Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Х.Сүрэнхорол: Хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгааг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд чухал

2022.05.09

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхоролыг урьж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд ярилцлаа. ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИАР НИЙГМИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ БОЛСОН Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Хэрэгжиж эхлээд 30 орчим жил болох гэж байна.Энэ нь тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд тохирсон хууль байсан бол одоо нийгмийн харилцаа яаж өөрчлөгдөж, цахим харилцаа бидний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг бэлхнээ харж байна. Өөрөөр хэлбэл, 30 жилийн өмнөх хуулиар одоогийн хувь хүний нууцтай холбоотой харилцаа бүрийг зохицуулахад хүндрэлтэй болоод байна гэсэн үг. Статистик тоон мэдээнээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэг 2-5 гарсан байдаг. Энэ нь Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулах харилцаа хумигдмал хүрээнд байгааг харуулж байгаа юм. Мөн хувь хүнд хамааралтай эрүүл мэнд, гэр бүл, эд хөрөнгө, захидал харилцааны дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай байсантай холбоотой. Хувь хүнийг тодорхойлж болох олон төрлийн мэдээлэл байдаг. Тухайлбал, тухайн хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, генетик болон биометрик мэдээлэл, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг дурдаж болно. Хувь хүний мэдээллийг тодорхой хяналтгүй буюу зөвшөөрөлгүйгээр цуглуулж, боловсруулж, тухайлан нийгмийн сүлжээнд дурын зорилгоор ашиглаж, дамжуулах тохиолдол их байна. Олон улсын жишгээр хувь хүний мэдээллийг цуглуулж байгаа бол хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг авах шаардлагатай байдаг. Эдгээр нөхцөл шаардлагын улмаас Хувь хүний нууцын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага байсан учраас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан. ТУХАЙН ХҮНИЙГ ТОДОРХОЙЛЖ БОЛОХ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ НЬ ХУУЛИЙН ЗОРИЛГО Блиц: Боловсрол ♦ 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль ♦ 2016 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Ажилласан байдал ♦ 2007-2022 он хүртэл Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээчээр ажилласан. ♦ 2022 оны гуравдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Хуулийн төслийг боловсруулах явцад бусад улс оронд хувь хүний нууцыг хэрхэн зохицуулж, хамгаалж байгаа талаар нэлээд судалгаа хийж, иргэн, хуулийн этгээд, судлаач нараас ч хуулийн төсөлд олон санал ирснийг Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэж тусгасан байдаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн суурь зохицуулалт нь Европын холбооны Хүний хувийн өгөгдөл хамгаалах тухай актад үндэслэсэн. Мөн Эстони, Словени, Япон, Солонгос, Хятад, Тайвань, Израйл улсын эрх зүйн зохицуулалтыг судалж, манай улсад хэрэгжих боломжтой зарим онцлог зохицуулалтыг хуулийн төслийг боловсруулахдаа харгалзаж үзсэн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар багц хэдэн харилцааг зохицуулна. Хувь хүнийг тодорхойлж болох мэдээллүүдийг өргөжүүлсэн. Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний дөрвөн төрлийн нууцыг хамгаалж байсан бол тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдрөөс авахуулаад хүний эмзэг мэдээллүүд болох ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, генетик, биометрик мэдээллийг хамгаалж байхаар тогтоосон. Тодруулбал, тухайн хүнийг тодорхойлж болох бүх мэдээллийг хамгаалах нь энэ хуулийн зорилго юм. Хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах ёстой. Энэ хууль мэдээллийн эзний эрхийг баталгаажуулж, мэдээлэл хариуцагчийг үүрэгжүүлсэн шинжтэй хууль юм. Тухайлбал, мэдээллийн эзэн зөвшөөрлөө өгөх, татгалзах, мэдээллийг ямар зорилгоор цуглуулж байгааг мэдэх, шаардах, тайлбар авах эрхтэй. Харин мэдээлэл хариуцагч нь зөвшөөрлийг авах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болсон үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэл хүргүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхаар тогтоосон. Мөн хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг ямар тохиолдолд байршуулах талаар зохицуулсан. Төхөөрөмжийг нийтийн зориулалттай орон сууцны орох, гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалах, дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажлын байранд хүний болон мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор байршуулж болно. Харин тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдах байршилд тухайбал, ариун цэврийн өрөө, VIP өрөө, эмнэлгийн өрөө, оршин суугчийн хаалга руу харуулж дүрс бичлэгийн камер байршуулахгүй байхаар зохицууллаа. ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ МЕХАНИЗМЫГ ТОДРУУЛСАН Хуульд хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагуудыг тодорхой заасан. Хуулиар Хүний эрхийн үндэсний комиссын нэг гишүүн хүний хувийн мэдээллийг хамгаалах чиг үүргийг хариуцаж ажиллана. Мөн энэ чиг үүргийг хэрэгжүүлэх тусгайлсан нэгж ажиллахаар зохицуулсан. Энэ нэгжид хууль эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилтнуудыг ажиллуулах шаардлагыг тавина. Комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Мөн төрийн бусад байгууллага хуулийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хэрэгжилтийг олон нийтэд сурталчлан таниулах, нийтээр дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлах, мэдээллийн аюулгүй байдал алдагдсан тохиолдолд хариу арга хэмжээ авах үүргийг гүйцэтгэнэ. Манай яам энэ хуулийн хүрээнд батлах журмууд дээр Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байна. Хуулийн хүрээнд нийт гурван журам батална. Төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангахад хүлээх үүргийг хуулиар тогтоосон ч байгууллага бүр төр, хувийн хэвшлийн байхаасаа үл хамааран мэдээлэл хариуцагчийнхаа хувьд хүний хувийн мэдээллийг хамгаалахад үүргээ ухамсарлаж, хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас иргэн бүр өөрийнхөө мэдээллийг бусад этгээдэд өгөх бүртээ хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр авч ашиглаж байгаа эсэхийг хянах эрхийг хуулиар олгосон тул шат шатандаа хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал юм. СЭТГҮҮЛ ЗҮЙН ЗОРИЛГООР ЗАРИМ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХАД ЗӨВШӨӨРӨЛ ШААРДАХГҮЙ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар сэтгүүл зүйн зорилгоор хүний хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд үйлчлэх зохицуулалтыг тусгасан. Сэтгүүл зүйн эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллээс бусад мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахад мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй. Сэтгүүл зүй гэдэг бол хариуцлагатай редакцтай байгууллагад тооцогдож, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээ, мэдээллийг түгээдэг. Харин сэтгүүл зүйн зорилгоор бус хүний хувийн мэдээллийг түгээх тохиолдолд зайлшгүй мэдээллийн эзний зөвшөөрлийг шаардана. Хууль зөрчиж мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигласан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж эдгээр хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛНЭ Хуулиар төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хүн нь хүний эмзэг мэдээллийг ашигласан, дамжуулсан тохиолдолд мэдээллийн эзэнд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдэгдэл хүргэдэг байхаар зохицуулсан. Мэдээж мэдэгдэл хүргэх хэлбэр нь ямар ч байж болно. Тухайлбал, гар утасны мессежээр, хувийн и-мэйлээр, тодорхой систем бий болгох замаар мэдэгдэл хүргэж болно. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас И-Монгол академитай хамтран мэдэгдэл хүргэх системийг хөгжүүлэн “ХУР” системд холбогдсон төрийн байгууллагаас мэдээлэл дамжуулсан тохиолдолд мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээллийн эзний мэдээллийг ямар байгууллагад дамжуулсан талаарх мэдэгдлийг хүргэж байна. Мөн төрийн байгууллагууд нь “ХУР” системд холбогдсон эсэхээс үл хамааран өөрсдөө мэдэгдлээ хүргэх боломж нь нээлттэй. Харин хувийн хэвшлийн байгууллагууд ямар хэлбэрээр мэдэгдэл хүргүүлэхээ өөрсдөө шийдэж, мэдэгдэл хүргэх үүрэгтэй. Ер нь хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа эсэхийг иргэд хянах нь хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал. УЯЛДААТАЙ ТАВАН БАГЦ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ Улсын Их Хурлаас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хамт Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиас бусад дөрвөн хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль бол төрийн байгууллага өөртөө цугларсан мэдээллийг хэрхэн иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах вэ, нээлттэй өгөгдлийг хэрхэн боловсруулж, олон нийтэд ил болгох вэ, мэдээллээ солилцохдоо ямар систем ашиглах вэ гэдэг харилцааг ерөнхийдөө зохицуулсан. Мөн төрд цугларсан хувийн мэдээллийг төрийн байгууллага солилцохдоо мэдэгдэл хүргүүлэхийг энэ хуулиар зохицуулсан. Цахим гарын үсэг ашиглан аливаа үйлчилгээг авах, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гэрээ, хэлцэл байгуулах. Цахим гарын үсгээр үйлдсэн баримт бичгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжийг бүрдүүлсэн хууль бол Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ хуульд тусгасан нэг онцлог зохицуулалт бол Монгол Улсын 16-гаас дээш насны иргэн бүрт тоон гарын үсгийг үнэ төлбөргүйгээр Улсын бүртгэлийн байгууллагаас олгох боломжийг бүрдүүллээ. Тоон гарын үсгийг хэрэглэн дэлхийн хаанаас ч өөрийгөө таньж баталгаажуулаад тодорхой үйлчилгээнүүдийг авах боломжтой юм. Ингэснээр гадаадад байгаа монголчууд e-Mongolia-д нэвтэрч чаддаггүй байсан асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Гадаадад байгаа иргэд Монголд бүртгэлтэй банкны данс, гар утасны дугааргүйгээс зарим төрийн үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолт авах, баримт бичиг захиалахад хүндрэл үүсдэг тохиолдол олон байна. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай зохицуулж байгаа харилцааны хувьд салшгүй холбоотой. Төрд болон хувийн хэвшлийн байгууллагад цугларсан хувь хүнтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтуудыг тусгасан. Б.Должинжав Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна 2022.01.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байна. Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм. Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2021.10.27 УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.10.27/ хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан ажилласан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч танилцуулга хийсэн юм. Ажлын хэсгийн гишүүд Тагнуулын Ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн дараах саналуудыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Үүнд: Хуулийн төслийн нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар; Иргэний хуулийн 16.3, 16.4-т бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх. Тухайлбал, хоршооны гишүүн байх, банк, зээлийн байгууллагатай харилцах; Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах; Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар; Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх; Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар; Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах зэрэг саналуудыг танилцуулсан юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд тусгахгүй байхаар оруулсан нь хэр зүйд нийцэж байгааг тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, иргэн хүн ургийн бичиг хөтлөхийн тулд гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ тухай мэдээллийг цуглуулж болох бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах, генетикийн болоод биометрик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт  хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гүйцэтгэх ажлын явцын мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгааг дурдаад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт байршуулсан камерын бичлэг дэх мэдээллийг хэрхэн ашиглах, хүний хувийн нууцыг яаж хамгаалах талаар ажлын хэсгээс асууж тодруулж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс нэг ч хүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байгаа учир завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм. Дараа нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Ажлын хэсэг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн гээд ажлын хэсгийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, олонхын саналаар дэмжигдсэн Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Хүн, хуулийн этгээд цахим гарын үсгийн гэрчилгээ эзэмшсэний үндсэн дээр цахим гарын үсэг ашиглах бөгөөд энэ харилцаа нь нийтийн түлхүүрийн дэд бүтцээр дамжин хэрэгжих тул “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц” гэсэн нэр томьёонд цахим гарын үсгийн нууцлал, аюулгуй байдлыг хангах асуудлыг нэмж тусгахаар, мэдээллийн системд нэвтрэх үед тухайн хүн мөн эсэхийг таньж баталгаажуулах, өөр хүн нэвтрэхээс сэргийлсэн зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, тоон гарын үсэг зурахад ашиглах мэдээллийн систем нь цагийн бүртгэлийн системтэй заавал холбогдсон байх, харин бусад хэлбэрийн цахим гарын үсэг зурахад ашиглах систем нь цагийн бүртгэлийн системд холбогдох асуудал нээлттэй байх зохицуулалтыг төсөлд нэмж тусгах, мен цагийн бүртгэлийг хэрхэн хөтлөх асуудлыг тодорхой болгох саналуудыг танилцуулсан. УИХ-ын гишүүд цахим гарын үсгийг одоо хэчнээн хүн хэрэглэж байгаа, цахим гарын үсгийг хаанаас олгодог талаар тодруулж байлаа. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 38.000 цахим гарын үсэг хэрэглэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн 8000 нь нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид, үлдсэн 30.000 нь татварын тайлан, нийгмийн даатгалын тайлан өгдөг аж ахуйн нэгж, иргэд, худалдан авах ажиллагаа, тендерт оролцдог хүмүүс байгаа аж. Цахим гарын үсэг хэрэглэдэг 38.000 иргэн байна гэдэг нь тун чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж буй бөгөөд цаашид Монгол Улсын насанд хүрсэн иргэн бүрийг цахим гарын үсэгтэй болгох бөгөөд цахим гарын үсгийн дэд бүтцийг байгуулахаар ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. УБЕГ-аас бүх иргэдэд цахим гарын үсгийг үнэгүй олгох бөгөөд иргэд төрийн болон банкны үйлчилгээг цахим гарын үсгээр авах боломж бүрдэх юм байна. Нэг иргэн хэдэн ч цахим гарын үсэгтэй байж болох аж. Иргэний хувиар биш албан тушаалтны хувиар хэрэглэхээр нэмэлт цахим гарын үсэг авах бол тодорхой үнэ төлөн тусгай зөвшөөрөлтэй компаниас авахаар хуулийн төсөлд тусгасан байна. Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Эцэст нь Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ СИНГАПУР УЛСАД НЭЭГДЛЭЭ

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Инфоком медиа, хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй “Цахим форум” (Digital FOSS) дээд хэмжээний уулзалтад оролцохоор албан томилолттой ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр (2023.06.05) Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” төрийн үйлчилгээний цэгийг нээлээ. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сингапур Улсад нээгдсэнээр тус Улсад ажиллаж амьдарч буй 200 орчим иргэн, төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм. Одоогоор Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, Солонгос Улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австри Улсын Вена хот, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дели хотод тус тус 5 цэг нээгээд байна. Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн нийт 47 газар, 504 цэгт шинээр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Цаашид 56 байгууллагын 785 төрийн үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрдэнэ. Төрийн үйлчилгээ, танд ойрхон.. ХУРДАН.