Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Блог

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон ” хэмээн ярилаа. Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран  ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв. Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” хэмээн онцоллоо. Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж. “Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа.

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ Read More »

‘AI-ийн загалмайлсан эцэг’ Нобелийн шагнал хүртлээ

Хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед тус салбарын эрдэмтэд Нобелийн шагнал авч эхэллээ. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машины оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ Нобелийн эзэн боллоо. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Тэрбээр 2023 онд Google-ээс гарч, хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралд хэрхэн өөрчлөлт оруулах тал дээр санаа зовинож байгаагаа илэрхийлж байв. Энэ тухай Шведийн Хааны Шинжлэх ухааны академиас Шведийн Стокгольм хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай Жеффри Хинтон нь Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машины оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн. Канадын профессор Жеффри Хинтон Нобелийн шагнал авч байгаагаа мэдээд “Би ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Нобелийн шагнал авах болсноо гайхаж байна” гэдгээ илэрхийлжээ. Нобелийн шагналын мэдэгдэлд дээрх хоёр эрдэмтний “Цаг уурын загварчлалыг сайжруулах”, “Нарны эсийг хөгжүүлэх”, “Эмнэлгийн зургийн дүн шинжилгээ” зэрэг судалгаа, ажлын зарим чухал хэрэглээг жагсаав. Профессор Хинтоны “Мэдрэлийн сүлжээ дэх анхдагч судалгаа” нь ChatGPT гэх мэт одоогийн хиймэл оюун ухааны системийг бий болгосон. Хиймэл оюун ухаан дахь мэдрэлийн сүлжээ нь хүний ​​тархитай ижил төстэй мэдээллийг сурч, боловсруулах систем юм. Эдгээр нь хиймэл оюун ухаанд хүн төрөлхтөний туршлагаас суралцах боломжийг олгодог. Профессор Хинтоны хиймэл мэдрэлийн сүлжээн дээр хийсэн ажил нь хувьсгал байсан. “Энэ нь аж үйлдвэрийн хувьсгалтай адил байх болно. Гэхдээ бидний бие махбодийн чадвараас илүү оюуны чадавхийг давах болно” гэж тэрбээр онцлов. Профессор Жон Хопфилд хэв маягийг хадгалж, дахин бүтээх боломжтой сүлжээг зохион бүтээжээ. Энэ нь атомын эргэлтээс үүдэлтэй материалын шинж чанарыг тодорхойлдог физикийг ашигладаг. Тодруулбал, бүрэн бус үгсийг ашиглан тархи үгсийг хэрхэн санахыг оролддогтой ижил төстэй арга замаар профессор Хопфилд бүрэн бус хэв маягийг ашиглан ижил төстэй зүйлийг олох боломжтой сүлжээг бүтээжээ. Нобелийн шагналын хорооныхон хэлэхдээ “Хоёр эрдэмтний ажил нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Тэр дундаа нүүр царай таних, хэлний орчуулгыг түгээмэл ашиглаж байна” гэдгийг онцлов. Эрдэмтэд 11 сая швед крон буюу 810 000 фунт стерлингийн шагнал авна. Дашрамд мэдээллэхэд, Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгож, “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор ажиллаж байна. Эх сурвалж: BBC

‘AI-ийн загалмайлсан эцэг’ Нобелийн шагнал хүртлээ Read More »