Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Бусад мэдээ

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг цогцоор олгох зорилго бүхий “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний шилдгүүдээр: Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн “Мэлмийт” баг Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “123” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн “Six оf wands” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “Arete” баг Тусгай байр: Elpis, Эх сурвалж, Ойлан, Лоббизм багууд шалгарч, “Шилдэг илтгэгч”-ээр “Elpis” багийн Б.Отгонгүнж шалгарсан юм. Өсвөр үеийнхэн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилчдын цахим орчин дахь зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах талаар ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Старлинк-д тусгай зөвшөөрөл олгож, Монгол орны өнцөг булан бүр өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдлээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Старлинк сервисес Монголиа” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг гардууллаа. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бид салбарын бизнесийн бодлогын орчинд салхи оруулж, олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, иргэд, бизнесийн байгууллагуудад харилцаа холбооны шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэхээр ажиллаж байна. Бодлого, зохицуулалтын орчин тодорхой болсонтой холбогдуулан энэ салбарын бизнесүүд үйл ажиллагаа явуулахад саадгүй болж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон. Удалгүй Starlink Service Mongolia ХХК нь 2023 оны 6 дугаар сард ХХЗХ-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон сансрын үйлчилгээнд KU зурвасын радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг гаргасан бөгөөд ХХЗХ нь хуулийн хугацаанд үнэлгээг хийж 2023 оны 7-р сарын 4-ний хорооны хуралдаанаар 2 тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргалаа. Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна. Старлинк компанийн Ази номхон далайн бүсийн тусгай зөвшөөрөл болон зах зээл хариуцсан менежер Шарон Занг: Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхээ гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс манайх шиг ийм компаниудад нээлттэй бизнес эрхлэх, зохистой орчинг нь бүрдүүлэхэд хурдтай, шуурхай ажилласан талархалтай байна. Мөн ХХЗХ-ныхонд баярлаж байгаагаа илэрхийлье. Бид Монгол улсын иргэдэд өндөр хурдны интернэтийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлаж байна. Тус компани нь USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.

E-Mongolia, E-Kids системд үнэгүй нэвтэрч, үр хүүхдээ хамгаалаарай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо. Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өнөөдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ. Төрийн цахим үйлчилгээний 1,6 сая хэрэглэгчтэй E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг нээн яаралтай горимоор 7 хоногт багтаан нээнэ. Огцом өсч буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах шийдэл нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг түгээмэл жишээ нь Googel family Link апп юм. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд аль хэдийнээ энэ аппликэйшнийг хэрэглэж хэвшээд байна. E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна. ​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нэг талаас иргэнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Нөгөө талаас насанд хүрэгсэд, ээж аавууд бид цахим гэмт хэрэг, жигшүүрт хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” гэж мэдэгдээд байсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх үүд хаалгыг нээж, нийгмийн хариуцлагын өндөр ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа ирээдүй эзэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.