Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

З.Гантогоо: Монголчууд цахимд амжилттай шилжиж буйгаа дотоод, гадаадад харуулна

2021.08.31

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан “ICT Expo” энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн “Digital Nation” нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. “Digital Nation-2021” арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг “Digital Nation” буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх “ICT Expo” ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг “ICT Expo” нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс “Digital nation” нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг “e-Mongolia” платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -“Digital Nation-2021” арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь “ICT Expo”-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил “Ард санхүүгийн нэгдэл”, “Анд глобал” ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу ‘найраа хийх’ тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Украйны Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. “Номадик Мастерс” нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах “Цахим үндэстэн” гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил

ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21 ажлаа олон нийтэд танилцуулж байна. 2021 оны хувьд тус газар “Цахим Үндэстэн” болох стратегийн зургаан зорилгыг баталж, цахим шилжилтийг эрчимтэй урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулж, төрийн 59 байгууллагын 606 үйлчилгээг цахимжуулж, нэгтгэлээ. Үүний зэрэгцээ, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг БНСУ-ын талтай байгуулахын зэрэгцээ салбарын жендерийн тэгш бус байдлын бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, эмэгтэй программ хангамжийн инженерүүдийг бэлтгэх зорилгоор “Код бичих охидын хөтөлбөр” -ийг анх удаа амжилттай зохион байгууллаа. “ЦАХИМ ҮНДЭСТЭН” БОЛОХ СТРАТЕГИЙН 6 ЗОРИЛГЫГ БАТЛАВ Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа – 2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгох зорилт тавьж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Энэхүү ажлын хүрээнд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инноваци үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг баталлаа. НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нийт 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил үзэх эрхзүйн орчин бүрдсэн юм. ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд  дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулах стандартуудыг тодорхой болгож өгсөн. Үүний зэрэгцээ мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлын бүрэн бүтэн байдлыг хариуцана. ЦАХИМ ГАРЫН ҮСГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Хуульзүй, дотоод хэргийн яамтай хамтран Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар батлуулав. Тус хууль 2022 оны 05-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Цахим гарын үсгийн хууль батлагдан гарснаар 16 нас хүрсэн иргэн бүрт иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Ингэснээр “e-Mongolia” -д нэвтэрсэн төрийн 600 гаруй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, өөрийгөө цахим орчинд таниулах, батлах том шийдэл болсон. КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулав. Ингэснээр Монгол Улс анх удаа кибер аюулгүй байдлын тухай хуультай болсон юм. Тус хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хууль хэрэгжиж эхэлснээр олон улсын түвшинд эрсдэлийн