Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах цэгээс түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, хүнд сурталгүй авах боломж ийнхүү бүрдэж байна. Баян-Өлгий аймаг дахь “Хурдан” цэгийн нээлтэд : Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн иргэд төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг эхний ээлжинд “Хурдан” цэгээс авах боломжтой бөгөөд үйлчилгээний тоог нэмэгдүүлсээр энэ ондоо 1000 хүргэх зорилготой ТЦҮЗГ-ын хамт олон ажиллаж байна.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, агаар-сансрын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар ярилцсан. Энэ хүрээнд өчигдөр “ICT Expo 2023” -оор Astana HUB болон Монголын мэдээлэл технологийн үндэсний парк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн өнөөдрийн уулзалтын хүрээнд мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар

ҮЙЛ ЯВДАЛ “Digital Nation 2021” бол цахим үндэстэн болж дэлхийд өрсөлдөх талбар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс эхлэн цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж, “Digital Nation-2021” нэр дор энэ сарын 17-19-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний талаар өнөөдөр /2021.09.07/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Юнител группийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, Мобиком корпорацын Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Баярмаа, Ард санхүүгийн нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр, Инфинити Сольюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Габит, ONDO ХХК-ийн Маркетингийн захирал Б.Мандуул нар хэвлэлийн хурал хийлээ. ХХМТГ-ЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ: 2020 оноос өмнө төр дижиталчлалын бодлогодоо төрийн үйлчилгээг цахимжуулахад анхаарч ирсэн бол одоо үүнийг салбар харгалзахгүй хөгжих шаардлагатай улс орны хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна. Тиймээс ч Засгийн Газар 2021-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд цахим үндэстэн болох зорилт тавьсан. Энэ ажил “Digital Nation-2021” арга хэмжээгээр эхэлж байна. Үндэсний хэмжээний технологийн энэхүү арга хэмжээг хувийн хэвшлийнхэн манлайлж, төр хамтран оролцож буй нь онцлууштай. “ЮНИТЕЛ” ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ЭНХБАТ  Энэ арга хэмжээ нэг талаасаа уламжлал ёсоор, нөгөө талаас шинэчлэгдсэн байдлаар болох гэж байна. Төр, хувийн хэвшлүүд хамтран амжилттай хэрэгжүүлж буй үлгэр жишээ төслүүдийн нэг энэ болж буй юм. Технологийн хөгжил дэлхийд ямар байна, Монголд ямар байна, цаашид бид юунд зорих вэ гэдэг агуулгын өөрчлөлтийг хийх томоохон ач холбогдолтой арга хэмжээ болох гэж байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд цаашид дижитал шилжилтийн асуудлаар ойлголцох, хамтран ажиллах эхлэлийг тавих гэж буйд баяртай байна. “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК-ИЙН ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ Манай улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэний 100 жилийн ойн хүрээнд цахим шилжилт хийх ажил ид өрнөж байна. Цар тахлын цаг үед технологийн хэрэглээ нэмэгдэх амьдралын шаардлага ч үүслээ. Төр засгаас цахим үндэстэн болох санаачилга гаргаж, хувийн хэвшлийнхэн энэ ажилд хүч түрэн хамтарч буйд сэтгэл хангалуун. “МОБИКОМ” КОРПОРАЦИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ЭРХЭЛСЭН ДЭД ЗАХИРАЛ Б.БАЯРМАА Цар тахлын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг эргэлт буцалтгүй өөрчлөгдлөө. Өнгөрсөн жилийн хугацаанд Мобикомын хэрэглэгчид цахим сувгаар үйлчилгээ авах нь 40 гаруй хувиар өссөн. Нэгэнт ийм том өөрчлөлт рүү явж буй учраас хэрэглээг илүү хялбарчилж, сэтгэл ханамжтай болгохын тулд шинээр гаргаж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ “Digital Nation-2021” арга хэмжээн дээр танилцуулна. 5G технологид суурилсан зөвхөн гар утас, энгийн хэрэглээний төдийгүй ухаалаг амьдралын хэв маяг, оффис үйлчилгээ, шийдлүүдтэй зорин ирж танилцаарай. “INFINITE SOLULTION” ХХК-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА Б.ГАБИТ Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж байна. 2021 онд Монгол Улс хаана явна вэ, дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлж байна вэ гэдгээ үзэх, танилцах боломж бол “Digital Nation 2021” юм. Манай компани 2007 оноос хойш нэг том зорилготой ажиллаж байна. “Silicon valley” шиг өөрсдийн гэсэн “Монгол valley” бүтээх зорилго. Үүнд хүрэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ гэдгийг бид энд танилцуулна. Энэ арга хэмжээнд компаниуд, технологийн салбарынхан, монголчууд бүгдээрээ МОНГОЛ гэсэн нэгэн зорилготой оролцож, дэлхийд гарахын төлөө ажиллах болно. “ONDO” ХХК-ИЙН МАРКЕТИНГИЙН ЗАХИРАЛ Б.МАНДУУЛ  Бид 5G технологийн туршилтыг хийх гэж байна. 5G -ийн холболт хийснээр иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирч болох вэ гэдгийг хамгийн бодит төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр иргэд олон нийтэд “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр танилцуулах болно. “INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР Бидний хувьд энэ арга хэмжээ бол баярт үйл явдал. Бид өөрсдийн ажил, бүтээгдэхүүн үйлчилгээгээ энд дэлгэн танилцуулах болно. Бид өнөөдөр оюун ухаан, технологиороо дэлхийд өрсөлдөх шаардлага урган гарч байна. “Digital Nation 2021” –ийг энэ өрсөлдөөнд өөрсдийгөө бэлтгэх, олон нийтэд дижитал шилжилтийн тухай ойлголт өгөх хамгийн том талбар байгаасай гэж хүсэж байна. Үүгээр дамжуулаад ард иргэддээ мэдээлэл өгөх, компаниуд хоорондоо мэдээлэл солилцох, улс орноо хөгжүүлж, дэлхийд сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг хамтдаа боловсруулах ийм үйл явдал болно гэж харж байна. Цахим үндэстэн гэдэг нь компаниуд тус тусдаа хөгжих биш, хүчээ нийлүүлж, төрийн дэмжлэгтэй ажиллах, нэг үндэстэн болж дэлхийд өрсөлдөх үйл ажиллагаа юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