Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож, Монгол Улсын телевизийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцууллаа. Арга хэмжээний үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үндэсний телевизийн фестивалийг зохион байгуулж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зан Мин болон Төрийн радио, кино, телевизийн захиргааны орлогч дарга Ян Гуо Руй, Жянсу мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн сайд Жан Ай Жүн Жянсу мужийн дэд захирагч Шү Инг нарт энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлье. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсаар дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монгол Улсад төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, телевизийн салбарт хамтран ажиллах, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх, боловсрол олгох, зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа онцлов. Энэхүү арга хэмжээнд 8 улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, өргөн нэвтрүүлгийн салбарын өнөөгийн байдал, соёлын хамтын ажиллагааг ахиулах, радио, телевиз, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлэг, телевизид нэвтрүүлж буй шинэ техник технологийг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр сайн туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

2024 оны онцлох 10 ажил

2024 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг Цахим Засаглалын индексээр Монгол Улс 28 байр урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв.  Түүнчлэн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ. Үүний зэрэгцээ, Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй юникорн компани төрүүлэх үүднээс стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн виртуал бүс байгууллаа. Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлнэ. ЦАХИМ ЗАСАГЛАЛ БОЛОН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ИНДЕКС УРАГШИЛЛАА Монгол Улс Цахим Засаглалын индексээр 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдэв. НҮБ-ын Цахим Засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг. Шалгуур тус бүрд 1 оноо авахаас Монгол Улс: Энэ нь төрийн үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм. Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр Монгол Улс “бэхжиж буй” түвшинд үнэлэгдсэн. Бид хууль эрх зүйн орчин гэсэн шалгуураар 20 оноо авахаас 19 оноо авсан. Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд бид Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” –ын үнэлгээг хийлгэж байна. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлдэж байна. МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ВИРТУАЛ БҮС БАЙГУУЛАГДЛАА Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Юникорн” компани “төрүүлэх” ажлын хүрээнд стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн, виртуал бүсийг байгууллаа. Виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй байршлаас үл хамааран татварын болон татварын бус 8 төрлийн хөнгөлөлт эдлэнэ. Ингэснээр мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх, эдийн засгийн таатай орчинд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт татах бодит боломжийг бүрдүүлж байна. ДРОН ТУРШИЛТЫН БҮСҮҮД БАЙГУУЛАХААР БОЛЛОО Дэлхийн дроны зах зээл 2023 онд 33.7 тэрбум ам.долларт хүрч 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүнээс 24.6 тэрбум ам.доллар нь дроны үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхах эхлэл тавигдлаа. Тодруулбал, нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн мэргэжлийн байгууллага болон сонирхогчийн үйл ажиллагаанд дрон ашиглах зориулалтаар туршилтын бүсийг нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар болов. Дрон туршилтын төв байгуулснаар алслагдсан бүсүүдэд яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл хүргэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхээс гадна дроны технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас БНСУ-ын технологиор Монголд дрон угсарна. Мөн БНСУ-аас дроны эрх зүйн зохицуулалт, техник, технологи болон хүний нөөц бэлтгэх кноу-хоу хуримтлуулах боломж бүрдэж байна.   Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ суваг нээгдэж байна. APPLE PAY МОНГОЛ УЛСАД НЭВТРЭВ Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аpple рау олон улсын төлбөр тооцооны системд Монгол Улс нэгдлээ. Ингэснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдэв. 1.6 тэрбум хэрэглэгчтэй Apple компанийн хөгжүүлсэн төлбөрийн систем болох Apple Pay нь 2022 онд 6 их наяд ам.долларын гүйлгээг хийгджээ. Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдэж байна. Apple Pay-ийн хувьд яг л төлбөрийн картууд шиг NFC буюу ойрын зайнаас мэдээлэл дамжуулдаг технологийг ашигладаг тул дурын дэлгүүрийн ПОС машин руу iPhone утсаа эсвэл Apple Watch цагаа ойртуулахад л хормын дотор тооцоо хийх боломж бүрдлээ. ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДАВ Үндэсний хиймэл дагуулын ТЭЗҮ шинэчлэн баталлаа. Энэ хугацаанд тус төслийн газрын станцын байршлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг болон Наран станцад тодорхойлж, хэмжилт хийв. Мөн дээрх таван байршилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлээ.   Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжийг нээж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх ажлын бэлтгэл бүрэн хангагдлаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд сүлжээ орсон. Тиймээс энэхүү сүлжээг өргөжүүлэхэд үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй. Улмаар 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн  гамшиг ослоос шалтгаалсан амь насаа алдах эрсдэлийг 30,  зудын гамшигийн эрсдэл 10, ой хээрийн түймрийн гаралт 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, боловсролын ялгаатай байдал 50 хувиар тус тус буурна. Мөн шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх юм. ЦААСГҮЙ ЗАСАГ БОЛСНООР 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭВ Төрийн байгууллагууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж 3.8 тэрбум төгрөг хэмнэв. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна. Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 4693 ЦАХИМ ХУУДСЫГ GOV.MN-Д НЭГТГЭЛЭЭ Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг gov.mn-д  нэгтгэлээ. Төрийн нэгдсэн цахим хуудас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг цонхоор, нэг стандартаар иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүргэж, жилд 3.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ. ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯЛБАР, ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛЛОО 2024 онд төрийн 133 үйлчилгээг шинээр цахимжуулав. И-Монголиа хэрэглэгчдийн тоо 1,932,313, төрийн цахим үйлчилгээ 1255 хүрч, иргэдийнхээ 1.1 их наяд төгрөгийг хэмнэлээ. Их Британи, Казакстан, Эстони, Сингапурзэрэг орны хиймэл оюун ухааны стратегийн харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн 2025 онд “И-Монголиа” нэгдсэн платформыг хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. АЙМГУУДЫН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ УХААЛАГ ХОТЫН ИНДЕКСЭЭР ҮНЭЛНЭ Дижитал аймаг-Дижитал хот болох ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймагт нэвтрүүлэв. Цаашид “Ухаалаг хот” концепц руу шилжих ажил улс орны хэмжээнд хэрэгжинэ. Энэ хүрээнд аймгуудын дижитал шилжилтийг ухаалаг хотын индексээр үнэлнэ. ТАНДАЛТ СУДАЛГААНЫ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨНӨ Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 цаг тутамд тасралтгүй авдаг тандалт судалгааны

