Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

COVID-19 ERSDEL системийг 500 мянга орчим хүн ашиглаж, цар тахлаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж байна

2021.07.19

КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг өнөөдрийн (2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр) байдлаар нийт 491,520 хүн ашиглаж өөрийгөө хамгаалж байна. Нийтдээ 120,946 хүнд коронавирүст халдвар авсан нь батлагдсан талаар мессеж очсон бол тэдгээр хүмүүсийн ойрын хавьтал болсон 2,926 хүнд өөрийгөө тусгаарлах талаар мэдэгдлийг автоматаар өгчээ. Ингэснээр тэдгээр иргэд өөрсдийгөө тусгаарлаж халдвар цааш тарахаас хамгаалсан байна. КОВИД-19 ЭРСДЭЛ системийг аль болох олон хүн хэрэглэж байж халдварын тархалтыг бууруулахад дэмжлэг болж иргэд хэвийн амьдралдаа шилжихэд нэмэр болох юм. Тиймээс та бусдад КОВИД-19 ЭРСДЭЛ системийн талаар мэдээлэл хуваалцаж халдвараас сэргийлэхэд дэмжлэг үзүүлнэ үү. КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг. “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална. Нэмэлт мэдээллийг доорх линкээс авна уу. https://covid19ersdel.e-mongolia.mn/ Түгээмэл асуулт хариулт: Миний шинжилгээний хариу эерэг (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу) гарч би коронавирүст халдвар авсан нь батлагдсан бол би яаж бусдад анхааруулах вэ? Нэг удаагийн баталгаажуулах 8 оронтой код бүхий холбоосыг улсын онцгой комиссын нэгдсэн мэдээллийн системээс (https://eruul.gerege.mn) шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүст илгээнэ. Хувь хүмүүс энэхүү мессежийг 8 оронтой кодыг шинжилгээний хариу гарснаас 4 цагийн дотор хүлээн авна. Та хүлээн авсан 8 оронтой кодоо КОВИД-19 ЭРСДЭЛ системд аль болох хурдан хуваалцаж таны ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүйг мэдээлээрэй. Та энэхүү кодыг явуулснаар хэнд ч таны хувийн мэдээлэл болон хаагуур явсан зэрэг бусад хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл очихгүй юм. Энэхүү 8 оронтой кодыг хуваалцсанаар та харин бусад хүмүүсийг цаашид халдвар тараахаас сэргийлж халдварын тархалтыг хумихад чухал хувь нэмэр оруулах юм. Хэрвээ танд 8 оронтой код ирээгүй бол 7777-3773 утсаар холбогдоно уу. САРС-КоВ-2 вирүсийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед ХӨСҮТ шуурхай удирдлагын багаас тантай утсаар холбогдож зөвөлгөө өгнө. Хэрвээ тантай холбогдоогүй байгаа бол та энд дарж хэрэгтэй мэдээллээ авна уу. (энд дарж – Таны PCR шинжилгээний хариу (КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн шинжилгээний хариу) эерэг гарсан бол доорх зөвлөмжийг анхааралтай уншина уу -г холбох). КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга хүлээн авсан одоо би юу хийх ёстой вэ? Сүүлийн 14 хоногт тантай ойрхон байсан хүмүүсээс хэн нэг нь коронавирүст халдвар авсан болох нь батлагдсан учраас та КОВИД-19 ЭРСДЭЛ системээс САРС-КоВ-2 вирүсийн халдварт өртсөн байж болзошгүй эрсдэлийн анхааруулга мэдээлэл хүлээн авчээ. Та халдвартай хүнтэй 2 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд ойрхон байсан учир та халдварт өртсөн байж болзошгүй юм. Тиймээс та өөрийгөө өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хөл хорино уу. Та “Гэрийн Тусгаарлалт”-ийн дэглэмд байх бол дараах зааврыг мөрдөнө: Танд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол гэрийн тусгаарлалтын дэглэмийг коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан өдрөөс эхлэн 7-10 хоногийн турш мөрдөх ба хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Танд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол шинж тэмдэг илэрсэн өдрөөс эхлэн 10 хоногийн турш мөрдөх ба мөн хамгийн багадаа сүүлийн 3 хоногийн турш халуураагүй зэргийг үндэслэн гэрийн тусгаарлалтын дэглэмийг хяналтын эмчийн шийдвэрээр дуусгавар болгоно. Таныг оношлогдсон өдрөөс эхлэн таны оршин суугаа хаягийн харьяалагдах Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч нар хянах ба тантай тогтмол холбоотой байж эмнэлзүйн шинж