Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

2020.10.30

Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад “Оуто ван” буюу Өртөө ван хэмээх албан тушаал байв. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон гэж үздэг юм. XIII зуун /1228-1241 он/ Чингис хааны III хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж, анхны тив хоорондын шуудан холбоог байгуулжээ. 1898 оны 10 сар. Их хүрээ ба Хиагтыг холбосон цахилгаан мэдээний анхны төхөөрөмж суурилуулж, цахилгаан мэдээ дамжуулж эхлэв. 1899 оны 10 сар. Их хүрээ ба Чуулалт хаалгыг холбосон цахилгаан мэдээний шугам болон Хиагт, Их хүрээ, Чойр, Замын-Үүдэд цахилгаан мэдээний салбар нээв. 1913 он. Их хүрээнд 25 хэрэглэгчийн гар ажиллагаатай дотоод телефон станц суурилуулж байжээ. 1915 он. Их хүрээн дэх телефон станцын хүчин чадлыг 60 хүртэл шугамтай болгож өргөжүүлсэн. 1916 оны 12 сар. Засгийн газраас 13 бүлэгтэй 93 заалттай цахилгаан мэдээний дүрэм батлан гаргасан. 1920 он. Анхны радио холбооны төхөөрөмж болох радио телеграф суурилуулсан. 1921 оны хавар. Цахилгаан мэдээний “МОНТА” агентлаг байгуулагдсан. 1921 оны 7-р сарын 19. Ардын Засгийн газрын 6-р хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулан даргаар нь гүн Г.Цэдэвсүрэн томилогдсон. Алсын холбооны телефон болон телеграфын шугам Их хүрээнээс Цэцэн хан хүрээ буюу одоогийн Өндөрхаан хот хүртэл тавигдсан. 1921 оны 7-р сарын 28 Ардын Засгийн газрын 14 дүгээр хуралдаанаар шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог Гадаад яаманд харъяалуулахаар шийдвэрлэжээ. Өртөө шуудангийн албыг Дотоод яам хариуцаж байжээ. 1921 оны 12-р сарын 5 Ардын Засгийн газрын 31-р хуралдаанаар “ Шуудан, бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “ Цахилгаан мэдээ, сэтгүүл бичгийн ерөнхий хороо” болгон өөрчилжээ. 1922 оны 3-р сарын 15. Холбооны сургууль байгуулагдав. 1924 оны 7-р сарын 8. Шуудангийн анхны марк/ Элдэв-Очир/хэвлэгдсэн. 1928 он. Их хүрээнд 100 хосын кабель шугам анх тавигдсан. 1931 оны 5-р сарын 1. Шугамын радио нэвтрүүлэг эхэлсэн. 1934 оны 9-р сарын 1. Анхны радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн. 1939 оны 1-р сарын 15. 200 хэрэглэгчийн багтаамжтай телефон станц ашиглалтанд орсон. 1944 оны 5-р сарын 9. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар Д.Дэндэв томилогдов. Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Тус яамны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана/1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажиллаж байв 1950 оны 11-р сар. Улаанбаатар ба Архангайг холбосон агаарын шугам тавигдсан. 1956 он. Улаанбаатар хотод анхны нягтруулгын төхөөрөмж суурилуулсан. Энэ үед “Онц холбоочин” цол тэмдэг бий болсон төдийгүй Холбоочдын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан түүхтэй. 1957 оны 6-р сарын 22. Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилов. Энэ үед БНМАУ-ын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил байршлын ерөнхий схем батлагдав. 1960 он. Улаанбаатар хотод холбооны үйлчилгээний төв барилга байгуулагдсан. 1960 оны 4-р сарын 22. Улаанбаатар хотод “Их хүчний радио нэвтрүүлэх төв”/Хонхор /ашиглалтанд оров. 1963 он. Монгол Улс Дэлхийн шуудан холбоо/ UPU/-ны гишүүн орон болов. 1964 он. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/- д элссэн. Олон улсын сансрын холбооны “ Интелсат” / Intetnational Telecommunications Satellite organization/ байгууллагыг байгуулах хэлэлцээрт нэгдэв. 1965 он Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 онд Тээвэр холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулсан нь 1990 он хүртэл оршин тогтносон юм. Холбооны сайдаар Д.Готов /1965-1979/, И. Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ тус, тус ажиллаж байв. Энэ үед Сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах “Интеркосмос” байгууллага байгуулагдав. 1966 оны 3-р сарын 1. “Социалист холбоо” сэтгүүл хэвлэгдэн гарав. 1967 оны 9-р сарын 27. Радио телевизийн төв ашиглалтанд оров. МУИС-ийн бүрэлдэхүүнд холбооны инженерийн анги нээгдэв. Холбоочдын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. 1968 он. ЗСБНХУ- БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Сансрын холбооны газрын станц байгуулах шийдвэр гарсан. 1969 он. Сансрын холбооны газрын “ОРБИТ” станцыг “Наран”-д байгуулж, телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч эхэлсэн. Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт байгуулагдав. 1970 он. Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах анхны сансрын хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулсан. 1971 он. МУИС-д радио холбооны тэнхим байгуулагдсан. 