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй тус тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, дэмжигч байгууллагаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Отгонтэнгэр их сургууль, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ТББ ажиллаж байна. Энэхүү Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Карл Поперын мэтгэлцээний нийгэмлэг /МКПМН/ хариуцан зохион байгуулах ба тэмцээн Карл Поперын мэтгэлцээний дүрмийн дагуу явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотоос 86, аймаг, орон нутгаас 42 нийт 128 багийн 384 хүүхэд оролцохоор ирээд байна. Оролцогч багууд дараах шийдлээр 3 өдрийн турш мэтгэлцэнэ. Үүнд: Цахим орчин дахь хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж байна Олон нийтийн сүлжээ нь нийгэмд эерэг нөлөөтэй Цахим орчныг ашиглаж эерэг мэдээлэл түгээх нь нийгмийн хандлагыг өөрчлөх хамгийн зөв арга Цахим орчин бол хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр мөн. Сургуулийн орчинд интернэт ашиглах нь буруу Олон нийтийн сүлжээнд төрийн хяналт хэрэгтэй Нийгмийн сүлжээ нь амьд харилцааг хязгаарладаг Нийгмийн сүлжээ хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй Цахим хичээл боловсролын тэгш бус байдлыг авчирдаг Хүчирхийлэлтэй кино дүрс бичлэгийг хуулиар хориглох нь зүйтэй Цахим дарамт нь шууд дарамтлахаас илүү хор нөлөөтэй Хүүхдэд цэцэрлэгийн наснаас нь эхэлж цахим орчны зохистой хэрэглээний талаар боловсрол олгох хэрэгтэй Хувийн мэдээлэл нь цахим орчинд нууц байх ёстой Үнэн аз жаргал авчирдаг Цахим тоглоом нь нэг төрлийн спорт /E-Sport/ тул хязгаарлалт, зохицуулалт шаардлагагүй Мэтгэлцээний тоглолтууд үргэлжлэх газар “Отгонтэнгэр их сургууль” https://maps.app.goo.gl/PaJmG4jYrE6mbAtp7?g_st=ic Та цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл www.ekids.mn веб хуудсаар зочилно уу. #цахим_орчинд_хүүхдийн_эрхийг_хамгаалъя