Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсад их хүчний радио станцууд байгуулагдаж, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ үүссэн нь /Цуврал №3/

2021.01.26

МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1956 оны 10 дугаар сарын хурлаар “Харилцаа холбоо, радио өргөн нэвтрүүлгийг 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож батлах” үүрэг чиглэл өгөгджээ. Энэ ерөнхий схемд Улаанбаатар хотын урт долгионы нэвтрүүлэх станцын хүчин чадлыг 150 кВт болгох, Баян-Өлгий, Есөнбулагт дунд долгионы станц байгуулах, Улаанбаатар хотоос гадаадын сонсогч нарт зориулсан нэвтрүүлэг дамжуулах, орон нутгийн бүх радио зангилаануудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зурагт радиогийн төв байгуулах зэрэг хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьжээ. Хонхор дахь их хүчний радио станц байгуулагдсан нь

Монголын талаас Холбооны яамны орлогч сайд М.Чимэддорж, нөгөө талаас “СовМонголметалл” геологи хайгуулын дарга Н.Г.Смирнов нар “Радио станцын техникийн барилга, ажилчдын орон сууц барих газрын геологи хайгуулын ажил хийх, 7 км урт цахилгаан шугам татах, трасс сонгох, 46 км урт радио программ дамжуулах кабель шугамыг хайгуул хийх, 2,5 км авто замын хайгуул хийхээр гэрээ байгуулж,  ЗХУ-ын  Холбооны Яамны  зураг төслийн институт Хонхорын станцын зураг төслийг хийжээ. Радио станцыг барих талбайг Бүхэг, Түргэн, Хүй 7 худагт хайгуулын ажил хийж, дэд бүтцийн хангамжийн дагуу Хонхорыг сонгож, радио төвийн барилгыг Барилгын яам, бусад угсралт монтажийн ажлыг Тээвэр–Холбооны яам гүйцэтгэхээр болжээ. 1959 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн СнЗ-ийн 499 тоот тогтоолоор “Улсын радио нэвтрүүлэх төв”-ийг байгуулжээ.

Улмаар БНМАУ-ын Тээвэр-Холбооны яамны 1960 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар “Хонхорын радио нэвтрүүлэх төв”, “Нарангийн радио хүлээн авах төв” хоёрыг нэгтгэж, “Улсын радио нэвтрүүлэх төв” байгуулав.

Тухайн үедээ бүтээн байгуулалтын өргөн талбар болж, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн асар том барилга байгууламж болох Радио нэвтрүүлэх төв 1960 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тус станцыг В.И.Лениний мэндэлсэний 90 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын зарлигаар түүний нэрэмжит болгожээ.

Радио нэвтрүүлэх төвийг нээж, ашиглалтанд оруулах цуглаанд нам засгийн удирдагчид Ю.Цэдэнбал, Б.Балжинням, Ц.Дүгэрсүрэн, Д.Моломжамц, Д.Төмөр-Очир, Н.Жагварал, Д.Майдар нарын тухайн үеийн бүх яамдын сайд дарга нар болон гадаад орнуудаас суугаа Элчин сайдууд оролцжээ. Цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга н.Лувсанравдан нээж үг хэлсний дараа тус төвийг В.И.Лениний нэрэмжит болгосон БНМАУ-ын АИХ-ын зарлигийг ИХ-ын тэргүүлэгчдийн орлогч дарга Д.Балжинням уншиж танилцуулжээ. Нам засгийн удирдагч Ю.Цэдэнбал Хонхор дахь шинэ станцын залгах кнопыг дарж, ажиллагаанд оруулсан байна.

Хонхор дахь Радио нэвтрүүлэх төвийг нээж Д.Моломжамц үг хэлж байгаа нь /1960.4.22/

Радио нэвтрүүлэх төвийн нээлтэнд оролцсон нам засгийн удирдагчид /1960.4.22/

Тус нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор үндэсний радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадал 1934 онд ашиглалтанд орсон станцынхаас 15 дахин ихэсч, радио сонсголын чанар орон нутагт эрс сайжирсаны зэрэгцээ гадаад орны сонсогчдод зориулсан тусгай нэвтрүүлгийг богино долгионы станцаар дамжуулах техникийн боломж бүрдсэн юм.

