Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Х.Энхманлай: Сансар судлалыг хөгжүүлэхэд энэ талаар баримтлах бодлого, уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж хоёр хоршиж байж үр дүнгээ өгнө.

2022.12.30

Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ-ны Харилцаа, холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлайтай ярилцлаа.

“Монгол Улсад Сансар судлалыг хөгжүүлэхэд баримтлах чиглэл” энэхүү баримт бичгийн зорилго юу вэ?

Дэлхий нийтээр сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна. Миний бие энэ жил Ази номхон далай сансрын хамтын ажиллагааны байгууллагын удирдах зөвлөлийн 16 дугаар хуралд оролцоход ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байгаа талаар яригдлаа. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн бөгөөд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсруулсан.

Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Агуулга, хамрах хүрээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

Space policy болон Space law гэсэн 2 ойлголт байдаг. Space policy нь тухайн улс ер нь сансар судлал, сансрын технологийн чиглэлээр урт, дунд хугацаандаа ямар бодлого баримтлах юм гэдгийг харуулсан баримт бичиг байдаг. Бид үүнийг боловсруулахыг зорьсон. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд сансар судлалын талаар ойрын 10 жилдээ баримтлах бодлогын чиглэлийг батлан гаргаснаар холбогдох байгууллагууд нэгдсэн удирдлага зохион байгуулалтад орж, 2023-2033 онд сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх төлөвлөгөө гарган хамтарч ажиллах өндөр ач холбогдолтой юм.  

Сая Space law буюу сансрын хууль тогтоомжийн талаар дурдлаа. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, сансар судлалын талаар баримтлах бодлого болон уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомж 2 нь хоршиж байж үр дүнгээ өгдөг туршлага бий. Бид баримтлах чиглэлээ гаргасан бол одоо энэ талын хуультай болох шаардлагатай. Мэдээж хуулийн төсөл боловсруулахын өмнө судалгаа хийнэ. Судалгаагаар үнэхээр сансар судлалын талаар хууль батлах хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг нарийвчлан гаргаж ирнэ. Уг чиглэлийн хууль гэдэг нь Монгол Улсын сансар судлал, сансар огторгуйн уудам, гео мандлын орон зайг ашиглах, сансрын техник технологийг хөгжүүлэх, сансрын хог хаягдлын асуудлыг зохицуулах зэрэг ойлголтыг тусгасан эрх зүйн баримт бичиг юм.

Сансар судлалын талаар хуультай болно гэхээр хол сонсогдож магадгүй. Гэтэл бидний зулай дээрээс эхлээд 40,000 км хүртэлх орон зай өөрөө тодорхой хэмжээний зохицуулалт шаарддаг. Мөн бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол улсад ч сансрын тойрог замд 2 байрлал бий. Уг байрлалаа хэрхэн оновчтой ашиглах асуудлыг ч зохицуулах шаардлагатай. Цаашлаад сансрын хог хаягдал, гараг эрхсийн судалгаа, сар, марсыг эзэмших бусад орны төлөвлөгөө зэрэг томоохон төслүүдэд манай судлаачид, мэргэжилтнүүд орж ажиллах бүрэн боломжтой. Тиймээс бид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу энэ чиглэлийн хууль тогтоомжийн талаар судалж эхлээд байгаа юм.

Баримтлах чиглэлийн гол үзэл санаа нь юу вэ?

2040 он гэхэд 1,3 их наяд $ болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна. Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцох ёстой, үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхийг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгаж өгсөн.

Сансар судлалын салбарт өнөөдрийг хүртэл улс орнуудын Засгийн газар голлох үүрэгтэй байсан. Сүүлийн жилүүдэд ОУ-д хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байна. Энэ чиг хандлагад хэрхэн нийцсэн бэ?

Сансар судлал дахь хувийн хэвшлийн оролцоог хэрхэн дэмжсэн бэ?

Сансар судлалын салбар анх 1950-1960 оноос хөгжиж эхэлж байхад төрийн оролцоо их байсан бол сүүлийн үед хувийн хэвшлийн оролцоо зонхилж байна. Үүний нэг тод илрэл нь Space X компанийн үйл ажиллагаа юм. Та бүхний сайн мэдэх Starlink компанийг байгуулснаар дэлхийн нам орбитод 42,000 бага оврын хиймэл дагуулыг хөөргөх замаар дэлхийн өнцөг булан бүрт интернэт хүргэхээр ажиллаж байна. Манай улсын хувийн хэвшлийн Ондо сат ХХК ч бас энэ зах зээлд гарахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг та бид мэднэ.

Тус баримтлах чиглэлд хувийн хэвшлийн оролцоог сансар судлал, сансрын технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангана гэж зааж өгсөн.

Гадаад хамтын ажиллагаа талаар дурдвал, тус баримт бичигт хэрхэн тусгагдсан бэ?

Сансар судлалыг хөгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа манай улсын хувьд нэн чухал асуудлыг нэг юм. Жишээ нь: олон улсын хэмжээнд өөрийн орны байр суурийг бэхжүүлэн, сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэж заасан байгаа. Бүр нарийн чиглэл гэвэл Сансрын нисэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Сар, Марс болон сансрын биетийн судалгааг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрт хамрагдах, олон улсын болон бусад улсын сансрын станц дээр хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажилд оролцох, олон улсын сансрын хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэх зэрэг ажлуудыг нарийн зааж өгсөн.

Ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Other news

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жилийн ой: АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН 2021.01.18 Монгол Улсын анхны Ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 оны 12 дугаар сарын 15-нд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталж, Монгол Улсад телефон холбоо үүсч хөгжсөн хэмээн үздэг билээ. Энэхүү телефон станц нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойно байрлах нэг давхар ногоон байшинд (“Анхны холбооны байшин”) байрлаж байсан. Орос загварын энэхүү байшинд оросын худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан ба зүүн талд нь Цогт Бадамжавын байшин (эдүгээ нийслэл Улаанбаатарын музей байгаа) зэрэг оросууд суурьшиж байсан гэдэг. Ерөнхий сайд Т. Намнансүрэнд 1913 онд Орос Улсын II Николай хааны бэлэглэсэн 25 хэрэглэгчийн багтаамжтай телефон станцыг цахилгаан, байр, угсарч ажиллуулах хүний боломжийг харгалзан энэхүү байшинд суурилуулсан тухай түүх болон дурьдатгал номуудад тэмдэглэсэн байдаг. Дээрх телефон станц нь 1934 он хүртэл энэ байшиндаа ажиллаж 60, 100, 300, 500 дугаараар тус тус өргөтгөн ажиллуулж байгаад зай талбай бага учраас цаашид өргөтгөх боломжгүй болж, 1934 онд одоо Төв шуудан буй байшингийн суурин дээр радио холбоо, цахилгаан мэдээ, телефон холбоо, шуудангийн үйлчилгээ бүхий холбооны нэгдсэн хоёр давхар байшинд шилжүүлсэн түүхтэй. БНМАУ-ын Засгийн газрын дэргэдэх Холбооны ерөнхий газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 25 –ны өдрийн 31 дүгээр тушаалаар Харилцаа холбооны 70 жилийн ойд зориулан Харилцаа холбооны түүхэн замналын музей байгуулахаар хуучин ашиглаж байсан байр (Анхны холбооны байшин)-нд бүрэн засвар хийж, мөн онд Холбооны түүхэн замналын музейг нээн 1997 он хүртэл ажиллуулсан. Харилцаа холбооны энэхүү түүхэн байшингийн өнөөгийн ашиглалтанд анхаарал хандуулан 2003 оноос хойш өмчлөгч-эзэмшигчийн талаар судалж, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үндсэн дээр 2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр тогтсон билээ. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 тоот тушаалаар аймаг нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт газрын жагсаалтыг баталсан ба “ Анхны холбооны байшин” нэрээр түүх, соёлын өвд бүртгэгдээд байна. Анхны холбооны байшин Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

N. Uchral, Minister of the Digital Development and Communications: The Government is one. It is necessary to achieve an unified result by working together and coordinating. Today, we will jointly solve the problems facing the digital transformation and develop our systems and infrastructure in a coordinated manner

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал: Төр бол нэг. Нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар нэгдсэн үр дүнд хүрэх учиртай. Өнөөдөр цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэж, систем, дэд бүтцээ харилцан уялдаатайгаар хөгжүүлнэ 2022.11.05 Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, салбаруудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим багц хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг бэхжүүлэх зорилго бүхий “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг ЦХХХ-ны сайд Н.Учралын санаачилгаар өнөөдөр /2022.11.05/ зохион байгуулж байна. ЦХХХ-ны сайд Н.Учрал арга хэмжээг нээж танилцуулсан илтгэлдээ: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол онцлог бол салбар дундын уялдааг хангах, мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүрт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг. Миний хувьд цахим хөгжлийн асуудлыг эрхэлсэн хүнд суртлын эсрэг сайд гэж өөрийгөө ойлгож байгаа. Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа холбоо хамгийн чухал. Цахим шилжилтийг дэмжсэн багц хуулиуд батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Салбаруудад ашиглагдаж буй мэдээллийн системүүд хоорондоо тохирч угсрагддаггүй, нэгдсэн шаардлага, стандарт байхгүй, ойлголтын зөрүү их, хамтын ажиллагаа хангалтгүй, хуулиас давсан дүрэм, журмууд хэрэгжсээр байгаа нь цахим шилжилтийг удаашруулж байна. Иймд:Дүрэм, журмын саад тээгийг арилгахСалбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэхСистем, дэд бүтцээ харилцан уялдаатайгаар хөгжүүлэхҮндэсний клауд дэд бүтцийг бий болгохТөрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэхТөрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлж, менежментийн шинэчлэл хийхТөрийн албанд мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг хүний нөөц тогтвортой ажиллах боломжийг бий болгохУхаалаг аймаг, хотын стандартыг нэвтрүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, үйл ажиллагааны процессын шинэчлэл нэн чухлыг онцолсон юм. Арга хэмжээнд бүх яамд болон төрийн 70 орчим байгууллагын удирдлагууд оролцож, салбар бүрт хийгдэж буй цахим шилжилтийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, мэдээлэл солилцлоо.  ЦХХХЯ нь бусад яамд болох БХБЯ-тай хамтран хаягжилтын асуудлыг цэгцлэх, мэдээллийн технологийн тусгай бүс байгуулах, ХЗДХЯ-тай хамтран 169 хуулийн давхардлыг арилгах, дүрэм, журмын түгжээг арилгах багц хуулийг өргөн барих, ЭМЯ-тай хамтран эмийн цахим бүртгэлийн систем нэвтрүүлэх, ЭЗХЯ-тай хамтран E-Business системийг нэвтрүүлэх, Шадар сайдтай хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн стандартыг боловсруулж, батлах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна.     Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

ҮЙЛ ЯВДАЛ Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/ 2021.01.25 Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх станцыг нөөцтэй болгох асуудал дайны жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц модон матчтай антентайгаар байгуулж, радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна. МАХН-ын 11-р их хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280 сумыг “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад радио зангилаа байгуулж, радио цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ. Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948 онд Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов. Анхны радио нэвтрүүлэх станцын хүчин чадал /10кВт/ багадаж, сонсголын чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50 хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс хадах станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж тэмдэглэсэн байна. Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд 500 ширхэг, 1955 онд 800 ширхэг “Эх орон” радиогиор хангаж байжээ. 1954 оноос Холбооны техникум төгсгөгчдийг радиожуулах техникч, “Эх орон-52” хүлээн авагчийн ашиглалтыг хариуцагчаар орон нутагт томилон ажиллуулдаг болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна. Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