1972 он “Монголын харилцаа холбоог 1975-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг батлагдсан. Сансрын холбооны олон улсын байгууллага / Интерспутник/-д гишүүн орноор элсэв. Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1976 оны 2-р сарын 1. Хэт богино долгионы ФМ нэвтрүүлэг эхэлсэн. Өргөн зурвасын радио релейний шугам суурилуулж эхэлсэн. 1977 он. Геобайнгын орбитад радио өргөн нэвтрүүлэгт ашиглах 740 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WAR-SAT-77 / олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1978 он. Цаг уурын байгууллагад EC-1022 компьютерийг суурилуулсан. 1979 оны 12-р сарын 28. Радио релейний шугам ажиллаж эхэлсэн. Алсын холбооны хагас автомат АТС-ыг ашиглалтанд оруулсан. 1982 он. ШУТМТ-ийн ROBOTRON-1152 компьютерийг ЗХУ-ын ВИНИТИ төвийн компьютертэй холбооны сувгаар холбосон. 1984 он. Статистикийн төв газар аймгуудтай Мега-100 компьютерээр холбогдож эхэлсэн. 1986 он. Аймгийн төвүүдтэй бүх сум, багууд холбоогоор холбогдсон. 1987 он. Хиймэл дагуулаас цаг уурын мэдээг авч эхэлсэн. 1988 он. Геобайнгын орбитад хөдөлгөөнгүй албанд ашиглах 113,60 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WARC-ORB-88/ олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1989 он. МИАТ олон улсын агаарын тээврийн SITA сүлжээнд холбооны сувгаар холбогдсон. 4 аймгаас бусад бүх аймаг Улаанбаатар хоттой аналог радио релейний системээр холбогдсон. Буухиа шуудангийн үйлчилгээг нээн ажиллуулав. 1990 он. Холбооны сайдын 121 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан технологийн төвийг байгуулсан. Мөн энэ үед Засгийн газрын 16 дугаар тогтоолоор Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулсан. 1991 он. Франц улсын Алкател компаний Е-10 тоон системийн 27,000 дугаартай телефон станцыг байгуулж, станц хооронд анх удаа шилэн кабелийн систем ашиглах болов. Улаанбаатар-ХонгКонгын хооронд олон улсын холбооны үйлчилгээг зохион байгуулах зорилгоор Улаанбаатарт хиймэл дагуулын станц суурилуулав. Монголын холбоочдын эвлэл байгуулагдав. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах зорилгоор хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулав. Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага / APT/- д гишүүнээр элсэн оров. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон даяар Азиасат системээр дамжуулав. ШУТИС-ийн харъяа Мэдээллийн технологийн сургууль байгуулагдав. Засгийн газрын 325 дугаар тогтоолоор радио өргөн нэвтрүүлэг, телевизийн станцуудыг Холбооны ерөнхий газраас Монголын радио телевизэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Холбооны ерөнхий газрын даргын 146 дугаар тушаалаар харилцаа холбооны салбарыг зах зээлд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор харьяа байгууллагуудыг улсын үйлдвэрийн газраар бүртгүүлж ажиллуулах болсон. 1992 он. Холбооны ерөнхий газрын даргын 10 дугаар тушаалаар төрийн өмчит “Монголын харилцаа холбоо” компанийг байгуулсан. (Анхны захирал нь Болдбаатар). Холбооны Ерөнхий газрын даргын 25 дугаар тушаалаар Харилцаа холбоо компанийг байгуулсантай холбоотой Холбооны ерөнхий газрын аппаратын бүтцийг өөрчилсөн. 1992 оны 7-р сарын 30. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлаас баталсан 1992 оны долдугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Засгийн газрын шинэ бүтцийг батлахад Холбооны ба тээврийн ерөнхий газрыг татан буулгаж, Зам, тээвэр, холбооны яамыг шинээр байгуулж, сайдаар нь Р.Сандалханыг томилжээ. Улаанбаатар хотод анхны тоон телефон станц Е-10 ашиглалтанд оров. Хуучин аналог системийн станцуудыг тоон системээр сольж, Улаанбаатар хотод шилэн кабель суурилуулж эхлэв. 1993 он. Олон улсын болон хот хоорондын шууд эрхтэй телефон ярианы үйлчилгээг нэвтрүүлэв. Үндэсний радио долгионы хүснэгтийг боловсруулав. Электрон шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ үед Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 54 дугаар тогтоолоор Харилцаа холбооны салбарыг хувьчлахад баримтлах чиглэл, зарчмыг дэмжсэн ажээ. 1994 он. “Цахилгаан холбоог 2010 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г боловсруулав. 1994 оны 1-р сарын 28. Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор Дэд бүтцийн хөгжлийн яамыг/ДБХЯ/ байгуулж, холбооны салбар түүнд харьяалагдах болсон. 1994 оны 9 дүгээр сарын 16. ДБХЯ, АХБ Deloitte Touché Tohmatsu компанитай “Цахилгаан холбооны салбарын шинэчлэл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх (Mongolia Telecommunications Sector Reform-TA 2101-MON) гэрээ байгуулав. 1994 оны 11 дүгээр сарын 1. ДБХ-ийн сайдын 274 тоот тушаалаар Монгол шуудан компанийг байгуулав. Анхны захиралаар нь н.