НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн онд хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх боломж, нөхцөлийг хангахад чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран ажилласанд дахин талархсанаа илэрхийлсэн юм. Уулзалтаар ЦХХХЯ-ны зүгээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Найз байя” нөлөөллийн аяны хүрээнд хамтран ажиллах, мөн харилцаа холбооны дэд бүтэц холбогдоогүй хөдөө орон нутаг, алслагдсан сум сууринд интернэт хэрэглээг хүргэх, гамшиг болон онцгой байдлын үед өндөр хурдны интернэтийн үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын алслагдсан бүсийн сургууль, хүүхдийн эмнэлгүүдэд нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс ЦХХХЯ-наас тавьсан дээрх санал, чиглэлүүдийг бүрэн дэмжиж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо Read More »