Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Enkhtsolmon Enkhbayar

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ

Сан Францискогийн “Otherlab” стартап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скутер бүтээжээ. Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батерейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна. Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нарны зайн хавтан нь скутер унаж буй хүний хөлөнд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юмэ 4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой. Эх сурвалж: Technology innovation

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ Read More »

Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ

НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс энэ онд 193 орноос 46 дугаар байрт эрэмбэлэгджээ. Тус үзүүлэлтээр 2022 онд 74 дүгээр байрт жагссан бол 2024 онд 28 байраар урагшиллаа. Гэвч төрөөс үзүүлж буй үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байна вэ, иргэдийн хэрэгцээг хангаж чадаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг эргэн харах шаардлага бий. Учир нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд  зөвхөн хуулийн шинэчлэл хангалтгүй юм. Төрийн байгууллагын бүтэц, институц, хүний нөөц зэрэг өргөн хүрээнд авч үзэн, реформ хийх асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн өнөөдрийн хурлаар хэлэлцлээ. Ингэснээр “Төрийн байгууллагын бүтцийн дахин шинэчлэл”-ийг хийх юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал хөгжлийг түүчээлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, иргэд e-mongolia платформоор дамжуулан төрийн үйлчилгээг цахимаар авах боложийг бүрдүүлсэн. Мөн цахим шилжилтийг орон нутагт хэрэгжүүлж “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг гаргасан. Одоогийн байдлаар Дархан-Уул, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжээд байна. Цаашид бусад аймагт нэвтрүүлэхээр ажиллаж буй. Түүнчлэн эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг бүхий л салбарын цахим шилжилтийг хурдасгах зорилгоор үе шаттай уулзалт зохион байгуулж байна. ЦХИХХ-ны сайдын зөвлөх М.Тулгат “Цахим шилжилт хэмээх нэрийн дор хоорондоо уялдаагүй системийн хөгжүүлэлт хийгдэж байна. Тиймээс төрийн үйл ажиллагааг цахимжуулахад нэгдсэн загвар, дизайн гаргах шаардлага бий. Төрийн үйлчилгээ, цахимжилтад дахин инженерчлэл хийх, хөгжүүлэх тухай яригдаж байна. Мөн платформ хөгжүүлэлтийг цаашид аваад явах төрийн албан хаагчийн чадвар, удирдлагын менежментээс хамаараад тухайн платформыг ашиглахгүй байх, дата бүрддэггүй зэрэг асуудлууд гардаг. Тиймээс төрийн албан хаагчдын цахим  ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” хэмээн ярилаа. ЦХИХХЯ шинэ бүтцээ баталж, Дахин инженерчлэлийн нэгжтэй болсон. Тиймээс Засгийн газрын 36 агентлагт процессын дахин инженерчлэлийг хийхийн тулд шилжилтийн хугацааг тооцох, мөн энэхүү шинэчлэлийг нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг хийх үү эсвэл асуудал ихтэй яам, агентлагаас эхлэх үү гэдгээ тодорхойлох шаардлагатай. Улмаар хувийн хэвшлийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах асуудал ч хөндөгдөнө. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Агентлаг байгуулагдаад нэг жилийн хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”, хувийн хэвшлийн байгууллагтай хамтран жижиг дунд үйлдвэрийн газарт процессын дахин инженерчлэл хийсэн. 35 хүний нөөцтэй жижиг агентлагт үүнийг хэрэгжүүлэхэд 2 сар 15 хоног зарцуулсан. Энэ хүрээнд ЖДҮГ-аас 7-8 байгууллага руу явж бүрдүүлдэг байсан материалыг цахимаар шийдэх боломжийг олгосон. Энэ мэтчилэн шинэчлэл хийх 36 агентлаг бий. Мөн 21 аймгийн мэдээллийг нэгтгэхээр ажиллаж байна. Үүнээс 18 аймаг нь мэдээллээ ирүүлж, 6391 үйлчилгээ үзүүлж буй статистик гарсан. 36 агентлагаас 755 үйлчилгээний жагсаалт ирсэн. Үүнээс цахимжих боломжтой, боломжгүй үйлчилгээнүүд ч бий. Энэ бүгдийг нарийвчлан судалж, ангилах шаардлага үүссэн” гэж онцлов. Үүний зэрэгцээ, тус яам нь Дэлхийн банктай хамтран “Ухаалаг засаг-2” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн 100 үйлчилгээнд цахим үйлчилгээний нэгдсэн стандарт нэвтрүүлэхээр зорьж буй. Тухайлбал, e-mongolia системд төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, шийдэх бус, яам, агентлаг, төрийн статустай байгууллага бүр тодорхой шаардлага хангасан үйлчилгээг нэгдсэн стандартын дагуу нэвтрүүлэх тухай хөндлөө. Учир нь хоорондоо ямар ч уялдаагүй, төрийн байгууллага бүр өөрийн үйлчилгээгээ иргэдэд санал болгодог ийм замбараагүй байдал үүсжээ. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр “Манай байгууллага 2023 онд байгуулагдсан. Энэ хугацаанд “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв” болон зарим яам агентлагтай хамтран дахин инженерчлэл хийсэн. Гэвч 1992 онд батлагдсан анхны Үндсэн хуульд үндэслээд бүтэц, төрийн байгууллагын чиг үүрэг, хүний нөөцийн бодлого анхны зарчим өнөөдөр ч огт өөрчлөгдөөгүй. Тиймээс иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байх, өргөдөл гомдлыг нь цаг алдалгүй шийдвэрлэх, шийдвэр гаргалт, хүний нөөцийн бодлого хаана алдагдаж байна, чиг үүргийн чадамжийг үнэлэх, дүгнэх, хамтарч ажиллах, төрийн бүтээмжийг үр ашигтай, хүртээмжтэй байлгах чиглэлд уялдаатай шийдвэр, бодлогыг хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Үүн дээр НҮБ, Дэлхийн банк, Олон улсын зөвлөхтэй хамтран ажиллаж байна. Удахгүй аль чиглэлээр явах нь үр дүнтэй эсэх нь тодорхой болно” гэлээ. Төрийн чадамжийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, төрийн үндсэн үүргийг алдахдуулахгүйгээр шинэчлэх  нь чухал. Энэ хүрээнд төрийн байгууллагыг цомхон болгох асуудал ч хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн.   Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн байгууллагын бүтцийн шинэчлэлийн хүрээнд зөвхөн албан хаагчдыг ярих бус төрийн байгууллагын тогтолцоо ямар түвшинд байх, төрөөс ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн системээ хэрхэн шинэчлэх тухай хөндөх шаардлага бий. Одоогийн байдлаар Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч 10 гаруй чиг үүргийг хэрэгжүүлж байна. Тиймээс хүний нөөцийн мэдээлэлд аудит хийж, нийт төрийн албан хаагчдыг бүртгэх цахим системийг бий болгоод байна” гэж онцлов. Засгийн газрын Хүний нөөцийн газрын хэлтсийн дарга Ж.Гантулга “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, бүтцийн өөрчлөлтийг ярихаас өмнө төрд ямар ур чадвар нөөц байна вэ гэдгийг эхэлж тодорхойлох хэрэгтэй. Төрийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж бага байхад нөгөө талдаа төрийн үйлчилгээ сайн гээд дүгнээд байж болохгүй. Төрийн албан хаагч, хүний нөөцийн бодлогыг тодорхойлохдоо гүйцэтгэлийн үр дүнг тодорхойлдог байх, их өгөгдөлд суурилсан хүний нөөцийн бодлогыг дүгнэх шаардлагатай. Гэтэл төрийн байгууллагын хүний нөөцийн мэдээлэл шинэчлэгддэггүй, архивын шинжтэй байдаг. Ялангуяа боловсролын чиглэлийн мэдээлэл огт байдаггүй. Мэдээллээ өөрсдөө шалгадаг, мэдээлэл нь шинэчилэгдээгүй бол хүний нөөцтэйгөө ярьж, өөрчлөлт оруулдаг байх процесс огт алга. Тиймээс их өгөгдлийн мэдээллийг шинэчлэх зорилгоор өнгөрөгч зургадугаар сард систем нэвтрүүлсэн. Түүнчлэн төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг хийхийн тулд ЗГХЭГ, Койкатай хамтран 2023-2025 онд төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх, удирдах ажилтны чадварыг сайжруулах, гүйцэтгэлийн үнэлгээний шинэ системийг нэмэгдүүлэхээр зорьсон” хэмээн ярилаа. Ордны баруун жигүүрээс зүүн жигүүр рүү бичиг баримт очих гэж 8 дамжлага дамжиж, сар орчмын хугацаа зарцуулж байна. “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй энэ үед цахим шилжилт хийхэд хөтлөх 109 хуулиа “амилуулах” тухай ч ярилаа. Цаасаар харилцдаг хуучин соёлыг халж, Засгийн газраас гаргасан шийдвэрийг амьдрал дээр хэрэгжүүлэх, төрийн бүх салбарт бүтээмж нэмэгдүүлэх, Төрийн албанд реформ хийх тухай хөндөв. Профессор, МУИС-ийн Бизнес сургуулийн захирал Н.Батнасан “Бүтцийн шинэчлэл хийхээс өмнө энэхүү шинэчлэлийн систем нь Олон улсад хөрвөх чадвартай эсэхийг тодорхойлох нь чухал. Жишээлбэл, ГЕГ-ын системийг гурван удаа шинэчилсэн боловч ашиглаж чадахгүй байна. Шинэчлэлийн системээ  гадаадын мэргэжилтнүүдээр хийлгэж, өнөөх нь нутагшдаггүй. Тиймээс өөрсдөө эх кодоо бүтээх, хийх шаардлага байна. Мөн төр цомхон бүтэцтэй бизнесийн зарчмаар ажилладаг корпорац шиг болох. Түүнчлэн төрд санах ой, уураг тархи алга. Төрийн байгууллага Их дээд сургуулийг түшиглэсэн “Тинк Танк” байгуулах, Их сургуулийн эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн ярилаа. Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвөөс төрд байгаа их өгөгдөлд анализ хийсэн. Тус судалгаагаар төрийн албанд голч дүн багатай хүмүүс үлдэж, өндөр голч дүнтэй мэргэжилтнүүд ажлаас гардаг нь харагдсан” хэмээн ярив. Түүнчлэн төрийн байгууллагууд лицензтэй програм болох “0ffice 365” ашиглах, улмаар

Төрийн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлнэ Read More »

Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд БНХАУ -д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд найман төрлийн баримт бичиг байгууллаа. Тодруулбал, “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-импорт банк хоорондын  тусгайлсан зээлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурав. Энэхүү тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар нийт 20,9 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэнэ. Улмаар харилцаа холбооны дэд бүтцийг шинэчлэх, сумдыг шилэн кабелиар холбох төслийг санхүүжүүлж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны салбар байгууллага болох “Мэдээлэл, холбооны сүлжээ” ХХК хэрэгжүүлэх юм. Жилийн тогтмол 2 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх бөгөөд эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. 

Харилцаа холбооны дэд бүтцийг шинэчилж, сумдыг шилэн кабелиар холбоно Read More »

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь Улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна. Тодорхой хэлбэл, Sun-Ways компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм. Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой. Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна. Эх сурвалж: Esg.news

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина Read More »

“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюунд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд БНХАУ-ын Шанхай хотноо болох “Хятадын олон улсын импортын VII экспо”-д оролцох айчлалын хүрээнд “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болов. Улмаар хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж, эрчимжүүлэхийн тулд 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа. “Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой. “Huawei”  компани нь 170 гаруй улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.

“Huawei” компанитай хамтарч ажиллах Ажлын хэсгийг Ц.Баатархүү ахална Read More »

Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг таксины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation”  старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч юм. Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй.  Ямар чимээгүй ажиллах зориулалттай eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай. Өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид амжилттай туршсан. АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү чимээгүй ажиллагаатай. Энэ нь хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна. “Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх болно” хэмээн онцлов. Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус компанийн уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. eVTOL нь хотын түргэн шуурхай, хотын дамжин өнгөрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг ирээдүйг бий болгоно. Эх сурвалж: Никкей Асиа

Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ Read More »