Төмөрхүү томилогджээ. Интелсат сансрын холбооны станцыг Япон улсын буцалтгүй тусламжаар ашиглалтанд оруулав. Е-10 станцыг 11000 шугамаар өргөтгөв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг Интелсатын хиймэл дагуулд шилжүүлэн нэвтрүүлж эхлэв. Анхны пейжерийн үйлчилгээ /Монком компани/ нэвтрэв. 1995 он. Харилцаа холбооны тухай анхны хууль УИХ-аар батлагдав. Төмөр замын дагуух хотуудад 3000 хэрэглэгчийн багтаамжтай тоон телефон станцыг суурилуулав. Харилцаа холбооны зохицуулах зөвлөл байгуулагдав. Үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх олгож эхэлсэн Монголын цахилгаан холбоо ХХК байгуулагдаж, анхны гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголын зах зээлд үйл ажиллагаагаа явуулах болсон. Үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрлийг анх Мобиком ХХК-д олгосон. 1996 он. Шуудан цахилгаан холбооны газар байгуулагдав. Монголд анх үүрэн холбооны ярианы үйлчилгээ нэвтэрсэн. Суурин телефон холбооны ярианы үйлчилгээнд тарифын систем нэвтрүүлсэн. Интернэтийн анхны үйлчилгээ /Датаком компани / нэвтрэв. Картын таксафоны үйлчилгээг нэвтрүүлсэн. Анхны кабелийн телевиз/ Сансар/ нээгдэв. Анхны хувийн дээд сургууль / Цахим/ байгуулагдав. 1997 он. Олон улсын сансрын холбооны Интелсат байгуулагад элсэв. Хойд чиглэлийн анхны тоон радио релейний 900 км шугамыг суурилуулсан. Дуут пейжерийн үйлчилгээг нэвтрүүлсэн. 1998 он. Радио давтамжийн дахин хуваарилалт хийж, давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Радио релейний 24 станцад нарны зайн систем суурилуулсан. Үндэсний телевизийн нэвтрүүлгийг 24 цагийн турш орон даяар дамжуулж эхлэв. VSAT систем ашиглан радио релейний шугамгүй 4 аймгийн төв, сум суурин газрыг холбож харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. 1999 он. Радио долгионы тухай хууль батлагдав. WLL технологи ашиглан утасгүй суурин телефоны үйлчилгээг Мобиком компани Улаанбаатар хотод нэвтрүүлсэн. AMPS технологийг ашиглан үүрэн холбооны хоёрдогч оператор Скайтел ХХК үйлчилгээгээ эхлүүлсэн. 2000 он. Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалыг батлуулав. Төмөр замын сүлжээний дагуу хойд хилээс урд хил хүртэл 1600 км шилэн кабель тавигдаж дуусав. Холбоочин сэтгүүл олон улсын сэтгүүл зүйн бүртгэлд оров. Утасгүй кабелийн телевизийн MMDS технологийг Хийморь кабелийн ТВ-ийн компани нэвтрүүлж үйлчилгээг эхлэв. Олон улсын роуминг үйлчилгээг анх нэвтрүүлж, Мобиком ХХК-ийн хэрэглэгчид өөрийн дугаарыг гадаадад ашиглах боломжтой болсон. Үүрэн холбооны технологи ашиглан мессеж дамжуулах үйлчилгээ буюу SMS-ийг анх удаа Мобиком ХХК нэвтрүүлсэн. Их дээд сургуулиудыг холбосон интернэтийн “Эрдэмнэт” сүлжээ байгуулагдав. 2001 он Харилцаа холбооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. ШУТИС-ийн Мэдээллийн технологийн сургалтын төв байгуулагдав. Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлд тоон радио релейний шугамыг Мобиком ХХК байгуулж орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хөдөлгөөнт холбооны CDMA IS-95B системийг суурилуулав. Монгол Улсад анх удаа Хөдөлгөөнт интернэт буюу WAP-хүргэлээ. 2002 он. Ерөнхий сайдын дэргэд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэсний зөвлөлийг байгуулав. Засгийн газрын 15 дугаар тогтоолоор бие даасан зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороог байгуулж, дүрмийг баталсан. Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө Дэд бүтцийн сайдын тушаалаар батлагдсан. Мэдээлэл, холбооны технологийг дунд хугацаанд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлуулав. Улаанбаатар-Багануур-Баруун-Урт-Чойбалсан болон Алтай-Улиастай, Ховд-Улаангом, Булган-Мөрөн чиглэлд 1350 км шилэн кабелийн сүлжээг байгуулав. Улс хоорондын телефон ярианы зах зээлийг нээж олон улсын ярианы гарцын зөвшөөрлийг олгосноор World Call 002, Hi Call 003 үйлчилгээнүүд нэвтэрч эхэлсэн. Интернетэд суурилсан олон улсын ярианы үйлчилгээний зөвшөөрлийг олгож эхэлсэн Анхны гадаадын хөрөнгө оруулалттай мэдээллийн технологийн дээд сургууль /Хүрээ/ байгуулагдав. 2003 он. Мэдээллийн технологийн үндэсний паркийг байгуулав. Шуудангийн тухай хууль батлагдав. Хөдөөгийн холбоог хөгжүүлэх мастер төлөвлөгөөг батлуулав. Ази, Номхон далайн шуудан холбооны байгуулага / APPU/-д гишүүнээр элсэв. “Монголсат-1” сансрын холбооны техникийн шийдлийн төсөл хэрэгжүүлэв. Дэд бүтцийн яамны бүтцэд Мэдээлэл, холбооны газар байгуулагдав. 2004 он. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбооны газрыг Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоолын хүрээнд байгуулагдав. Дотоодын сансрын холбооны сүлжээ байгуулав. CDMA 2000 1X буюу үүрэн телефоны хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Скайтел компани нэвтрүүлэв. Маркийн музейг Дэд бүтцийн сайдын тушаалаар байгуулсан. 9 дүгээр сарын 22-нд батлагдсан “ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-аар “Шуудангийн үйлчилгээ”-г Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх ажлын үндсэн Хүрээнд хамааруулсан. Засгийн газрын 202 дугаар тогтоолоор батлагдсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтцэд Шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын газар байгуулагдлаа. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 260 км шилэн кабелийн сүлжээ байгуулав. 2005 он. “Цахим Монгол” хөтөлбөр “Цахим засаг мастер төлөвлөгөө” батлагдсан. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”, “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг Засгийн газрын 34 тоот тогтоолоор батлав. “Шуудангийн салбарын үзэл баримтлал“ ЗТАЖ-ын сайдын 121 дүээр тушаалаар батлуулав. “Шуудангийн салбарын дунд хугацааны бодлогын баримт бичиг“ ЗТАЖ-ын сайдын 199 дүгээр тушаалаар батлуулав. Монгол Улсад хөдөлгөөнт холбооны CDMA-450 технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэлийг батлав. Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулахад баримтлах чиглэл батлагдсан. Интернэтийн олон улсын 1 Mbps үнэ 3250 $ байсныг 400 $ болгож бууруулав. Бүх нийтийг компьютержүүлэх хөтөлбөрийг эхлүүлэв. Дашинчилэн-Булганы чиглэлийн 140 км, Эрдэнэт-Чойрын чиглэлийн 700 км сүлжээг ашиглалтанд орууллаа. Эрдэнэт-Дархан-Улаанбаатар-Чойрын чиглэлд Мобиком ХХК-ийн байгуулсан шилэн кабелийн сүлжээ нь интернетийн үйлчилгээг орон нутагт хүргэх, интернетийн бөөний үйлчилгээний чанар, сонголтыг бий болгох эхлэл болсон. 2006 он. Монгол Улсад утасгүй холбооны системийг нэвтрүүлэх талаар баримтлах чиглэлийг батлуулав. Мөрөн-Баян-Өлгий чиглэлийн 1600 км, Арвайхээр-Даланзадгад-Мандалговийн чиглэлийн 700 гаруй км, Лүн-Баянхонгорын чиглэлийн 430 км урт нийт 2730 км урт сүлжээг байгуулав. Үүрэн холбооны гуравдагч оператор Юнител ХХК GSM технологи ашиглан үйл ажиллагаагаа эхлүүлэв. Анх удаа сарын суурь хураамж нь ердөө 1$ байх “Dream life” дараа төлбөрт үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Монгол Улсад анх удаа сарын суурь хураамжгүй NICE дараа төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэв. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд байгуулагдсан. 21 аймгийг холбосон “Орон нутгийн өгөгдлийн сүлжээ” төслийг амжилттай хэрэгжүүлэв. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох утасгүй интернетийн WiMAX технологи нэвтэрч Скай Си Энд Си ХХК болон Улуснет ХХК-иуд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн. Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын телевизийн нэвтрүүлгийн хаалттай бүс, алслагдсан дүүргүүд нийт 361 цэгт телевизийн нэвтрүүлгийн олон сувгийг хүлээн авч дахин дамжуулах станцыг суурилуулав. Суурин холбооны дараа үеийн сүлжээ (NGN)-д шилжив. NGN, CDMA 2000 1X, IN амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. “Биоаюултай илгээмж, биобэлдмэлийг тээвэрлэх журам“ ЗТАЖ-ын сайдын 70 дугаар тушаалаар батлуулав. Дэлхийн шуудан холбооны долдугаар нэмэлт протокол, Шуудангийн санхүүгийн хэлэлцээрийг Монгол Улсын хуулиар батлуулав. ДШХ-ноос хэрэгжүүлдэг Шуудангийн шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд хамрагдав. “Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85” /ICT-Expo/ үзэсгэлэнг анх удаа зохион байгуулсан. Засгийн газрын 186 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 491 дугаар тогтоолоор “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компани байгуулагдсан. Telstar 18 / APSTAR-V хиймэл дагуулаар / стандарт FS- 1300 хиймэл дагуул нь 38 C-band, 16 Ku band транспондтой сансрын хиймэл дагуулын технологи / DTH /- ийг нэвтрүүлж, DVB-S стандартын 4,5 метрийн голчтой антеннаар телевизийн 18 сувгийг орон даяар дамжуулж эхэлсэн. 2007 он. Үүрэн холбооны Жи-Мобайл компани CDMA технологи ашиглан сүлжээнийхээ нээлтийг хийлээ. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо 1 саяд хүрэв. Хүүхэд бүрт зөөврийн компьютер” төслийг хэрэгжүүлж эхлэв. Интернэтийн 1Mbps урсгалын үнийг 400$ байсныг 150$ болгосон ба интернэт урсгалын багтаамжийг 1,25 Gbps болголоо. Шуудангийн зип кодыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 101 дүгээр тушаалаар батлуулсан. Аутсорсинг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулав. Олон улсын мэдээлэл технологийн боловсролын төв / Аптек/ байгуулагдав. 2008 он. Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Мэдээлэл, шуудан , харилцаа холбоо, технологийн газар болов. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулав. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн асуудал Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын эрхлэх асуудлын хүрээнд шилжив. “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох” үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай Үндэсний хороо байгуулагдав. Монголд анх удаа хөдөө орон нутагт /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд/ утасгүй интернетийн WiFi технологийг нэвтрүүлж, интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Ази–Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага / APSCO/- д гишүүнээр элсэв. Ази-Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах зорилгоор “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор болон Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж эхлэв. Сумдын түвшний шилэн кабелийн сүлжээ байгуулах төслийн хүрээнд 15 аймгийн 28 суманд шилэн кабельд холбож 880 км сүлжээ байгуулсан. 2009 он. БНСУ-ын Засгийн газрын тусламжаар Үндэсний дата төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулав. “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дүрэм”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Монгол шуудан ТӨХК болов. Онлайн худалдаа, үйлчилгээ нэвтрэв. Үүрэн холбооны сүлжээнд 3G технологийг нэвтрүүлж хэрэглэгчид гар утсаараа интернетэд холбогдох боломж бүрдсэн. Скайтелийн сүлжээнд 3G технологи дээр суурилсан гар утасаараа дамжуулан шууд телевизийн нэвтрүүлэг үзэх боломжтой STYLE үйлчилгээг нэвтрүүллээ. Үндэсний радио давтамжийн хяналт, хэмжилтийн тоноглол бүхий суурин, явуулын, зөөврийн тоног төхөөрөмжтэй “Үндэсний радио давтамжийн хяналтын тогтолцоо”-г анх удаа бий болгож, радио давтамжийн зурвасыг хянах боломжийг бүрдүүлсэн. Үндэсний радио давтамжийн талаар 2009-2012 он хүртэл баримтлах давтамжийн зурвасын төлөвлөлтийн стратегийг шинэчлэн баталсан. Интернет протоколд суурилсан Ай Пи телевиз (IPTV), хөдөлгөөнт телевизийн (Mobile TV) үйлчилгээг нэвтрүүлсэн. “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ыг батлав. 2010 он. “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 141 тоот тогтоолоор батлуулав. Хот хооронд, хөдөө орон нутгийн телефон ярианы үнэ тариф ялгаваргүй байх шинэ тарифт шилжлээ. Засгийн газрын 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” батлагдав. Шуудангийн олон улсын сүлжээний цахим систем / ITPS /-ийг нэвтрүүлсэн. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ хөтөлбөр”-ийг батлуулав. 2011 он. Цахим гарын үсгийн тухай хууль батлагдав. Өрх бүрт шуудан хөтөлбөрийг Засгийн газрын 126 тоот тогтоолоор батлуулсан. “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийг батлуулав. DWDM сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах төслийн хүрээнд олон улсын интернэтийн сүлжээнд холбогдох зорилгоор Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 2.5 Г/бс/STM-16 / их багтаамжийн сүлжээ байгуулав. 2012 он “Засгийн газрын тохируулагч агентлаг байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол, “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамж, 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 81 дүгээр захирамжийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар байгуулагдаж, газрын бүтцэд сансрын технологийн хэлтэс байгуулав. Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг Засгийн газрын 137 тоот тогтоолоор батлуулав. “Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулав. Орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргууллаа. “Сумдад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. “Сум, багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох харилцаа холбооны дэд бүтэц байгуулах” төсөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. “Гэр хорооллыг интернэтжүүлэх” төслийг эхлэв. “Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг хянах мэдээллийн систем бий болгох” төслийг эхлүүлэв. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийг шинэчлэн тогтоолгох ажлыг зохион байгуулсан. 2013 он. Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл шинэчлэл хүрээнд 19 аймгийн 150 сумыг шилэн кабелийн сүлжээнд холбов. “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах “Сансрын үндэсний зөвлөл”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын 16 дугаар захирамжаар байгуулав. “Сэтгэгдлийн зохистой хэрэглээг бий болгох тухай журам”-ыг Засгийн газрын 01 тоот тогтоолоор батлуулав. “Шуудангаар үйлчлэгч болон шуудан тээвэрлэгч байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”ыг шинэчлэн, “Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн давуу эрхийн бүс тогтоох тухай” Ерөнхий сайдын 24 тоот захирамжаар батлуулав Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “КАНСАТ” сонирхогчийн хиймэл дагуул зохион бүтээж, хөөргөх Улсын анхдугаар уралдааныг амжилттай зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний цахим/ ТҮЦ /машиныг нэтрүүлэв. “Иргэдийн өргөдөл гомдлын ухаалаг тайлангийн систем нийлүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улс болон ОХУ-ын хооронд хил орчим радио долгион ашиглалтын талаарх гэрээг байгуулав. 2014 он Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 101 тоот тогтоолоор батлуулав. “Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэлт” төсөл хэрэгжиж эхлэв. “Төрийн үйлчилгээний цахим систем” төсөл эхлэв. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” төсөл хэрэгжүүлж эхлэв. Монгол Улс тоон телевизийн системд шилжих төслийн хүрээнд бүх аймаг, 371 сум суурин газарт тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмж суурилуулж, DVB-S2 стандарт систем бүхий тоон системд бүрэн шилжүүлэв. “Төрийн үйлчилгээг иргэдэд цахим машин ашиглан хүргэхэд мөрдөх журам”-ыг батлав. “Цахим систем болон Мобайл технологид суурилсан програм хангамжийн нэгдсэн үйлчилгээний портал систем хөгжүүлэх” төслийг эхлүүлэв. Монгол Улсын хэмжээнд 4 оронтой мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, 1900 угтвар дугаарт шилжүүлсэн Харилцаа холбооны тухай хуулинд Дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтыг хийв. Нийтийн түлхүүрийн дэд бүтэц төслийн гүйцэтгэлийн хүрээнд Гэрчилгээжүүлэх Суурь Байгууллагын анхны түлхүүр үүсгэж, Үндэсний Дата Төв УТҮГ-т хүлээлгэн өгөв. 2015 он Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэлийг батлав. Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны / 4G LTE / системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэлийг баталсан. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар баримтлах чиглэлийг батлав. “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд цэцэрлэгүүдийг камержуулах, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэгийг иж бүрэн тоон IP камераар тоноглож, гар утасны аpps болон бусад төхөөрөмжийг суурилуулж, интернэтээр хяналт хийх боломжийг / “Newsonic” компани / бүрдүүллээ. 2016 он “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг байгуулав Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын 117 тоот захирамжийн дагуу шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3720 дугаарт бүртгүүлсэн. “Монгол Улсад интернэтийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 123 тоот тогтоолоор батлуулав. “ Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. 2017 он Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаарх баримтлах бодлого /2016-2025/ баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Ерөнхий сайдын захирамжаар батлууллаа. “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн БНСУ-д ногдох хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах шийдвэрийг Засгийн газрын 300 тоот тогтоолоор гаргав. Төрийн цахим мэдээлэл солилцооны “ХУР” систем нэвтрэв. “Сансарт хөөргөсөн биет зүйлсийг бүртгэх тухай” олон улсын конвенц, Монгол Улсын Харилцаа холбооны тухай болон Радио долгионы тухай хуулийн дагуу “мазаалай” хиймэл дагуулыг м2017-001 дугаар бүхий Монгол Улсын сансарт хөөргөсөн анхны биет зүйлсэд бүртгэж, тус хиймэл дагуулын харилцаа холбоо, удирдлага, хяналтад ашиглах радио долгионы зөвшөөрлийг сонирхогчийн радио станцын метрийн болон дециметрийн цараанд олголоо. 2018 он “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын тогтоолоор батлуулав. Танилт, баталгаажуулалтын нэгдсэн “ДАН” систем нэвтрэв. “Монголын хөгжлийн сүлжээ-2021” төсөл хэрэгжүүлж үндсэн сүлжээний багтаамжийг аймгийн төвүүдэд 100 Гбит/сек хүргэх зорилгын хүрээнд нэг аймгийн төвд 1 Гбит/сек багтаамжтай байгаа сүлжээг 100 дахин нэмэгдүүлж нийт сүлжээний ачааллыг зарим аймгуудад 2100 Гбит/сек хүргэв. “Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” ажлын хүрээнд үүрэн холбооны оператор компаниудтай хамтран хүүхдийн гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулав. 2019 он Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль батлагдав. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулав. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдав. Монгол Улсад фэйсбүүк компанитай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. “Тоон бичиг үсэгтэн”сургалтын гарын авлага боловсруулав. Ухаалаг засаг төслийн хүрээнд Үндэсний дата төвийн нөөц төвийг байгуулах төслийг эхлүүлэв. Дэлхийн шуудан холбооны есдүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар батлуулав. Транзит үйлчилгээний мэдээлэл солилцоо, бүртгэл хяналтыг сайжруулах зорилгоор улс хоорондын шуудангийн мэдээлэл солилцох ITMATT системийг хэрэгжүүлж эхлэв. Үндсэн сүлжээний нийт урт 17614 км болов. 2020 он Шуудангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинэчлэв. Цахим орчинд хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг баталсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” нэвтрүүлэв. “Радио долгион ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох тухай” журмыг баталсан. “Төрөөс иргэдэд хүргэх радио, телевизийг шалгаруулах, тэдгээрийг дамжуулах үйлчилгээний журам”-ыг баталсан. “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео,санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийг баталсан. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн 255 стандартыг боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. Үүрэн холбооны сүлжээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хувийг хамарч, бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 5.56 саяд хүрлээ. Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 66 байгууллага үйл ажиллагаа эрхэлж, нийт хэрэглэгчдийн тоо 3.0 сая болов. Бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Other news

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай 2021.02.16 Анхны өртөө улаа яаж үүссэн цаашид хэрхэн өргөжин хөгжсөн, өртөө улааг зохион байгуулж байсан хэлбэр, харилцаа холбооны хөгжилд нөлөөлж байсан эерэг болон сөрөг хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс юм. Эдүгээгийн Монгол Улсын нутагт манай эрины өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах хааныхаа зарлигаа хүргэх, мэдээлэл солилцохын тулд элч зарж, бичиг илгээж байсан мэдээ байдаг. (Монгол Улсын гавъяат холбоочин И.Норовжавын өгүүллээс…) ХҮННҮ УЛСЫН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байлаа. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Мөн III зууны сүүлч II зууны үед Хүннү нар гадаадад элч зарж, бичиг илгээж байсан мэдээ бий. Манай эриний IV зуун “Өртөөчин “ хэмээх албан тушаал бий болж, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өртөө байгуулж эхэлсэн. УУРГЫН УЛАА Уургын улаа гэдэг уургалан барих гэсэн утгатай үг бөгөөд харилцан нэвтрэлцэх явдлын нэг хэсэг, түр зуурын өртлөг өртөөний нэг хэлбэр юм. Энэ нь харилцаа холбооны анхны хэрэглэж байсан өртөө. Уургын улаач нь шууданч хаана яваа газраасаа ямар ч айлын сүргээс морь хөсгөө сольж, хүнсний хоол ундаа бэлтгэн хэрэглэхийг хэлдэг. Үүнд нь ард иргэд таатай бус хандаж байсан учир уургын улаач нараас аль болох холуур байхыг хичээдэг байв. Тиймээс уургын улаа нь маш их дутагдалтай байсан жишээ нь өртөө хоорондох зай харилцан адилгүй учраас айл хүнгүй газар унаа хөсгөө сольж чадахгүй, мөн хоол хүнсгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байсан. Мөн уургын улаач нарт яаж явах замыг нь зааж өгсөн орчин үеэр бол газрын зураг байхгүй байсан тул яаралтай шуудан бичиг замдаа саатаж хугацаанаасаа хожимдох нь элбэг байв. ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ШУУДАН XIII зууны эхэнд Монголын тулгар төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх мэдээллийг харилцан дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ. ӨГӨДЭЙ ХААНЫ ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН XII-XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч мэдээлэл нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл, хазаар зэргээр юм татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ. Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор “Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан“ журам болгон зүг зүгийн мянгат мянгатаас замчин улаачин гаргуулж, суурьт зам өртөө үүсгэн, элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ. Өгөдэй хаан анхны үед 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байв. 1232-1233 онд өртөөний ажлыг эмх журамтай болгохын тулд өртөөгөөр пайз тэмдэг, зар бичиггүй явсаныг цаазлах, өртөөгөөр явагчдын хэрэглэх хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цээрлүүлэн шийтгэж байхаас гадна өртөө замыг зөвхөн бүх монгол орны дотор төдийгүй 1235 оны үед монгол гүрний эзэмшсэн уудам нутагт өртөө замыг байгуулжээ. Энэ утгаар нь Өгөдэй хааныг монголд шуудан холбоог үндэслэгч, түүний байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Өгөдэй хааны зарлигаар байгуулсан морин өртөө шуудан нь өөрийн их эзэнт гүрнийг нэгтгэн барьж байх гэсэн тэр цагийн монгол хаадын бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан шигээ дараа дараачийн хаадууд монгол туургатны цаашдын хөгжилд амьдралын янз бүрийн үе шатанд тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хангах төрийн захиргааны нэгэн хэрэглүүр болж байв. Монгол шуудангийн зохион байгуулалт ёс журам нь дундад зууны үеийн феодалын дорой буурай цагийн үед хамаарах боловч мөн үеийн Европтой зэрэгцүүлэхэд илүү сайн, тухайн эзэнт улсын байдалд зохицсон байжээ. Иймээс монголын шуудан нь бусад улс орны анхаарлыг