1960 онд ашиглалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн дэд бүтэц бүхий иж бүрэн барилга байгууламж нь:

  • Урт долгионы 257 метр өндөртэй антенн матч,
  • Эрчим хүчний 35/6 кВ, 2000 кВа дэд станц,
  • Улаанбаатар-Хонхорыг холбосон программ дамжуулах 28 км кабель шугам,
  • СДВ-150кВт хүчин чадалтай “Иней” маркийн их хүчний урт долгионы нэг иж бүрэн радио нэвтрүүлэх станц,
  • Богино долгионы цараанд ажиллах РГД65/4,ВГДШ, ВГДШ-2У маркийн 16-53 метр өндөртэй 23 ширхэг антеннууд,
  • КВ-15/25М кВт чадалтай “Урал” маркийн их хүчний богино долгионы станц хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-50 кВт-ын хүчин чадалтай “Снеги” маркийн их хүчний богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • КВ-5кВт-ын хүчин чадалтай “Град” маркийн богино долгионы хоёр иж бүрэн радио нэвтрүүлэх станцууд,
  • Хонхорт байрлах 18 айлын болон Нарангийн хүлээн авах станцын 27 айлын орон сууцууд,
  • Наранд байрлах хүлээн авах иж бүрэн станцуудаас тус, тус бүрдэж байв.

Радио нэвтрүүлэх төвийн анхны инженер Ц.Мятав ДСВ-150кВт нэвтрүүлэгчийг тохируулж байгаа нь.

1960 онд ашилалтанд орсон Радио нэвтрүүлэх төвийн хөргөлтийн төхөөрөмжүүд. Техникч С.Жигжид

Хонхорын станцын анхдагчууд

Хонхор дахь радио нэвтрүүлэх төв ашиглалтанд орсноор 1961 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн радио өргөн нэвтрүүлгийг нэг ба хоёрдугаар программаар өдөр бүр 21 цагийн нэвтрүүлэг дамжуулдаг болж, улмаар 1964 оны 6 дугаар сараас “Улаанбаатараас ярьж байна” гадаад хэлний нэвтрүүлгийг монгол, хятад хэлээр Хөх хот, Бээжин чиглэлд, 1965 оны 1 дүгээр сараас Алс дорнод, Зүүн өмнөд Азийн чиглэлд 7 хоногт 2 удаа англи хэлний, 1970 оноос Африкийн чиглэлд франц хэлээр тус, тус Хонхор дахь богино долгионы КВ-25, КВ-50 кВт-ын нэвтрүүлэгчүүдээр дамжуулан нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн 1965 оноос Улсын радио нэвтрүүлэх төвийн богино долгионы 50 ба 25 кВт-ын радио станцуудаар ЗХУ-ын Холбооны Яамтай байгуулсан гэрээний дагуу “Зөвлөлтийн тусгай гадаад нэвтрүүлэг”-ийг дахин дамжуулж байв.

МАХН-ын  Төв Хорооны 108 тоот тогтоолоор 1975 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголын радиогийн 1 дүгээр программын нэвтрүүлгийг улс орон даяар өдөр бүр 06.00-23.00 цагт тасралтгүй дамжуулж байхаар шийдвэрлэжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

 

 

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27 Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай. ТАВИГДАХ ШААРДЛАГА • Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх • Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх • Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт • Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг /5009718233-Хаан банк Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ 2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана. • 30 суралцагч элсүүлнэ. • Шалгалт: математик, физик, эсээ бичлэг СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Шил ажиллагаа: Голын ай сав дахь барилгуудыг ашиглалтанд хүлээн авсан улсын комиссын мэдээлэл ил тод боллоо

