MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Монгол Улсад телевиз үүсч хөгжсөн түүх

2021.02.01

МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо 1956 оны 10 дугаар сард хуралдахдаа “Радио холбоог 1957-1970 онуудад хөгжүүлэх хэтийн төлөлвлөгөө”-г зохиож, түүндээ зурагт радио байгуулах тухай асуудлыг тусгахыг даалгажээ. Тус хэтийн төлөвлөгөөний дагуу ЗХУ-ын зураг төслийн институт 1964 онд Улаанбаатар хотноо зурагт радио байгуулахаар төвийн зураг төслийг хийсэн байна. Улмаар БНМАУ-ыг 1966-1970 онд хөгжүүлэх дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд “ЗХУ-аас үзүүлэх техник эдийн засгийн тусламжийн тухай” гэрээнд зурагт радиог ЗХУ-ын тусламжаар байгуулах асуудал шийдвэрлэгдэв. 1966 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зурагт радиогийн төв байгуулах суурийг Гандангийн дэнж дээр хийж, тухайн үеийн манай улсын нам төрийн бүх удирдлагууд оролцож, 180 м өндөр цамхагийн сууринд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу хадаг, цай, мөнгөн ембүүг монгол заншил ёсоор байрлуулж байв. БНМАУ-ын СнЗ-ийн 1967 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 204 дүгээр “Зурагт радиогийн туршилтын нэвтрүүлэг явуулах тухай” тогтоолоор Улаанбаатар хотын зурагт радиогийн ашиглалтыг Холбооны яаманд хариуцуулж, тухайн үеийн “Улсын радио төв”-ийг “Радио, зурагт радиогийн төв” болгон өргөтгөж байгуулахаар тогтжээ. Мөн тогтоолд заасны дагуу Ардын хувьсгалын 46 жилийн ойг тохиолдуулан туршилтын нэвтрүүлгийг 1967 оны 6 дугаар сарын 15- ний өдрөөс хийж эхэлсэн бөгөөд улмаар 1967 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Сайд нарын Зөвлөлийн захирамжаар Холбооны сайд Д.Готовоор ахлуулсан улсын комиссыг байгуулж, хүлээн авчээ. Ийнхүү манай улсын анхны зурагт радиогийн төвийн албан ёсны нээлт 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болж, энэ өдрийг “Телевиз байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Тус төвиийг нээх цуглааныг Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр Нарийн Бичгийн Дарга Б.Алтангэрэл нээж, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны Нарийн Бичгийн Дарга Ц.Дүгэрсүрэн дэлгэрэнгүй үг хэлж, удирдагч Ю.Цэдэнбал тууз хайчлан нээж байжээ. Тус төвийг 1967 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн АИХ-ын зарлигаар “Октябрийн хувьсгалын 50 жилийн ой”-н нэрэмжит болгож байв. Холбооны яамны харъяанд байсан “Радио, зурагт радиогийн төв”-ийн нэрийг СнЗ-ийн 1970 оны 378 дугаар тогтоолоор “зурагт радио” гэдэг үгийг “телевиз” гэж нэрлэх болсонтой холбогдуулан “Радио телевизийн техникийн төв” болгон өөрчлөн нэрлэхээр болсон байна. Тус техникийн төвийн бүтэц нь аппарат –студийн блок /АСБ/, аппарат программын блок /АПБ/, төв аппарат /ЦА/,аппарат-студийн иж бүрдэл /АСК/, явуулын станц /ПТС/, телевизийн дамжуулах станц /УКВ/ -ээс тус тус бүрдэж байжээ.

Радио телевизийн техникийн төвийн анхны дарга Ц.Мятав “Миний мэдэх радио” номондоо “…УКВ станцыг цех гэдэг байсан бөгөөд түүний харъяанд цамхаг, антенн, фидер, нэвтрүүлэгч хамрагдаж байсан бөгөөд анхны Якорь-5/1,5 маркийн нэвтрүүлэгч нь зурагт радиогийн дүрсийг 5кВт-ын, дууг 1,5 кВ-таар  дамжуулах хүчин чадалтай, мөн хэт богино долгионы хоёр радио нэвтрүүлэгч байдаг байсан бөгөөд Улаанбаатар хотод ФМ  хүлээн авагч байхгүй шалтгаанаар ажиллуулалгүй байсаар бараг 3 жилийн дараа их хэрэгцээтэй станц болсон юм. Ленинградын дамжаанд сурсан Р.Энхжаргал, С.Сосор, М.Галсан, С.Чулуунхүү, И.Ичинхорлоо, Ч.Дарьсүрэн нар анхны УКВ-ын  ИТА  бөгөөд  даргаар С.Чимэддорж, Б.Мягмар нар  ажиллаж  байсан  юм.  Якорь  станцын  чадал  нь  хотын  дүүргүүдэд хангалттай, Налайх 40 км, Тэрэлж  60 км,  Батсүмбэр  90 км, ноён уулын  орой 140-160 км  газар  явж  шалгахад  дуу дүрс сайн байсан юм…” гэж дурсан бичжээ.

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газар Ус цаг уурын орчны шинжилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газруудад ажиллалаа

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар мэдээлэл хариуцагч нь мэдээллээ байнга нээлттэй, ил тод байлгах шаардлагатай 68 төрлийн мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж,

Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” төвийн 2 цэг шинээр нээгдлээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүн, хуулийн этгээдэд түргэн шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний “ХУРДАН” төвийн анхны цэгийг Баянхонгор аймагт 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн