Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

uranzaya

Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/ 2021.01.28 1960 онд ашиглалтанд орсон урт долгионы ДСВ-150 кВт-ын станц нь тасралтгүй 20 жил ажиллаж, техникийн үзүүлэлтүүд шинэ стандартын шаардлагад нийцэхгүй болж найдвартай ажиллагааны түвшин багасч, сонсголын чанар буурсан байлаа. Энэ үед ЗХУ-ын буцалтгүй тусламжаар тус улсын Холбооны яамны барилга монтажын мэргэжилтэнүүд БНМАУ-ыг тунхагласны 60 жилийн ойн босгон дээр буюу 1984 оны 11 дүгээр сарын 15 өдөр Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийг ашиглалтанд оруулав. Энэхүү өргөтгөлөөр урт, дунд долгионы ДСВ-1000 кВт –ын “Тайфун” станц, 305 метр өндөр АРРТ маркийн урд долгионы антен-фидерийн систем, 156 метр өндөртэй 8 цамхаг бүхий СВ 4х4 маркийн дунд долгионы антен-фидерийн систем бүхий иж бүрэн барилга байгууламж бүхий нийтдээ 8070,0 мянган рубль буюу тэр үеийн ханшаар 8970,0 мянган ам.долларын өртөгтэй дэд бүтэц бүхий цогцолборыг барьж байгуулсан юм. 1984 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төв станцын 3-р өргөтгөлийн барилга. “Тайфун” станц нь тус бүрдээ хоёр блокоос бүрдэх 500 кВт-ын хүчин чадалтай урт ба дунд долгионы нэвтрүүлэгч бөгөөд өдөр бүрийн 09.00-15.00 цагуудад нийлбэр хүчин чадлаараа/1000 кВт/ урт долгионы 164 кГц /1829 метрийн долгион/давтамж дээр 800-1000 км радиус нутаг дэвсгэрт МР-ийн 1-р программыг, 17.00-22.00 цагт дунд долгионы 990 кГц –ын давтамж дээр “Монголын дуу хоолой” радио станцын нэвтүүлгийг 120 градусын Азимуттай антеннаар зүүн, зүүн өмнөд Азийн улс орнууд руу тус, тус дамжуулан нэвтрүүлж байв. 1991 он хүртэл буюу үнэ ханш нэг дахин унасан жилээс эхлэн улсын төсвийн санхүүжилттэй холбоотойгоор 1000 кВт-ын хүчин чадлаар ажиллуулахгүй, 500 кВт -аар ажиллах болсон бөгөөд орон нутаг дахь ДСВ-150 кВт-ын станцууд ч мөн хагас чадлаар буюу 75 кВт-аар ажиллах болсон юм. 1984 онд ашиглалтанд орсон ДСВ-1000 кВт хүчин чадалтай станц “Тайфун” ДСВ-1000 кВт нэвтрүүлэгч нь: Хүчин чадал: нэг блокоор 500кВт, хоёр буюу нийлмэл блокоор 1000 кВт Ажиллах боломжтой давтамжийн зурвас: Урт  долгионд  150-275 кГц, Дунд  долгионд  252-1605 кГц, АРРТ маркийн 305 метр өндөр цамхаг бүхий урт долгионы 180метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх СВ4х4 дунд долгионы антен-фидерийн байгууламжтай, 4000 кВа чадалтай ТМ-4000/35 маркын хоёр хүчний трансформатор бүхий 35000 вольтын шинэ дэд станцтай Суурилагдсан хүчин чадал буюу нэг цагт зарцуулах эрчим хүч нь: 750 Квт/цаг Тайфун станцын антенн фидерийн байгууламж нь урт ба дунд долгионы гэсэн хоёр хэсгээс бүрдэхээс гадна мөн аль нэг нэвтрүүлэгчээ эквивалент антеннд ачаалах боломжтойгоор хийгдсэн нь эфирт ажилаагүй нэвтрүүлэгчийг эквивалент антеннд холбож засвар үйлчилгээ, хэмжилт тохируулга хийх, техникийн боломжийг бүрдүүлсэн байлаа. Тайфун станцын техникийн өгөгдөлүүд 305 метр өндөртэй урт долгионы антен Тус бүр нь 156 метр өндөртэй 8 цамхагаас бүрдэх дунд долгионы антен-фидерийн систем “Тайфун” нэвтрүүлэгчийн ДВ ба СВ антены коммутатор “Тайфун” ДСВ-1000 кВт хүчин чадлаар ажиллах үеийн урт долгионы тархалтын хүрээний зураглал. “Тайфун” СВ-500 кВт хүчин чадлаар ажиллах үеийн дунд долгионы тархалтын хүрээний зураглал. 1985 онд Дорнод аймгийн РӨНС-ын хоёрдахь өргөтгөлөөр дунд долгионы 1000 кВт хүчин чадалтай “Прибой” станц ашиглалтанд орж, Монгол Улсаас зүүн өмнөд Азийн нутаг дэвсгэр рүү дунд долгионоор радио нэвтрүүлэг дамжуулах болсон юм. Энэ станцыг тухайн үедээ ЗХУ-ын тусгай нэвтрүүлэгт ихэвчлэн ашиглалдаг байв. Дорнод аймагт 1985 онд ашиглалтанд орсон СВ-1000 кВт хүчин чадалтай станц “Прибой” станцын техникийн өгөгдлүүд Монголын Үндэсний радиогийн тархалтын хүрээний зураглал /1965-2014он/ Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Үндэсний радио өргөн нэвтрүүлгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь /Цуврал №6/ Read More »

