Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

2021.03.25

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо 2022.12.30 ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшлийн магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Ч.Золбаяр, болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Чулуунбанди нар Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшлийн магадлан итгэмжлэх зөвлөлөөс олгодог “Зөвлөх инженер”-ийн зэргийг Б.Цогоо, С.Отгонбаяр, Г.Баттөгс, Д.Атарсайхан, Р.Төрбат нарт олгосныг өнөөдөр /2022.12.30/ гардууллаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд: Төрийн байгууллагын дотоод удирдлагын систем Эрсдэл аппликэйшн Иргэдийн индэр аппликэйшн И-Дархан цахим хуудас Үнэлгээний хороо унагаах системийг тус тус нэвтрүүлсэн байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Дархан-Уул аймагт улсын төсвийн 6,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Мэдээлэл солилцооны дата төв”-ийн барилгын ажлын явцтай танилцаж, энэхүү төв нь зөвхөн Дархан-Уул аймагт төдийгүй бүх бүс нутгийн, бүх аймгуудын нэгдсэн мэдээлэл солилцооны төв болж хөгжих учиртайг дурдсан юм.

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд:Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх;Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ. Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.