн, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч Б.Анар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцон, илтгэл танилцуулж, нээлттэй санал солилцлоо. Процесс суурьтай, оновчтой, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх зорилго бүхий төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь байгууллагын чадамж, бүтээмж, процессын хөгжүүлэлт, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Уулзалт, хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ИТХ, Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газар, Прокурор, Шүүх, аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, хууль, хүчний байгууллагууд, банк санхүү, нийгмийн салбарын болон орон нутгийн аж ахуйн нэгжүүд, Шаамар сумын ЗДТГ-ын нийт 400 гаруй төрийн албан хаагчид оролцлоо. Төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэлийг хийснээр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг илүү оновчтой болгох, төрийн үйлчилгээг авах шат дамжлагын тоо багасах, төрийн үйлчилгээг хүргэх илүү олон сонголттой болж, иргэдэд шуурхай, хүссэн хэлбэрээр төрийн үйлчилгээг хялбар авах боломж бүрдэх, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг тэнцвэртэй зохион байгуулах, төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх зэрэг үр дүнд хүрэх юм.