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ. 350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ Read More »

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/

ҮЙЛ ЯВДАЛ Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/ 2021.01.27 Монгол Улсын харилцаа холбооны хөгжил, байршлын ерөнхий схемийг тэр үеийн ЗХУ-ын Холбооны яам болон зураг төслийн институт хамтран боловсруулж, 1970-1990 онд Монгол орныг бүрэн радиожуулах, холбооны сүлжээнд шинэ техник нэвтрүүлэх асуудлыг боловсруулж, шийдвэрлэсний дагуу ЗХУ-аас Монгол Улсын холбоог хөгжүүлэхэд 60 сая шилжих рублийн буцалтгүй тусламжийн бэлэг өгөх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Тус бэлгийн хөрөнгөөр: Хонхор дахь радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь өргөтгөл, Чойбалсан, Даланзадгад, Алтай, Мөрөнд урт, дунд долгионы 150 кВт-ын болон богино долгионы 12кВт-ын хүчин чадалтай иж бүрэн радио станц бүхий барилга байгууламж, Өлгий, Сайншандад богино долгионы 12 кВт хүчин чадалтай радио нэвтрүүлэгчийг тус, тус барьж байгуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээг бий болгоход 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Алтай, Даланзадгад, Чойбалсан, Мөрөнд байгуулсан их хүчний радио станцууд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Алтай хотод их хүчний эхний станцыг иж бүрэн барилга байгууламжийн хамтаар 1978 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээн авчээ. Алтайн радио нэвтрүүлэх станц нь урт долгионы 150кВт хүчин чадалтай ДСВ-150 /Шторм/, 12 кВт-ын чадалтай богино долгионы Вязь-12/25 нэвтрүүлэгч тус бүр нэг иж бүрдэл, 260 метр өндөр цамхаг бүхий урт долгионы АРРТ, 60 метр өндөр цамхаг бүхий дунд долгионы АМШП, богино долгионы зенитэн антен фидер, эрчим хүч хөргөлтийн систем бүхий иж бүрэн барилга байгууламжаас бүрдэж байв. Тус радио нэвтрүүлэх станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаанд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн Сайд Нарын Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга Д.Майдар, Холбооны сайд Д.Готов, МРТУХорооны дарга С.Пүрэвжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байсан бөгөөд анхны даргаар Н.Төмөхүү, ахлах инженер С.Ходрой, лабораторийн инженер Ц.Довдон, ээлжийн ахлагчаар В.Баянбаатар, М.Мягмар, Г.Дорж техникчээр Б.Баттөр, Д.Сувдаа, Д.Чогжмаа,Т.Туваан, З.Баяраа, Т.Баярмагнай гэсэн анхдагч бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. Говь-Алтай аймаг дахь ДСВ-150кВт станцын антен-фидерийн систем Радио өргөн нэвтрүүлгийн нэгдсэн сүлжээний салшгүй нэг хэсэг бол Монгол орны зүүн хязгаар Чойбалсан хотод байгуулагдсан их хүчний радио станц билээ. Тус бэлгийн хөрөнгө оруулалтын хоёр дахь станцыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 1978 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр станц дээр болж, МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн НТХ-ны НБД Д.Моломжамц, Холбооны сайд Д.Готов нарын зочид төлөөлөгчид оролцож нээсэн байна. Тус хөрөнгө оруулалтаар урт долгионы их хүчний ДСВ-150кВт /Шторм/, богино долгионы Вязь-12/25 кВт нэвтрүүлэх төхөөрөмжүүд, түүний антен-фидерийн систем, хөргөлт цахилгаан эрчим хүчний барилга байгууламжуудыг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулав. Чойбалсангийн их хүчний радио станц ашиглалтанд орсноор Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан радио нэвтрүүлэг дамжуулах техникийн боломж бүрдсэн. Чойбалсангийн радио станцын анхдагчаар лабораторийн инженер Владимор, ээлжийн инженер Нармандах, Гантөмөр, Баярмагнай, техникч Дорлиг, Норжинсүрэн, Энхтуяа нар ажиллаж байжээ. Өргөн уудам нутгийн өмнө хэсэгт радио өргөн нэвтрүүлгийг найдвартай дамжуулан хүлээн авах техникийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 60 сая шилжих рублийн хөрөнгө оруулалтаар Даланзадгад хотод Алтай,Чойбалсангийн радио станцын ижил төрөл хийцтэй их хүчний гурав дахь радио станцыг байгуулсан. Энэхүү станцыг 1978 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авах ёслол болж МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, СНЗ-ийн 1-р орлогч дарга Д.Майдар, СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд Д.Готов тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байжээ. Радио станцын анхны дарга нь Д.Сумьяа, лабораторийн инженер Г.Цоодол, ээлжийн инженер Д.Гунгаа, Д.Ганбат техникч Ш.Бямбадорж, Д.Хандаа, П.Ишдорж нар анхдагчаар ажиллаж байв. Тус бэлгийн хөрөнгийн дөрөв дэх бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын радио нэвтрүүлэх төвийн хоёр дахь цогцолбор болох богино долгионы 100 кВт-ын чадалтай ПКВ-100/Гром/, 250-кВт-ын чадалтай богино долгионы ПКВ-250/Вьюга/ нэвтрүүлэгчээс бүрдэх иж бүрэн барилга байгууламж, антен-фидерийн системээс бүрдэх цогцолбор юм. Хонхор дахь Радио нэвтрүүлэх төв станцын хоёр дахь цогцолборыг хүлээн авах ёслолын ажиллагаа 1979 оны 7 дугаар сарын 5-ны өдөр болж тухайн үеийн нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Н.Лувсанравдан, Д.Майдар, Д.Моломжамц, Т.Гомбожав, СНЗ-ийн орлонч дарга С.Лувсангомбо, Ч.Сүрэн, ЗХУ-аас тус улсад суугаа Элчин сайд А.И.Смирнов, Холбооны сайд И.Норовжав тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, Ю.Цэдэнбал, А.И.Смирнов нар тууз хайчлан шинэ цогцолборын үйл ажиллагааг нээсэн байна. РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, Ю.Цэдэнбал дарга нээж үг хэлж байгаа нь /1979.7.5/ РНТС-ын хоёр дахь өргөтгөлийг хүлээн авах үйл ажиллагаанд МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүд оролцож, РНТС-ын ерөнхий инженер Б.Болд үг хэлж байгаа нь /1979.7.5/ РНТС-ын хоёрдугаар өргөтгөлөөр байгуулалгдсан ПКВ-250ба ПКВ-100кВ- ын богино долгионы нэвтрүүлэгч.1979 он. Тус цогцолборын нийт өртөг нь 3700,0 мянган шилжих рубль буюу тэр үеийн 4100,0 мянган ам.долларын ханшаар үнэлэгдсэн байна. Тус цогцолборт байгуулагдсан их хүчний богино долгионы ПКВ-100кВт ба ПКВ-250кВт радио нэвтрүүлэгч ашиглалтанд орсноор “Монголын дуу хоолой” радио станцын гадаад хэлний нэвтрүүлгийг Ази номхон далай, Энэтхэг-Хятадын бүс нутгуудад дамжуулан нэвтрүүлэх хүчин чадал хоёроос тав дахин нэмэгдэж гадаад нэвтрүүлгийн сонсголын чанарт эргэлт гарсан юм. ПКВ-250 нэвтрүүлэгч  нь: Ажиллах давтамжийн цараа:  3,95-26,1 мГц Гаралтын чадал:  250кВт, Суурьлагдсан хүчин чадал 550кВт/цаг, Нэг давтамжаас нөгөөд шилжих  хугацаа: 5 мин ГУ-43Б маркийн 10ш ламп бүхий өргөн зурвасын өсгөгчтэй /давтамж бүр дээр тохиргоо хийх шаардлагагүй/ Эцсийн ба эцсийн өмнөх каскадын резонансын тохиргоо нь цахилгаан механик редуктороор дамжин контур болон вакуум конденсатороор зэрэг хийгддэг Үндсэн ба нөөц өндөр давтамжийн өрнүүлэгчтэй Ууран болон салхин хөргөлтийн системтэй ГУ-61П, ГУ-68П лампын анодын хүчдэл нь тосон таслуурын системээр дайрч ФУИ буюу тристорон удирдлагын схемээр хийгдсэн/энэ нь анодын хүчдэлийг удирдах боломж олгосон/ Иж бүрэн УБС-ын/уравление, блокировки и сигнализаций/хамгаалалтын системтэй Үйлдвэрийн ГРУБОЙ болон ТОЧНЫЙ тохируулгын системтэй гэх мэт олон технологийн дэвшилтэй нэвтрүүлэгч юм. 1979 онд ашиглалтанд орсон ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгч ПКВ-250 нэвтрүүлэгчийг нэг давтамжаас нөгөө давтамжинд шилжүүлэн богино хугацаанд тохиргоо хийх автомат тохиргоотой, ус-ууран хөргөлтийн системтэй хийгдсэн анхны нэвтрүүлэгч байв. 1978 онд ашиглалтанд орсон ПКВ-100 кВт-ын нэвтрүүлэгч ТЗ-2- т байрлах антены коммутатор нь ПКВ-250, ПКВ-100 нэвтрүүлэгчүүдийг СГД маркийн 126, 178, 230 градусын Азимуттай зургаан антеннд захиалагч байгууллагын заасан чиглэлд ээлжлэн залгаж нэвтрүүлгээ дамжуулан нэвтрүүлэх боломжийг олгодог цахилгаан механик үйлдлийн системтэй тухайн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмж байв. ПКВ-250 нэвтрүүлэгчийн антенны коммутатор СГД 1 ба 2 /азимут 230/ , СГД 3 ба 4 /азимут 178/ градусын антенууд.1979 он СГД 5 ба 6 /азимут 126/ градусын антенууд.1979 он. “Монголын дуу хоолой” радио станцын долгион тархалтын хүрээний зураглал. /ПКВ-250 кВт-ын нэвтрүүлэгчээр/ ЗХУ-ын бэлгийн 60 сая шилжих рублийн тав дахь бүтээн байгуулалт нь орон нутаг дахь нэгдсэн сүлжээний нэг иж бүрдэл болох Мөрөнгийн радио станцыг 1981 оны 2-р сарын 22-ны өдөр ашиглалтанд хүлээн авчээ. ЗХУ-аас бэлэглэсэн олон барилга байгууламжийн нэг болох энэхүү радио нэвтрүүлэх станцыг хүлээн авах ёслолд СНЗ-ийн орлогч дарга Ч.Сүрэн, Холбооны сайд

Радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ байгуулагдсан нь /Цуврал №5/ Read More »

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/ 2021.01.26 МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ. Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав. Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ. Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна. Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/ Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/ Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм. 1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь: Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч, Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц, Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам, СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц, Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд, КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд, Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд, Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв. Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь. 1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид Хонхорын станцын анхдагчууд Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв. МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/ Read More »

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

ҮЙЛ ЯВДАЛ Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/ 2021.01.25 Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх станцыг нөөцтэй болгох асуудал дайны жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц модон матчтай антентайгаар байгуулж, радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна. МАХН-ын 11-р их хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280 сумыг “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад радио зангилаа байгуулж, радио цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ. Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948 онд Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов. Анхны радио нэвтрүүлэх станцын хүчин чадал /10кВт/ багадаж, сонсголын чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50 хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс хадах станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж тэмдэглэсэн байна. Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд 500 ширхэг, 1955 онд 800 ширхэг “Эх орон” радиогиор хангаж байжээ. 1954 оноос Холбооны техникум төгсгөгчдийг радиожуулах техникч, “Эх орон-52” хүлээн авагчийн ашиглалтыг хариуцагчаар орон нутагт томилон ажиллуулдаг болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/ Read More »

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/ 2021.01.21 МАХН-ын 6-р их хурлын шийдвэрээр 1927 онд “… агаарын сонсох мэдээг хэрэглэх явдлыг орлого зарлагад харьцуулан гүйцэтгэхийг хичээвэл зохино…” хэмээн тунхагласан ба энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ЗХУ-аас тусламж авахаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч, МАХН-ын Төв Хорооноос 1929 оны 2-р сарын 9-ны өдөр тогтоол /19 тоот/ гаргасан байна. Энэхүү 19 тоот тогтоолын хүрээнд Радиог хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд түүний ач холбогдлыг олон нийтэд өргөн сурталчилж, тэдний санаачилгын үндсэн дээр хөрөнгө хуримтлуулах ажил зохиож байжээ. “Агаарын мэдээний хороо”-г байгуулах тухай төлөвлөгөөг 1931 онд Засгийн газар баталж, тус төлөвлөгөөнд 1,4 кВт хүчтэй уртын хэмжээний агаарын мэдээний хороо, 1 кВт хүчтэй богино хэмжээний нэвтрүүлэх ба Улаанбаатар хотноо хүлээн авах газруудын хамтаар байгуулах, Баруун хойт зүгт бүхий Улаангом, баруун зүгт бүхий Жаргалант, Алтайн Хантайшир, Өмнөговийн Дэлгэрхангай, Завханы Жавхлант гэсэн энэхүү зургаан газруудад 150 Вт хүчтэй богино хэмжээний агаарын хороодыг байгуулах, Хөвсгөлийн Хатгал, Орхонсэлэнгийн Алтанбулаг, Хэнтийн Өндөрхаан, Дорноговийн Сайн-Ус, Хангайн Цэцэрлэг ба Ламын гэгээн гэсэн газруудад тус бүр 20 Вт хүчтэй богино хэмжээний агаарын мэдээний хороод байгуулах, Улаанбаатар хотноо олон төрөл зүйлээр нэвтрүүлэх 200 цэгтэй трансляцын узель хэмээх холбоог байгуулж, хүлээн авах мэдээний аппаратыг бэлтгэх, Агаарын мэдээний техник 20, агаарын мэдээний бичээч 20, агаарын сонин ба олон зүйлийн төрлөөр нэвтрүүлэх тухайн ажилчин хүмүүс 10-ыг тус тус ЗСБНХУ-д бэлтгэхээр шийдвэрлэсэн байна. Төлөвлөсөн ажлуудын нийт зардал 1,064,000 төгрөг, үүгий 404,000 төгрөгийг тус улсын орлого зарлагын дансаар зарцуулах, ЗСБНХУ-ын цахилгаан шуудангийн яаманд 660,000 төгрөгийг төлөх болой хэмээн тусгажээ. Засгийн газрын 1931 оны 3-р сарын 13-ны өдрийн 4-р хурлаар радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэх үүрэг бүхий “Монгол радио” хоршоо байгуулагджээ. 1931 оны майн баярыг тохиолдуулан 5-р сарын 1-ний өдөр төлөвлөсөн ёсоор 4 чанга яригчийг товлосон газруудад байрлуулж, дуу хөгжим, баярын хурлын ажиллагаа болон бусад арга хэмжээг Монгол, Орос, Хятад хэлээр дамжуулсан нь “Шугамын радио сүлжээ”-ний эхлэл болсон байна. Энэ тухай радио холбооны анхны инженер тус сүлжээг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мятав гуай “Миний мэдэх радио” номондоо: “…Улаанбаатар хотын хөдөлмөрчид өглөөнөөс эхлэн маш хүчтэй хөгжим сонсож эхлэв. Тэр үед хот жижиг, цомхон машин тэрэг цөөтэй, цуурай ихтэй байж, хүүхэд бидний тоглодог индэрийг лоозон туг дарцагаар чимж, улаан туузаар хаалт хийж, харуулын цэргүүд манасан байв. Индрийн урдуур жагсаж яваа хүмүүсээс гадна радио сонсох гэж хүүхэд багачууд, лам нар, өвгөд хөгшид их цугларсан байлаа. Жагсаал дуусахад цугларсан хүмүүс тараад явдаг байсан бол тэр өдөр радио тавьсан газруудад дүүрэн хүмүүс байв. Соёлын төв ордон, Багшийн сургуулийн дотуур байрны барилгын баруун урд өнцөгт, төв шуудангийн зүүн талд гал командын баригдаж байсан барилгын цонхон дээр, Ленин клубын хаалган дээр, одоогийн Драмын театр байгаа газар гаалийн гэж нэрлэсэн том хашааны зүүн хаалганы дээр тус, тус чанга яригчуудыг хүн их цугладаг түлээн зах, өндөр хог гэдэг газрууд руу харуулан байрлуулсан байсан юм…Тэр үед хоёр төрлийн чанга яригч байв, гэрт тавьдагийг нь хавтгай хар, гудамжинд тавьдагийг нь чанга дуугарагч бүрээ гэдэг байлаа. Хатуу цаасаар хийгдсэн гуулин хөгжмийн бүрээ мэт боловч бүрээнээс том байсан юм…” гэж дурсан бичжээ. БНМАУ-ыг радиожуулахад зориулж хөрөнгө гаргах БХК/б/Н-ын ТХ-ны  УТТовчооны 1932 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн хуралдааны 93-р протоколд “…Төв хорооны УТТ-ны гишүүдээс санал авсанаар ЗСБНХУ-ын АКнЗ-ийн нөөцийн фондоос 1305 мянган рубль зоос ба 10 мянган рубль гадаад валютаар Монголд ЗСБНХУ-ын АКнЗ-ийн шийдвэрийг батлах, хуулбарыг илгээх Кержанцевд ТХ-ны нарийн бичгийн дарга И.Сталин …” гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. СНЗ-ын 1933 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн хурлын  шийдвэрээр “… “Монгол Радио” хоршоо байгуулагдаж, радио байгууламжуудыг барих бэлтгэлийг хангах, гүйцэтгэхэд чухал үүрэг хүлээж, зорилтоо амжилттай биелүүлсэнийг тэмдэглээд тус хоршоог татан буулгаж, хуримтлагдсан 261,000 төгрөг, түүний эд хөрөнгийг шинээр байгуулагдсан “Холбооны ерөнхий хороо”-ны мэдэлд шилжүүлжээ…” Радиог дэлгэрүүлэн байгуулах тухай БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 1933 оны 2 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулжээ. Энэхүү гэрээнд ЗХУ-ын тусламжтайгаар: 1 ба 15 кВт  хүчин чадалтай нэвтрүүлэх станц,  хүлээн авах станцын хамтаар, 1000 цэг ажиллуулах чадалтай радио зангилаа байгуулах, 150 Вт-ын чадалтай харилцааны радио станцуудыг иж бүрнээр нь бүх аймгийн төв суурин газруудад байгуулах, Радио байгууламжуудыг цахилгаан болон зай тэжээлээр хангах, Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх гэсэн үүргийг хүлээсэн байна. Энэ гэрээний хүрээнд анхны радио нэвтрүүлэх станцыг Улаанбаатарын зүүн хойд зүгт байрлах, олноо өргөгдсөний 9 он буюу 1919 онд Хятадын цэргийн холбооны зориулалттай  байгуулагдсан “Ушандын 3 өндөр” /У-Шиан-Диан/ хэмээх гурван өндөр төмөр матчыг ашиглан байгуулахаар барилга байгууламжийг барьсан ба анхны радио өргөн нэвтрүүлэг дамжуулах урт долгионы нэвтрүүлэгч нь 10 кВт хүчин чадалтай, 98 метр өндөртэй гурван өндөр матчын хоёрыг ашигласан “ЗЭЛЭН” антентайгаар хийгдсэн бол, богино долгионы ДРК-1 ба ДРК-15 маркын 1 ба 15 кВт-ын чадалтай станцыг модон матчтайгаар радио холбоо барих, радио нэвтрүүлэг дамжуулахад нөөцөөр ажилллуулах зорилготойгоор тус, тус байгуулсан байна. Анхны радиогийн барилга байгууламжийг ЗХУ-ын Холбооны ардын комиссаратын радиогийн барилга байгууламжийн трестийн “Монгол радио строй” гэдэг Л.А.Осташков даргатай хамт олон гүйцэтгэсэн байна. Радио байгуулалтын ажлууд төлөвлөгөө ёсоор амжилттай явагдаж байсан тул 1934 оны 1 дүгээр сараас анхны радио төвийг байгуулж, төвийн  дарга бөгөөд радиогийн хэргийг эрхлэх ерөнхий хорооны дарга, орлогч дарга, нярав бөгөөд техникч, ерөнхий  ня-бо, мөнгөний нярав ба жолооч тус бүр нэг, нэг хүний орон тоотойгоор байгуулж, Нидэнгийн Цэндсүрэнг даргаар, Түдэвдоржийг орлогч даргаар томилсон байна. Мөн энэ үед буюу 1933-1934 онд тус гэрээний хөрөнгө оруулалтаар орон нутагт радио холбооны станцуудыг байгуулах ажил эрчимтэй хийгдэж, Ховд, Увс, Завханд 500Вт чадалтай  КТК-2 станц, Тамсаг, Дорнод, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн төвд УП-8 маркийн өсгөгч, КУП-4 маркийн хүлээн авагч, шугамын байгууламжийн хамтаар тус, тус ашиглалтанд орсон байна. Радиогийн барилга байгууламжийг хүлээн авах тухай СНЗ-ын 82 тоот тушаал 1934 оны 8 дугаар сарын 14-нд гарч, Засгийн газрын төв комиссыг байгуулсан байна. Тус комисс 1933 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр Улаанбаатар хот болон орон нутагт байгуулсан радиожуулалтын иж бүрэн ажлыг хүлээн авснаар 1934 оны 9-р сарын 1-ний өдөр радио станцын ажиллагааг нээх ёслол болжээ. Энэхүү ёслол шинээр байгуулсан радио станц дээр болж тус станцын жижүүрийн тэмдэглэлд “… 1934 -9-1 өдөр. Тус радио станцын газраа Ерөнхий сайд П.Гэндэн, Намын Төв Хорооны НБДарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэхийн сайд Дамбийням, Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, ЗСБНХУ-ийн Элчин сайд нарын зэрэг нөхөд ирж, сонирхон үзэж, 13 аймагт радиогоор баярын үг Мэндээс хэлж гүйцэтгэсэн ба 11.00 цагт ирээд нэг цаг болоод буцсан болохыг тэмдэглэмой…” хэмээн ногоон будган харандаагаар уйгаржин монгол бичгээр татлан

Монгол Улсад радио үүссэн нь /Цуврал №1/ Read More »

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН 2021.01.18 Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН Read More »

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана 2020.12.22 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. ХОЛБООНЫ ХОЁР ДАХЬ САЙД ЗУНДУЙН АЮУРЗАНА Тэрээр 1906 онд Баян-Өлгий аймагт төржээ. 1929-1932 он хүртэл Улаан-Үд хотын Рабфакт бэлтгэх сургуулийн захирал, түүхийн багшаар ажиллаж байгаад 1939-1940 онд КУТВ-т суралцсан байна. 1925 оноос залуучуудын эвлэлийн үүрийн дарга, 1937 оноос Москва хотноо сургуулийн дэргэдэх МАХН-ын үүрийн дарга, мөн оны 9 дүгээр сараас Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1943 оны 2 дугаар сараас Өвөрхангай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашижээ. 1939 оны дунд үеэс цагийн байдал хүнд байсан тул зүүн хилийн харуулуудыг холбоожуулах зорилгоор зүүн, зүүн урд чиглэлд тусгай зориулалтын хэрэгцээнд хуучин шугамтай зэрэгцүүлэн шинээр холбооны шугам татах болсон тул манай Засгийн газрын хүсэлтээр ЗХУ- аас 450 гаруй хүмүүсийг 90 гаруй машины хамтаар ирсэнтэй тул харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооноос туршлагатай холбоочин С.Шийтэрээр ахлуулсан баг 35,000 баганыг Хэнтий аймгийн Ононд бэлтгүүлж зөвлөлтийн цэргийн ангид хүлээлгэн өгч Шарагат – Өгийн хийд – Сулинхээрийн хүртэл 440 гаруй км шугамыг шинээр хийсний дээр Өндөрхаанаас Сайншанд хүртэлх 320 км шугамыг шинэчлэн засварлаж, 1939 оны 6 дугаар сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн харьяа Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газар болгож, холбоочид салбараараа цэргийн албанд орж эх орны дайны жилүүдэд ажлын 24 цагийн үүрэг хүлээж байв. Дэлхийн II дайн дуусч, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны 20 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны цэрэгжүүлсэн ажилтан нарын дүрэм”-ийг хүчингүй болгож, монголын холбоочид энх цагийн бүтээн байгуулалтанд жирийн албан хаагчийн есоор оролцох болжээ. БНМАУ-ын СнЗ-өөс шуудан, харилцааг сайжруулах талаар анхаарч, 1947 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Харилцаа холбооны яамны гадаад ба дотоод шууданг сайжруулах тухай” 12 дугаар тогтоол гаргаж, Наушка хүртэл 7 хоног тутам шуудан хүргэх, буцахдаа Наушкад байгаа шууданг Улаанбаатар хотод тогтмол авчирч байх, шуудан тээврийг зохих цагт нь гаргаж байх төлөвлөгөөг хавсран гаргаж ажиллахыг Тээврийн болон Холбооны сайдад тус тус даалгасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны 1950 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гаргасан 15/5 дугаар тогтоолоор Холбооны яамны 1950 оны төлөвлөгөөг баталж Улаанбаатар хот Архангай аймгийн хооронд 470 км газар бронзон шугамыг 1950 оны 3 дугаар улирлын дотор байгуулахаар тогтоов. 1950 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн 112 дугаар тогтоолоор Холбооны яамны барилга контор байгуулагдаж, холбооны гол аж ахуй болох телефон-телеграфын баганат шугамыг засварлах, шинээр байгуулах, улс орныг телефонжуулах ажлыг эхэлжээ. Холбооны сайд З.Аюурзана харилцаа холбооны техник зохион байгуулалтын ажилд өөрчлөлт хийж анхдугаар 5 жилд Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Чойбалсан, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудыг Улаанбаатар хоттой тогтмол харилцах радио телефоны харилцаа бий болгосон байна. Зуун суманд радио хүлээн авагч, долоон аймгийн бүх сумдыг радиожуулсан, радио цэгийг 1000-аар нэмэгдүүлэв. Улаанбаатар хотоос шууданг аймгуудтай сард 4 удаа автомашинаар солилцдог байсныг 8 удаа болгон нэмэгдүүлжээ. 1940 онд хөдөлмөрчин ардуудаас морин өртөөний албыг өөрчилж аймгийн төв-сумдын хооронд автомашин, сум багийн хооронд улсын морин өртөөгөөр шууданг тогтмол солилцдог болсон. 1948-1952 онуудад Баян-Өлгий, Ховд зэрэг аймгийг оролцуулан нийтдээ 13 аймгийг Улаанбаатар хоттой телефоноор шууд харилцдаг болгож, 60 гаруй сум, суурин газарт телефон холбоо байгуулсан байна. 1952 онд 1947 оныхоос холбооны ашиглалт 40 хувиар, солилцсон бичиг захидлын тоо 33 хувиар, радио цэгийн тоо 9500 болж 28 хувиар өссөн ба 300 гаруй сумыг радио хүлээн авагчтай, бүх аймгийн 75 хувь нь радио нэвтрүүлэгчтэй болж, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээнээс орсон орлогын хэмжээ 30 хувиар өссөн байна. Түүнчлэн ЗХУ-д холбооны дээд, дунд мэргэжлийн сургуулиудад боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн аж. Зундуйн Аюурзана нь 1945 оны 11 дүгээр сараас 1953 оны 8 дугаар сар хүртэл Холбооны сайдаар ажилласан байна. 1947 оны 8 сард АНУ Атлантик хотод болсон олон улсын радио долгионы конференцид оролцсон БНМАУ-ын Холбооны сайд З. Аюурзана, Холбооны яамны ерөнхий механик, Лувсанцэнд нар. 1946 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Холбооны сайд З.Аюурзанаас Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд, Улсын Ялгарсан Хошой Баатар их удирдагч маршалХ.Чойлбалсан Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, хүндэт удирдагч Ю.Цэдэнбал танаа Монгол Ардын Хувьсгалт Нам ба ард олны түргэн харилцааг цаг тухайд ханган биелэхэд хамгийн гол чухал нь харилцааны шугамуудыг цаг тухай бүр гэмтлээс хамгаалах хийгээд тохиолдсон гэмтлүүдийг богино хугацааны дотор засаж чадваас тэр чанараараа гадаад дотоодын бүх харилцааг тогтоосон цаг минут секундээр хугацаанд нь бүгд,тэр хугацаанд нам ба улсын хийгээд худалдаа үйлдвэр, олон нийтийн болон гадаад дотоодын бүх дөрвөн төрлийн харилцааг өдөр шөнийн 24 цагт тасралтгүй харилцаж чадмой. Гэтэл тус улсын харилцааны эдүгээгийн ажлын байдлыг үзвээс шугам үйлдвэр байгуулагдсанаар он жил удсан учраас нэвтрэх гэмтэж тасалдах явдал олон тоотой болсонучраас гадаад дотоодын харилцаанд өдөр тутам саад тохиолдож, нам улсын хийгээд ард олны бүх харилцааг цаг тухайд ханган биелүүлдэггүй дутагдлууд үргэлжлэн тохиолдож зарим үеийн ажлуудаар өдий төдий саад бэрхшээлүүд их бага хэмжээгээр тохиолдсоор байна. … Холбооны 2 дахь сайд З.Аюурзана Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.ЦэвээндарьХарилцаа холбооны музейн эрхлэгч Г.Шаравдэмбэрэл Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны хоёр дахь сайд З.Аюурзана Read More »

Шуудангийн анхны маркийн тухай

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн анхны маркийн тухай 2020.12.22 Шуудангийн тухай хуулиас…. 25 дугаар зүйл: Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна. Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл. Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох маркийн талаар товч өгүүлсүй. Шуудангийн марк гэж шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наах, мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм. Шуудангийн маркийг улс, үндэсний шуудан харилцааны байгууллага гаргадаг. Дэлхийн анхны шуудангийн марк 1840 онд Английн хатан хаан Викториагийн хөрөг зурагтай гаргажээ. Монголын шуудан холбоо олон зуун жилийн түүхийг туулсан хэдий ч Ардын хувьсгал ялах хүртэл буюу анхы марк гарах хүртэл шуудангийн маркгүй байсан. Жанжин Д.Сүхбаатарын зөвлөсний дагуу Ардын Засгийн газрын Цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий хорооны эрхэлсэн түшмэл Мандалын Бат-Очирын санаачлагаар зураг төслийг боловсруулж, Гадаад явдлын яамаар дамжуулан Ардын Засгийн газраар батлуулахаар хүргүүлсэн байна. Олноо өргөгдсөний 13 дугаар он буюу 1923 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр хурлын бичгийн 1 дүгээр зүйлд “ Гадаад явдлын яамны Цахилгаан мэдээ, шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл М.Бат- Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам хаана үйлдвээс хэрэг дав дув санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн тухайд Засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ. Эдүгээ хянан байцаах Сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх үсгийг гадаад улс хэрэглэж байхыг журамлан хэвээр бичих буюу эс бөгөөс Монголоор орчуулан төгрөг хэмээн бичих, бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн хавсаргаж, тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй хэмээх зэргээр саналыг шийтгэн ирсэн учир энэхүү маркийг үсэг ба маягтыг ямар ямараар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт үйлдүүлэхгүйгээр үл болох тул харъяат ерөнхий хорооны төлөвлөсөн есоор хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн мөнгө нэг мянга хоер зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн данснаа нэмэн батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн, уг бичиг хуудас нижгээд маркийн эх долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд энэ хэрэг дор харъяат хянан байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул есоор болгон баталж, Гадаад явдлын яамнаас эрхлэн гүйцэтгэхээр тогтов” гэжээ. (УТА, Ардын Засгийн газрын хурлын тогтоолын хуулга) Энэхүү тогтоосон есоор “Очир” буюу төвдөөр Нацагдорж, монголоор “Мөнхбат” гэсэн утга санааг илэрхийлэх, Элдэв- очир дүрс бүхий Монголын шуудангийн анхны цуврал маркийг хэвлүүлэн гаргаснаа Гадаад явдлын яамнаа 565 тоот бичиг бүхий хуудас бичиг дагалдуулан Ардын Засгийн газарт хүргүүлжээ. Анхны маркийн зургийг “Марзан” хэмээх Б.Шарав зуржээ. Анхны марк “ Элдэв- Очир” Ардын Засгийн газар уг бичгийг хүлээн аваад, худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад явдлын яаманд 1924 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 665 тоот бичгээр мэдэгдэж явуулснаар, Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж, шуудангаар явах албан бичиг захидалд төлбөрийн хэрэгсэл болгон нааж, өөрийн орны дотор болон гадаад улс орнуудад ашигласан байна. Тухайн үед Монголыг бие даасан тусгаар тогтносон, үндэсний мөнгөн тэмдэгтэй, өөрийн гэсэн шуудангийн марктай улс болохыг хүлээн зөвшөөрөх орон ховор байсан бөгөөд энэ цаг үед шуудангийн марк гарсан нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ баталсан чухал үйл явдал болсон гэж үздэг. Монгол Улсыг гадуурхах бодлого явуулж байсан Хятадын гоминданы Засгийн газар монголын шуудангийн маркийг үл хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр бус хэмээн үзэж, манай улсаас хятадад очсон захидал, боодлын маркийн дээр өөрийн улсын маркийг нааж, хүлээн авагчаас захидлын бүх үнийг гаргуулан авдаг байжээ. Нэг хэсэгтээ хүлээн авагчийг давхар үнэ төлөх явдлаас чөлөөлөхийн тулд монголын шуудангийн маркийн хамт оросын шуудангийн маркийг наадаг байсан байна. Монголын анхны маркийн тухай Бямбын Ренчин гуай 1958 онд “Монголчуудын шуудан,шуудангийн тэмдгийн учир” гэсэн өгүүлэлдээ: “ 1924 онд Ардын Засгийн газраас олон улсын одоогийн жишгээр наадаг тэмдэг анх хэрэглэж, долоон төрлийн шуудангийн наах тэмдэг Шанхайд захиж хэвлүүлсэн билээ. Тэгэхэд Улаанбаатар хотын хэвлэх үйлдвэр өнгөтэй будагтай хэвлэлгүй байсан учир ийнхүү Шанхайд захижээ. Тэр үед Европ хэл бичиг мэдэх хүн ховор учраас “почтовая марка” гэснийг монгол болгож чадаагүй, “почит марка” гэж монгол үсгээр ойртуулсхийн бичээд монгол төгрөг мөнгө гараагүй учир “доллар, цент” гэж төгрөг мөнгөний оронд бичсэн билээ. 1924 онд анхны шуудангийн тэмдэгт Элдэв-Очир гэсэн очиртой зурсан нь “бат” гэсэн санаа бөгөөд Энэтхэгээс гаралтай үг ба очир гэдэг тэмдэг нь цахилгаан гэснийг дүрсэлсэн тул монгол цахилгаан шуудангийн анхны билэг тэмдэг нь байжээ. Одоо ч гэсэн гадаад улсын цахилгаан шууданд цахилгааны дүрсээр холбоочны тэмдэг хийдэг ѐс буй тул монголчуудын олон жил мэддэг, хэрэглэдэг “очир” тэмдгийг хэрэглэсэн нь сонин бөгөөд хойшдоо холбооны тэмдэг болгож, тэр Элдэв-Очир гэдэг цахилгаан мэт хурдан, алдагдашгүй бат хүргэдэг гэсэн сонин сайхан тэмдэг юмсанжээ” гэжээ. Анхны марк Эх сурвалж: Н.Төмөрхүү, Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон номноос Боловсруулсан: ХХМТГ-ын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Шуудангийн анхны маркийн тухай Read More »

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв

ҮЙЛ ЯВДАЛ Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв 2021.11.03 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан харилцаа холбооны салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүний түүхийг цувралаар оруулж байгааг хүлээн авна уу. Х.МАГСАРЖАВЫН ЦЭРЭГ БУЮУ ХОЛБООНЫ АНХНЫ САЙД ДЭЧИНГИЙН ДЭНДЭВ Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Ардын хувьсгалын партизан. 19 настайдаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад Ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин. Цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны даргаар ажиллаж байгаад 1929 оны 9 дүгээр сарын 20-нд салааг нь цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамны холбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар томилогдож, холбооны суманг өргөтгөж, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгосон бөгөөд тусгай хорооны даргаар томилогдсон байна. Цэргийн яамны дайчлахын туслах, цэргийн ерөнхий сургуулийн штабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байгаад 1939 онд Хагас цэрэгжүүлсэн Монголын харилцаа холбооны ерөнхийлөн захирах албыг байгуулахад даргаар томилогдож, улмаар 1944 оны 5 дугаар сарын 9-нд Монгол Улсын харилцаа холбооны яам байгуулагдахад анхны сайдаар томилогдож, 1946 он хүртэл сайдын албыг хашжээ. Тэрээр Монголын харилцаа холбоог хөгжүүлэн бэхжүүлэхэд өөрийн ухамсарт амьдрал, хүч чадлаа дайчлан ажиллаж явсан ахмад холбоочин билээ. Мэдээллийг бэлтгэсэн: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Х.Магсаржавын цэрэг буюу Холбооны анхны сайд Дэчингийн Дэндэв Read More »