
ҮЙЛ ЯВДАЛ
2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна
2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.
Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд
- Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
- Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
- Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
- Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
- Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.
Бусад мэдээ


Авлигатай тэмцэх газарт 10 мянган хуудас “Шилэн” мэдээлэл хүлээлгэн өглөө
10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна. Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрлүүд, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголтууд, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл үүнд багтаж байна. АТГ-ын үйл ажиллагааны ачаалал их тул үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэрийг хурдан шуурхай гаргахад боловсруулсан, ангилсан, инфографиктай, статистик тооцоололтой мэдээллээр хангаж ажиллах нь чухал ач холбогдолтой. Энэ бол технологиор авлигыг бууруулах үйл хэрэгт ЦХХХЯ манлайлал үзүүлж буй явдал юм. МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд “Шил” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байна. Өнгөрсөн 7 сарын хугацаанд Shilen.gov.mn-д төрийн 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, тэдгээрийг 39 төрөлд ангилан 970,355 мөр мэдээлэл болгон боловсруулж, 5 сая гаруй хандалт авч, иргэдийн мэдэх эрхийг хангаж, МУ-д анх удаа нээлттэй мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ. Нээлттэй ил тод байдлыг бий болгож хүнд суртал, хээл хахууль, хуйвалдааныг таслан зогсооход та бидний хамтын ажиллагаа чухал. “Шил” ажиллагаа иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авлигын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуул” мега төслийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцооллын талаар тодруулав. Гишүүдийн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшний “Бэхжиж байгаа” буюу дундуур үзүүлэлтийг хангаж байгаа. Монгол Улсад Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Үндэсний төв”, ЦХИХХ-ны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын төв гэсэн гурван байгууллага ажиллаж байгаа. Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий. ЦХИХХЯ-ны хувьд 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл ямар түвшинд байгааг мөн аль салбарт мэдээлэл алдах эрсдэлтэй байгааг тодорхойлно. Үүний дараа гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана” хэмээн онцоллоо. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилаа холбооны бие даасан сүлжээтэй болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг иргэд гар утаснаасаа авах боломж бүрдэх юм. Түүнчлэн онцгой байдал, гамшиг ослын эрсдэлийг багасгах, хот хөдөөгийн иргэдийн тоон хуваагдлыг бууруулах, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжтой болно. Монгол Улсын хэмжээнд аймаг сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна. Иймд манай улс “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна. Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулна тооцоолол гарчээ