Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

2021.05.27

Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Аливаа салбарын хөгжил мэргэжилтэй боловсон хүчнээс хамаардаг бөгөөд тэднийг хэрхэн сургаж, өнөөгийн цаг үед мэргэжлийн хүрээгээ тэлэх хэмжээнд хүрсэн талаар доор өгүүлэх болно. Энэ хугацаанд тус салбарын хөгжил дэвшилд эрдэмтэн багш нарын оруулсан нөр их хөдөлмөр, хувь нэмэр маш их гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнож, түүхийн ахар богино хугацаанд бий болоод байсан харилцаа холбооны хэрэгсэл Монгол Улсын өмч болж, Засгийн газрын мэдэлд ирсэн ч тэдгээрийг ажиллуулах үндэсний мэргэжилтэн байсангүй. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын түр Засгийн газраас холбооны үндэсний мэргэжилтэн бэлтгэх талаар удаа дараа шийдвэр гарч, түр сургуулиар хэд хэдэн удаа цахилгаан мэдээний бичээч, шуудангийн ажилчин, агаарын шугамын засварчин зэргийг бэлтгэж байжээ. Улс орныг батлан хамгаалах болон эх орны дотоод амьдралын шаардлага, хэрэгцээгээр харилцаа холбоог өргөтгөн хөгжүүлэх явдал чухлаар тавигдаж, энэ талаар ЗХУ-ын бүх талын тусламжтайгаар багагүй ажлыг гүйцэтгэж ирсэн. Ийнхүү монгол газар нутагт телеграфын холбоо, телефон холбоо, радио холбоо хөгжөөд 20-30 жил болж байсан үед буюу 1930 оны дунд үеэс холбооны дунд мэргэжилтэн бэлтгэх асуудал улс орны бодит шаардлагаар урган гарсан юм. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1934 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Холбооны Ерөнхий хорооны дэргэд “Утсан ба радиотехникийн мэргэжилтэн бэлтгэх холбооны түр сургууль”-ийг 1937 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулжээ. Энэ сургуульд холбооны тусгай мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр ерөнхий эрдэм, улс төр, холбооны онол, техник зохион байгуулалтын зэрэг хичээлүүдийг заадаг байжээ. Сайд нарын зөвлөлийн 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хурлаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны дарга Т.Лувсанцэрэнгийн илтгэлийг сонсоод тогтоол гаргасан байна. Уг тогтоолд : “… Одоогийн байгуулагдсан дотоод дахь холбооны сургуулийг нэн ялангуяа орон сууц, аж ахуйн хэрэглэгдэхүүнээр буюу мэргэжилтэн багш нараар хангах, ажилчдын сахилга батыг чангатгах хийгээд үргэлжийн удирдлага шаардлагаар хангаж чанагшид үргэлжлүүлэн бэхжүүлэхээс гадна энэ онд харилцаа холбооны мэргэжлийн дэвсгэр бүхий сайн ажилчдын дотроос зүй байдлаар нийлүүлэн Холбоот улсад явуулан холбооны дээд ба дунд мэргэжилтэй болгон суралцуулж, цаашид үргэлжлүүлэн тогтмол явуулж байхыг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгасугай.” гэжээ. МАХН-ын Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр 1939 онд цахилгаан, шуудангийн сургуулийг холбооны техникум болгон өргөтгөн байгуулжээ. Техникумын нээлтэд Улсын бага хурлын дарга Д.Догсом оролцож хэлсэн үгэндээ” … Тус сургууль бол манай улсын харилцаа холбоог шинэ өсвөрийн, мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж харилцаа холбооны ажлыг аль болохоор сайжруулах зорилт тавьсан” хэмээжээ. Холбооны техникум 1939 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар 11 багш, 75 сурагчтайгаар эхэлж байжээ. Энэ техникум нь манай улсын анхны техникумын нэг байсан байна. Сургуулийн төгсөлт 1942 онд болж, мэргэжилтэй боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх ажил амжилттай болсон байна. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 54 тоот тушаал гарч 1943 онд төгсөх радио ангийн 11 сурагчдаар 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаанд хотын узель, радио станц, тасгуудад практик хийлгэх тухай заажээ. Холбооны техникум 1943, 1947, 1949 онд радиогийн мэргэжлээр, 1944, 1948 онд утсан харилцааны мэргэжлээр дагнан, ээлжлэн нэг ангиар сурган төгсгөж, 1942, 1946, 1950 оноос эхлэн дээрх хоёр мэргэжлээр зэрэг төгсгөсөн байна. Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуулийг 1951 онд М.Чимиддорж радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны инженер мэргэжлээр төгсөж, Монгол Улсын харилцаа холбооны “анхны” инженер болсон байна. Холбооны техникум 3 жилээр сургадаг байсан үеийн хамгийн сүүлийн төгсөлтөөр радио холбооны ангийг 17, утсан харилцааны ангийг 13 хүн төгсөж, нийт 30 техникч бэлтгэгдэж байжээ. Холбооны техникумын үндсэн ангид 1939-1957 онд 15 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч мэргэжлээр 345 дунд мэргэжилтэн бэлтгэжээ. Техникумын үндсэн ангид 1956-1957 оны хичээлийн жилээс холбооны техникч- эдийн засгийн анги нээж 25 сурагч элсүүлсэн байна. Техникумын хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, суралцах хугацааг 4 жил болгосны зэрэгцээ Тээврийн техникумтай нэгтгэн Тээвэр, холбооны техникум болгожээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 298 дугаар тогтоолоор Тээвэр, холбооны техникумыг Үйлдвэр, барилгын техникумтай нэгтгэн Политехникум болгон 1958-1959 оны хичээлийн жилээс 4 том салбартайгаар хичээллүүлжээ. Политекникумын бүрэлдэхүүнд байсан холбооны салбар 1959-1962 онд 4 удаа төгсөлт хийж, радио холбоо, цахилгаан холбооны техникч, техникч-эдийн засгийн мэргэжлээр 211 мэргэжилтэн бэлтгэжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар тогтоолоор Политехникумын холбооны салбарыг Төмөр замын техникумд 1962-1963 онд хичээлийн жилийн сүүлийн хагасаас нэгтгэжээ. Техникум төгсөөд 5 жил ажилласны дараа дээд сургуульд суралцахыг зөвшөөрдөг журам 1963 он хүртэл үйлчилдэг байсан бөгөөд үүнээс хойш техникумыг онц дүнтэй төгсвөл шууд дээд сургуульд элсүүлдэг байв. Төмөр замын техникумын бүрэлдэхүүнд байсан холбооны сургууль 1963-1974 онд 12 удаа төгсөлт хийж, радио холбоо, утсан харилцааны техникч, техникч- эдийн засагч мэргэжлээр дунд мэргэжлийн 847 холбоочид төгсгөжээ. Манай улсын харилцаа холбоо түргэн хөгжиж түүнд орчин үеийн техник нэвтэрч, инженер техникийн дээд мэргэжилтэн олноор шаардагдах болж байгааг харгалзан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1966 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоолоор 1967-1968 оны хичээлийн жилд МУИС-ийн Энерги механикийн факультетэд холбооны инженер мэргэжлээр анхны элсэлт авснаар харилцаа холбооны дээд мэргэжилтэн бэлтгэх үндэс суурь тавигдсан. 1960 оноос радио өргөн нэвтрүүлгийн их чадлын станцууд, 1967 онд анхны телевизийн систем, 1971 онд сансрын холбооны анхны газрын станц, 1981 оноос улсын хэмжээний радио релейний сүлжээ гэх мэт бүтээн байгуулалтууд бий болсноор инженер технологийн мэргэжилтний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн байна. Ийнхүү 1971 оны 2-р сард МУИС-ийн Эрчим хүчний факультетийн харъяанд Радио холбооны тэнхим албан ёсоор байгуулагдаж 6 багштайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Радио холбооны тэнхим нь тухайн үед улс орны бүтээн байгуулалт, шинээр нэвтрүүлж байгаа техник, технологитой уялдуулан радио холбоо, цахилгаан холбоо гэсэн 2 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан. МУИС-ийн Ректорын 1971 оны 221 тоот тушаалаар Политехникийн дээд сургууль /ПДС/-ийн Эрчим хүчний факультетийн бүрэлдэхүүнд “Радио холбооны тэнхим”-ийг байгуулж, мөн Политехникийн дээд сургуульд холбооны инженер-эдийн засагчийн анги шинээр нээжээ. Салбарын анхны төгсөлт 1973 онд болж 21 төгсөгч холбооны инженерийн диплом авчээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 221 дүгээр тогтоолоор Төмөр замын техникумын холбооны салбарыг Холбооны техник мэргэжлийн сургуультай нэгтгэж Холбооны Сургалтын Төвийг байгуулсан байна. Тус төв нь холбооны дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх техникчийн салбар, холбооны мэргэжлийн ажилчид бэлтгэх түгээмэл мэргэжлийн гэсэн хоёр салбартай байжээ. МУИС-ийн ПДС-ийн холбооны инженерийн ангийн төгсөлт 1972-1982 онд 10 удаа болж, холбооны инженер, холбооны инженер-эдийн засагч мэргэжлээр 250 гаруй хүн төгсжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр 1982 онд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж бие даасан сургууль болгон зохион байгуулахад Радио холбооны тэнхимийг Эрчим хүчний факультетэд харьяалалтай үлдээж үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байжээ. Радио холбооны тэнхим нь 1986 онд Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультеттэй нэгдэн Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) болж өргөжсөн байна. МАХН-ын 19 дүгээр их хурал 1986 онд болж БНМАУ-ын эдийн засаг, нийгмийг 1986-1990 онд хөгжүүлэх үндсэн зорилгод холбоо хөгжүүлэх талаар тодорхойлохдоо “Мэргэжлийн боловсон хүчнээр хангах арга хэмжээ авна” гэжээ. Мэдээллийн техник автоматжуулалтын факультет (МТАФ) нь 1991 онд Холбооны сургалтын төв /Холбооны коллеж/-тэй нэгдэж хуучнаар Техникийн Их Сургууль (ТИС)-ийн бүрэлдэхүүнд “Мэдээллийн Техникийн Сургууль (МТС)” нэртэй сургууль байгуулагдсан. 1997 онд сургуулийн нэрийг Холбоо Мэдээллийн Техникийн сургууль болгосон бол 2001 оноос Шинжлэх Ухаан технологийн Сургууль (ШУТИС)-ийн бүрэлдэхүүн сургуулийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль болжээ. ТИС-ийн Ректорын тушаалаар сургууль дээр гадаад хэлний сектортой болсон. Цахилгаан холбоо, Радио холбооны мэргэжлийн магистрын элсэлт авч эхэлснээр ахисан түвшний сургалт 1996 онд явуулж эхэлсэн байна. Холбооны салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх техник, технологийг сайжруулах, гадаад харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1 сая ам долларын хөрөнгө оруулалт бүхий CISCO, JAVA, Microsoft зэрэг сүлжээ, програм хангамжийн чиглэлүүдээр олон улсын түвшинд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулах, 16 аймгийг хамарсан видео хурал, зайн сургалт зохион байгуулах БНЭУ-ын ерөнхий сайд А.Б.Важпайн нэрэмжит “Мэдээлэл, Холбооны Технологийн Сургалтын Төв” /МХТСТ/ -ийг 2001 онд байгуулжээ. Түүнчлэн 2005 онд БНГУ-ын Берлин хотын ТИС-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Мэдлэгт суурилсан програм хангамж хөгжүүлэх “Хиймэл оюуны” лабораторийг тус байгууллагын буцалтгүй тусламжаар байгуулсан. БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-аас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламж “Их дээд сургуулиудын хамтын ажиллагааны (University Partnership Program)” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дангүг Их Сургуулиас ШУТИС-ийн МХТСургууль дээр “Мobile ICT” сургалтын төвийг 468 сая воны хөрөнгө оруулалтаар 2013 онд байгуулжээ. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоол, Ректорын 2014 оны А/102 тоот тушаалаар МХТС болон КТМС-ийн Компьютерийн ухаан, Электроникийн салбарыг нэгтгэн Холбоо, Электроник, Компьютерийн ухаан, Мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбартайгаар Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль /МХТС/- ийг шинэчлэн зохион байгуулав. Холбоо, Электроник, Компьютерийн ухаан болон Мэдээллийн технологийн салбарт бакалаврын 8, магистр 13, докторын 8 хөтөлбөртэй 103 профессор багштай (39 багш Ph.D) ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны яамны орлогч сайд Д.Гарам- Очир дурсамжаас: “ 1970-аад оны дунд үед бүх төрлийн мэдээлэл дамжуулах нэгдсэн систем единая система передачи всех выдов имформацийн тухай онол яригдаж эхэлж байсан бөгөөд миний бие дээрх сэдвээр холбооны инженерийн ангид лекц уншдаг байсан байна. Энэ системийг хэрэгжүүлэхэд: нэгд, төрөл бүрийн мэдээлэл дамжуулах аргыг (модуляци) нэг загварт оруулах, хоёрт, янз бүрийн давтамжийн зурвас эзэлдэг мэдээллийг өргөн зурвасыг дамжуулж чадах технологи нээх шаардлага тавигдаж байв. Энэ шалтгаан нь шилэн утсаар гэрлийн туяаны тусламжтай мэдээлэл дамжуулах технологи байв. Ийм технологийг анх ЗХУ-ын Басев, Прохоров гэдэг эрдэмтэд 1964 онд тэр нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи 1980-аад оны дунд үеэс мэдээллийг тоон технологид дамжуулдаг аргыг өрнөдийн орнуудад нэвтэрснээр холбооны салбарт технологийн хувьсгал гарав. Урьд нь харилцаа холбооны мэдээлэл солилцох хэрэгсэл нь харилцаж байгаа холбооныхоо төрлөөс болоод, телефон аппарат, телеграфын морз болон үсгээр бичдэг аппарат, фототелеграф болон тэдгээрийн дамжуулах цахилгаан холбооны суваг, радио телевизийн нэвтрүүлгийг агаарт цахилгаан соронзон долгион болгон цацах нэвтрүүлэх төхөөрөмж ба уул нэвтрүүлгийг радио сонсох чанга яригч, хүлээн авагч, телевизор зэрэгт ялгагддаг байлаа. Гэтэл харилцаанд шинэ технологи нэвтэрснээр бүх харилцуур нь ганц компьютер болж мэдээлэл дамжуулах систем нь үндэсний болон олон улсын цахилгаан холбооны сүлжээ интернет болж хувирчээ. Одоо манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль дотроо мастер, докторантын сургалт явуулахын зэрэгцээ багш нараа гадаадад явуулж эрдмийн зэрэг хамгаалуулдаг явдал нь өсөв. Манай мэдээллийн технологи, харилцаа холбооны сургууль Москва хотын мэдээллийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй болж оюутан солилцоогоор сургаж Оросын болон Монголын Их сургуулийн дипломтой төгсгөх хамтын ажиллагаатай болсон байна.” хэмээжээ.

Тус сургуулиас бэлтгэгдэн гарсан үе үеийн мянга мянган холбоочид, шууданчид, мэдээллийн технологи, электроник, радио телевизийн сүлжээний инженер техникчдийн хөдөлмөрийн үр дүнд бид дэлхий нийттэй технологийн хувьд ч үйлчилгээний хувьд ч мөр зэрэгцэн явж байгаа билээ.

Эх сурвалж: Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн түүхэн замналаас, 2002 он

Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь 

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

ЦХХХЯ, Олон Улсын  Олборлох Салбарын Ил Тод
Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана 2022.11.25 ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон. Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Харилцаа Холбооны Хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна 2022.10.08 “Харилцаа холбооны хөгжил – 2022” бүсийн зөвлөгөөн нь тус салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, туршлага солилцох, бодлогын болон зохицуулалтын асуудлуудаа хэлэлцэх, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн саналыг авч цаашдын үйл ажиллагаандаа тусгах боломжийг олгодог. 2006 оноос эхлэн зохион байгуулж байгаа бүсийн зөвлөгөөнийг энэ удаа Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