Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022.04.25

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Түүнчлэн хуулийн төсөлд,

– Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

– Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

– Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

– Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

– Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Идэрбат, Н.Ганибал, Ж.Чинбүрэн, Т.Доржханд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад мэдээлэл, технологийн чиглэлээр ажилладаг компаниудыг оруулсан шалтгааныг тодруулсан.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар алслагдсан сум, багуудын үүрэг холбооны сүлжээнд холбох, дахин дамжуулах станц барихыг хориглосон нь цахим шилжилтийг хэрэгжүүлэх бодлогод харшлах эсэх талаар асуув.

Төрийн өмчит компанийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах, үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс 37 аж ахуйн нэгжийн 34 хүртэл хувийн энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдана. “Монголын цахилгаан холбоо” ХК​, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ​-ын хувьцааг олон нийтэд худалдахаар төсөлд орсон гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариултдаа онцлов.

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Ч.Золбаяр хэлэхдээ, “УИХ-ын 2005 оны 48 дугаар тогтоолоор  Монгол Улс харилцаа холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж, зах зээлийг либералчлах, цахилгаан холбооны үндсэн сүлжээг тоон технологид шилжүүлэх зэргээр салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүлжээний ашиглалт эзэмшлийг холбооны үйлчилгээ явуулах бизнес ажиллагаанаас салгах бүтцийн өөрчлөлтийн чиглэлийг баталсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд улсын төсөвт 10.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 1640 ажилтантайгаар 373 обьект, 20 мянга орчим километр шилэн кабелыг хариуцан ажилладаг. 2016 оноос хойш үндсэн сүлжээний багтаамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд үнэ тариф 7.4 дахин буурч, интернет буюу дата сүлжээний хурдыг 15.5 дахин нэмэгдүүлж чадсан.  Тиймээс төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хийхэд стратегийн ач холбогдолтой “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийг хувьчлах нь тохиромжгүй” гэв.

Мөн энэ онд Засгийн газрын тусгай сан болох Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар 26 цэгт үүрэн холбооны сүлжээ татах ажлыг хийнэ. Харин 9 цэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээ татахаар 03 дугаар сарын 01-ний өдөр тендер зарлаж, таван газрын ажил эхлээд явж байна. Үлдсэн дөрвөн цэгийн хувьд шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 04 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлээд байсан боловч 04 дүгээр сарын 15-ны дотор гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар хасагдсан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хариултдаа дурдлаа.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах ангиллаас 152 сая 508 мянга 200 төгрөгийг хасаж, Үндэсний дата төв УТҮГ-ын урсгал зардалд уг 152 сая 508 мянга 200 төгрөгийг нэмэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдсэн.

Байнгын хорооны дарга Н.Учрал төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, Төсвийн тодотголын төсөлд саналаа тусгахдаа салбарын нөхцөл байдлыг бодитоор үнэлэхийг сануулав.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Other news

“Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ

Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо уулзалтын хэсгээс: (2023.04.23 СБД) Иргэдээс ашигт малтмалын лиценз эзэмшил, газар олголт, барилгын зөвшөөрөл, тусгай сангуудад юу болж буйг мэдэх хүсэлтүүд ирсээр байна. Нутаг оронд нь хэний өмчлөлийн компани уурхай нээж, гэрийнх нь хажууд ямар компани барилга барьж, аль байгууллага, комисс ямар үндэслэлээр хэзээ, хэрхэн зөвшөөрөл олгосныг хардахаас илүү харах, мэдэх нь иргэдийн бодит шаардлага юм. Энэ шаардлагыг “Шилэн” ажиллагаа хангана. Нууц гээд байдаг мэдээллүүдийг технологийн шийдлээр алган дээр тавьсан юм шиг ил тод болгох “Шилэн” ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлнэ. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Гагцхүү иргэд ил тод болсон мэдээлэлд хяналт тавьж, оролцоотой байж эрүүл агаар шиг нийгмийг бүтээлцэнэ. Шилэн ажиллагааны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн иргэд, төрийн албан хаагчидтай “Шилэн төр, Цахим шилжилтэд таны оролцоо уулзалтыг ЦХХХЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна.

“Цахимд хэвшье” цахим хөгжлийн өдөрлөг Булган аймагт зохион байгуулагдлаа

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ЦХХХЯ-наас санаачлан үндэсний хэмжээнд өрнүүлж буй 21 аймагт үе шаттай, бүсчилсэн байдлаар зохион байгуулж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ хойд бүсийн 2 дахь аймаг Булган аймагт өнөөдөр (2024.04.24) хэрэгжлээ. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат ахлан ажиллаж байна. Цахимд хэвшье арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим үндэстэн” болох уриалга, ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт хэрхэн хэрэгжиж байгааг төр, хувийн хэвшлийн хамтарсан мэргэжлийн баг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт оролцож, олон талын мэдээлэл авч, ЦХХХЯ болон салбарын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалтаас гадна иргэд, олон нийт, ерөнхий боловсролын сургуулийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

“Дижитал аймаг” концепцийг өргөн хүрээнд харах шаардлагатай

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Зүүн бүсийн аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтаар гэрээнд тусгасан ажлуудаа дүгнэх, аймгийн Засаг дарга нарын ажил хэрэгч саналыг авах, ямар чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах тал дээр хэлэлцэв. Улсын төсөв батлагдаж, Орон нутгийн төсөв яригдаж байгаа энэ үед Дархан-Уул, Өвөрхангай аймагт хэрэгжсэн “Цахим жишиг аймаг” төслөөс туршлага судалж, нэвтрүүлэх асуудлыг хөндлөө. Жишээлбэл, Дархан-Уул аймаг гэхэд биллингийн системийг нэвтрүүлж, ус, цахилгаан, байр, тог, СӨХ-ийн мөнгөө нэг аппликейшнээр төлдөг. Мөн усны ухаалаг тоолуур хэрэглэж, гар утаснаасаа мэдээллээ авч байна. Энэ мэт технологийн дэвшил ашигласан шийдлүүдийг орон нутагт нэвтрүүлэх боломжтой. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Орон нутгийн камержуулалт асуудалтай. Ялангуяа, камераа арчилдаггүй, хариуцах эзэнгүй байна. Тиймээс арчлалтын үйлчилгээг хариуцдаг эзэнтэй болох шаардлагатай. Энэ асуудлаар Засгийн газраас нэгдсэн стандарт боловсруулах үүрэг чиглэл өгсөн” хэмээн онцолж, тухайн асуудал дээр санал бодлыг нь сонслоо. Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн |ТЦҮХ| дарга Ц.Батжаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Хэнтий аймаг улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. 38 баг 3G, 21 баг 4G сүлжээнд холбогдож, 22,000 иргэн тоон гарын үсэг авсан. ХУРДАН-гийн 3 цэг аймагт байгаа бол 7 газар КИОСК байгуулж, shilen.gov.mn, huduu.mn, gov.mn мэдээллээ оруулах зэрэг ажлуудыг хийж байна” хэмээн танилцуулав. Харин Сүхбаатар аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Ц.Энхчимэг хэлэхдээ “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Сүхбаатар аймаг тавдугаарт эрэмбэлэгдсэн. Аймгийн 13 суманд ХУРДАН-г нэвтрүүлж, “Digital first” үйл ажиллагааг зохион байгуулж, өнгөрөгч 11-р сараас КИОСК байрлуулж, 192 иргэнд үйлчилгээ үзүүллээ” хэмээн ярилаа. Дорнод аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Г.Мягмаржаргал “Аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээгээр Дорнод аймаг 14-т эрэмбэлэгдсэн. 13 сум шилэн кабельтай холбогдож, 55.300 иргэн тоон гарын үсэг авахаас 33,200 авлаа. ХУРДАН цэгийг 2023 оны 3-р сараас нэвтрүүлж, нийт 17 цэг байгуулсан. Цахим ур чадвар төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгаас 34.8 сая, НҮБ-аас 103.5 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Камержуулалтын хүрээнд 2024 онд 1 тэрбум төгрөгийг зарцуулсан бол 2025 онд 2 тэрбум төгрөгийг зарцуулна. Дорнод аймгийг “Ногоон бүс” болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэж онцлов.   Цаашид төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай үйл ажиллагаагаа уялдуулан, төлөвлөгөө гаргаж, шинэчлэх шаардлага бий. Дэлхий нийтээр хотжих явц эрчимжиж, хотын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тодорхойлж байгаа энэ үед “Цахим аймаг” хөтөлбөрийг томоор харж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох нь чухал. Энэ тал дээр яамны зүгээс бодлого боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн төрийн бүх байгууллагуудын вэб сайтуудыг он гаргаад хаах учраас мэдээллээ www.gov.mn рүү бүрэн оруулж дуусгах шаардлагатай гэдгийг онцоллоо.