Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын шуудан холбооны түүхийн он дарааллын бичиг

2020.10.23

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Мэдээллийн технологийг хүн төрөлхтний түүхэнд гарсан 3 том хувьсгалын нэг гэж үздэг. Өнөөдөр шинэ түүхийн их талбарыг холбон зангидаж буй мэдээллийн их суваг бол интернет. Гэтэл сонирхолтой нь тэрхүү интернетийн үндсэн загвар бүр XIII зууны Еврaзийн тал нутгийн нүүдэлчдийн их гүрэнд үүссэн нь бодит юм. Чингисийн Их гүрэнд өргөн уудам Евразийг нэгэн сүлжээнд холбож байсан харилцаа холбооны арга зарчим байсан ба энэ нь өртөө. Их Монгол Улсын байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэж болно. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин Монголын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байсан. Монгол Улсад манай тооллын өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон. XII зуун /1228-1241/ Чингис хааны гуравдугаар хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж анхны тив хоорондын Шуудан холбоог байгуулжээ. 1232-1233 он: Өгэдэй хаан өртөө шуудангийн ажлыг эмх журамтай болгоход чиглэсэн зарлиг гаргаж, улмаар өртөө замыг зөвхөн Монгол нутагт төдийгүй Эзэнт гүрний уудам нутаг, ялангуяа Хятад нутагт олныг байгуулжээ. 1235 он: Монголын эзэнт Улсын эзэмшсэн уудам нутагт харилцах өртөө замыг байгуулжээ. 1289 он: Монголын Илахан Арагун хаан 1289 онд 1.8 метр, Өлзийт хаан 1305 онд 3 метр урт захидлыг Францын Гоо Филипп ванд илгээжээ. Аргун хааны захидал нь өөрийг нь Египетийн мамлюкүүдтэй дайтах тохиолдолд цэрэг илгээн туслах тухай Францын хааны гуйлтанд өгсөн хариу байв. 1692 он: Богд хаант Монгол Улсын үед Их Хүрээний Түмт өртөө байгуулагдан уг өртөөг Түшээт хан аймгийнхан голлон хийсэн ба Улаангом, Вангийн Хүрээ, Заяын Хүрээ, Санбэйсийн Хүрээ, Жанжин Чойр, Эрдэнэзуу, Сэцэн хааны Хүрээ, Сайншанд, Замын-Үүд чиглэлд Улсын чанартай албыг залгуулдаг гол замууд гарч салбарласан өртөөд бий болжээ. Манж нар өмнөд Монголын ардуудыг халх Монголын нутаг дээр нүүлгэн ирүүлж өртөө байгуулсан бөгөөд “Харчин өртөө” бий болов. 1692 он: Манжийн Энх-Амгалан хаан Хятадын цагаан хэрмийн хаалгаас эхлэн гадаад Монголын газарт таван замын өртөө байгуулах зарлиг буулган уул өртөөдийг байгуулах Хятад сайд, Монгол түшмэдийг тохоон томилжээ. Чухамхүү тэр үеэс Хятадын түмэн газрын Цагаан хэрмээс ар Монголын голлох чухал газар нутагт нэвтрэн холбосон таван замын /сүүлдээ долоон замын/ морин буухиа өртөө байгуулагджээ. 1692 он: Манж дайчин Улс өөрийн цэргийн ангийг Алтайд явуулахын тулд Хөх хотоос Түйн гол хүртэл 36 суурь өртөө байгуулахаар төлөвлөж байв. 1697 оны орчимд амуу зөөх цэргийг захиран шийтгэхийн тулд Хотон хошуунаас Түйн гол хүртэл 70 өртөө байгуулж, өртөө тутамд 30-аад цэрэг суулгах шийдвэр гаргажээ. 1717 оны Халх Монголоор харуулсан малын дансанд Цагаан хэрмийн шүргийн хаалгаас Түйн гол хүртэлх 40 гаруй суурь өртөөнд морь өгч байжээ. 1719 он: Алтай замын цэргийн 44 суурь өртөө, Энх-Амгалан хааны 58 дугаар онд байгуулагдсан. 1720 оноос аймаг хошуудын хооронд элч бичиг нэвтрүүлэхээр суман өртөөдийг байгуулав. XVIII зууны нэгдүгээр хагаст Манжийн цэргийн ангиуд Халх Монголын баруун хэсэгт байрлан оршиж байхад Манж цэргийн харуулаас Түйн гол, түүний орчмын Хангайн уулын ар, Орхонтуулд байсан засаг хошууны цэргийг Энгийн арал зэрэг газруудад, Хангайн уулын өвөрт байсан мөн засаг хошууны цэргийг Түйн голд суулгаж тэдгээрийн хооронд өртөө байгуулан мэдээ солилцож байжээ. 1715-1723 оны хооронд зөвхөн баруун талын нутагт орон нутгийн чанартай 39 өртөө, 1730 оны үед Түйн голоос Ховд Улиастай хүртэл 29 өртөө, Улиастайгаас Орхон хүртэл 18 суурь өртөө нэмж байгуулжээ. 1736 онд Хаалганаас Орхон хүртэл нэг бүр нь 20-40 өрх бүхий 45 суурь өртөө байжээ. Эдгээр нь Алтай замын цэрэг буухиа элч, бичиг нэвтрүүлэхээр байгуулагдсан суурь морин өртөөд бөгөөд Алтай замын цэргийн өртөөг буухиа өртөө гэж нэрлэж, бас алс хол урт замын өртөөг “Урт наст өртөө” гэж нэрлэж байжээ. XVIII зууны дунд үед Улиастайн жанжин, Их Хүрээний сайд, Хар мөрний жанжин нарын хооронд элч бичиг дамжуулахаар Халхын зүүн захаас Улиастай хүртэл 74 суурь / 2220 км / суман өртөө байгуулаад түүнийг “Умард замын өртөө” гэж нэрлэдэг болов. Мөн Түшээт хан, Цэцэн хан хоёр аймгаас Улиастай, Их Хүрээний газартай холбох 31 суурь суман өртөө байгуулж, тус тус аймгийн элч шууданг нэвтрүүлж байжээ. Ийм өртөө Монголд нийтдээ 400- гаад байв. 1758 он Манж чин Улсаас Ар Монголд байгуулсан төрийн аппаратын нэг Хүрээ сайдын газар байгуулж, манжийн эдгээр албан газруудын хооронд харилцах Буухиа суман өртөөдийн албыг байгуулж харилцан нэвтрэлцэж байжээ. 