Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Digital Nation – 2021 | Цахим эриний дижитал иргэд

2021.09.03

Хэдэн жилээр бус хэдхэн цаг, хором мөчөөр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээлэл технологийн шилжилтийн үед улс орон бүр өөр өөрийнхөөрөө “цахимжсаар” байна. Өнгөрсөн цөөн жилийн хугацаанд монголчууд цахим сүлжээг өргөнөөр ашиглах болж, өдөр тутмын амьдралаа хөнгөвчлөн, гэрээсээ, гар утсаараа олон улстай холбогдон, цахимаар суралцаж, цахимаар ажиллаж, цахим зах зээлд хөл зэрэгцэх цахим үндэстэн болох эхлэлээ тавьжээ. “Humans of UB” энэ удаагийн дугаартаа дээрх шинэчлэл, өөрчлөлтүүдийг өдөр тутмын амьдралдаа нэвтрүүлэн, дижитал иргэн болоод буй үе үеийнхний төлөөллүүдийг онцолж байна. #1 Э.Буянжаргал – “Код бичих охидын хөтөлбөр”-ийн төгсөгч

Би одоо 12-р ангийн сурагч. Сая зуны амралтаараа “Код бичих охидын хөтөлбөр“-т хамрагдаад кодтой танилцаж, өөрийн бүтээлээ хийсэндээ баяртай байгаа. Багш нарынхаа удирдлага дор өөрөө код бичээд онгоц бууддаг тоглоом хийсэн. Хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй суугаад 800 мөр код бичиж дуусгасан. Бас багаараа Html дээр санхүүгийн мэдлэг олгож, орлого зарлагаа хянах боломжтой аппликейшн хөгжүүлсэн. Одоогоор файлаар татаж аваад ашиглах боломжтой байгаа. Цаашдаа интернэтэд байршуулах байх. Анх кодтой санаандгүй байдлаар танилцсан ч суралцах явцад ямар нэг зүйлийг шийдэж, ард нь гарч буй хүчирхэг мэдрэмжид нь татагдсан. Шинэ үеийнхний хэл гэгдэж буй кодыг сурснаар юмыг системтэй, цэгцтэй бодон сэтгэхэд суралцдаг. Манай хөтөлбөрийн найзууд өөрсдөө код бичээд морз хөрвүүлэгч, “pin pon” тоглоом гэх мэт бүтээл хийсэн. Би ЕБС-иа төгсөөд Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч мэргэжлээр суралцахаар шийдээд байгаа. Ирээдүйд манай улс улам бүр цахимжих учраас бэлтгэлтэй байх нь чухал гэж боддог. Бүх зүйлсийг цахимаар шийддэг, цахим үндэстэн болох учраас мэдээллийн аюулгүй байдал маш чухал гэж үзээд энэ мэргэжлээр сурахаар судалж байгаа. Хот, улс даяараа нэг системд холбогдоод цахим болчихвол тэр орон зайд ажиллах боловсон хүчин хэрэгтэй шүү дээ. Би бас яваандаа жижиг дунд, старт-ап компаниудад зориулсан нэгдсэн аппликейшн бүтээнэ гэж боддог.

#2 Э.Мөнх-Эрдэнэ – Олон улсын зах зээлд бүтээгдэхүүн борлуулагч дизайнер (Freelancer)

Олон улсын сайтуудад өөрийн дизайнаа ханган нийлүүлээд 2 жил болжээ. Өмнө нь би 4 жил веб дизайн, нэг жил график дизайнераар ажиллаж байсан. Одоо “Creative Market” сайтад байршсан 10 мянга гаруй бүтээгдэхүүн дунд миний загвар, template-үүд ангилал дотроо 2-т, 7-т бичигдэж байна. (Түүний профайлыг ЭНДЭЭС хараарай) “Graphicriver” сайтын “Slide” ангиллын “Best Seller” хэсэгт мөн хоёр загвар бий. Нийт олон улсын найман сайтад бүтээгдэхүүнээ байрлуулж, түүнээсээ орлогожин гэрээсээ ажиллаж байна. 

Эхэндээ юунаас эхлэх, хэрхэн гэрээсээ олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах талаар мэдлэггүй байсан ч туршиж, суралцсаар байна. Нэг пресентацийг 80-100 хуудас хооронд, шаардлагатай бол 150 хүртэлх хуудас бүхий загвартай зурж бүтээдэг. Сая дурдсан 2-т бичигдэж байгаа дизайн маань 600 гаруй хуудастай. Behance дээрх бүтээлүүд нийт 158 мянга гаруй үзэлттэй болсон байна. АНУ, Их Британи, Малайз, Индонез гэх мэт олон улсын цахим сайтаас дизайн худалдан авах суурь нөхцөл нь бүрдсэн улсуудаас ихэвчлэн дизайныг маань худалдан авдаг. Анх “Template100” баг хамт олон, Батзориг ахаасаа суралцаж, олон улсын дизайн салбарт харилцаж, сурч байсандаа их талархдаг. Олон улсын зах зээл дээр дизайн борлуулах багахан туршлагаа залууст хүргэх үүднээс “Гэрээсээ гэрэлт” сайтаар дамжуулан 2, 3 залууд менторлож, туршлага хуваалцаж байна. Миний хувьд гэртээ бага насны хүүхдээ харангаа ажилладаг учраас өөрийн хүссэн цагтаа ихэвчлэн оройн цагаар төвлөрч ажилладаг. Албан байгууллагад харьяалагдвал энэ мэт боломжууд бага. Мөн бүтээлч салбарт ажилладаг хүний хувьд захиалагчийн тааллаар загвараа бүрэн өөрчлөх биш, өөрийн хүссэн загвараа гаргаад хэрэглэгчдэд хүргэх нь таатай санагддаг. Анх хэцүү байсан ч, одоо бол намайг унтаж байхад ч загваруудаас маань олон улсад зарагдсаар, орлогожиж, зах зээлд хүрсээр байдаг учраас цахимаар ажиллахдаа дуртай байдаг. Цахим эрин, дижитал иргэд гэх ойлголтын үр шим нь энэ юм уу даа. 

#3 Б.Төгөлдөр – MIT, Edx, Coursera цахим платформын хэрэглэгч, МУИС-ийн программ хангамжийн ангийн оюутан

Анх интернэтээр академик сургалтууд олж аваад “нүд нээгдэх” шиг л болсон. Одоогоор олон улсын их дээд сургуулийн профессоруудын заадаг физик, программ хангамж, хиймэл оюун ухааны чиглэлээрх академик хичээлүүд, гүн ухаан, уран зураг, төгөлдөр хуур гэх мэт сонирхлынхоо дагуух хичээлүүдийг үзэж байна. MIT-ийн сайтаас мэргэжил, чиглэл бүрээр нь хичээлээ хайж олох амар байдаг. Механик физик, долгион, математик анализ, Phyton хэл шинжлэл гээд хичээл дээр үздэг агуулгуудаа олон улсын сургалтуудаар бататгаж, бүр илүү их дэлгэрүүлэх дуртай. Интернэтээр бас ном олж авах үнэн кайфтай шүү. Саяхан Доминик О’Брайен гээд зохиолчийн “You Can Have an Amazing Memory” гээд ном олж аваад уншсан. Цээжлэх арга барилын тухай. MIT-ийн хичээлүүд, ялангуяа гүн ухааны хичээл нь үнэхээр “хайр” байдаг шүү. Асуулт бүрт хариулт өгч, амьдралдаа анзаарч хардаггүй зүйлсийг харах бололцоо олгодог учраас гүн ухаанд дуртай. Хичээл бүр цаанаасаа хуваарьтай байдаг учраас цагаа төлөвлөхөд ч хялбар. Долоо хоногтоо дор хаяж хоёр цаг академик хичээлээ бие даан үздэг. Edx, coursera, MIT, Youtube гээд л нээлттэй сургалтууд нь цахим эриний хамгийн том үр өгөөж юм уу даа. Нээрэн, надтай ижил сонирхолтой залуустаа “Quantum Mongolia“, “Гэж юу вэ?” подкаст болон “Бүдэг цэнхэр цэг” хуудсыг санал болгоё. 

Манай улс сүүлийн жилүүдэд улам цахимжиж, би л гэхэд төвөггүй цахимаар хэрэгтэй зүйлсээ олж, суралцаж, хайдаг болсон байна. Яваандаа 100 хувь цахим үндэстэн болох байх. Гэхдээ тэр үед настай хүмүүс, хөгжлийн ялгаатай хүмүүстээ хүрч ажиллах, боломж олгодог байгаасай. 

#4 С.Эрдэнэцэцэг – Цахим үйлчилгээний хэрэглэгч

Эгч нь төрийн байгууллагад 26 жил, бараг л насаараа ажилласан хүн. Дүүрэг, хороо гээд л иргэдтэй шууд харилцаж ажиллаж байсан хүний хувьд иргэдэд тулгардаг өдөр тутмын асуудлуудыг маш сайн мэднэ. Саяхан л намайг хороонд ажилладаг байхад бүх иргэний бүртгэлийг цаасан дэвтэрт хөтөлж, бид нэгд нэгэнгүй шивж тулган бөөн л бичиг цаасны ажил болдог байлаа. Харин саяхан хороо орсон чинь мань мэтийн үеэс огт өөр, цахимжаад бүр амар аятайхан болчихсон байналээ. Тэтгэвэр буух тоолонд банк орох ч шаардлагагүй болж. Эгч нь утсан дээрээ банкны аппликейшн татаж ийш тийшээ шилжүүлэг хийчихдэг болсон. Ebarimt-аа ч уншуулчихна. Яг юунд зарлага гаргаж байна вэ гэдгээ хянахад амар юм билээ. Саяхан сувилалд явах гээд вакцины гэрчилгээгээ нэг цэгийн үйлчилгээний төвөөс авна даа гэж бодож байсан чинь харин охин зааж өгөөд утсаараа “e-mongolia”-д бүртгүүлээд л авчихсан. Одоо утсан дээрээ татаад авчихсан болохоор энд тэнд үзүүлчхээд явж байгаа. Ухаалаг утастайн хэрэг юу билээ, хааяа бас “фэйсдэнээ”. Сураг тасарсан багийн найз, холын хамаатан гээд хүмүүстэйгээ чаталж бариад, ач зээ нартайгаа видео коллдоод хөөрхөн байдаг юм.

#5 Э.Цэрэндорж – Олон улсын “Nike” компаний шинжээч (Inventory Operations Analyst)

Би хөл хорионы өмнөхөн Нидерландад магистрын зэргээ хамгаалж төгсөөд, хөл хорио тогтоох үед “Nike” компанид орсон. Зайнаас ярилцлага өгч, ажилд хэрэгтэй хэрэгслүүд ч цахим шуудангаар ирсэн. Цар тахлын өмнө нь ч манай компаний үйл ажиллагаа бүрэн цахимжсан байсан. Дэлхий дахин шинэ эринд нэгэнт хөл тавьсан тул ямар ч байгууллагын үйл ажиллагаа зайнаас амжилттай өрнөх болжээ. Миний хувьд онлайнаар цагийн хуваариа гаргаж, менежерүүдтэй холбогдох гэх мэтээр ажилладаг. Үүний өмнө Ирландад төвтэй “Felix” компанид ажиллах үед бүх ажлаа “Windows” программууд дээр шийддэг байсан бол “Nike”-ийн хувьд дотоодын систем дээр ажлаа шийддэг.

Төгсөхөөсөө өмнө үлгэр жишээ цахим үндэстэн гэгддэг 600 мянган хүн амтай Эстон улсад “E-Government” буюу цахим засаглалын чиглэлээр дадлага туршлага хуримтлуулж байсан. Тус улсад үл хөдлөх шилжүүлэх, гэрлэх, гэрээслэл өвлүүлэхээс бусад бүх төрийн үйлчилгээг цахимаар шийддэг нь үнэхээр л цахим засаглалын тэргүүн туршлага. Хүн ам цөөтэй манай Монгол Улс ч нэгдсэн нэг системтэй болох боломжтой. Үүнийгээ дагаад хүн амын бүх мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэгдэх учраас мэдээллийн аюулгүй байдал талаар анхаарах цаг болжээ. Нидерландад ирээд түрээсийн гэрээ, ID, даатгалын гэрээ гэх мэт хэрэгцээт үйлчилгээг бүгдийг нь цахим гарын үсгээр шийдсэн. Цахимаар хэн ч хаанаас ч хүссэн боловсролоо эзэмших боломжтойд баярладаг. Хэн нэг хувь хүний туршлага бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн докторын зэрэгтэй, профессоруудтай учраас “Coursera“-аас суралцах дуртай. Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалсан ч дата анализаар сурах хүсэлтэй байсан учраас Колорадогийн Их сургуулийн хичээлийг уг сайтаас үзэж суралцсан. 

Дэлхий нийтээр цахимжиж буй өнөө үед Монголд ч өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх мэдээллийн технологиудыг нэвтрүүлж байна. Харин бүх хүн ам интернэтэд 24 цагаар холбогдож, тэгш хүртээмжтэйгээр дижитал төхөөрөмжтэй харилцах чадвартай байж, ихэнх интернэт хөтчүүд англи хэлээр учраас бүх нийтээр англи хэл сурах юм уу, эх хэлээрээ шинэ хөтөчтэй болох нь цахим улс болоход зайлшгүй шаардлагатай сорилт болоод байна. 

#6 С.Бадрал – “Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч

Хамгийн товчоор цахим эринийг хүн, робот хоёр чөлөөтэй хамтран ажиллах цаг үе гэж тодорхойлж болох юм. Дижитал шилжилтэд монголчууд хангалттай бэлэн биш байгаа боловч хурдтай хөгжье гэвэл цахим үндэстэн болохоос өөр зам байхгүй. Гэхдээ амар биш. DN9 орны гишүүн болоод DN10 болгох эсвэл бүх хүн Фэйсбүүк, Твиттер ашиглаж улс төрд нөлөөлөх, “e-mongolia”-г ашиглаад төрийн үйлчилгээгээ авдаг болчихвол цахим үндэстэн болчихно гэвэл хязгаарлагдмал. Эхлээд маш сайн цахим дэд бүтэц, дараа нь программ хангамж, тэгээд эдийн засаг, бизнес, цахим шилжилт, түүний дараа л цахим үндэстэн гэж ярих хэмжээнд очно. Хүн бүрийн барьж буй гар утас, тэдгээрийг хаанаас ч хамаагүй интернэтэд холбож буй 4G, шилэн кабель, Фэйсбүүкээс эхлээд хүн бүрийн өдөр тутамд хэрэглэж байгаа системүүдийн ард хиймэл оюун ажиллаж байна. “Чимэгэ” системсийн бүх бүтээгдэхүүний ард ч мөн адил. 

Бид “Чимэгэ” технологи өдөр тутмын хэрэглээ болж чадахгүй байна гэж харж байгаа. Цаг хугацаа болоод өөрийгөө үнэлдэг хэсэг бүлэг хүмүүс л манай хэрэглэгч болсон юм шиг санагддаг. Тиймээс цаашид бид та бүхний цагийг улам хэмнэж, амьдралын стандартыг дээшлүүлэх бүтээгдэхүүн, шийдлийг санал болгох болно. Өнгөрсөн хугацаанд болхи төлбөр тооцооны систем, байнгын хөгжүүлэлт хийж байснаас болж алдаа гарах, ачаалал хэт ихэдсэнээс болж систем унах асуудал нэлээд гаргалаа. Харин одоо Дата төвийн өргөтгөлөөс бусад асуудлууд цэгцэрсэн. 

Одоогоор бид “Чимэгэ бичээч”, “Чимэгэ уншигч” зэрэг бүтээгдэхүүнүүдээ сайжруулахын сацуу бизнес моделийг нь шинэчилж, технологийн зардлыг нь бууруулахыг хичээж байна. Мөн энэ ондоо багтан Дуудан, Сонур, Монсаб, Чимэгэ транслейтор зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ хэрэглэгчдийн гар дээр тавихыг чармайж байна. Хиймэл оюуны судалгааны чиглэлд казак хэлний яриаг автоматаар таних технологийг хөгжүүлж, нарийвчлалыг 90% давууллаа. Мөн эрс бага нөөцтэй халимаг, буриад хэлний шийдлийг судалж, боловсруулж байна. Мөн бид Эгүнэ хэмээх дуут туслахыг бүтээж байна. Түүнийг ашиглан мөн Алекса шиг “Эгүнэ гэр” гэсэн Монгол Смарт яригчийг бүтээх санаа бий. Үүний гол гацаа нь хөрөнгө оруулалт л болоод буй. Цаашид виртуал оператор, виртуал угтагч гэх мэт робот ажилтнуудыг л бүтээхийг зорьж байна даа.

Бусад мэдээ

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 470 иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Архангай, Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ хүрээнд “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор иргэдээс Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх сэтгэл ханамжийн судалгаа, төрийн албан хаагчдыг бэлэн байдлын судалгаа, аймгийн удирдлагуудыг цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамрууллаа. Эдгээр судалгаанд Архангай аймгаас 260, Өвөрхангай аймгаас 210 буюу нийт 470 иргэн, төрийн албан хаагч хамрагдаж, асуулгад хариулсан байна.

“Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт” боловсруулна 2022.10.21 Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар хамтарсан тушаал гаргаж, “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тус стандартыг баталснаар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлэх ажлууд хийнэ. Мөн салбарт мөрдөгдөж байгаа стандартын хэрэгжилтийг хангах, олон улсын хөгжлийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэй уялдуулан “Төрөөс иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх нийтлэг стандарт”-ыг тухай бүр нь шинэчлэн боловсруулах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар

Монгол Улсын Засгийн Газар, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учралын урилгаар бүс нутгийн зарим улс орны цахим хөгжлийн сайд нар, дагалдах албаны хүмүүс, Олон Улсын Цахилгаан холбооны байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирал зэрэг өндөр албан тушаалтнууд “ICT EXPO – Mindgolia 2023” арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Энэ жил 16 дах удаагаа зохиогдож буй тус арга хэмжээний онцлог нь олон улсын хэмжээнд, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн цахим шилжилтийн санаачилга, ололт амжилтыг олон улсад сурталчлан таниулах, мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийг гадаад орны төрийн байгууллага, бизнес эрхлэгчидтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагч, зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжийг нээхэд оршиж байна. “ICT EXPO – Mindgolia 2023” үзэсгэлэнгийн хүрээнд олон төрлийн арга хэмжээний зохион байгуулагдаж байгаагаас бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, дижитал эдийн засгийн хөгжлийн талаар хэлэлцэх “Хүртээмжтэй дижитал эдийн засгийг бий болгох нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Тажикстан улсын Аж үйлдвэр, шинэ технологийн сайд Исожон Курбонзода, Азийн хөгжлийн банкны Хөгжлийн төлөөх технологи хариуцсан захирал, Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зөвлөх Томас Эйбэл, Олон Улсын Харилцаа холбооны нийгэмлэгийн Азийн бүс хариуцсан захирал Ацуко Oкуда тэргүүтэй 40 гаруй зочид, БНЭУ, БНХАУ, Япон, Итали, Австрали, Лаос, Канад Франц, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсуудын улсын элчин сайд нар, Амазон, Гүүгл, Дэлл, Навер, Хуавей гэх томоохон байгууллагуудын удирдах түвшний 21 төлөөлөгчид болон Монголын үүрэн холбооны болон мэдээллийн технологийн бизнесийн төлөөллүүд уг арга хэмжээнд оролцож мэдээлэл солилцлоо. Тус хэлэлцүүлгээр цахим шилжилтийг эрчимжүүлэхэд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа чухал болох талаар санал нэгдэж, Монгол Улсын энэхүү санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийллээ