Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/

2021.01.25

Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг байгуулсан байна. 1943-1947 онуудад Радио нэвтрүүлэх станцыг нөөцтэй болгох асуудал дайны жилүүдэд яригдаж, нөөц нэвтрүүлэх станцыг Улаанбаатар хотын Ногоон нуурын зүүн талд 1 кВт –ын чадалтай богино долгионы нэвтрүүлэх станц модон матчтай антентайгаар байгуулж, радио холбооны зориулалтаар ашиглаж, радио нэвтрүүлгийн нөөц станцтай байхаар төлөвлөжээ. Мөн Сүхбаатар, Баян- Өлгий, Хужирт, Төв аймаг, Баянхонгор аймаг, Хөвсгөлийн аймгийн Хатгал тосгонд тус, тус радио узелиуд шинээр байгуулагдсан байна. МАХН-ын 11-р их хурлаас 1947 онд анхдугаар таван жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд тус төлөвлөгөөт зорилтуудын дагуу Улаанбаатар хотыг бүх аймгийн төвүүдтэй шууд харилцаа тогтоох зорилгоор аймгийн төвүүдэд харилцааны радио станцууд байгуулах, 280 сумыг “Родина” хүлээн авагчтай болгох, томоохон сум, суурин газруудад радио зангилаа байгуулж, радио цэгийн тоог нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайн 5 жилдээ хийж дуусгажээ. Монголын богино долгионы радио нэвтрүүлгийг Европын зарим орон, тухайлбал Швед, Англид сонссон тухай захидал мэдээ ирдэг болж, 1947 онд Америкийн Атлантик-сити, 1948 онд Мексикийн Мехико хотноо болсон радио давтамжийн Олон улсын бага хуралд Монголын радиогийн төлөөлөгчөөр Холбооны сайд З.Аюурзана, мэргэжилтэн н.Дамдинсүрэн, н.Норовсамбуу нар оролцов. Анхны радио нэвтрүүлэх станцын хүчин чадал /10кВт/ багадаж, сонсголын чанарт нөлөөлөх болсонтой холбогдуулан тус станцын хүчин чадлыг 15 кВт хүртэл нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлснийг Холбооны сайдын 1953 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 40-р тушаалаар байгуулагдсан комисс хүлээн авч байжээ. Мөн онд Монгол Улсад Харилцаа холбоо үүсч хөгжсөний ойг 1953 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх баярын хуралд тэмдэглэхдээ “… Манай улсын радиожуулалт их хөгжиж, бүх сумдууд радиожуулагдаж, одоо бүх багийн 50 хувь, ардын үйлдвэрлэлийн нэгдлийн 40 хувь, өвс хадах станцын морин станцын 60 гаруй хувь радиожуулагдаад байна. Радио узелийн хүчин чадал 1947 оныхоос 4,8 дахин өсч, радио цэгийн тоо сүүлийн 5 жилд 49 хувь, радио хүлээн авагчийн тоо 11 дахин өслөө …” гэж тэмдэглэсэн байна. Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны шийдвэрээр баг тус бүрийг радиожуулах ажлын хүрээнд 1954 онд 500 ширхэг, 1955 онд 800 ширхэг “Эх орон” радиогиор хангаж байжээ. 1954 оноос Холбооны техникум төгсгөгчдийг радиожуулах техникч, “Эх орон-52” хүлээн авагчийн ашиглалтыг хариуцагчаар орон нутагт томилон ажиллуулдаг болжээ. 1955 онд Холбооны Яамны бүтцэд радио холбоо ба радиожуулалтын хэлтсийг анх байгуулсан байна.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм. Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.

Эстонийн Талинн хотод “Дижитал саммит” 2023 дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж байна

Дэлхийн 70 гаруй орны харилцаа холбоо, дижитал шилжилт хариуцсан сайд, дэд сайдууд оролцож байгаа тус уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол улсын Засгийн газрыг төлөөлж төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамт оролцож байна. Энэ жилийн саммит “Ардчиллыг бэхжүүлэх, технологийн мөрийн хөтөлбөрийг шинэчилье” уриан дор амжилттай зохион байгуулагдаж байна. Эстонийн Ерөнхий сайд Кажа Каллас уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бид технологийг хэрхэн удирдахаас шалтгаалж нийгэм өөрчлөгдөнө. Улс орон бүр технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах нь нэн чухал ” гэдгийг онцоллоо. Мөн уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс цахимжилтийг эрчимжүүлэхэд Эстонийн сайн туршлагыг хэрэгжүүлж буй Монгол улсын Ерөнхий сайдын улс төрийн манлайллыг онцолсон юм. Хиймэл оюун ухаан, хариуцлагатай засаглал, дата өгөгдлийг шийдвэр гаргалтад ашиглах нь, уур амьсгалын өөрчлөлтөд технологийн шийдлийг ашиглах, кибер аюулгүй байдал зэрэг олон чухал сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ. Таллины цахим дээд хэмжээний уулзалтын дараа “Нээлттэй засаглалын түншлэлийн дээд хэмжээний 8-р уулзалт болно. Энэ үеэр Монгол улсын цахим шилжилтийн бодлогын үр дүнг хэлэлцэнэ. Мөн Н.Учрал сайд энэ өдрүүдэд Эстони улсын УИХ-ын даргад бараалхана. Эдийн засаг, харилцаа холбооны сайд, ЗГ-ын хэрэг эрхлэх газрын даргатай уулзалт хийнэ. Эстонийн И-Засаглалын академид ажиллаж зөвшөөрлийг цахимжуулах, и-ресидинси хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллааг эхлүүлэхээр төлөвлөсөн. Мөн бусад улс орны дижитал сайд нартай ганцаарчилсан уулзалтууд хийгдэх юм.

Нээлттэй өгөгдлийн үнэ цэн II мэдээлэл хариуцагч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Нээлттэй Нийгэм Форум болон Тунгаахуй өгөгдлийн урлантай хамтран мэдээлэл хариуцагч төрийн байгууллагын нээлттэй өгөгдөл хариуцсан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Арга хэмжээнд мэдээлэл хариуцагч 40 орчим байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, нээлттэй өгөгдлийн салбарын бодлого, нээлттэй өгөгдөл бүтээх, ашиглах арга зүй болон нээлттэй өгөгдлийн эдийн засгийн үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл авч, төрийн нээлттэй өгөгдөл бий болгоход тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Монгол улсын өгөгдлийн хууль, эрх зүйн орчин, бодлогын өнөөгийн байдал”, Тунгаахуй өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг “Нээлттэй өгөгдөл бүтээх алхам”, Үндэсний статистикийн хороо Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд “Нээлттэй өгөгдлийн нийгэм, эдийн засгийн үр ашиг”, Удирдлагын академи сургууль Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, Доктор (Ph.D) Ж.Жаргал “Нээлттэй өгөгдлийг бодлогын шийдвэр гаргалтад ашиглах нь” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд нээлттэй өгөгдөл бий болгож буй үйл явц нь хууль эрхзүйн хувьд шинэ бөгөөд чанартай нээлттэй өгөгдөл үүсгэж, бодит хэрэглээнд оруулахад тодорхой хүчин чармайлт, цаг хугацаа шаардагдаж байна. Нээлттэй өгөгдлийн салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин томоохон дэмжлэг үзүүлж буй бөгөөд салбарын суурийг зөв бүрдүүлэхэд мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын оролцоо, үүрэг чухал төдийгүй засаглалын ил тод байдлыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, нээлттэй өгөгдөлд суурилсан нийгэм, эдийн засгийн үнэ цэн бүтээх юм.