Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

АБГББХ: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхээр тогтов

2021.07.01

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.07.01) хуралдаан 9 цаг 07 минутад цахимаар эхэлж, хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас өчигдөр /2021.06.30/ өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн 193 орны хүрээнд гаргадаг кибер аюулгүй байдлын индексийг тухайн улсын хууль эрх зүйн орчин, техникийн хувьд хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохион байгуулалтын арга хэмжээ, чадавх бүрдүүлэх, хамтын ажиллагаа гэсэн 5 үндсэн, 25 үзүүлэлтийн хүрээнд гаргадаг аж.

Манай улсын хувьд кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг  зэрэг үндэслэлээр  2017 онд 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгджээ.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулах, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хурлын 2021 оны чуулганаар хэлэлцэн батлуулахаар гаргасан хуваарь, цаг үеийн нөхцөл шаардлага, эрэлт хэрэгцээг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ. Хуулийн төсөлд цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулахаар тусгасныг хууль санаачлагч онцлов.

Орчин үеийн мэдээллийн технологид суурилсан нэгдсэн удирдлага бүхий төхөөрөмжүүдээр тоноглогдсон нийгмийн эрүүл мэнд, амин чухал хэрэгцээг хангах үйлдвэр, байгууламж, обьектууд нь кибер терроризмын гол бай болдгийг харгалзан онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг хуулиар тогтоож, түүний кибер аюулгүй байдлыг хангах тодорхой эрх, үүргүүдийг хуульчлахаар зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн.

Кибер аюулгүй байдлыг хангах нь үндэсний хэмжээнд авч үзэх асуудал бөгөөд төр, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тусгах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянан зохицуулах нэгдсэн удирдлагаар хангах тогтолцоог бэхжүүлж өгсөнд энэ хуулийн ач холбогдол оршино гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо.

Хуулийн төсөл нь 5 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах төслийг хамтад нь боловсруулжээ. Уг хуулийг 2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Энхболд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ нь цаг үеэ олсон нэн чухал төсөл учраас хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд гишүүдэд сайн судалж үзэх бололцоо олгох, хэлэлцүүлгийн явцад нухацтай хандах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлж байв.

Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улс бие даасан хууль баталж гаргасан байна. Хуулийн төслийг боловсруулахдаа кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлж буй БНСУ, ХБНГУ, Япон, Эстон зэрэг улс орнуудын хууль эрх зүйн орныг харьцуулан судалж, өөрийн орны практик нөхцөл байдлыг харгалзан үзсэн гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

Ингээд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувийн саналаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Other news

ЦХХХ-ны сайд Н.Учрал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергтэй уулзлаа

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамны бодлого үйл ажиллагаа, хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Монгол бичгийн гарын драйверийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ

2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулж байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам үндэсний стандартад нийцүүлэн монгол бичгийн гарын драйв хийх тендер зарласан бөгөөд болорсофт компани шалгарч, Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчинд ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Монгол бичгийн гарын драйвер нь мобайл аппликейшн болон хэрэглэгчийн төхөөрөмжид сонголтоор суулгаж, гараас бичвэр оруулах, түүний боловсруулалт хийх, үйлдлийн системтэй харилцах боломжийг бүрдүүлэв. Гарын драйв суулгах, ашиглах зааврыг дараах холбоосоор орж үзээрэй.https://kb.mngl.net/ Монгол бичгийн гарын драйверийг Монгол Улсын “MNS 7004:2023, Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо. Тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдгийн байршил” стандартын дагуу хөгжүүлжээ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбатын ахалсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. ЦХХХЯ-ны бодлого үйл ажиллагааг сурталчлах, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэх үзүүлэх, төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах өнөөдрийн /2023.09.11/ үйл ажиллагааг тус аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав нээлээ. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бодлого, ажлын хэрэгжилтийг танилцуулж, ЦХХХЯ-ны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгөв. Мөн Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Жамсрандорж Архангай аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулж, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг тус аймгийн Төрийн албан хаагчдад “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй”-н талаар сургалтыг зохион байгууллаа. Архангай аймгийн хэмжээнд дөрвөн байршилд “ХУРДАН” цэг ажиллаж байгаа бөгөөд тус аймаг нь 19 сумын нийт 101 багтай. Нутаг дэвсгэрээр тооцвол 32 хувь нь өндөр хурдны 4G сүлжээнд холбогдсон бол 35 хувь нь огт сүлжээгүй гэсэн судалгаа гарсан байна. Мөн 18-45 насны иргэд e-mongolia аппликейшныг ашиглах бүрэн боломжтой гэсэн бол 45-60 насны иргэдтэй түлхүү ажиллаж, тэдний цахим ур чадварыг дээшлүүлэх заавар зөвлөгөө, мэдээллийг цахим хэлбэрээр болон биечлэн өгөх шаардлага байгааг онцолж байлаа.