тэмдэг биеийн байдлыг тань үнэлэх учир та сандрах хэрэггүй ухаалаг тайван байгаарай. Хэрэв танд Амьсгалахад хүндрэлтэй болох, Цээж байнга өвдөлттэй эсвэл дараад байгаа мэт болох, Арьс уруул хумсны өнгө цайрах эсвэл хөхрөх, Нойр хүрэхгүй, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай харьяа Өрх, Сум, Тосгоны эмнэлгийн эмч рүү залгаарай. Мөн та (КОВИД-19)-ын нэгдсэн лавлах:119, ХӨСҮТ:100,(8008-6829), ЗӨСҮТ: 7028-4393, СЭМҮТ:1800-2000, ЭМЯ: 11-323002 утсаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Та гэрээр тусгаарлагдахдаа гэрийнхээ агааржуулалт сайтай өрөөнд гэр бүлийн гишүүдээс тусдаа байрлах ба өрөөний цонхыг тогтмол нээж агааржуулалт хийнэ. Тусдаа өрөөнд байх боломжгүй бол таны ор гэр бүлийн бусад гишүүдийн орноос 1 метрээс доошгүй зайд байрлах ба гэр бүлийн гишүүдтэйгээ зайт харилцааг баримтална. Та аль болох тайван стресстэхгүй байхыг хичээж шаардлагагүй биеийн хүчний ажлаас татгалзаж, маск тогтмол зөв зүүж, гараа тогтмол спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгаж, тогтмол угаах хэрэгтэй. Гараа угаах, Шүдээ угаах, Бие засах зэрэгтээ хянуур байж зөвхөн өөрийн, 1 удаагийн цаасан алчуур салфетка, 00-ын цаас хэрэглэх, 1 удаагийн хэрэглэлүүд боломжгүй бол зөвхөн өөрийн алчуурыг тогтмол хэрэглэх ба тогтмол савандаж угааж байх. Бие зассаны дараа 00-ын тагийг таглаж усаа татах. Таныг гэр бүлийн 1 эрүүл гишүүн асарч сувилах ба бусад гишүүдтэй аль болох ойр зайнаас харьцахгүй байхыг хичээнэ. Гэрээр эмчлэгдэх хугацаанд өдөр бүр, өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэн тэмдэглэх, өөрт илрэх шинж тэмдгийг анхааралтай ажиглан тэмдэглэх ба таны тэмдэглэлийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч утсаар өдөр бүр холбогдож авна. Та хэрвээ боломжтой бол https://eruul.gerege.mn системээс ирсэн хаягаар орж өөрийн шинж тэмдгийн мэдээллээ өдөр бүр оруулж эрүүл мэндийн салбарын ажилд дэмжлэг үзүүлнэ үү. Ингэж бүртгүүлснээр эрүүл мэндийн ажилтнууд хүндрэх эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд илүү цаг зарцуулж ажиллах боломж олгож та цар тахалтай тэмцэх явцад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа явдал юм. Илчлэг сайтай, амархан шингэх тэжээллэг хоол иднэ. Өөрийн дураар шаардлагагүй антибиотик, бусад төрлийн эм хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Other news

ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын ажлын хэсэг Архангай аймагт 2 өдөр ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын тэргүүтэй ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав болон холбогдох удирдлагуудтай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажиллаж байна. Тус аймаг нь 95 мянга гаруй хүн амтай, эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй, аялал жуулчлал бөгөөд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд аймгийн удирдлагууд дээрх салбарууд болон хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулж ажиллах шаардлага байгааг онцолж байлаа. Дээрх ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд тус аймагт ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчилах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, Төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалтын зохион байгуулах юм.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс ирүүлсэн саналыг хэлэлцэв

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Discussion on “Current Situation and Challenges of e-Commerce”

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал, “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна. “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн; 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга; 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа; 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн; 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга; 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ. Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