Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм. Түүнчлэн хуулийн төсөлд, – Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох; – Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох; – Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх; – Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх; – Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув. Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан. Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна. Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна. Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд: Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн. Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой Үнэн аз жаргал авчирдаг Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль” https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу. #цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя

Шилэн ажиллагаа: Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг дэлгэв

Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо. Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876, эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулав. Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой. Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм.