Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Олон улсын компьютерийн гэрчилгээ олгох ICDL шалгалтад оролцохыг урьж байна

2021.06.04

“Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2020-2024, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого 2017-2025” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тавьсан зорилтын хүрээнд хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох мэргэжлийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран тодорхой ажлуудыг хийж байна. Эдгээр ажлуудын нэг нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг үнэлэх олон улсын шалгалтыг эх орондоо зохион байгуулах ажил юм. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологи газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Япон улсын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын төв /JITEC/ зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Азийн орнуудад зохион байгуулдаг Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /МТИШ/-ыг Монгол улсад зохион байгуулах эрхийг анх 2006 онд авч байсан. Түүнээс хойш өнөөг хүртэлх 15 жилийн хугацаанд 30 удаагийн шалгалтыг зохион байгуулжээ. Уг шалгалтад нийт 2577 шалгуулагч хамрагдсанаас 258 шалгуулагч амжилттай дүн үзүүлж Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан аваад байна. Энэхүү шалгалт нь мэдээллийн технологийн ур чадварын стандартад үндэслэн мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшнийг нэгдсэн загварт оруулан тодорхойлж, ур чадварын үнэлгээг бий болгох, улмаар тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилготой бөгөөд 4 түвшний 12 төрөлтэй байдаг. Шалгалтыг тогтсон хуваарийн дагуу жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн шалгалтыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улсын онцгой комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, нэг танхимд 10-аас илүүгүй шалгуулагч хамруулан зохион байгууллаа. Мөн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр олон улсын томоохон шалгалтын нэг болох ТОПСИТ шалгалтыг БНСУ-ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институцтай хамтран зохион байгуулав. Энэхүү шалгалтын систем нь мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчид болон программ хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай программ хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практик ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм. Тэгвэл ТИШ болон ТОПСИТ шалгалтуудад хамрагдаж амжаагүй шалгуулагчдадаа зориулан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр олон улсын 3 дахь шалгалт болох Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтыг Мэдээллийн технологийн үндэсний парк дээр зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Тус шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэд суурилсан, хэрэглэгчдийн компьютерын хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт бөгөөд мэргэжил хамаарахгүйгээр оффисын ажилтан, албан хаагчид бүгд оролцох боломжтой юм. Иймд энэхүү Олон улсын компьютерын гэрчилгээ олгох /ICDL/ шалгалтад төрийн байгууллагын ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна 2022.10.07 Удирдлагын академиас зохион байгуулж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилго бүхий танхимын сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны албан хаагчид хамрагдаж байна. Сургалтын агуулга: Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хоорондын уялдаа; зорилго, зорилт хоорондын уялдаа. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд “Алсын хараа-2050”, “Хүний хөгжил”, “Засаглал”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ”Эдийн засаг” чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.Сургалт 2022 оны 10 сарын 07, 08-нд хоёр өдөр үргэлжилнэ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ 2022.09.07 МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тулгамдсан асуудлын гарц шийдлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөгийг хэмнээд байна. Гэсэн ч илүү үр дүнд хүрэх нөөц бололцоо бий юм. Хэмнэхийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, үргүй зардал хэмнэгдэх, зөв менежмент бүхий сайн жишээ зарим салбарт хэрэгжих боломжтой байна. Тэдний нэгэн жишээ бол технологийн шийдэл ашиглан 500 гаруй мянган хэрэглэгч, 18.000 жолоочийг нэгтгэсэн, УБ хотоос гадна 5 аймгийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг ханган ажиллаж буй UB cab компани юм. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тус компани олон тэрбум төгрөгийн зардалтай төрийн албан хаагчдын тээврийн хэрэгслийн хэрэгцээнд өөрийн үйлчилгээгээ нэвтрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үргүй зардлыг бууруулах боломж бий гэдгээ танилцуулж хамтын ажиллагаа нэгэнт эхэлсэн юм. Харин өнөөдөр энэ чиглэлд хийгдэж буй ажлын явц, судалгааны үр дүн, цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэл буюу хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, дэмждэг, харилцан ашигтай хамтарч ажилладаг төрийг бий болгохын төлөө ажиллаж байгаагаа оролцогч талууд онцолж байлаа. ЦХХХЯ-ны салбар дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж авлигал, хүнд суртлыг бууруулахын төлөө ажиллана. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Хакатон-2024” (Open data hackathon) тэмцээн эхэллээ

Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх зорилго бүхий “Хакатон-2024” тэмцээн өнөөдөр (2024.09.02) Мэдээллийн технологийн үндэсний паркад эхэллээ. Тэмцээнд оролцогч багууд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор нээлттэй өгөгдлийг ашиглан бизнесийн загваруудыг боловсруулж, нээлттэй өгөгдлөөс гадна бусад эх сурвалжаас олж авах, ашиглахыг зөвшөөрдөг холбогдох вэб өгөгдөл болон API-уудтай нэгтгэн ашиглах боломжтой юм. Тэмцээнийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Нийслэлийн Бизнес инновацын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулж байна.