“Шил” ажиллагаа, Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврын дагуу Засгийн газрын хуралдаанд барилга, байгууламж ашиглалтанд оруулах улсын комиссын дүгнэлтүүд, барилга, түүний эзэмшигчдийн мэдээллийг танилцуулж байна. Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт ирүүлснийг shilen.gov.mn-д өнөөдрөөс ил тод байршуулав. Аймгуудад 15 жилийн хугацаанд улсын комисс 165 ажиллаж 4721 дүгнэлт гаргаад байна. Харин Нийслэлд 105 комисс ажиллаж, 3,683 дүгнэлт гаргажээ. Барилга байгууламжийн бүтээц, технологи, эзлэхүүн төлөвлөлт, инженерийн шийдэл, хийцийн төрлөөс хамаарч зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх төлөв байдал буюу төвөгшлөөр ангилдаг. Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй 1,280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан байна. Онцгой төвөгшилтэй буюу 16-аас дээш давхартай барилгад 57 дүгнэлт гаргажээ. Түүнчлэн 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөнд орсон 11,668 барилга, 3,941 эзэмшигчийн мэдээллийг ил болгов. Үүнээс 35,92 хувь нь орон сууц, 21,2 хув нь аялал жуулчлал, амралт сувилал, 13,59 нь үйлчилгээний зориулалттай барилга байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 25,679, Багахангай дүүргийн Засаг даргын 2011-2023 оны 2,734, Баянгол дүүргийн Засаг даргын 2000-2023 оны 519 газар эзэмших, ашиглах захирамжийн нэмж байршууллаа. “Шил” ажиллагаагаар 5-р сард нь хэн хэзээ, хэнд, ямар үндэслэл, зориулалтаар, хэр хэмжээний газар 23 жилийн туршид хэрхэн олгосныг ил болгосон. Үүн дээр нэмж барилга байгууламж ашиглалтанд хүлээн авах улсын комиссын нэр, бүрэлдэхүүн, архитектур төлөвлөлтийн мэдээлэл нээлттэй болсноор газар олгохоос эхлэн, барилга, байгууламжийг хүлээн авах хүртэлх бүх үйл явц бүрэн бүтнээрээ бүх нийтийн шууд хараа хяналтанд орж байна. Голын ай сав, гольдрол урсац дунд хууль зөрчин, газар олгож, түүн дээр барилга, байшин барьж, барьсныг нь хүлээж авч ирсний гамшигт үр дагаварт эрдэнэт хүний алтан амь эрсдэж, олон мянган иргэн, айл өрх, аж ахуйн нэгж эд хөрөнгө, орон гэр, машин тэрэг, эрүүл мэндийн асар их хохирол амслаа. Голын ай савд хууль зөрчин олгосон газар дээрх барилга, байгууламжийг төрийн нэрийн өмнөөс янз бүрийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс хүлээн авч ирсэн нь борооны үерээс гадна хариуцлагагүйн үер болсны хөдөлшгүй баримтууд юм. Хууль зөрчин голын ай савд баригдсан барилга байгууламжийг гарын үсэг зурж, хүлээн авсан албан тушаалтнууд хэн байсныг мэдэж авах нь хариуцлагагүйн үерээс урьдчилсан сэргийлэх нийгмийн санаа бодлын бат бэх хана бэхлэлт болно. Газар олгох, сунгах, зориулалт өөрчлөх, барилга, байгууламж хүлээн авах комиссын дарга, бүрэлдэхүүн, шийдвэрийн талаарх мэдээллийг шилэн, шуурхай, ил тод болгох нь аливаа гамшиг болоод өнгөрсөн хойно нь биш цаг тухайд нь иргэд мэдэх эрхээ эдлэн шууд хараа хяналт тавьдаг байх нь ч болзошгүй аюулыг уг үндсээр нь таслах хөшүүрэг болох юм. Голын ай савд газар олгож, барилга, байшин барьсан нь олон мянган иргэдийн орон сууц, эд хөрөнгө, зам, талбайд их хэмжээний хохирол учруулж, иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас сэргийлүүлэх үндсэн эрхэнд халдаж буйг мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр онилон шүүмжилсэн. “Шил” ажиллагааны баг, ЦХХХЯ-ны ажилтнууд шилэн систем дэх мэдээллийг ашиглан нэгтгэж, олон нийтийн сүлжээ, цахим хуудсууд дахь мэдээ, баримтуудыг нягтлан тулгаж, зарим нотолгоог “egazar.gov.mn” газрын мэдээллийн нэгдсэн сангаас авч бүрдүүллээ.

ЦХХХЯ-ны албан хаагчид бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах талаар вакум сургалтад хамрагдлаа

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын санаачилгаар ЦХХХЯ, НҮБХХ-ийн төслийн баг хамтран 2023.10.18.19-ний өдрүүдэд “Цахим эдийн засаг” сэдвийн хүрээнд бодлого боловсруулахад дизайн болон системийн сэтгэлгээг хэрхэн ашиглах онол, практик хосолсон 2 өдрийн вакум сургалт, семинарыг ЦХХХЯ-ны нийт албан хаагчдад зохион байгууллаа. Сургалтын эхэнд НҮБХХ-ийн Төслийн үндэсний зохицуулагч Т.Дэлгэрнаран, НҮБХХ-ийн Төслийн зөвлөх Ц.Мөнхтуяа нар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай арга зүйнүүдийн уялдсан байдал”, “Бодлогын нэгдмэл байдал”, “Бодлого боловсруулахад дизайн, болон системийн сэтгэлгээг ашиглах нь” талаар танилцуулга, мэдээлэл хүргэв. Сургалтын зорилго нь системийн сэтгэлгээ, ирээдүйн бодлогын хувилбарууд гаргах, зорилгод хөтлөгдсөн инновацын хэрэгслүүдийг ашиглан цахим эдийн засгийн өнөөгийн асуудлыг оновчлон томьёолох, хөгжлийн бодлогын төслийн саналыг дизайн сэтгэлгээний арга зүйн воркшопын явцад гаргах ач холбогдолтой юм. Сургалтын явцад албан хаагчид асуудлыг оновчлон томьёолох, тогтолцооны зураглал гаргах, бодлогын шийдлийн саналууд гаргах, өөрчлөлтийн онолын дагуу үр дүнгийн хүрээ, логик загвар гаргах, бодлогын хяналт, шинжилгээ үнэлгээ, мониторинг хийх, шалгуур болон түлхүүр үзүүлэлт тодорхойлох үе шатат бодлого боловсруулан багаар ажиллаж, үр дүнг хэлэлцлээ.