Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

З.Гантогоо: Монголчууд цахимд амжилттай шилжиж буйгаа дотоод, гадаадад харуулна

2021.08.31

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас жил бүр зохион байгуулдаг байсан “ICT Expo” энэ жилээс цар хүрээгээ өргөжүүлэн “Digital Nation” нэрийн дор ирэх сарын 17-19-нд болох гэж байна. Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн санаачилгыг эхлүүлэн, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр зарлаад буй энэ цаг үед төр, хувийн хэвшил хамтран энэхүү олон улсын чанартай арга хэмжээг зохион байгуулж байгаа нь онцлог юм. “Digital Nation-2021” арга хэмжээ болон Цахим үндэстэн санаачилгын талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцлаа. -Энэ жилийн арга хэмжээг “Digital Nation” буюу Цахим үндэстэн хэмээн нэрлэжээ. Бидний мэдэх “ICT Expo” ийн нэрээ сольсны учир юу вэ? -Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар энэ арга хэмжээг “ICT Expo” нэрээр 15 жил зохион байгуулаад, энэ жилээс “Digital nation” нэртэй болгоод байна. Энэ оны хоёрдугаар сарын гуравны өдөр Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар манай улс Цахим үндэстэн болох санаачилга гарган, стратегийн зорилтуудаа тодорхойлсон байгаа. Тус стратегийн зургаан зорилтыг хангаж ажилласнаар цахим үндэстэн болох зорилго биелнэ гэж үзэж буй юм. Үндсэндээ илүү том зургаар харж, төрийн санаачилга, бодлоготой уялдуулж, үндэсний хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар зориод байна. -Цахим үндэстэн гэж чухам хэнийг хэлээд байна вэ? Биднээс хэр хол эсвэл ойр байгаа ирээдүй юм бэ? -Дээр дурдсан стратегийн зорилтуудыг товчхон тайлбайрлах хэрэгтэй болох нь. Цахим үндэстэн болохын тулд нэгдүгээрт дэд бүтцээ бэлдэж, цахим сүлжээгээ хөгжүүлэн, бүхий л сум суурин газруудыг интернэтэд холбосон байх шаардлагатай. Хоёрдугаарт, тухайн дэд бүтцийг ашиглах иргэд, олон нийтийн тоон бичиг үсгийн боловсрол буюу цахим үйлчилгээ авах ур чадварыг сайжруулах. Гуравт, төрийн бүхий л ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цаасан суурьтай үйл ажиллагааг халах. Үүний хүрээнд одоогоор төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг “e-Mongolia” платформд төвлөрүүлээд байна. Дөрөвдүгээрт, эдгээр бүх үйл ажиллагааныхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Үүний дагуу кибер аюулгүй байдлыг хангах хуулийн төсөл өргөн бариад байна. Мөн Үндэсний мэдээллийн аюулгүй байдлын төв, мэдээллийн аудит зэргийг байгуулах ажил бий. Тавдугаарт, инновац үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих зорилтын хүрээнд гарааны бизнесийг эдийн засгийн чөлөөт бүс болгох, татвараас хөнгөлөх, технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих гэх мэт бодлого боловсруулах. Хамгийн сүүлд нь бүхий л салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг мэдээллийн технологи ашиглан нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл салбарууд хоорондоо уялдаатай, цогц төлөвлөлт бүхий нэгдсэн стратегитай ажиллаж, эдийн засгийн үр ашигтай байх. Эдгээрийг хэрэгжүүлснээр бид цахим үндэстэн болно гэж үзэж буй юм. -Хувийн хэвшлийнхэн эдгээр ажлуудын суурь хөрс хэдийнэ бэлэн болсон, бид цахим үндэстэн болоход бэлэн гэж байна. Төрийн зүгээс энэ ажил хэдэн хувьтай, ямар шатандаа яваа гэж үзэж байна? -Үүнийг хувиар хэлэх хэцүү л дээ. Хувийн хэвшлүүд бэлэн байна гэж үзэх нь зөв юм. Тэд үйлчилгээгээ өдөр тутам сайжруулж, биткойн, криптовальютаас авахуулаад санхүүгийн салбарт хувьсал хийж байна. Тэд бол харьцангуй бэлэн. Нөгөө талдаа үүнийг зохицуулах хууль эрх зүйн асуудал нь хоцрогдож байна. Төр илүү хурдтай ажиллах шаардлага гарч байна гэсэн үг. Энэ нь зөвхөн ХХМТГ-ын шийдэх асуудал биш, ЗГ-ын асуудал. Тэр ч утгаараа Цахим үндэстэн санаачилга гаргаж, үүнийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Жишээ нь, виртуал хөрөнгөтэй холбоотой асуудал бол манай агентлагийн