үнэлгээгээ үнэлэх, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болно. Хувийн байгууллагууд ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа аудит хийлгэж, иргэдийнхээ болон хуулийн этгээд, төрийн байгууллагууд онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын аюулгүй байдлыг хангах боломжтой. Энэ хуулийн тусламжтайгаар бид олон улсын түвшинд харилцах Үндэсний төвтэй, хувийн байгууллагууд ААН, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангадаг олон нийтийн төвтэй болж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх, ийм нөхцөл бүрдэнэ. 6. “E-MONGOLIA” ТӨРИЙН 59 БАЙГУУЛЛАГЫН 606 ҮЙЛЧИЛГЭЭ НЭГТГЭВ “E-Mongolia” системд төрийн 58 байгууллагын 606 үйлчилгээнээс гадна 8 аймгийн 498 үйлчилгээг цахимжиж, нэгтгэгдээд байна. Мөн Монгол Улсын 1.9 сая иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авч, 64.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн бөгөөд төлбөртэй үйлчилгээнээс улсын төсөвт 4.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. “E-MONGOLIA” ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ “e-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвөө Төв шуудангийн нэг давхрын танхимд 2021 оны 05 дугаар сарын 09-нд нээсэн. Энэ хугацаанд өдөрт 100 гаруй хүн тус төвөөр үйлчлүүлж, “e-Mongolia”-с хэрхэн төрийн үйлчилгээг цахимаар авах талаар заавар, зөвлөгөө авч байна. Тэдний дийлэнх нь ахмад настнууд байдаг ажээ. Тус төвд иргэдэд заавар, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гурван оператор ажиллаж байгаагаас гадна, 10 орчим дуудлагын операторууд  “e-Mongolia”-тай холбоотой дуудлагад хариулт өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн танд e-Mongolia холбоотой асууж, тодруулах зүйл байвал 11-11 дугаарт холбогдож, 1 гэсэн товчийг дарж, e-Mongolia-ийн операторуудтай холбогдох боломжтой юм. 8. “E-MONGOLIA 2.0” ТАНИЛЦУУЛЛАА. “E-Mongolia”систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд 2021 оны 10 дугаар сарын 1-нд танилцууллаа. “e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт Digital ID үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй. Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг. Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой. Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ. Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм. “E-MONGOLIA” ТӨСЛИЙН БАГ УЛААНБААТАР ХОТЫН АЛСЛАГДСАН ХОРОО, ДҮҮРЭГ, ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ХҮРЧ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЦАХИМААР АВАХ ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ. “e-Mongolia” төслийн баг Улаанбаатар хотын алслагдсан нийт 6 дүүргийн 48 хороонд хоёр сарын хугацаанд ажиллаж, иргэд олон нийтэд тус системийг ашиглах заавар зөвлөгөө өгч ажиллаа. КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХАВЬТЛЫГ МӨШГӨХ “COVID-19 ERSDEL” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ Дэлхийн нийтэд тархаад буй КОВИД-19  цар тахлын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс олон улс хавьтлыг мөшгөхөд технологийн шийдлүүдийг ашиглаж эхэлсэн. Тэрдундаа Apple болон Google системийн бүтээсэн exposure notification буюу covid-19 ersdel системийг 2021 оны 04 дүгээр сарын 19-нд УОК монголчуудын хэрэглээнд нэвтрүүлсэн. Covid-19 ersdel систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан  судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино. Тус системийг өнөөдрийн байдлаар 700,000 орчим хүн ашиглаж байгаа бөгөөд халдвар авсан нь батлагдсан талаар нийт 1,5 сая гаруй хүнд мессеж очсон ба нэгдүгээр хавьтал болсон 200,000 орчим

Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд

ҮЙЛ ЯВДАЛ Танилц: Ухаалаг хотын сайн жишгүүд 2022.03.01 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг энэ 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд ирэх 03 дугаар сарын 15-аас хөдөө, орон нутгийг зорих гэж байна. Үүний зэрэгцээ, тус яамны удирдлагууд 21 аймгийн Засаг дарга нарт “Цахим жишиг аймаг” концепцийг танилцуулсан юм. Аймаг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, сумдын үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэх нэгж юм. Иймд дэлхийн улс орнуудын жижиг хотууд хэрхэн цахим шилжилтийг хийж, өөрсдийн амьдралыг хөнгөвчилж, хотынхоо асуудлыг шийдвэрлэсэн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. BSI групп 2014 онд “Ухаалаг хот” хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тус ойлголтоор бол Ухаалаг хот гэдэг нь IOT буюу маш олон тооны мэдрэгчийн ашиглаж, цуглуулсан дата мэдээлэлдээ үндэслэсэн олон тооны цахим үйлчилгээг хэрэглэгчид болон бизнес эрхлэгч, аж ахуй нэгжид санал болгодог ерөнхий архитектур гэж ойлгож болно. Тухайлбал, АНУ, Флорида, St Pete хэмээх жижиг хот нь хотынхоо автозамын зогсоолын асуудлыг амжилттай цахимжуулж, шийдвэрлэж чаджээ. Тус хотын автозамын зогсоол бүр мэдрэгчтэй. Мэдрэгч нь сул зогсоол байгаа эсэхийг гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд мэдээлдэг ажээ. Түүнчлэн хотын захиргаа нь хаана, ямар сул зогсоол байгаа эсэхийг хяналтын системээр дамжуулан хянах боломжтой. Харин иргэд гар утасны аппликейшныг суулгаснаар сул зогсоолыг төвөггүйхэн олох юм.  Австрали улс, Сидней хот – Замын төлбөр тооцооны систем (IoT + AI + GIS + Video) Тус хот нь хотоос гарах, орох хөдөлгөөн, зарим хурдны зам тойрсон том замуудын төлбөр тооцооны асуудлыг ухаалаг системийн тусламжтайгаар шийдсэн байна. Сидней хотын нэвтрүүлсэн энэхүү туршлага нь дэлхий дахинд сайн туршлага гэгддэг. Тухайлбал, туннел доогуур гарах болгонд автомашины төлбөр тооцоо автоматаар бичигдэж, системд бүртгэлтэй жолоочийн банкны данснаас төлбөр нь хасагддаг ажээ. Зарим иргэд хотын төвийн түгжрэлтэй замаар бус хот тойрсон замаар төлбөрөө төлөөд хүрэх газраа хурдан шуурхай хүрэх тохиолдол бий. Хотоос гарах хураамжуудын асуудлыг нь мөн энэ байдлаар шийдсэн байдаг. Түүнчлэн тухайн төлбөртэй замаар хамгийн их явсан нь хамгийн өндөр төлбөрийг төлдөг зарчим үйлчилдэг. Шинэ Зеланд улс, Аукланд хот – Авто замын торгуулийн систем (IoT + AI + GIS + Video) Тус систем нь замын гэрлэн дохио улаан ассан үед тээврийн хэрэгсэл авто замын цагаан шугамыг давсан тохиолдолд асфальтан зам дээр суулгасан мэдрэгч ажиллаж тухайн тээврийн хэрэгсэлд торгууль бичдэг. Австрали улс, Мельбурн хот – Авто зогсоолын систем (IoT + GIS) Австрали хотын Мельбурн хотын нэвтрүүлсэн системийн тусламжтайгаар жолооч нар хаана, аль зогсоод хэдэн цаг үнэгүй тээврийн хэрэгслээ байршуулж болох талаарх мэдээллийг харах боломжтой. Энэхүү системийг гар утсандаа л суулгахад хангалттай. Ингэснээр таны гар утсанд үнэгүй зогсох хугацаа дуусаж байгаа талаарх мэдэгдэл ирнэ. Хятад улс, Шинжөү хот – Ухаалаг гарц Ухаалаг утасны хэрэглээ их болсон энэ үед зам тээврийн осол ч багагүй гарах болсон. Тэгвэл БНХАУ-ын Шинжөү хот замын гарцыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Тодруулбал, ногоон гэрэл асаж, явган хүний хөдөлгөөнийг нээх үед тухайн гарцын гэрэл асна. Ингэснээр зам тээврийн ослыг тодорхой хэмжээгээр бууруулсан аж. Испани улс, Мадрид хот – Хог хаягдлын удирдлагын систем (IoT + AI + GIS) Испани улсын Мадрид хотын удирдлагууд хот хаягдлын асуудлаа шийдэхийн тулд томоохон хогийн саванд мэдрэгчүүдийг байршуулжээ. Тухайн мэдрэгч нь хогийн савын ашиглалт, дүүргэлт хэр байгаа талаар хяналтын системдээ мэдээлэл өгдөг. Хэрэв хогийн савны хог дүүрвэл хяналтын системд мэдээлэл нь ирж, хогийг ачдаг. Мөн хотын захиргаа хяналтын системийн тусламжтайгаар дээрх асуудлаа хянах боломжтой. Хятад, Шэньчжэнь хот – Цэвэршүүлэх байгууламжийн систем (IoT + Video + AI + GIS) БНХАУ-ы Шэньчжэнь хот цэвэрлэх байгууламжийн системээ цахимжуулсанаар усны бохирдол, үйлдвэрлэлийн ачааллыг хянах боломжтой болжээ. Тодруулбал, тус систем нь гол руу нийлүүлж буй усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа эсэхэд хяналт тавьж, төв систем рүүгээ мэдээллээ илгээдэг юм байна. Мэдээлэл илгээгдмэгц хяналтын төв нь тухайн мэдээлэл бодит эсэхийг шалгаад тодорхой арга хэмжээ авдаг ажээ. Их Британи, Нью Касл хот – Усны түвшин, бохирдол хянах систем (IoT + GIS + Cloud) Нью Касл хот усны түвшин, бохирдол хянах системийг нэвтрүүлжээ. Тус систем нь барилга усанд автах, гамшгийн үеийн зарлан мэдээлэх системтэй аж. Мөн үерийн усны түвшнийг хэмждэг. Үүний зэрэгцээ аль байгууллага нь гол руу бохирдол илүү нийлүүлж байна вэ гэдгээс хамаараад татвар ногдуулдаг юм байна. Итали улс, Салерно хот – Ухаалаг бордоо, усалгааны систем (IoT + GIS + Cloud + Видео) Салерно хот ухаалаг бордоо, усалгааны системийг хөдөө аж, ахуйн салбартаа нэвтрүүлжээ. Тус систем нь хөрсний чийг болон бордооны хэмжээг мэдэрч, хэмждэг бөгөөд усжуулалтын системтэй холбогджээ. Бордооны систем нь хөрсөнд бордоо багассан үед өөрөө автоматаар хэмжээг нь тааруулдаг аж. Харин хэрэглэгч гар утасны аппликейшнээрээ систем хэрхэн ажиллаж байгааг хянах боломжтой. Шинэ зеланд, Велленгтон – Ухаалаг фермерийн систем (IoT + GIS + Cloud) Веллингтон хот ухаалаг фермерийн системийн тусламжтайгаар мал тооллого, бэлчээрийн хяналтын асуудлыг цахимжуулсан байна. Тус системийн тусламжтайгаар малчин гар утсаараа малынхаа байршлыг хянах, тооллого хийхээс гадна бэлчээрийн хяналтыг хийх боломжтой. АНУ, Вашингтон муж – Ухаалаг эрчим хүчний систем (IoT + GIS + Cloud) АНУ-ын Вашингтон мужийн нэвтрүүлсэн ухаалаг эрчим хүчний систем дэлхий дахинд сайн жишгийн тоонд зүй ёсоор ордог. Тус систем нь өрх бүрийн цахилгааны хэрэглээний мэдээллийг сар тутмын тогтсон өдөр мэдээллийн төв систем рүүгээ илгээдэг. Харин иргэд гар утасны аппликейшнээрээ цахилгааныхаа хэрэглээг хянах боломжтой. Барууны орнууд ахуйн хэрэглээндээ хий ашигладаг тул тус систем нь хийн түвшнийг мөн адил хэмжиж, аюулгүй байдлыг давхар хянадаг. Дубай хот – Ухаалаг хяналтын төв Дээр дурдсан бүхий л ухаалаг систем,  мэдрэгчүүдийг ашиглан цугларсан датад суурилсан үйлчилгээнүүдийг хянадаг дэлхийн нийтэд жишиг болсон төв бол Дубай хотын хяналтын төв системийг онцолж болох юм. Тус хяналтын төв системээс цахимжсан бүхий л үйлчилгээний хяналтыг хийж, асуудал гарвал шуурхай шийдвэрлэх боломжтой ажээ. Ухаалаг хотыг хүний биетэй адилтган үзвэл хүн биеийнхээ бүхий л эд эсийг мэдрээд шийдвэр гаргалтаа хийдэгтэй адил хот маань бүрэн цахимжсан тохиолдолд хүний бие шиг ажилладаг боломж үүсэх юм.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Хүн бүр байгаль, эх дэлхийгээ хайрлах, нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон. Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэдэд уриалдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон нэгдэж, Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” төслийн байршилд 1000 хайлаас, хүрэн монос, шар хайлаас, бургас, гацуур модны үрсэлгээ, тарьц суулгаж, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.