татаж, шуудангийн нэр томъёо олон орны үгийг баяжуулсан гэж гадаадын зарим эрдэмтэд бичиж, үзсэн жуулчид магтсан байдаг. Аливаа улсын шуудан нь уналга, тээврийн хэрэгсэлтэй нягт холбоотой болохоор тэдгээрийн хөгжил, төрөл, хүртээмж, зохион байгуулалтаас хамаарч байдаг. Эртний монголын шуудангийн унаа тээврийн гол үндсэн төрөл нь ердийн хөсөг, морь байв. Монгол Улсын хязгаарын дотор болон хязгаар нэвтрүүлэх албан бичиг, захидал зэргийг шуудангаар нааш цааш нэвтрүүлэн явуулахдаа өртөө тутмаас ачих морь, морьтой улаач нэгийг хэрэглэдэг. Албан бичгийн шуудан явуулахад түүн дээр маркны оронд тэр бичгийг явуулсан ба үнийг хураасан албан газрын тэмдэг дардаг байсан байна. Тухайн үеийн тэр тэмдгийг одоогийн марктай адилтгаж болох юм. Монголын өртөө шуудан нь маш их хариуцлагатай алба байсан бөгөөд монголын их гүрний аль ч өнцөгт ямар ч самуун дэгдсэн харийн дайсан халдсан тухай эсвэл өөр ямар нэг чухал хэргийн талаар их хаанд айлтгахын тулд буухиа элч өдөрт 200 бээр, заримдаа 250 бээр тэр үеийн 1 бээр 500 метртэй тэнцүү газар хурдлан мэдээ хүргэдэг байжээ. Маш чухал яаралтай алба гарвал элчид шонхортой пайз олгоно. Элч хоёр өртөөний хоорондох 25 бээр газрыг гэдсээ боон, толгойгоо ороосон байдлаар асар богинохон хугацаанд туулдаг байв. Хэрэв элч хоёулаа байвал хурдан морийг хоёулаа унадаг байсан бөгөөд нэг өртөөнд ирэхэд  нь тусгайлан сойж бэлтгэсэн сэлгээний хурдан морьдыг бэлэн байлгадаг байжээ. Тэд огт сааталгүй дараагийн өртөөнд очиход мөн л морьд бэлэн байдаг байна. Өртөө бүр дээр элч зарлага нарт зориулсан 300-400 морь, том гэр, унтах ор дэвсгэр, тансаг торгон хөнжил, хоол унд хэрэгтэй юм бүхэн элбэг дэлбэг хэзээд бэлэн байдаг байна. Морьдыг мянгат хот цайзуудаас бэлтгэх бөгөөд харин эл хуль газрын өртөөдөд хааны сангаас гаргадаг байжээ. Тэр цагт яаралтай бичиг захианы дөрвөн буланд “Морин дэл дээгүүр довтлон явуул” гэж бичиж, өнцөгт нь нисэж яваа шувуу зураад “Нис, нис” гэсэн бичиж буухиагаар илгээдэг байсан нь хурдлан

E-Mongolia, E-Kids системд үнэгүй нэвтэрч, үр хүүхдээ хамгаалаарай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо. Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өнөөдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ. Төрийн цахим үйлчилгээний 1,6 сая хэрэглэгчтэй E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг нээн яаралтай горимоор 7 хоногт багтаан нээнэ. Огцом өсч буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах шийдэл нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг түгээмэл жишээ нь Googel family Link апп юм. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд аль хэдийнээ энэ аппликэйшнийг хэрэглэж хэвшээд байна. E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна. ​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нэг талаас иргэнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Нөгөө талаас насанд хүрэгсэд, ээж аавууд бид цахим гэмт хэрэг, жигшүүрт хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” гэж мэдэгдээд байсан юм. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх үүд хаалгыг нээж, нийгмийн хариуцлагын өндөр ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа ирээдүй эзэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэхэд ЖАЙКА.тай хамтарна 2022.10.04 Монгол Улсын Засгийн газраас 2022 онд дэвшүүлсэн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦХХХ-ны Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи нар “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийн үндсэн бичиг баримтад гарын үсэг зурлаа. Кибер аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийн чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий уг техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2022 оны 12 сараас 2026 оны 11 сар хүртэл 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, төр, хувийн хэвшил, боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, цаашлаад олон нийт, хүүхэд залуучуудад кибер аюулгүй байдлын тухай зохистой ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд Япон Улсаас урт хугацаанд мэргэжилтэн томилогдон ажиллах ба, дотоод болон гадаад дахь богино хугацааны сургалт зохион байгуулан, Монгол Улсад өндөр ур чадвартай сургагч багш нарыг бэлтгэх, кибер аюулгүй байдлын сүүлийн үеийн дэвшилтэт сургалтын хөтөлбөрийг судалж, боловсруулан төрийн албан хаагчийн ур чадварыг сайжруулах сургалт, семинарийг зохион байгуулах үйл ажиллагаануудыг төлөвлөөд байна. Төсөл хэрэгжих хугацаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газар, Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, ШУТИС, Мэдээллийн холбоо, технологийн сургуулиуд хамтарч ажиллана.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