Техникийн зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд мэргэжлийн техникийн зөвлөх үйлчилгээнд оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. “ХУР” систем нь байгууллага хоорондын уялдаа холбоог шинэ шатанд гаргаж, төрийн үйлчилгээг төвлөрсөн удирдлагатай, тасралтгүй үйл ажиллагаатай платформоор дамжуулан иргэд, аж ахуйн нэгжийн хүртээмжийг хөнгөвчлөх зорилготой төрийн мэдээллийн нэгдсэн систем юм. “Ухаалаг Засаг-2” төслийн хүрээнд ЦХИХХЯ нь ХУР системийг тархмал архитектурт шилжүүлэхээр зорьж байгаа бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй үйлчилгээ бүхий мэдээлэл хангагчдад систем, техник хангамжийг байршуулах юм. Ингэснээр үндсэн системийн ачааллыг тэнцвэржүүлж, саатал гарсан тохиолдолд тархмал мэдээлэл нийлүүлэгчдийн үйлчилгээг ашиглан хэвийн тасралтгүй ажиллагааг хангах зорилготой.  Тус системд техникийн болон функционал шинжилгээ хийх, архитектурын болон шийдлийн зураглал гаргаж тархмал бүтэцтэй системийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, тасралтгүй ажиллагаагаар хангах  мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд урьж байна. Дэлгрэнгүй мэдээллийг: Ухаалаг засаг-2 төсөл: https://www.smart.gov.mn/en/english-2-2-2-2-request-for-expression-of-interest/ Дэлхийн банк: https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00317035?cid_tracking_parameter=WBW_AL_whatsnew_EN_EXT авна уу. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Самбуугийн гудамж, Сити капитал оффис, 3 давхар, 301 тоот, Улаанбаатар хот, Монгол Улс Утас: (976)-51-261268

Техникийн зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна Read More »

Meta хувьцааны өсөлтөөрөө технологийн компаниудаа тэргүүлж байна

Технологийн компаниудын түүчээлэгчдийн нэг Microsoft, Meta 3-р улирлын тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тэдний хувьцааны ханш санхүүгийн шинжээчдийн таамагласан өсөлтийг үзүүлсэн ч бусад компаниудтай харьцуулахад бууралттай байна. Тодруулбал, IBD-ийн тэргүүлэгчдийн самбарын жагсаалтыг Nvidia, Meta болон DoorDash хувьцаа нь түүчээлсэн хэвээр байгаа аж. Microsoft-ын хувьцаа нь IBD-ийн урт хугацааны удирдагчдын жагсаалтад багтсан бол Nvidia, Meta болон Ryan хувьцаа IBD 50 дээр байна. Microsoft компанийн орлого 1-р улирлын үзэлтээс давж, түүний Azure үүлэн тооцоололын орлогын өсөлт таамаглалаас 33 хувиар өслөө. Тус компани 2025 оны санхүүгийн жилд 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг хиймэл оюуны техник хангамжид зарцуулахаар төлөвлөжээ. 2024 оны санхүүгийн жилд 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол ийнхүү хоёр дахин нэмэгдэх нь. Microsoft-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) 3.30 ам.доллар, орлого нь 65.6 тэрбум ам.долларт хүрчээ. Харин Meta-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) нь 6.03 ам.доллар, орлого нь 40.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас өндөр байв. Гэвч өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн үзэлт бага зэрэг буурчээ. Мета нь бүтэн жилийн зардлаа багасгаж, хөрөнгийн зарцуулалтыг нэмэгдүүлж, “2025 онд хөрөнгийн зардлаа өсгөнө” хэмээн мэдээллээ. Пүрэв гарагийн орой Amazon.com (AMZN) болон Apple (AAPL) компаниуд тайлангаа гаргана. Үүнээс Microsoft болон Meta-д зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах үлдлээ. Meta-ийн хувьцаа энэ онд 66 хувиар өссөн бөгөөд AI салбарт Google, Microsoft, Amazon-той өрсөлдөх томоохон компани юм. Сүүлийн 3 сард Meta-ийн хувьцаа 26 хувиар өссөн бол Amazon 25, Google 21, Microsoft 15 хувийн өсөлт үзүүлжээ. Эх сурвалж: www.investors.com

Meta хувьцааны өсөлтөөрөө технологийн компаниудаа тэргүүлж байна Read More »

Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд: ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “БНКУ-ын ЦХИСАҮЯ болон Монгол Улсын ЦХИХХЯ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Нэгдүгээрт, Монгол Улсад дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Казахстан Улсаас суралцах хамгийн том туршлага бол хөрөнгө оруулагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлсэн. “Астана хаб”-д дэлхийн олон орноос гарааны бизнесүүд бойжиж байна. Монгол Улс дижитал бизнесийг бий болгох, гарааны бизнесийг хамгаалахын тулд Төв Ази болоод Азийн орнуудад гарцтай байх, мэдээллийн технологийн салбарын экспортыг нэмэгдүүлэхийн тулд инновац, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах шаардлага бий. Энэ хүрээнд гарааны бизнесийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх, виртуал бүсэд найман төрлийн татварын бус хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хоёрдугаарт, Сансар судлалын чиглэлд БНКУ арвин туршлагатай. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх санамж бичгийг байгууллаа. Ингэснээр барилга, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 гаруй цаг тутамд тасралтгүй авах, технологийн дэвшил бий болно” хэмээн ярилаа. БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн сайд Ж.Х.Мадиев “Өндөр дээд түвшний айлчлалын үеэр Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд бид дижитал эдийн засаг, хиймэл оюун, нэн шинэ технологиудын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Монгол Улс цахим шилжилтийн салбарт амжилттай хөгжиж байгаад бидний зүгээс баяртай байгаа бөгөөд цаашид дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахдаа таатай байна” хэмээн онцоллоо. 2027 ОНД ТАНДАН СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ Энэ үеэр БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК болон Монгол Улсын “АйСиТи Групп” хооронд тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. ЦХИХХЯ хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд нээлттэй хамтран ажиллаж байна.  ICT группын ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн “Монгол, Казахстан Улс хооронд нэлээд том хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байна. Энэ бол Монгол Улсад анх удаа хувийн хэвшил санаачлаад, БНКУ-ын “Казакстан Гарыш Сапары” ХК-тай хамтран, ажиглалтын хиймэл дагуулыг хөөргөх гэж байна. Энэ нь эдийн засгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болж, хиймэл дагуулыг захиалгаар хийлгэж, 2027 онд хөөргөхөөр бэлдэж байна” хэмээн ярилаа.

Гарааны бизнесийг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна Read More »

Технологийн компаниудын нөлөөгөөр “S&P 500  Index” 47 удаа рекордоо шинэчилжээ

Хиймэл оюуны хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр “Apple”, “Microsoft”, “Alphabet”, “Amazon”, “Nvidia”, “Meta” компанийн хувьцаа эрэлт ихтэй байна. Эдгээр компанийг технологийн салбарын “Их-6” хэмээн нэрийдэх болжээ. Санхүүгийн шинжээчид дээрх компаниудын хувьцааг эргэлзэлгүй авахыг зөвлөдөг боллоо. Тодорхой хэлбэл, “S&P 500  Index” 2024 он гарснаас хойш 47 удаа рекордоо шинэчлэн тогтоогоод байна. Өмнө нь дээрх компаниудын хувьцааны өсөлт, эрэлт ийм өндөр хувиар давамгайлж байгаагүй юм. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард “ChatGPT” танилцуулагдсанаас тус компаниудын нийт үнэлгээ 8.2 их наяд ам.доллароор нэмэгджээ. Тухайлбал, Тайвань гаралтай Америкт бүртгэлтэй чип үйлдвэрлэгч “Nvidia” өнгөрөгч зургадугаар сард зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийн хамгийн том компани болсон. Харин “Microsoft” өнгөрөгч улиралд орлогоо 18 хувиар нэмэгдүүлэн, 62 тэрбум ам.долларт хүргэжээ. “Nvidia”-гийн хувьцаа 141.54, “Tesla”-гийн хувьцаа 269.19 ам.долларын ханштай байна. Эх сурвалж: Technology magazine, Bloomberg

Технологийн компаниудын нөлөөгөөр “S&P 500  Index” 47 удаа рекордоо шинэчилжээ Read More »