Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Бусад мэдээ

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд:Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх;Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Цахим аймаг бодлогын зөвлөмжийн мэдээллийг Хөвсгөл аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна

ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга П.Лхагважав нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Цахим аймаг бодлогын зөвлөмж”, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдад танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Хөвсгөл аймаг дахь хэлтэсийн дарга Д.Сумаадагва “Хөвсгөл аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Мөн ЦХХХ-ны яамны Мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох” сэдэвт сургалтад танхим болон цахимаар нийт 250 гаруй иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа.

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуульд 2022 оноос элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: БНХАУ-ын Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн Олон Улсын Коллеж нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2014 оны байдлаар 1033 гадаад оюутан суралцаж төгссөн бөгөөд нийт 14 сургуульд 30 магистрын хөтөлбөр болон 15 докторын хөтөлбөрт гадаад оюутнууд суралцдаг. Суралцах чиглэл: Сургууль Суралцах чиглэл Хөтөлбөр Сансар судлалын сургууль Control Science and Engineering APSCO-NPU-Master Program-2022 Сансар судлалын сургууль Aeronautical and Astronautical Science and Technology APSCO-NPU-Master Program-2022 APSCO-NPU-PhD Program-2022 Эрчим хүчний сургууль Aeronautical and Astronautical Science and Technology APSCO-NPU-Master Program-2022 APSCO-NPU-PhD Program-2022 Хугацаа: Магистрын хөтөлбөр 2.5 жил Докторын хөтөлбөр 4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар, докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 30, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Судалгааны ажлын туршлагатай байх Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Баруун хойд бүсийн Политехникийн Их Сургуулийн /БХПИС/ цахим хаягаар бүртгүүлж өргөдөл бөглөх http://admission.nwpu.edu.cn/en/student/register БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж БХПИС-ийн хаягт давхар оруулж болно Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Бакалавр эсвэл Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсвэл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж); Гадаад хэлний түвшнийг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 6 болон түүнээс дээш) Цагдаагийн газрын тодорхойлолт /сүүлийн 5 сарын хугацааны/ Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/ БХПИС-ийн удирдагч багшаас тодорхойлсон захидал авах; Удирдагч багш нарын мэдээлэл; / татаж авах / Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг https://npuinternationalcollege.nwpu.edu.cn/info/1057/2251.htm үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот Холбоо барих хаяг: Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/ Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