1758-1762 онд Их Хүрээ Ховдод тус, тус суулгасан Манж амбан, баруун хойд хязгаарын Жанжин сайдын газруудад буухиа элч бичиг нэвтрүүлэх, цэрэг эдийн засаг, улс төрийн эзэгнэлийнхээ шаардлагаар Чуулалт хаалгаас Хятадын баруун хойд хязгаар өвөр ба ар Монголын өргөн уудам нутаг дэвсгэр дээр “Алтай зам”-ын гэж нэрлэгдэх цэргийн 140 гаруй суурь буухиа өртөөг байгуулсан нь олон замын өртөө болсон. 1823 оны үед Засагт хан аймгаас гагцхүү Алтай харуулыг буцаах томилолтоор явуулсан түшмэлийг очих буцах бүрд 45 суурь өртлөг /түр зуур байгуулагдсан/ өртөөг байгуулж байв. Түүнчлэн босго өртөө, туслах, хавсрага өртөө гэхчилэн суман өртөөнөөс салбарласан салбар, дамжлага буюу навчин өртөө гэж нэрлэсэн олон тооны өртөөд байжээ. 1831 онд Сайн ноён хан суман өртөөний суурь бүрт өрх 3, өрх тутамд эр 2, хонь 100, адуу 300 үүний дотор морь 8, үхэр 20 байхаар тогтоож, гүйсэн морь улаачид хөлс олгохгүй тухай заагаад, албаны морийг уул хошуунаас ирүүлэхгүй бол морь нэг бүрийн үнэнд 8 лан авах, хэрэв морь буюу мөнгийг ирүүлэхгүй бол морь хөлслөн түүний хөлсөнд 4 шүдлэн хонь гаргуулах, морины үнэ мөнгө, хөлсний хонийг тогтоосон хугацаанд ирүүлэхгүй саатуулбал лан мөнгөнд сар тутамд нэг пун, 5 ли хү төлүүлэх буюу хонийг нэг нас нэмэгдүүлэн төлүүлэхээр заажээ. 1863 оны 6 сар: Монгол Улсад Оросын шуудангийн байгууллага ажиллаж эхэлжээ. Хиагт Тянзингийн хооронд Орос улсын хөнгөн шууданг 3 жилийн хугацаатайгаар туршилтын журмаар байгуулан, Орос улсын сангаас жил бүр 19 мянга 500 рубль зарцуулж байв. 1870 оноос өмнө нь Сэцэн хан аймгаас Улиастай зүгт суман өртөөний нэг өрхийн үнэ хөлс жилд 60-аад лан мөнгөөр тооцогдож байсан бол 1870 оноос хойш 200 лан, говь нутгийн ардуудынх 100-180 лан болж нэмэгдсэн байна. 1872 он Түшээт хан аймагт өртөөний албыг 385 өрх хааж байсан. 1874 он 9-р сарын 15. Дэлхийн Шуудангийн Холбооны анхдугаар Их хурал Швейцарийн Берн хотод нээгдсэн. 1892 оны 2-р сарын 17. Оросын шуудан, цахилгаан мэдээний яамнаас баталсан зааврын дагуу Монголд ажиллаж байсан шууданг хоёр хос морьтой нэг улаачаар, хүнд шууданг тэмээгээр буюу тэмээн ба морин тэргээр хүргэнэ. Хиагтаас Хаалган хүртэлх шууданг нэг улаач, хоёр хуяг дагалдан, хөнгөн шууданг зун 8 хоног, өвөл 9 хоног хагаст, хүнд шууданг зун 21, өвөл 23 хоног багтаан хүргэж байхаар заажээ. 1898 оноос томоохон Хүрээ хотуудыг холбосон өртөө замуудыг байгуулахын зэрэгцээ Монгол-Орос, Монгол-Хятадын зарим хотуудын хооронд улс хоорондын шуудан солилцох өртөөдийг байгуулан ашиглаж байжээ. 1912 оны 4-р сарын 12. Сир усны /Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт/ газар зэрэг өртөөд суулгасан Манжийн төлөөний түшмэдийг хөөн буудаж, Монгол түшмэд, цэргээр сэргийлүүлж Замын-Үүд, Чойр, Мөнхтэй зэрэг олон газруудад байсан Манжийн үеийн шуудан, захидал бичгийн хороодыг татан буулгажээ. 1911-1921 он. Үндэсний ардчилсан хөдөлгөөний тэмцэл ялж, Манжийн колончлол унаж, Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Их Хүрээний Түмт гэдэг гол өртөө дахин бий болж, 1904 оны орчим Хүрээнд, 1912 оны Монгол, Орос улсын хэлэлцээрийн дараа 1913 оноос Хиагт, Улиастай, Шар сум /Ховд/, Заяын Хүрээ /Архангай/, Сайн-ус /Дорноговь/, 1917 оны 7-р сараас Нийслэл Хүрээ Хиагтын хооронд шуудангууд бий болсон. 1921 оны 7-р сарын 19-нд Ардын Засгийн газрын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол Улсын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан. Энэ нь орчин цагийн Монгол Улсын шуудангийн байгууллагын анхдагч. Үүнээс хойш өнөөг хүртэл дараах нэр хаягтайгаар ажиллаж ирсэн. Үүнд 1935 он хүртэл Нийслэлийн шуудан хороо 1935-1936 онд Нийслэлийн төв хорооны газрын төв шуудан тасаг 1936-1958 онд Холбооны ерөнхий хорооны харьяа төв шуудан 1958-1960 онд Цахилгаан шуудан хороо 1960-1966 онд Холбооны удирдах газрын шуудан хэвлэлийн алба 1966-1978 онд Төв шуудан 1978 оны 8-р сараас 1990 оны 7-р сар хүртэл Цахилгаан шуудан холбооны газар 1990 оны 7-р сарын 1-ээс 1994 оны 11-р сарын 1 хүртэл Шуудан холбооны газар 1994 оны 11-р сарын 1-ээс Цахилгаан холбооноос салгаж Монгол Шуудан компани ТӨУҮГ 2002 оны 4-р сарын 5-аас Монгол Шуудан ХХК 2009 он Монгол Шуудан ТӨХХК 2016 он Монгол шуудан ХК 1921 оны хавар: Түр Засгийн Газрын харъяа цахилгаан мэдээний “МОНТА” агентлаг байгуулагдлаа. 7-р сарын 19-ны Засгийн газрын 6-р хурлаар Шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулагдан даргаар нь Гүр Цэдэвсүрэн томилогдон ажиллажээ. 1921 оны 3-р сарын 18. Хиагт хотыг гамингийн эзэмшлээс чөлөөлөх тулалдаанд Сүхбаатарын командалсан тэргүүн анги Хиагтын “Шуудан бичиг-Цахилгаан мэдээний хороо”-г эзлэн авчээ. 1921 оны 7-р сарын 19-нд Ардын Засгийн газрын 6-р хурлын тогтоолоор Монгол Улсын Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулан өртөөний зардал ихтэй албыг багасгав. Түүнчлэн шуудангаар дамжуулах бичгийн түргэн, алгуурыг ялган салгаж тодорхойлон зааж, дагалдах хуудсанд бичиж, дугтуйлан битүүмжилж, өртөө дамжуулан довтолгохыг зааж эхэлсэн нь одоогийн бичиг захидлын дагавар бичиж бүртгэх, аюулгүй байдлыг хангах ажлын эхлэл болсон юм. 1921 оны 7-р сарын 28 Ардын засгийн газрын 14-р хурлаас “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г Дотоод яамны харъяанд байсныг өөрчилж Гадаад яаманд харъяалуулахаар тогтоожээ. 1921 оны 10-р сарын 9. Монгол Ардын Засгийн газрын хуралдаанаас тогтоосон 22-р тогтоолын 1-р зүйлд 11-р сарын 14-нөөс эхлэн Нийслэл Хүрээ ба Алтанбулаг хотын хооронд шуудан нэвтрүүлэх замыг нээв. 1921 оны 10-р сарын 9. Нийслэл Хүрээний газрын төмөр утасны хороог “Шуудан бичиг ба төмөр утасны хороо” гэж нэрлэжээ. 1921 оны 11-р сарын 09-нөөс Алтанбулаг Нийслэл Хүрээний хооронд 360 км газар долоо хоногт хоёр удаа шуудан тогтмол явуулж эхэлсэн бөгөөд Хүрээний шуудангийн байгууллага нь хотын доторх бичиг захидлыг ялган хүргэх, орон нутгийн шууданг бэлтгэх ажлыг хийдэг байв. 1921 оны 11-р сарын 30. Засгийн газраас Шуудан бичиг, цахилгаан мэдээний хороонд Сэтгүүл бичгийн хороог байгуулахаар тогтож, дүрмийг нь баталжээ. 1922 оны 3-р сарын 15. Холбооны сургууль байгуулагдсан. “Өртөө, улааны дүрэм”-ийг баталжээ. 1923 оны үеэс Хүрээнээс хойш, баруун, зүүн, өмнө зүгийн гол дөрвөн чиглэлд 140 гаруй өртөө, гол замуудаар дамжин нэвтрүүлэх дамжлага замууд оролцоод Хүрээнээс Алтанбулаг хүртэл 10 суурь өртөө, Хүрээнээс Улиастай хүртэл 30 суурь өртөө, Улиастайгаас Ховдын хооронд 14 суурь өртөө Улиастайгаас Тагна Урианхай зүгт 10 суурь өртөө, Нийслэл Хүрээнээс зүүн зүгт 27 суурь өртөө мөн Замын-үүд хүртэл 20 суурь өртөө тус, тус шуудан харилцаанд ашиглагдаж байв. 1923 оны 7-р сар МАХН-ын 2-р их хурлаас “..Төмөр утас, телефон тавьж шуудангийн өртөөг хэдэн замд тогтоох мэтээр арвилах, хурдлах явдлыг хичээвэл зохино“ гэжээ. 1923 оны 11-р сарын 15-нд хуралдсан Ардын засгийн гишүүдийн хурлаар Анхны шуудангийн марк гаргах тухай хэлэлцэж н.Нацагдорж, н.Мөнхбат нар анхны угалзтай монгол маркийг хэвлүүлэхээр болж, 1924 оноос уг маркийг худалдаанд гаргажээ. 1924 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд шуудан холбооны Харилцаа тогтоох тухай гэрээ байгуулан Зөвлөлтийн талаас Троицковскийн Шуудан Цахилгаан холбооны контор, Монголын талаас Алтанбулаг дахь Шуудан Цахилгаан холбооны салбарыг шуудан солилцох буудал болгон ажиллуулах, товлосон өдрүүдэд Дээд Шивээнд морин тэргээр очиж, шууданг солилцдог байлаа. 1924 оны 9-р сарын 2. Монголын шуудангийн марк гаргах тухай Ардын Засгийн газрын гишүүдийн 44-р хурлаас өгсөн удирдамжийг үндэслэн н.Элдэв-Очирын зураг бүхий долоон төрлийн нэг цуврал маркийг ЗХУ-д захиалан хэвлүүлж гүйлгээнд гаргажээ. 1924 оны 11-р сарын 6. Улсын анхдугаар Их хурал нээгдсэн, их хурал БНМАУ-ыг тунхаглах анхдугаар үндсэн хуулийг баталжээ. Үндсэн хуулийн 6-р зүйлд “Тус Улсын өргөн уудам нутаг дэвсгэрийн дотор Улс орны ашиг тусад нийлүүлэн өртөө шуудан, цахилгаан мэдээ, телефон холбоог өргөтгөх, шинээр байгуулах” онц эрхийг тунхаглажээ. 1924 оны 12-р сарын 27. Засгийн газрын гишүүдийн 44-р тогтоолын 4-р зүйлд тусган “БНМАУ- ын шуудан бичгийн дүрэм”-ийг баталж, 1925 оноос мөрдөхөөр тогтов. 1925 онд БНМАУ-ын шуудан бичиг, цахилгаан мэдээний хорооноос тус Улсад шуудан байгуулах тухай тунхаг бичиг гарган Улаанбаатар хот Тариатын Хүрээ хооронд шуудан хороог нээн ажиллуулж байв. Харилцаа холбооны үйлчилгээг өргөтгөж шуурхай болгохын тулд нийслэл Улаанбаатар хотоос томоохон суурин газар, аймгийн хооронд шуудан тээврийн үйлчилгээнд авто тээврийг хэрэглэх болж гол замын морин өртөөдийг татан буулгажээ. 1925 оны 3-р сарын 5. Улсын 2-р бага хурлаас шуудан бичиг цахилгаан мэдээний ерөнхий хороог Ардын аж ахуйн яамны харъяанд шилжүүлэхээр тогтоосон. 1925 оны 5-р сарын 14. БНМАУ-ын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хорооноос тус Улсад шуудан байгуулах тухай тунхаг бичгийг зарлажээ. 1925 оны 7-р сарын 4. ЗХУ-ын “Ю-13” хэмээх шуудангийн нисэх онгоц Улаанбаатар хотноо анх удаа хүрэлцэн ирэв. Монгол тээх нэвтрүүлэх газар байгуулагдсан нь Шуудангийн солилцооны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. 1926 оны 10 сар. Улсын 3-р их хурлаас: Өртөөний байдлыг өөрчлөх уурын тэргээр залгуулах ажлыг эхлэн явуулж Улаанбаатарын Түмт өртөө болон гол замын өртөөдийн гүйцэтгэж байгаа шууданг цаашид автомашинаар тээвэрлэн солилцох бодлого тавив. Ил захидлын хуудас анх худалдаанд гарчээ. 1928 оноос Улаанбаатар-Улаан-Үд /ЗХУ-ын/ хотын хооронд агаарын шуудан тээврээр үйлчлэх болсноор агаарын шуудан харилцааны эх суурь тавигджээ. 1930-1931 онуудад Монголтрансаас ихэнх чиглэлд шуудан зорчигч тээвэрлэх ажлыг долоо хоногт хоёр удаа автомашинаар тогтмол гүйцэтгэдэг болов. 1931 оны 7-р сарын 30. Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Н.Цэндсүрэнгээс шууданг орон нутагт хүргэж тараах, ард олноос явуулах захидал бичгийг хүлээн авах, захидлын марк, дугтуй худалдаж үйлчлэх ажлыг зохион байгуулж ажиллуулах тухай саналыг эдийн засгийн товчооны 14-р хурлаар авч хэлэлцээд орон нутагт нүүдлийн шуудан байгуулах төлөвлөгөө, төсөвлөсөн зардлыг зөвшөөрч баталжээ. 1933-1934 он Орон нутагт нүүдлийн шуудангийн 350 гаруй цэг байгуулагдаж, Улаанбаатар хотын төв шуудан тасгийг 1-р контор гэж нэрлэв. 1935 оны 6-р сарын 10-нд Цахилгаан шуудангийн ерөнхий хорооноос хот хөдөөгийн холбооны хороодод, тамга, албан бичгийн нүүр, лацны болд тэмдгийг үйлдүүлж олгов. 1935 оны 10-р сарын 28. Тамсаг булагт цахилгаан мэдээний Шуудангийн салбар байгуулагджээ. 1938 он 7-р сар. Улаанбаатар-Налайхын төмөр зам ашиглалтад орж, Улаанбаатарт галт тэргээр шуудан хэвлэл солилцож эхлэв. 1939 он Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны архив №-гүй нэг бүртгэлд холбооны сургуулийг “Цахилгаан шуудангийн сургууль” , ХЗЭ-ийн гишүүн 8, ард 8, эрэгтэй 8 гэжээ. Монголтрансын харьяанд Өртөө Шуудангийн хороог байгуулсан. 1940 он: 12 аймагт 36 тооны /Зис-5/ машинаар сар бүрд нийтдээ 72 удаа шуудан явдаг болжээ. Шууданг Улаанбаатараас бүх аймгийн төвүүдэд автомашинаар долоо хоног тутам, аймгийн төвөөс сумдад морин өртөөгөөр хүргэдэг болсон. Улаанбаатар хотын Сонгинод шуудангийн 31-р салбар нээгдсэн. Улаанбаатарт Консулын дэнж дэх 32-р салбар нээгдэж, 1969 оноос Амгаланбаатар хороололд шилжүүлэн байгуулав. 1944-1948 онд Холбооны яамнаас аймгуудын шууданг өөрийн орон тооны хүргэгч /30-аад/-тэйгээр явуулж байв. 1947 онд Наушка-Улаанбаатар-Замын-Үүд хооронд төмөр зам ашиглан Орос, Хятад улстай шуудан солилцох боломж бүрдсэн байна. 1949 оны 7-р сарын 26-ны өдрийн БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас чөлөөлж, улсын авто болон морин өртөө байгуулсан байна. 1949 онд Улсын авто өртөөг байгуулж, аймгийн төвөөс сумдын төв хүртэл хэвлэл шууданг автомашинаар хүргэх болсон. 1953 оны 1-р сарын 16. БНМАУ-БНХАУ-ын хооронд шуудан цахилгаан холбоог бэхжүүлэх тухай гэрээ байгуулагдсан. 1955 онд Улаанбаатар-Замын-Үүдийн хооронд ашиглалтад орсон төмөр замаар шууданг тээвэрлэж, замын дагуух аймаг, сум суурин газруудад шууданг хүргэх болсон. 1956 он Улаанбаатараас аймгийн төвүүдэд, 1961 оноос зарим аймгийн алслагдсан сумдад хэвлэл шууданг агаарын тээврээр хүргэх болсны дүнд 1965 оны байдлаар шуудан хүргэлт долоо хоногт нисэх онгоц, төмөр замаар гурван удаа, аймаг сумдын хооронд автомашинаар гурван удаа, сумдын бригад, тасаг фермүүдэд ердийн хөсгөөр хоёр удаа шуудан, хэвлэл хүргэгдэх болсон. 1957 оны 4-р сарын 22. Иргэний агаарын харилцааны газар ЗХУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэдэх Иргэний агаарын флотын ерөнхий газрын хооронд иргэний агаарын харилцаа, шуудан тээврийн талаар хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 1960 оны 6-р сарын 30-ны өдрийн БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 141-р зарлигаар морин өртөөг татан буулгажээ. 1961 онд Төв шуудангийн барилга ашиглалтанд орсон. 1961 оны 6-р сард Улаанбаатар-Москвагийн хооронд тийрэлтэт хөлөг Ил-18 онгоцоор агаарын тээврийн нислэг үйлчилгээг эхэлсэн. Энэ нь хоёр орны олон улсын хооронд харилцах шуудангийн эргэлтийг түргэтгэх ач холбогдолтой болсон юм. 1963 он 2 сар Тээвэр холбооны сайдын 26 тоот тушаалаар холбооны удирдах газрын харьяанд шуудангийн Улс хоорондын шуудан солилцох тасаг байгуулагджээ. 1964 он Манай улс Дэлхийн Шуудан Холбоо \ДШХ\ -ны гишүүнээр албан ёсоор элссэн ба Монгол Улс тус байгууллагад “Гишүүн” / member/ статустай болсон. 1966-1970 онд холбооны техникийн баазыг бэхжүүлэх, үйлчилгээний хүрээг өргөтгөх талаар авсан арга хэмжээний дүнд 2500 хүнд шуудангийн нэг салбар үйлчилж, жилд нэг хүнд таван захиа ноогдож, өрх бүр хоёроос гурван төрлийн хэвлэл захиалан уншиж байв. 1975 оны байдлаар холбооны салбарын тоо жилээс жилд нэмэгдэн, айл өрхөөр хэвлэл шуудан хүргэх, төв суурин газрын холбооны үйлчилгээг өргөтгөх ажлын дүнд 15 аймаг, 163 сум, ХАА-н нэгдэл, САА-н 13 бригад, тасагт нисэх онгоцоор, САА-д галт тэргээр Сэлэнгэ аймаг, Дархан, Эрдэнэт хот, Багануур, Дорноговь аймаг болон төмөр зам дагуух 14 сум нэгдэл, Төв аймаг, Налайх хот болон 145 сум нэгдэл, САА тэдгээрийн 1042 бригадад автомашинаар шуудан хүргэж байв. 1981 он Сансрын “Салют-6”, “Союз-Т4” ба “Союз-39” цогцолборын бүхээгт БНМАУ-ын сансрын шуудан салбарыг нээн ажиллуулж, энэхүү түүхэн явдлыг илэрхийлсэн долоон номиналь, нэг блок бүхий марк, хоёр төрлийн дугтуйг хэвлүүлжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Улс ардын аж ахуй, соёлын байгууллага, хүн амыг холбоогоор үйлчлэхэд оруулсан 60 жилийн ойг тохиолдуулан холбооны яамны Цахилгаан-Шуудан холбооны газрыг “Алтан гадас“ одонгоор шагнажээ. Шуудан Цахилгааны салбар тэр үед 400 гаруй шуудангийн хайрцаг 700 хүн ажиллаж, Улсын хэмжээний холбооны нэг салбарт 1980-аад оны үед 2500-гаад үйлчлүүлэгчид ноогдож байсан буюу 1000 хүн ам тутам жилдээ 12 мянган захидал бичих, 980-аад ширхэг тогтмол хэвлэл захиалж уншиж байв. Мөн үед 70 гаруй төрлийн сонин сэтгүүл нэг удаа нэгээс хоёр хувь хэвлэгдэн гарч, нэг өрх айлд дунджаар 4-5 нэр төрлийн хэвлэл захиалан уншдаг байлаа. Маркийн товчоог байгуулсан. 1993 он Электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэв. 1994 он Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 10 дугаар сарын 2-ны өдрийн 274 тоот тушаалаар Шуудан Холбоог Цахилгаан холбооноос тусгаарлан аж ахуй үйл ажилгаагаа эхлэх үндсэн байгууллагын “Монгол шуудан компани” Улсын Үйлдвэрийн газрыг Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамруулан, яамны шууд удирдлаганд байгуулан ажиллуулав. Тус компани нь 23 аймаг дүүргийн төвд өөрийн салбар албадтай, 440 ажиллагчидтай, 110 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 50 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа эхэлж байв. 1994 оны 10-р сарын 24 “Монгол шуудан” компани ТӨҮГ-ийг Монголын Цахилгаан Холбоо компаниас тусгаарлан байгуулав. 1994 оны 11-сарын 1-нээс ашиглалт, үйлчилгээний түвшинд шууданг цахилгаан холбооноос тусгаарлан Улсын хэмжээнд ашиглалт үйлчилгээ эрхлэх үндсэн байгууллага болох 100 хувь төрийн өмч бүхий “Монгол шуудан” компани УҮГ-ыг бие даалган, байгуулж, ажиллуулсан. Монголд анх интернетийн Э-шуудангийн үйлчилгээ бий боллоо. 1995 он Хувийн хэвшлийн байгууллагууд /DHL Mongolia/ шуудангийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. 1996 оны 12-р сарын 31 Шуудан Цахилгаан холбооны газар байгуулагдав. 1997 оны 2 дугаар сарын 15-наас Монгол марк компанийг “Монгол шуудан” компанид нэгтгэн зохион байгуулснаар шуудангийн үндсэн байгууллага ашиглалт, үйлчилгээнийхээ алдагдлаас гарч, санхүүгийн хувьд бие даах нөхцөл бүрдсэн. 1999 он Монгол шуудан компани нь Монгол шуудан банктай хамтран банк, санхүүгийн үйлчилгээг Ховд аймагт туршилтын журмаар эрхлэн улмаар бүх аймагт уг үйлчилгээг амжилттай нэвтрүүлэв. 1998-1999 онуудад бүх аймгийн шуудангийн албадад компьютер нэвтрүүлэн, дотоод мэдээллийг сүлжээгээр солилцох боломжийг бүрдүүлж, шуудангийн маркийн эх зураг, загвар зохиоход компьютер графикийн арга, тэдгээрийг гадаад зах зээлд борлуулах ON-LINE систем тус, тус нэвтрүүлэн ашиглах болсон. Буухиа шуудангийн үйлчилгээг нээн ажиллуулав. 2000 онд Монгол Улсын шуудан холбоог хөгжүүлэх судалгааг Японы гадаад хамтын ажиллагааны агентлагтай хамтран гүйцэтгэсэн. 2002 онд Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө Дэд бүтцийн сайдын тушаалаар баталсан. Дэлхийн шуудан холбооны хоёр, гурав, дөрөв, тав, зургаа дугаар нэмэлт протоколыг Улсын хурлаар батлуулсан. Ази, Номхон далайн шуудан холбооны байгууллагад гишүүнээр элсэн орж, тус байгууллагын дүрмийг Улсын их хурлаар соёрхон батлуулсан 2003 он Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны ерөнхий захирал Томас а Ливи Дэд бүтцийн сайд Б.Жигжидийн урилгаар манай оронд айлчлан “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав. 2003 оны 4-р сарын 5. “Монгол шуудан” ТӨҮГ-ийг Монгол шуудан ХХК болгон өөрчлөн зохион байгуулав. 2003 оны 5-р сарын 15. “Шуудангийн тухай” Монгол Улсын хуулийг батлуулсан. 2003 оны 12-р сарын 10. Харилцаа холбооны зохицуулах хорооны бүтцэд шуудангийн зохицуулалтын асуудал эрхэлсэн орон тоо шинээр бий болгон ажиллуулав. 2004 он Маркийн музейг Дэд бүтцийн сайдын тушаалаар байгуулсан. 2004 оны 9 дүгээр сарын 22-нд батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар “Шуудангийн үйлчилгээ”-г Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд хамааруулсан. Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцэд Шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын газар байгуулагдлаа. 2005 он “Шуудангийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгтэй болов. Дэлхийн шуудан холбооны долдугаар нэмэлт протоколыг Улсын их хурлаар батлуулсан. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг Засгийн газрын 34 тоот тогтоолоор батлав. “Шуудангийн салбарын үзэл баримтлал“ ЗТАЖ-ын сайдын 121 дүээр тушаалаар батлуулав. 2006 он “Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам“ ЗТАЖ-ын сайдын 70 дүгээр тушаалаар батлуулав. Дэлхийн шуудан холбооноос хэрэгжүүлдэг Шуудангийн шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд хамрагдав. “Шуудангийн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичиг“ ЗТАЖ-ын сайдын 199 дүгээр тушаалаар батлуулав. 2007 он Шуудангийн зип кодыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 101 дүгээр тушаалаар батлуулсан. 2008 он Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Шуудангийн салбарын бодлогын асуудал Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас шилжин ирж, Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар болов. 2009 он Шуудангийн цахим систем нэвтрүүлсэн. / Postnet / 2010 он Дэлхийн шуудан холбооны наймдугаар нэмэлт протокол, Шуудангийн санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын хуулиар батлуулав. 2011 он Өрх бүрт шуудан хөтөлбөрийг Засгийн газрын 126 тоот тогтоолоор батлуулав. Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем / ITPS /-ийг нэвтрүүлэв. Дотоод шуудангийн логистик системийг нэвтрүүлсэн. 2012 он Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж, Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолоор тус газрын нэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болов. 2013 он Ухаалаг шуудангийн хайрцаг нэвтрүүлэв. “Шуудангаар үйлчлэгч болон шуудан тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”ын төслийг шинэчлэн Ерөнхий сайдын захирамжаар батлуулав. 2014 он. “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн давуу эрхийн бүс тогтоох тухай захирамжийг Ерөнхий сайдаар батлуулав. 2015 он Гибрид шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэв. Зар сурталчилгааны материалыг хэвлэл захиалагчид болон шуудангийн хайрцаг эзэмшигчдэд, зорилтот хэрэглэгчдэд хямд зардлаар гарт нь хүргэх Директ үйлчилгээг эхлэв. www.mongolstamps.mn, www.postnews.mn цахим хуудсаар дамжуулан дэлхийн хаанаас ч монгол маркийг худалдан авах, хэвлэл сэтгүүлээ захиалан хүргүүлэх үйлчилгээг нэвтрүүлжээ. 2016 он Монгол шуудан ТӨХК хувьцаат компани болов. 2017 он Буухиа шууданг 116 улстай солилцож эхлэв. Санхүүгийн посын систем нэвтрүүлж, зураасан код ашиглаж эхлэв. Банкны харилцагчдын картыг хүргэлтээр хүргэх ажлыг зохион байгуулав. Postshop төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэв. Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүртгэл хяналтын IPS2014 системийг шинэчлэн өргөтгөв. Төрийн байгууллагуудын хооронд дамжиж буй албан бичгүүдийг өдөрт нь хүргэхээр А бүсийн хүргэлтийг нэвтрүүлсэн. 2018 он Аймгийн шуудан үйлчилгээний газруудад кассын ПОС-ын системийг амжилттай нэвтрүүллээ. БНХАУ-ын Эрээн хот- Улаанбаатар чиглэлд гүний гаалийн итгэмжлэгдсэн тээврийн үйлчилгээг захиалгын дагуу үзүүлж эхлэв. ХУР цахим системд холбогдож, “Цахим үйлчилгээний нэгдсэн төв”-үүдийг байгуулж, орон нутгийн иргэдэд цахим үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Логистикийн бүртгэл хяналтын “My delivery” цогц системийг нэвтрүүлж, онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээг эхлүүлэв. Засаг, захиргааны нэгжийн өөрчлөлттэй уялдуулан Бүсчлэлийн кодыг шинэчлэн боловсруулж, Ерөнхий сайдын 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаар захирамжаар шинэчлэн батлуулав. “Шуудангийн илгээмжийг хаяглах гарын авлага”-ыг Дэлхийн шуудан холбооны S42 стандартад тулгуурлан боловсруулав. 2019 он “Эрдэс баялагийн бус экспорт, импортыг дэмжих, шуудангийн логистикийг хөгжүүлэх Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-г Оросын шуудангийн байгууллагатай байгуулав. БНХАУ-аас ОХУ руу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх хамтын ажиллагааг дахин эхлүүлэв. Дотоод шуудангийн ялган боловсруулах төвийг шинээр нээлээ. Үндэсний дата төвтэй хамтран төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийг Монгол Улсын бүх суманд байгуулав. Дэлхийн шуудан холбооны есдүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар батлуулав. Транзит үйлчилгээний мэдээлэл солилцоо, бүртгэл хяналтыг сайжруулах зорилгоор улс хоорондын шуудангийн мэдээлэл солилцох ITMATT системийг хэрэгжүүлж эхлэв. Гараас гарт хүргэлт үйлчилгээний систем, хүргэгчийн аппликейшн хэвтрүүлэв. 2020 он Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэв. Дэлхийн шуудан холбооны аравдугаар нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар батлуулав. Бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлнэ 2022.10.27 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор өнгөрсөн Мягмар гарагт хамтарч ажиллах талаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2022.10.27/ төр, хувийн хэвшлийн нийт 30 орчим байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Уулзалтад “Газар, үл хөдлөх хөрөнгийн хаягжуулалт- Орон зайн өгөгдлийн дэд бүтэц” чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас танилцуулга, мэдээлэл хүргэж, эл сэдвийн хүрээнд хаягжилтын хэрэгжилтийн одоогийн явц, асуудал, бэрхшээл юунд байгаа болон гарц шийдлийн талаар оролцогчид санал солилцож, ойлголтоо нэгтгэн ажлын хэсэг байгуулахаар боллоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Монгол Улсын Засгийн газар Цахим Үндэстэн болох зорилт дэвшүүлсэн хэдий ч иргэдээс ирүүлж буй гомдол, саналын 70% нь төрийн хүнд суртал, байгууллага хоорондын уялдаа, холбоо хангалтгүйд байна. Хаягжилттай холбоотой Засгийн газрын тогтоол гарсан ч хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хаяг бүр өөр, иргэд алийг нь хэрэглэхээ мэддэггүй. Өнөөдөр тодорхой шийдэлд хүрч, салангид явж ирсэн кодуудыг нэгтгэж, кодын нэгдсэн нэг ойлголтод хүрэх, мэдээллийн нэгдсэн нэг сантай болж “open data” болгох, шаардлагатай бол зип кодыг бүртгэлийн байгуулагад нь өгөх талаар дурдаад, иргэд маш энгийн зүйл хүсч байгаа. Амьдралын шаардлага байхгүй болохоор иргэд пост код, зип кодоо хэрэглэж мэдэхгүй байна. Нэг системд орж иргэдэд хандах кодоо нэг болгох талаар онцолсон юм. Хамтарсан уулзалтын үр дүнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Барилга, хот байгуулалтын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаал гарч, ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажлын төлөвлөгөөг танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий

ҮЙЛ ЯВДАЛ Ханнес Асток: Бидэнд Монголын туршлагаас суралцах зүйл их бий 2022.04.08 Эстонийн Ерөнхийлөгчийн зөвлөх, тус улсын “Цахим Засаглал” академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток Монгол Улсад айлчлах үеэр www.gogo.mn-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Дэлхий дахинд e-estonia гэгдэх болсон Эстони улс цахим засаглалыг хэрхэн хөгжүүлж шагшигдах болсон бэ. Эстонийн Засгийн газар цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн нууц нь юунд оршдог вэ? -Эстонийн дижитал шилжилтийн бодлого 25 жилийн өмнөөс эхтэй. ЗХУ задарсны дараа буюу 1991 онд Эстони тусгаар улс болсон. Тухайн үед төр засагт хүн амын тоо, иргэдийн хувийн өмчийн бүртгэл гэх зэрэг ямар ч мэдээлэл байгаагүй. Иймээс хүн амын тооллогыг дахин явуулахаар болов. 1990-ээд оны эхэнд Засгийн газрын сайдууд бүгд шижигнэсэн залуус байлаа. Тухайлбал тухайн үеийн Ерөнхий сайд 33 настай байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах эрс шийдэмгий алхам хийж, тусгай хөтөлбөр боловсруулсан. Тус хөтөлбөрийн гол зорилго нь нэгдсэн мэдээллийн санг шинэчилж, цахимжуулахаас гадна төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхэх байдлыг халах, иргэдийг бичиг баримт хөөцөлдөх ажлаас бүрэн салгахыг хүссэн. Үүний үр дүнд өнөөдөр иргэд төрийн бүхий л үйлчилгээг суурин компьютероос авах боломж бүрдсэн. 25 жилийн өмнө дижитал шилжилт, цахим засаглал гэдэг ойлголт байгаагүй ч Засгийн газар ирээдүйд цахим ертөнц эрчээ авна хэмээн итгэсэн нь өнөөдрийн энэ үр дүнд хүргэсэн юм. -Дижитал шилжилтийг ямар үе шаттайгаар хэрэгжүүлсэн бэ? -1997 онд e-estonia хөтөлбөрийг эхлүүлсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд дэд бүтэцдээ дөрөөлөн 2000 оноос төрийн цахим үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Тухайлбал, 2000 онд Засгийн газар E-Cabinet болж, цаасгүй хуралдаж, сайдууд холбогдох материалуудтай цахимаар танилцан, саналаа хаанаас л бол хаанаас илгээх боломж бүрдсэн. Мөн E-Tax Board системийг нэвтрүүлснээр хүмүүс татвараа цахимаар мэдүүлэх болсон. Өмнө нь татварын мэдээллийг цуглуулахын тулд 250 хүн нэг сар болгон ажилладаг байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсын татварын харилцааны 99 хувь нь цахимаар явж, иргэд таван минутад татвараа мэдүүлж, татварын буцаалтаа тав хоногт эргүүлж авдаг. 2002 оноос иргэн бүр ID Card буюу цахим үнэмлэхтэй, үүний хамт иргэн бүр өөрийн гэсэн албан ёстой имэйлтэй болсон. Тус и-эйлээр Засгийн газраас мэдээлэл илгээнэ. 2002 онд E-Kool буюу цахим сургуулийн үйлчилгээ, 2005 онд i-Voting үйлчилгээг нэвтрүүлж сонгуулийг цахимаар өгдөг болсон юм. Мөн E-Police, E-Health E-Court, E-Law, M-Parking /Mobile Parking/ үйлчилгээг цахимжуулсан. -Цахим шилжилт Эстонийн төрийн бүтээмж, эдийн засагт хэрхэн нөлөөлсөн вэ? -Эстонид иргэд төрийн байгууллагын үйлчилгээг уламжлалт аргаар авахын тулд ирж, очих, дараалалд зогсох гээд ойролцоогоор 23.5 цагийг зарцуулдаг байсан. Харин төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд гэртээ суурин компьютероор нэвтрэн орж, 30 минут л зарцуулдаг болсон. Дээр дурдсанчлан өнөөдөр Эстонид иргэн бүрийн бүх мэдээлэл нэгдсэн санд байдаг. Ингэснээр төрийн бүх байгууллага түүнийг нь авч ашигладаг бөгөөд иргэдийг бичиг баримттай хөөцөлдөх ажлаас бүрэн салгаж чадсан. Дижитал шилжилтийн хүрээнд манай улс өнөөдрийг хүртэл нэг тэрбум тоон гарын үсгийг иргэддээ олгосон бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахимаар авснаар хоёр тэрбум еврог хэмнэсэн судалгаа бий. -Таны хувьд Монгол Улсад гурван жилийн өмнө айлчилж, e-Mongolia системийн эхлэлийг тавьж байсан. Тухайн үед Монголын нөхцөл байдал ямар байсан вэ? -Цахим засаглалыг хөгжүүлэхэд бодлого, стратеги, дэд бүтэц, технологи, иргэдийг цахим хэрэглээнд сургах гэсэн гурван хүчин зүйл маш чухал нөлөөтэй. Гурван жилийн өмнө намайг анх ирж байхад цахим засаглал, дижитал шилжилтийг Монголын төр засгийн зүгээс дэмжиж буйг анзаарсан. Манай улсын “Цахим Засаглал”-ын академи нь дэлхийн олон улсад сургалт, семинар явуулдаг. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд төр засгийн дэмжлэггүй бол аливаа улсад цахим шилжилт хийх хэцүү гэдгийг ойлгосон. Энэ тал дээр Монголын Засгийн газар цахим шилжилт хийх үйлсэд манлайлал үзүүлсэн нь авууштай. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар цахим шилжилт хийхэд цар тахлын нөхцөл байдлыг овжин ашигласан гэхэд болно. Хөл хорионы үед иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авах боломжийг нь бүрдүүлж өгсөн байсан. Өнөөдөр Монголд гар утастай, интернеттэй хүн e-Mongolia системийг ашиглах боломжтой. -E-Mongolia системийг хөгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд өнөөдөр монголчуудын хамгийн их хэрэглэдэг аппликейшны нэг болсон. Монгол Улсын цахим шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ? -E-Mongolia системийг хөгжүүлэх ажлын эхлэлийг 2019 оны арванхоёрдугаар сард Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн хамт тавьж байсан. Өнөөдрийн байдлаар e-Mongolia системд төрийн 60 гаруй байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн байна лээ. Монгол Улс төрийн үйлчилгээгээ эрчимтэй цахимжуулж байна. Гэсэн хэдий ч миний ажигласнаар төрийн зарим нэг үйлчилгээг нэгтгэх, багасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн технологийн боловсрол маш чухал. Цахимжуулсан үйлчилгээг иргэд авахад хялбар болгох, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Иймээс энэ чиглэлд хамтран ажиллана гэж найдаж байна. -Эстонийн “Цахим Засаглал”-ийн академи Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх вэ? -Дижитал боловсрол, кибер аюулгүй байдал, төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах хүрээнд солилцооны хөтөлбөр зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ ташрамд хэлэхэд бид Монгол Улстай хамтран ажиллахад маш баяртай байгаа. Учир нь зөвхөн бид монголчуудыг цахим засаглалд шилжихэд сургаж байгаа биш Эстони улсын хувьд ч Монголын туршлагаас суралцах зүйл их бий. Манай улсад төрийн үйлчилгээг зөвхөн суурин компьютероос авах боломжтой. Харин Монгол Улсын хувьд суурин компьютероос гадна төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой болгосон явдал нь олон улсад сайн жишиг болж буй. Хэдэн сарын өмнө Эстонид төрийн үйлчилгээг гар утаснаас авах талаар хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд энэ салбарт тэргүүлж буй улсын жишээгээр би Монгол Улсыг дурдсан. -Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарласан. Өнөөдөр технологи манай хөгжлийн гарцыг тодорхойлно гэж ярьж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд цахим шилжилт ямар нөлөө үзүүлнэ гэж та харж байна вэ? –Мэдээж цахим шилжилт эдийн засагт маш чухал нөлөөтэй. Цахимжилт эдийн засгийг солонгоруулах нэг бас нэг боломж. Үүний тулд дээр дурдсанчлан мэдээллийн технологи хэрэглээг нэмэгдүүлж, иргэдийг технологийн мэдлэгтэй болгох нь мэдээлэл, харилцаа холбооны салбар хөгжих, цаашлаад цахим засаглалтай болох үндэс суурь болж өгнө. Тухайлбал мэдээлэл технологийн хичээлийг ерөнхий боловсролын сургуульд арай өөр түвшинд орох асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Миний ажигласнаар төр болон хувийн хэвшлээс гадна бүх салбарт IT инженерүүдийн хэрэгцээ маш их байгаа. Иймээс Монголын мэдээлэл технологийн эко орчныг сайжруулж өгөх хэрэгтэй.   Нэг зүйлийг онцлон хэлэхэд цахим шилжилт гэдэг бол удаан хугацааны үйл явц. Мөн байнгын шинэчлэлийг шаардаж байдаг. Эрх баригчдын зүгээс цахим шилжилтэд нэг

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох “Шилэн” ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нартай онлайн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Салбарын Улсын ерөнхий байцаагч С.Ганзориг: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн “Хаалттай”, “Хязгаарлалттай” гэж заасан мэдээллээс бусад олон нийтэд нээлттэй, ил тод болгох шаардлагатай мэдээллийг ил болгож, байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар чиглэл өгөв. Мэдээллээ үнэлж ирүүлээгүй 12 аймаг, мөн мэдээлэл ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийн шаардлага хангаагүй, мэдээлэл дутуу 9 аймагт хугацаатай үүрэг өгч ажиллалаа. 2023.04.05