асуудал биш, Санхүүгийн зохицуулах хорооны асуудал л даа. Энэ асуудал манайх биш гэдгээс болоод төрийн үйл ажиллагаа жаахан удааширдаг. Тиймээс том зургаар нь харж, шаардлагатай хуулиудыг баталж явах хэрэгтэй. Хоёрдугаарт, хувийн хэвшил, төр хоёр аль аль нь цахим үйлчилгээ нэвтрүүлж байна. Энэ дунд иргэд бэлэн биш байгаа нэг асуудал бий. Өчнөөн олон цахим үйлчилгээ гараад л байдаг, алийг нь яаж хэрэглэх вэ гэдэг дээр хүмүүс төөрөлдөөд эхэлбэл энэ ажлууд үр дүнгүй болно. -Тиймээс эдгээр олон үйчилгээ хоорондоо уялдаа холбоотой байх нь мөн чухал байх? -Тийм. 2000-аад оноос эхлээд монголчууд сум суурингуудаа шилэн кабельд холбож, үйлчилгээнүүд цахимжиж, тал талд бужигнасан. Энэ ер нь бүх улс оронд тохиолддог асуудал л даа. Тус тусдаа хөрөнгө оруулалт хийгээд, дэд бүтэц угсраад, кабель татаад эхлэхээр тэр бүх үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо алдагдаж эхэлдэг. Үүнийг хангах зүйл бол Засгийн газрын түвшинд хийх дижитал стратеги шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний одоо хийгээд буй цахим үндэстэн гэдэг нэгдсэн стратеги гэж ойлгож болно. -“Digital Nation-2021” арга хэмжээний тухай ярья. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог юу вэ? -Өмнө нь “ICT Expo”-д зөвхөн мэдээлэл технологи, харилцаа холбооны компаниуд оролцдог, салбарын шинжтэй хязгаарлагдмал арга хэмжээ болдог байсан. Энэ жил бид илүү олон салбарын олон байгууллагыг хамруулах, ерөөсөө цахимаар амьсгалж буй бүхий л салбарын төлөөллийг оролцуулахаар зорьсон. Эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн гэчхлэн төрөл бүрийн салбарын 110 орчим байгууллага бүртгүүлээд байна. ХХМТГ энэхүү арга хэмжээг санаачлагч бөгөөд зохион байгуулагч. Энэ экспод улсын төсвөөс нэг ч төгрөг гардаггүй. Цэвэр спонсор болон хандивлагч, оролцогчдын ивээн тэтгэлэг, байршил худалдаж авах хөрөнгө зэргээр зохион байгуулдгийг дурдах нь зүй байх. Энэ жил “Ард санхүүгийн нэгдэл”, “Анд глобал” ХХК стратегийн түншээр, харилцаа холбооны байгууллагууд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн цахим шилжилт хурдтай хийгдэж буй салбарын яамдтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсний дагуу Соёлын бүтээлч салбар гэдэг цар хүрээгээрээ Соёлын яам хамтран оролцож байна. -Үндэсний соёл амралтын хүрээлэнд гурван өдрийн турш тун завгүй хөтөлбөртэй байх юм билээ. -Тийм, энэ жилийн арга хэмжээг гадаад дотоодын зочид төлөөлөгчидтэй, олон улсын чанартай зохион байгуулж буй нь онцлог. Онцлох хөтөлбөрүүд гэвэл старт-ап буюу технологийн чиглэлийн гарааны бизнесүүдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнесийн чадавхийг сайжруулах зорилгоор старт-ап питч буюу ‘найраа хийх’ тэмцээнийг дурдмаар байна. Энэ нь үндэсний болон олон улсын хоёр түвшинд явагдана. Үндэсний 120-150 старт-ап компани оролцож, мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. Мөн Сингапур, Хонгконгоос хөрөнгө оруулагчид ирэх ба шалгарсан старт- апууд гадны хөрөнгө оруулагчдад бизнес санаагаа танилцуулан, хөрөнгө татах тэмцээн болно. Мөн технологийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн форум хэлэлцүүлэг болох ба үүнд Украйны Дижитал шилжилтийн яамны дэд сайд тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцох юм. “Номадик Мастерс” нэртэй цахим спортын олон улсын тэмцээнд оролцохоор Украйн, Сингапур, Солонгос, Хятадын шилдэг багууд ирэхээр байна. Түүнчлэн салбарын сайд нарын хөтлөх дугуй ширээний ярилцлага, салбарын 100 жилийн ойг дүгнэж, ирээдүйг зураглах “Цахим үндэстэн” гол хэлэлцүүлэг зэрэг олон хөтөлбөр бий. -Арга хэмжээний ач холбогдлыг товчхон дүгнэн хэлбэл? -Цахим үндэстэн гэж юу вэ гэдгийг иргэдэд таниулах, үүнд оролцогч талууд, салбарын байгууллагууд юу хийж байгааг танилцуулах, зөвхөн дотооддоо ч биш олон улсад бид хэрхэн цахим үндэстнээ цогцлоон босгож буйгаа харуулах ийм л зорилго, ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

“Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим жишиг аймаг” концепцийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав 2022.02.24 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” УТҮГ-ийн удирдлагууд өнөөдөр /2022.02.24/ 21 аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, “Цахим жишиг аймаг” концепцыг танилцууллаа. Энэ 2022 онд тус яамнаас 21 аймгийг цахимжуулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймаг бүрд мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. Уг албан тушаалтан нь аймгаа цахимжуулах тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллах юм. Хурлыг нээж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг бодлогын түвшинд дэмжиж, “Цахим Үндэстэн” болох уриалга дэвшүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоногт бид 21 аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс та бүхэнд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана. Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын ажлыг гурван шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ гэдгээ илэрхийлсэн. Үүний хамгийн эхний шалгуур нь бол цахимжилт байгаа. Өнөөдөр “e-Mongolia” системд төрийн 600 гаруй үйлчилгээ орсон байна. Мөн найман аймаг нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулчихсан байна. Ирэх 03 дугаар сарын 15-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө” гэдгийг онцлов. Үүний дараагаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичгийг 21 аймгийн удирдлагуудад танилцуулав. Тэрбээр “Цахим Үндэстэн” бодлогын баримт бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа – 2050”, “Хөгжлийн зорилтот хөтөлбөр -2030”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсан гэдгийг онцлов. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахад дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, Инновац, үйлдвэрлэл, Хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын цахим шилжилт улс орон даяар хийгдэх ёстой ажил гэж харж байна. Нийслэл төдийгүй 21 аймаг цахимжиж байж бид “Цахим Үндэстэн” болох зорилтоо биелүүлнэ. Иймээс 21 аймгийн удирдлагууд үүнд манлайлж ажиллахыг уриалсан юм. Үүний хүрээнд Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг өргөтгөнө. 5G технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээ, цахим худалдаа, логистик, шуудангийн олон улсын транзит тээврийг бүс нутгийн хөгжилтэй уялдуулан өргөтгөн хөгжүүлэх, иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах тал дээр далайцтай ажил төлөвлөж байгааг мэдээлсэн юм. 21 аймгийн удирдлагуудтай хийж буй цахим хурлын үеэр “И-Монгол” академийн захирал Л.Энхбат “Жишиг цахим аймаг” концепцийг танилцуулсан юм. Тэрбээр аймгуудыг өөрсдийнх нь онцлогт тохируулан цахимжилтийн ажлыг хийхээр төлөвлөж буйг онцоллоо.  Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” системд 8 аймгийн нутгийн захиргааны 540 үйлчилгээ цахимжсан байгаа бөгөөд цаашид бүх аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, ойрын хугацаанд төрийн алба хаач болон иргэд олон нийтэд сургалт зохион байгуулна. Төрийн үйлчилгээ нэгдсэн төвийг аймаг бүрт байгуулах, мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer) -ийн орон тоог бий болгоно гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тус яамны Бодлогын газрын дарга З.Гантогоо олон улсын жижиг хот, аймгуудын цахимжилтын туршлагын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн цахим хөгжлийн багц хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, кибер аюулгүй байдлын тухай хууль, цахим гарын үсгийн тухай хуулийн онцлох заалтуудын талаарх мэдээллийг өглөө. Хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлагууд асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ цахимжилтийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцууллаа. Цаашид жилд дөрвөн удаа цахимаар хуралдаж, ажлын явцын талаар санал солилцож байхаар болов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Ховд_Сургалт

Ховд аймгийн төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн ажилтан, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд: Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, нийтлэг журам Төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем Аймгийн цахим бодлогын баримт бичиг боловсруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломж Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, технологийн боломж Орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байууллага, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-аас сургалт зохион байгуулж, мэдээлэл солилцлоо.

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар сургалт зохион байгууллаа. Сургалт, арга зүйг ЦХХХЯ-ны мэргэжилтэн Б.Баялагмаа, ТЦҮЗГ-ын Сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт, хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, цахим шилжилтэд бэлэн байдлын судалгааг авч ажиллав. Сургалт, судалгаанд Баян-Өлгий аймгийн төрийн 55 байгууллагын 161 албан хаагч хамрагдаж мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлллээ.