Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

2021.01.21

МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ.

БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…

Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар:

  • 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар,
  • 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах,
  • 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах,
  • Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах,
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна.

Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна.

Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна.

Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна.

Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ.

Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан бичиж үлдээжээ.

Ийнхүү Монгол Улсад радио нэвтрүүлгийг дамжуулах техникийн нөхцөл бүрдэж, 1934 оны 9-р сарын 1-ний өдрийг түүхэнд “Монголд радио байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үедээ радио өргөн нэвтрүүлгийг радио чимээ, радио мэдээ, радио сонин гэсэнгүй радио уран сайханы нэвтрүүлэг хэмээн нэрлэж, өдөр бүр өглөөний 07.00-09.00, оройн 17.00-19.00 цагт ажиллаж, дуу бичлэгийн төхөөрөмж байхгүй тул нэвтрүүлэг эхлэх, дуусах бүрт дуучин хөгжимчид байдаг байжээ.

Хөдөө орон нутаг болон гадаад орноос холбоо барих, мэдээ хүлээн авах зорилгоор олон төрлийн антен бүхий КТФ, ТМ-10, СВД-9 маркийн хүлээн авах станцуудыг хотоос зайдуу одоогийн төмөр замын төв буудлын баруун талд байгуулсан байна. Радио станцуудыг ашиглалтанд оруулсан анхны жилүүдэд хот хөдөөд ЗХУ-ын 21 мэргэжилтэн сургагч ажиллаж байсны зэрэгцээ Эрхүү хотын Дорнод Сибирийн холбооны гарын дэргэдэх радио техникийн курст Д.Чоймбол, Г.Дамдинсүрэн, С.Лувсанчүлтэм, Самбуу, Хунхүү, Цэвээндолгор, Рэнцэндорж, Балданцэрэн, Ишсамбуу, Ширнэн, Цэрэннадмид, Базарсад нарын 12 хүн суралцаж радио техникчээр бэлтгэгдэн ажилласан анхдагчууд юм.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэнН.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

Other news

Төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид: Төслийн зохицуулагч Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Техникийн мэргэжилтэн Төслийн менежментийн мэргэжилтнийг тус тус нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Төслийн зохицуулагч /дахин зар/: https://drive.google.com/…/1UmIp…/view… Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1oUS0nMvt9l8xKChNLQM…/view… Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн /дахин зар/: https://drive.google.com/…/1iQKbN4QZfkKNyW41EHO…/view… Техникийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1LyEYSS9RpQXuxsFwCi0…/view… Төслийн менежментийн мэргэжилтэн: https://drive.google.com/…/1DDks6Wm5x…/view… Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 103 тоот өрөө болон info@mddc.gov.mn цахим шуудангаар англи хэл дээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Намтар /CV/ Дипломын хуулбар Иргэний үнэмлэхийн лавлагаа НДШ-ийн лавлагаа Өмнөх болон одоо ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт Ажил горилох тухай захидал Ур чадварыг илэрхийлэх бусад нэмэлт баримт бичгийн хуулбар Лавлагаа, тодорхойлолтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn болон e-Mongolia аппликейшнээр цахимаар гаргуулан ирүүлж болно. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй 1-ээс дээш ажлын байранд материалаа ирүүлж болно.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа 2022.05.19 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Фишинг халдлага

ҮЙЛ ЯВДАЛ Фишинг халдлага 2021.04.28 Мэдээллийн технологийн хөгжлийн өнөө үед цахим харилцаанд цахим шуудан томоохон орон зайг эзлэхийн хэрээр цахим халдлагын бай болох байгууллага, хувь хүнийг эрсдэлд оруулах үйлдлүүд ихээр гарах болсон. Иймд байгууллага, хувь хүн бүр цахим шуудангийн аюулгүй байдлын тухай ойлголттой байж, хортой код агуулсан цахим шууданг таньж чаддаг байх нь тухайн халдлагаас үүдэх гарах аливаа эрсдэл, алдагдлыг бууруулахад чухал нөлөөтэй болоод байна. Фишинг халдлага гэдэг нь таны нууц үг болон энэ төрлийн хувийн мэдээллийг хулгайлах зорилготой бөгөөд хакерууд фишинг халдлагын тусламжтайгаар хэрэглэгчийн нэр, нууц үг, регистрийн дугаар болон бусад холбогдох мэдээллийг цуглуулж, тухайн мэдээллийг хууль бус үйлдэлд ашиглах замаар өөр төрлийн халдлагууд хийх тохиолдол их байдаг. 2004 оноос эхлэн дэлхий даяар фишинг төрлийн халдлага ихэсч байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгууллагууд алсын зайнаас ажиллаж буйтай холбоотойгоор эрчимтэй өсөж, учруулж байгаа хохирлын хэмжээ ч тэр хэмжээгээр нэмэгдсэн талаар Computer Fraud & Security сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын дугаарын “Why is phishing still successful?” өгүүлэл, Wiley хэвлэлийн газрын Internet technology letters сэтгүүлийн 2020 оны 10 дугаар сарын “COVID‐19 pandemic cybersecurity issues” өгүүлэл, IEEE Xplore-д 2021 оны 1 дүгээр сард хэвлэгдсэн “Phishing Web Page Detection Methods: URL and HTML Features Detection” өгүүлэл зэрэг олон эх сурвалжид онцолсон байна. Мөн хэрэглэгчдийн хувьд ялгаатай системүүдэд ижил нууц үг ашигладаг нь тухайн халдлагын тоо болон хор хохирол буурахгүй байгаатай шууд холбоотой хэмээн судлаачид үзжээ. Ихэнх фишинг цахим шуудан нь бидний өдөр тутам ашигладаг интернэт банк, нийгмийн сүлжээний сайтын нэр, логог ашиглан, тэдгээртэй ижил төстэй мэдээллийн агуулгатайгаар цахим шуудан илгээдэг. Цахим шуудангийн агуулга хүний анхаарал, сонирхол татах зорилготой байдгаас хэрэглэгч чухал ач холбогдолтой цахим шуудантай андуурч фишинг халдлагад өртөж хувийн мэдээллээ алдах магадлал өндөр байдаг. Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг цахим шуудангаар дамжуулж буй гол протокол нь SMTP (Simple Mail Transfer Protocol) юм. SMTP протоколоор цахим шуудан илгээхийн тулд заавал толгой мэдээлэл (header information)-тэй байх шаардлагатай. Уг мэдээлэлд тухайн цахим шуудан ямар хаяг болон серверээс ирсэн зэрэг гол утгууд агуулагдах бөгөөд бид энэхүү өгөгдөлд тулгуурлан тухайн цахим шуудан фишинг мөн эсэхийг тогтоох боломжтой юм. Зураг 1-д харуулснаар цахим шуудан sans@email.sans.org хаягаас ирсэн байна. Зураг 1. Цахим шуудангийн толгой мэдээлэл харах Тухайн цахим шуудангийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл (толгой мэдээлэл)-д цахим шуудан илгээсэн серверийн тухай мэдээлэл тодорхой харагдана. Хэрвээ цахим шуудан илгээгчийн мэдээлэл сэжигтэй санагдсан бол virustotal.com зэрэг сайтуудыг ашиглан шалгаж үзэхээс гадна ping, whois зэрэг хэрэгслэл /tool/-ийн тусламжтайгаар илүү нягталж үзэх боломжтой юм. Цахим шуудан илгээгчийн мэдээлэл дунд “unknown” гэсэн мэдээлэл байвал хэдий тухайн хаяг нь зөв байсан ч спам эсвэл фишинг халдлага байх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл спам, фишинг цахим шууданг зарим тохиолдолд хэн нэгний өмнөөс илгээх боломжтой байдаг. Зураг 2. Цахим шуудангийн толгойн мэдээллийн хэсэг Жишээ нь: Сайн байна уу. Эрхэм харилцагч танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны Instagram дахь хаягаар 2020 оны 4 сарын 26-ны өглөө 07:12 цагт (GMT +8) халдлага хийгдсэн байж болзошгүй үйлдэл илрч 5 удаа нэвтрэх оролдлого хийлээ. Энэ нь таны хаягт password guess, dictionary, rainbow table төрлийн халдлагууд хийгдсэн байж болзошгүй гэдгийг илтгэж байна. Хэрвээ та тухайн үед хаягтаа хандах оролдлого хийгээгүй бол аюулгүй байдлаа хангах үүднээс ЭНД дарж нууц үгээ яаралтай сольно уу. Таныг хүндэтгэсэн: Instagram-ийн аюулгүй байдлын баг. Дээрх цахим шуудангаас ихэнх хэрэглэгч “халдлага”, “instagram”, “password guess”, ”dictionary”, ”rainbow table” зэрэг өөрт ойр болон техник, технологийн үгсүүд дээр голчлон анхаарч чухал цахим шуудан хэмээн итгэж хохирогч болох магадлалтай байдаг. Фишинг цахим шууданд дараах агуулгууд ихэвчлэн байдаг тул түүнийг танихад ашиглаж болно. Үүнд: Нууц холбоос: Жишээ нь дээрх цахим шууданд холбоосыг ЭНД гэж нууцалсан байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын мэдлэггүй хэрэглэгчид тухайн холбоос дээр дарж өөрийн мэдээллээ хакеруудад алдах боломж бүрдүүлдэг. Нууц үгээ, нууц кодоо солихыг шаардсан шинж, агуулгатай цахим шуудан ихэвчлэн фишинг төрлийн халдлага байх магадлалтай. Жишээ нь дээрх цахим шууданд та халдлагад өртсөн байж болзошгүй тул ЯАРАЛТАЙ НУУЦ ҮГЭЭ СОЛЬ гэсэн байдлаар шаардаж буй юм. Мөн сугалаанд хожсон тул та яаралтай холбогдох мэдээллээ оруулна уу гэх зэрэг оролдлого нь фишинг халдлагын ангилалд орно. Монгол улсын иргэн биш бол ихэнх тохиолдолд халдлага үйлдэгч нь логикийн алдаатай, үгийн алдаатай, бичиглэлийн, найруулгын алдаатай байдлаар бичдэг. Жишээ нь дээрх цахим шууданд “сольно”, “илрч” зэргээр алдаатай бичжээ. Дуурайлган хийсэн, ижил төстэй домэйн бүхий вэб сайт ашиглах замаар фишинг халдлага хийгддэг. Жишээ нь Монгол улсын иргэдийн хувьд ихэнх нь Google-ийн цахим шуудангийн хаяг ашигладаг. Тэгвэл халдагч этгээд gmai1.com зэрэг хаяг ашиглан ижилхэн харагдах вэб байршуулах замаар олон тооны хэрэглэгчийг хамарсан халдлага хийдэг. ЦАХИМ ШУУДАНГААР ФИШИНГ ХАЛДЛАГА ХИЙЖ БУЙ ЭСЭХИЙГ МЭДЭХ АРГА: Нууц холбоос агуулсан цахим шуудангийн холбоосын аюулгүй байдлыг шалгахдаа virustotal.com сайтыг ашиглаж, https://www.youtube.com/watch?v=n916FbMdyk0 энэ бичлэгийн дагуу шалгаж болох юм. Нууц үг болон бусад нууцлалтай холбоотой мэдээлэл солих агуулга бүхий цахим шуудан ирсэн тохиолдолд вэб сайт, холбоост хандахаас өмнө тухайн хаяг болон холбоосыг нягтлаарай. Шаардлагатай тохиолдолд тухайн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандан тодруулж болно. Цахим шуудангийн агуулга, найруулга, үг үсгийн алдаа зэргийг сайтар нягталж унших хэрэгтэй. Мөн цахим шуудангийн Signature хэсгийг сайн харах хэрэгтэй. Дээрх цахим шууданд зөвхөн “Instagram-ийн аюулгүй байдлын баг” гэсэн signature ашигласан байгаа нь албан бус болох магадлалтайг илтгэж байна. Бид албаны цахим шуудангийн signature хэсэгт тухайн хүн, байгууллагатай холбоо барих мэдээллийг оруулдаг гэдгийг санах хэрэгтэй. Цахим шуудангаар ирсэн холбоос дээр яаран дарахгүйгээр хайлтын системээс тухайн байгууллагын албан ёсны хаягийг цахим шуудангаар ирсэн хаягтай харьцуулж үзээрэй. Байгууллагын хувьд фишинг цахим шуудантай тэмцэж түүний хохирлыг бууруулах үндэс нь байгууллагын бүх ажилчдын түвшинд болон бусад харилцагч байгууллагуудын түвшинд фишинг халдлагын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын хүрээнд ёс зүйт фишинг халдлага хийх (Phish drill exercise) замаар халдлагад өртөх магадлалтай бүлгийг тогтоох, тухайн бүлэгт тусгайлан сургалт явуулж, эрсдэлийг бууруулж болно. Технологийн хувьд спам цахим шуудангаас хамгаалах, whitelisting үүсгэх зэрэг шийдлүүдийг ашиглаж болно. Мөн фишинг халдлага нь DNS, вэб хөтөч болон бусад протоколуудад халдах замаар улам ухаалаг болж буйг тооцоолох нь чухал юм. Фишинг халдлагад өртөх магадлал өндөр салбар болон хэрэглэгчдийн бүлгийг APWG- аас / APWG report / дараах байдлаар тодорхойлжээ.  Үүнд: Онлайн тоглоом тоглогчид Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдний үйлчлүүлэгчид Сошиал сүлжээ идэвхтэй хэрэглэгчид Мөн уншигч та фишинг халдлагыг таньж чадах буй эсэхээ Google-ээс гаргасан дараах тестээр шалгаж үзээрэй. Холбоос https://phishingquiz.withgoogle.com/ Танд Зураг 3-т үзүүлсэн цонх гарч ирэх бөгөөд 1 дугаартай мөрөнд буй зааврыг уншиж 2 дугаартай хэсэгт буй цахим шуудантай ажиллан Фишинг эсвэл Албан ёсны цахим шуудан гэдгийг таних бөгөөд 3 дугаартай мөрөнд