АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ
Oracle корпораци нь Америкийн Нэгдсэн Улсын Техас мужийн Остин хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан компьютерын технологийн корпораци бөгөөд 2020 онд орлого, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн гурав дахь том программ хангамжийн компани болсон өгөгдлийн сангийн программ хангамж, технологи, үүлэн инженерчлэлийн системүүд болон программ хангамжийн бүтээгдэхүүн борлуулдаг корпораци юм. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Oracle корпорацийн төрийн байгууллага хариуцсан захирал Иван Тимофеев тэргүүтэй төлөөлөлтэй өнөөдөр /2023.04.05/ албан уулзалт хийж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсад Oracle өгөгдлийн санг ашигладаг төрийн олон байгууллага байдаг талаар онцлов. Уулзалтаар Oracle өгөгдлийн санг ашиглаж буй Монгол Улсын төрийн байгууллагуудад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болон төрийн байгууллагын программ хангамжийн хүний нөөцийг үе шаттай бэлтгэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Oracle өгөгдлийн санг Үндэсний дата төв, Татварын ерөнхий газар, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг цөөнгүй байгууллагууд ашигладаг бөгөөд Үндэсний дата төв нь 2014 оноос Oracle, Exadata X4 engineered системийг төрийн мэдээллийн үндсэн болон суурь мэдээллийн сангууд дээр ашиглаж эхэлсэн. 2021 оноос эхлэн Oracle Exadata X8M-2 engineered системийг ашиглаж байна. Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 06 дугаар сард зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд Oracle компаний төлөөллийг оролцохыг урилаа.
АНУ-ын ORACLE корпорацийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ Read More »